| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00059/И |
| Дугаар | 212/МА2023/00054 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2023/00054
А.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00192 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух А.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух Х-ийн Э-ад холбогдох,
“Elantra маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч А.Ш-, хариуцагч Х.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч М.Айдынгүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие өөрийнхөө Elantra маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өлгий сумын иргэн Х.Э-ад 1,500,000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 1,300,000 төгрөгийг өгч, үлдсэн 200,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон боловч одоо хүртэл өгөөгүй.
1.2. Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь одоо хүртэл миний нэр дээр байсан ба тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас аймгийн Авто тээврийн төвд очиж хасалт хийлгэсэн болно.
1.3. Надад уг тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийн оронд дугуй өгье гэж Х.Э-аас хэлдэг боловч хоёр дугуй өгөөгүй. Мөн уг машины татвар, торгууль одоо миний нэр дээр гарсан. Иймд би худалдсан машины үнээс үлдсэн 200,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:
2.1. Би нэхэмжлэгч А.Ш-ээс Elantra маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн үед 1,500,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг бэлэн өгч, 200,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болж харилцан тохиролцсон байсан.
2.2. Дараа нь 200,000 төгрөгийн оронд 2 ширхэг дугуй өгөхөөр болж тохиролцсон. Уг Elantra маркийн тээврийн хэрэгслийг би өөр хүнд худалдсан.
2.3. Гэтэл А.Ш- шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр уулзаж тохиролцоход А.Ш- нь 200,000 төгрөгийг авахгүй, тухайн тээврийн хэрэгслийг миний нэр дээрээс хасалт хийгээд өгөөрэй гэсэн.Тэгэхээр нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Авто тээврийн бүртгэлийн VRS программаас хасалт хийлгэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлсэн.
2.4. Одоо А.Ш-тэй харилцан тохиролцсон байгаа тул бид хоёрын дунд ямар нэгэн өглөг байхгүй учир А.Ш- нэхэмжлэлийг буцааж авахаар болсон. Иймд Х.Э- миний бие дээрх шаардлагыг биелүүлсэн байгаа тул тайлбарыг минь хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Э-аас тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш-эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш-эд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч Х.Э- би нэхэмжлэгч А.Ш-эд худалдсан автомашины үнэ 200,000 төгрөгийн төлбөрийн хувьд нэхэмжлэгч А.Ш- нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр уулзаж тэр үед А.Ш-аас “Танаас би 200,000 төгрөг авахгүй, уг тээврийн хэрэгслийг миний нэрээс хасаж өгөөрэй" гэж хэлсэн. Ингээд А.Ш-ын хэлсний дагуу уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс А.Ш-ыг Авто тээврийн бүртгэлийн “\/РS” программаас хасалт хийж нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлсэн. Иймд одоогийн байдлаар А.Ш- бид хоёрын дунд тээврийн хэрэгсэл худалдсаны ямар нэгэн төлбөр, тооцоо байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Х.Э- надаас 200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна.
4.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч А.Ш-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Би машин худалдсан маань үнэн. Тэр үлдсэн мөнгөндөө дугуй өгнө хэлсэн байсан. Тэр машин миний нэр дээрээс хасагдаагүй учраас тэр машины торгууль, татвар зэрэг нь миний нэр дээр гараад байсан. Нэгэнт машиныг авсан учраас тэр машиныг миний нэрээс хасуулж авах нь энэ хүний үүрэг байсан. Мөн худалдаж авсан машиныхаа үнийг бүрэн төлөх нь бас энэ хүний үүрэг. Хариуцагч нь би таны нэр дээрээс тэр машиныг хасуулна, гэхдээ 200,000 төгрөгийг төлж өгөхгүй гэж хэлсэн. Анх бол би өөрөө нэр дээрээ шилжүүлж авна, 200,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн байсан.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, А.Ш-ын Х.Э-ад холбогдуулан гаргасан “Машин худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 200,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
8. Хариуцагч Х.Э- нь нэхэмжлэгч А.Ш-ын эзэмшлийн Elantra маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгт тохиролцож худалдан авч, үүнээс 1,300,000 төгрөгийг бэлэн өгч, 200,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-нд бүрэн төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Автомашин худалдаж авсан гэрээ”, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул худалдан авагч үүргээ биелүүлэх ёстой гэж хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоож, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
9. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үнээс 200,000 төгрөг дутуу төлөгдсөн, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй боловч хариуцагчаас “... А.Ш- нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр уулзаж, тэр үед А.Ш-аас “Танаас би 200,000 төгрөг авахгүй, уг тээврийн хэрэгслийг миний нэрээс хасаж өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд А.Ш-ын хэлсний дагуу уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс А.Ш-ыг Авто тээврийн бүртгэлийн “\/РS” программаас хасалт хийж нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлсэн. Ийнхүү хасалт хийлгэснээр би төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхөөр тохирсон. А.Ш- бид хоёрын дунд тээврийн хэрэгсэл худалдсаны ямар нэгэн төлбөр, тооцоо байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.
10. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хуульд баримтаар нотлогдсон байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ш- нь хариуцагч Х.Э-аас худалдсан тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн мөнгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас мөнгийг төлөх үүрэгтэй.
11. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх бөгөөд тэрээр “уг машин худалдах-худалдан авах гэрээ 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн боловч 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.
Уг хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар талууд мэтгэлцээгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлаар хууль хэрэглэж, шинэ нөхцөл байдлыг, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөр үйл баримтыг тогтоох эрх хэмжээгүй.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хуульчилсан мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх ба мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан байх тул энэ маргаан зөвхөн анхан шатны шүүхийн мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдэнэ. Иймд хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Иймээс анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдагч тал мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар машины үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК