Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 180

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатан хөл овгийн Б.Г д холбогдох 1828001450142 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн .............................. багт оршин суух, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Шатан хөл овгийн Б.Г , регистрийн дугаар ......................

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүгдэгч Б овогтой Б.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Ар замт гэх газрын орчимоос иргэн Б.Б-ын 5, Б.Т гийн 1 тооны адууг хулгайлж Б.Б од 3.000.000 төгрөгний, Б.Т д 1.300.000 төгрөгний буюу бусдад нийт 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгч Б.Г г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сард 2 азаргатай 6 тооны адууг туусан тэгээд 3-г нь тамгалаад өөрийн адуундаа нийлүүлсэн, Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. 4 хоног их зүйл бодлоо би дахиж ийм зүйл үйлдэхгүй. Би үнэхээр муухай юм хийсэн, дахиж хэзээ ч ийм муухай зүйл хийхгүй, гэр бүлийнхнээ их зовоолоо.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын эхээр байх, би яг өдрийг нь санахгүй байна. Цаг муу байсан болохоор би адуугаа Ханхонгор сумын нутаг Шовог гэдэг газарлуу оруулж орхисон. Түүнээс хойш 2 cap шахуу хугацаанд адуугаа эргэж тойрч чадаагүй. 2018 оны 07 дугаар сарын15-ны үед адуугаа авахаар очсон боловч хайгаад олоогүй. 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ байж байтал Ханхонгор сумын харъяат малчин Хатанбаатар гэж хүн надруу яриад манай нутагт хаваржсан ширээтэй алхан тамгатай хээр азаргатай 6 тооны адууг Б.Г гийнх 2018 оны 08 сарын 13-нд Лонх цахиртын чиглэлд урагшаа нүүхдээ аваад явчих шиг байна гэж надад хэлсэн. Би 2018.08.27-ны өдөр гэрээсээ гарч Б.Г гийн адууг шүүж үзсэн. Тэгэхэд манай хүрэн зүсмийн шүдлэн байдас, зээрд зүсмийн шүдлэн байдас 2 байсан боловч тэр хоёрыг ширээтэй үржих тамгаар тамгалсан байсан. Бусад алхан тамгатай хүрэн гүү, зээрд гүү, хонгор байдас, алга байсан. Би сумын хэсгийн төлөөлөгчрүү энэ талаар мэдэгдсэн юм. ... Хүрэн гүү, зээрд гүү нь нас гүйцэж байгаа соёолон насны 2 гүү байсан. Харин хонгор гүү нь хязаалан насны алхан тамгатай гүүнүүд байсан. 2 шүдлэн байдас нь амьд байгаа. Тамгагүй байсныг өөр ширээтэй үржих тамгаар тамгалсан байсан. Миний адууг хулгай хийсэн хүнийг олж тогтоож хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. ... Хулгайд алдагдсан адуунуудынхаа хохирлыг бүрэн барагдуулмаар байна. “Ашид билгүүн” ХХК-аас гаргасан үнэлгээ болох адууны үнэ 2000000 / хоёр сая/ төгрөг, мөн адуу эрж хайж явахад гарсан бензиний зардал 54 литр А-80 бензиний үнэ 100000 / нэг зуун мянган / төгрөг нэхэмжилнэ… Манай адуунаас хулгайд алдагдсан адууны 4 адуу төлөгдсөн... /хх-ийн 19-21-р хуудас/

                Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны хавар 5 сард манай нутагт цаг муу байсан учраас би адуугаа Цэргийн овооны хавьцаа отроор авчирч орхисон. Жил хөөцөлдөж яваад ногоо гарсан дараа адуугаа авах санаатай ирсэн чинь адуу олдоогүй. Манай адуу хээр зүсмийн 6 настай, ширээтэй алхан тамга зөв талын гуяны хонхорхой дээр дараастай азаргатай хонгор байдас, буурал духтай хүрэн гүү, бас зээрд зүсмийн нийт 6 тооны адуу байсан. Азарга нь миний азарга байсан. Харин гүүнүүд нь манай дүү Баттогтохын адуу байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр сумын голоос урагш Эрдэнэбулаг гэдэг газарт хээр зүсмийн, засаа нь өтсөн азарга байна гэсэн сураг гарахаар нь би сураг гарсан газарт нь очиход миний хээр азарга ижлийнхээ хээр үрээтэй нийлчихсэн, бусад гүүнүүд нь байхгүй, засааг нь засаад тэр хэсэг нь өтсөн байдалтай байсан. Би өтийг нь цэвэрлэж тавиад дүүдээ энэ талаар хэлээд сураг тавьсан. Тэгсэн чинь Номгон сумын харъяат Б.Г  гэдэг хүн миний азаргыг засаад гүүг нь авч яваад алсан сураг гараад өдийг хүрч байна. ...Би азаргаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. ..Намайг хохиролгүй болгож өгнө үү.../хх-ийн 24-25, 27-28-р хуудас/

                Гэрч А.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байхад Б.Г  манайд ганцаараа мотоцикльтой ирээд “чамд зав байна уу аймагруу адуу оруулах гэсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл тэгье, адуу чинь хаана байгаа юм” гэсэн чинь танай бууцны хажууд байгаа гэж хэлж байсан. Б.Г  17 цагийн үед манайхаас явсан. Би араас нь мотоциклиор бууцруугаа явсан. Намайг бууцан дээр очиход Б.Г  адуугаа манай Өндөр цохио нэртэй бууцан дээр авааччихсан байсан. Цагаан бор азаргатай адуунаас хүрэн зээрд гүү, хонгор гүү хоёрыг барьж авсан. Тэр 2 гүүг бууцны зүүн урд талд аваачиж алж янзалсан. Б.Г  адууны махаа өөрийнхөө цагаан өнгийн Харер машинаар аваад явсан. Би бууцан дээрх пингээс ойр зуурын эд зүйл байснаа аваад харьсан. Б.Г  маргааш өглөө нь аймаг руу явсан байх. Өглөө гэрийнх нь гадаа машин нь харагдахгүй байсан. Би 2018.08.27-ны өдөр Өмнөговь аймаг руу орсон. Би Өмнөговь аймгийн Далан булаг гэдэг газарт ажил хийж байгаад 2018.09.14-нд хөдөө гэртээ ирсэн. ...Б.Г г өөрийнхөө адуунаас адуу бариад байхаар нь өөрийнхөө л адууг авч байгаа юм байна гэж ойлгосон.../хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Б.Ж  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын дундуур намайг Өмнөговь аймагт байхад манай хүргэн Б.Г  надтай утсаар ярьж урагшаа Төхөм баг руу нүүмээр байна. Мал туулцаатах гэсэн. Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Гоожуурын зүүн урдаас бага малыг нь аваад урагшаа туугаад явж байхад Бор хацавч гэдэг газар араас Б.Г  миний 2 азарга адуу болон, өөрийнхөө 2 азарга адууг бөөгнүүлээд туугаад ирсэн. Тэгсэн Б.Г  нэг азарган үрээ адуу үймүүлээд байна үүнийг агтлая гэсэн. Өлзийт хайрханы энгэр Бүйлсэн гэдэг газар очиж хээр зүсмийн бие жижигтэй зүүн гуян дээр ширээтэй алхан тамгатай азаргыг барьж Б.Г  өөрөө зассан. Цаашаа адуугаа туугаад Үнэгт гэдэг газар руу аваачсан. Тэгээд маргааш нь Бор хацавч гэдэг газар Б.Г  өөрийнхөө Бор азаргатай адуу, Хул алаг азаргатай адуу, хул азаргатай адуунуудыг аваачиж тамгалсан. Зассан хээр азаргатай хамт явсан байдас гүүнүүдийг тамгалахаар нь хэнийх юм гэж асуусан чинь би хүнээс худалдаж авсан юм гэж байсан. Дараа нь тэр хул азаргаа 9 дүгээр сарын 13-ны үед алж зарсан гэж байсан.../хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд Б.Г  манайд мотоцикльтой ганцаараа ирсэн. Б.Г  манайд ирэхдээ орой юмуу маргааш өглөө аймаг явж адуу төхөөрч аваачиж зарж магадгүй гэж байсан. Би маргааш өглөө нь адуунд явж байхад М-гийн бууцан дээр шувуу эргээд байсан. Намайг очиж үзэхэд хүрэн зүсмийн адууны толгой, зээрд зүсмийн адууны толгой, 8 шийр байсан. Тэр 2 толгойнд ямар нэг чимхээс байхгүй болохоор нь би үзчихээд яваад өгсөн. Б.Г г адуугаа олоод явсан юм байна гэж ойлгосон. Хэний адууг олсныг мэдээгүй...”/хх-ийн 37-р хуудас/

Гэрч А.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Б.Г- гийнх 2018 оны 06 дугаар сарын дундуур Буурын ард Ар замт гэдэг газар бараг анхны борооноор нүүж ирсэн юм. Б.Г гийнх 2018 оны 08 дугаар сарын 12-нд урагшаа Лонх цахиртын чиглэлд нүүсэн. Нүүдэг өдөр нь манай нутагт хаваржин байсан ширээтэй алхан тамгатай хээр азаргатай том алхан тамгатай хээр гүү, мөн алхан тамгатай хүрэн зээрд гүү, алхан тамгатай хонгор гүү , тамгагүй хүрэн зүсмийн шүдлэн байдас, зээрд шүдлэн байдас гэсэн 6 тооны адууны том алхан тамгатай хээр гүү нь алга болчихсон, нөгөө 5 адуу нь Бөзөнгийн усны адаг дээр байж байсан юм. Маргааш нь 2018.08.13-ны өдөр намайг адуунд явахад нөгөө 5 адуу алга болчихсон байхаар нь би Б.Г г аваад явчихаж гэж бодсон юм. Би 2018.08.26-ны өдөр Хүрмэн сумын малчин Гангаагийнх гэж айлд очиж өөрийнхөө үрээ даага хоёрыг авахаар очсон юм Тэгэхдээ би Г-аа гуайд алхан тамгатай адуу манай нутагт хаваржсан байсныг Б.Г  туугаад явчих шиг боллоо. Танай энд алхан тамга дардаг айл бий юу гэсэн чинь Баттогтохынх тийм тамга дардаг юм гээд Баттогтохтой утсаар холбогдож ярихад манай адуу мөн байна гэсэн. ...Хөдөөний малчид Б.Г г зүгээр байдаггүй адуу мал хулгайлдаг гэж ярьдаг. Өмнө нь манай хадмын 3 морь огт сураггүй алга болсон. Үүнд мөн л Б.Г г сэжиглэдэг 3 морь алдах үеэр Б.Г  тэр хавиар мотоцикльтой явж байсан сураг байдаг юм. Тухайн үед Цагдаагийн байгууллагад хэлж бүртгүүлж байсан” /хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч Э.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 07 дугаар сарын 14-ний үед шарга морио Сайханы хэц гэдэг газраас алдчихсан юм. Дараа нь сураг сонсоход О гэж залуугийн адуунаар миний шарга морь Зүүн сайханы энгэр рүү орсон юм билээ. Мөн Шовогтойг уугаад гараад алга болсон байсан. Би Б гэж залуугийнд очиж сураглахад “чиний шарга морь, шарга зээрд хээр зүсмийн 3 үрээтэй хамт манай гэрийн гадаа ирээд явсан. Маргааш нь улаан эрэгт байхаар нь олсон. Б.Г  Зүүн цагаан дэрсний сугаас зээрд үрээ хөөж ирээд шарга морьтой хамт явсан 3 үрээнд нийлүүлж 5 адуу болгож аваад туугаад Гоожуурын зүгт явсан” гэж гэзэг Б гэдэг хүн надад хэлсэн. Би сураг сонсоод Б.Г тэй утсаар ярихад манайх адуугаа урагш нь Зүлэгтэйн зүүн үзүүр рүү туусан. Чиний шарга морийг 3 үрээний хамт гоожуур дээр орхисон чинь шарга морь чинь ганцаараа манай адуунд нийлээд хамт явсан гэсэн. Дараа нь тэр өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны үед Б.Г тэй Өмнөговь аймагт уулзахад манай адуу Хөрвөөгчийн дэлд байгаа ба удахгүй урагшаа очно. Тэр үед адуугаа очиж аваарай гэсэн. Түүнээс хойш би Б.Г тэй уулзаагүй. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үнэгтийн зүүн үзүүр гэдэг газар очиж Б.Г гийн хул алаг азаргатай адуунаас шарга морио барьж аваад дүү Баасанжаваар мотоциклио унуулж би шарга морио унаад буусан. Хулгайлсан үгүйг нь мэдэхгүй байна”/хх-ийн 40-41-р хуудас/

Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 05 сард би адуугаа оторлуулж яваад Хонго гэдэг газар очиход Б.Г гийнх тэнд буусан байсан. Би Б.Г гийн гэрээс баруун тийш Бөзөн гэдэг газар буусан байсан юм. Б.Г  манайхаас хонгор азаргаа өгчих гээд гуйгаад байхаар нь би өгсөн. Надад оронд нь адуу өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй байна. Мөн 5 тоо тамгатай цэгээн байдас бэлэгт өгсөн. Б.Г гийн адуунаар халтар хээр даага явчихсан байсан өөр адуу би өгөөгүй”/хх-ийн 44-р хуудас/

Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Б.Г  манай дэлгүүр дээр ирээд адууны мах зарах гэсэн юм гэж хэлсэн. Адууны махыг харахад туранхай байсан. Манайд 2 адууны махтай ирсэн. Би адууны махыг авахгүй гэхэд “одоо хүүхэд сургуульд орох гээд байна. Мөнгө төгрөгний хэрэг гараад байна” гээд гуйгаад байхаар нь би нэг адууны махыг нь жинлэж үзэхэд 124 кг болсон. Ингээд нийтдээ 400 гаруй мянган төгрөгөөр махыг худалдаж авсан. Нэг адууг нь аваагүй. Б.Г  өөрөө аваад явсан. Б.Г гийн адуу нь туранхай, жижиг байхаар нь би түүнээс арай буруу гарын мах биш биз дээ гэхэд түүний эхнэр нь хүртэл хажуунаас нь “тийм зүйл байхгүй бид нар хотноосоо авсан юм. Гайгүй юм байх гэж бодоод авсан чинь туранхай байна” гэж хэлсэн. Тэгээд би итгээд авсан…”/хх-ийн 45-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод эмчилгээнд явж байгаад ирсэн юм. Хөдөө очоод Буурын хяр гэх газраас Алтан үнэгт гэх газар руу нүүсэн. Би бага малаа туугаад явсан. Б.Г  адуугаа туугаад явсан. 10 гаруй хоногийн дараа байсан санагдаж байна Б.Г  адуу хүнс авъя гэж ярилцаад маргааш өдөр нь намайг бууцан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би Мөнхбаатарын бууцан дээр М-ын хамтаар очиход Б.Г  өөрийнхөө адууг авчирсан байсан. Тэгээд бид гурав зээрд зүсмийн адууг авсан. Нөгөө адууных нь зүсийг сайн санахгүй байна. Хоёр тооны адуу төхөөрч гэдсийг нь янзлаад аймгийн төврүү аваад явсан. Ингээд бид хоёр аймгийн төвд ирээд нэг адууг нь “Сүмбэр” дэлгүүрт авчирч зарсан. Нэг адууг нь гадуур жижиглэнгээр зарсан. Би тухайн үед тэр хоёр адууг хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй дараа нь мэдсэн…”/хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. 2018 оны хавар Х надтай таарахдаа 1 адуугаа хайгаад олохгүй байна. Хулгайч авсан байж магадгүй гэх утгатай зүйл ярьж байсан. Мөн өмнөх онуудад манай хадмынх 3 тооны адуу алдсан гэж ярьж байсан. Би түүнээс нэг адуугаа хулгайд алдсан юмуу гомдол гаргаж шалгуулах уу гэхэд гомдол гаргаж шалгуулаагүй. Тэр хүн адуугаа яг хулгайд алдсан эсэхээ мэдэхгүй, хайгаад олохгүй байна гэж ярьж байсан...”/хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сарын 10-ны үеэр би Б.Б гэдэг хүний 6 тооны адуу нь манай адуутай хамт байхад нь Алтан-Үнэгт гэдэг газар руу нүүхдээ аваад явсан. Алтан Үнэгтэд очоод өөрийнхөө адууг тамгалахдаа тамгагүй байсан хүрэн байдас, үрээ, цэгээн байдас 3 адууг тамгалсан. Хонгор зээрд зүсмийн 2 гүү байсныг нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны үед Алтан-Үнэгтийн Өндөр цохио гэдэг газарт М гэдэг хүний өвөлжөөн дээр төхөөрч махыг нь аймгийн төвд авчирч нэг адууг нь жижиглэж зараад нэгийг нь “Сүмбэр” дэлгүүрт 1 кг-ыг нь 4000 төгрөгөөр тооцож зарсан. Хээр зүсмийн азаргыг нь Бүйлсэн гэх газар байхдаа засаад тавиад явуулсан. Сүүлд нь эзэн нь адуугаа олсон сураг гарсан. Би 2 гүүг авахдаа М, манай эхнэр Б бид гурав байсан. Би тэр хоёрт хүнээс авсан адуу гэж хэлсэн. Тэр хоёр хулгайн адуу төхөөрч байгаа гэдгийг мэдээгүй. Тухайн үед Мөнхөөд адуу төхөөрөлцөөд өгөөч гэж гуйсан. Манай эхнэр надаас ямар учиртай адуу юм бэ гэхээр нь би хүнтэй адуугаар сольсон адуу гэж хэлсэн. Би 20 гаран тооны адуутай. Манай тамга Ширээтэй үржих туухай тамгатай. ...Хохирлоо нөхөн төлсөн...”/хх-ийн 61-62-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09-р хуудас/

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Азарга 1.300.000 төгрөг, 5 настай гүү 1.400.000 төгрөг, 4 настай гүү 600.000 төгрөг, 3 настай гүү 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээ зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Ар замт гэх газраас иргэн Б.Б ын 5 толгой адууг хулгайлж 3.000.000 төгрөгний, Б.Т гийн 1 тооны адууг хулгайлж, 1.300.000 төгрөгний буюу бусдад 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г  нь Б.Б , Б.Т  нарын адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа 3 адуунд нь өөрийн эзэмшдэг малын тамгыг дарах байдлаар өөрчилсөн, азарга адууны засааг нь засах байдлаар эцэг мал биш болгосон байдал гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч энэ талаараа “...малын зүс, тэмдгийг өөрчилж байгаа хэлбэр...” гэж ойлгож болно хэмээн мэдүүлсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б од 5 адууны хохирол учирсан ба шүүгдэгч Б.Г  3 адууг нь зүсээр нь хохирогчид эргүүлэн өгч, 2 адууны үнэ болон адууг эрэхэд гарсан бензиний зардал 100.000 төгрөг нийт 2.100.000 төгрөгийг хохирогч Б.Б од төлж төлөх төлбөргүй болсон болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т д 1 азарга адууны хохирол учирсан ба уг адууг зүсээр нь буцаан өгсөн хэдий ч шүүгдэгч Б.Г  нь уг азаргыг зассаны улмаас хохирогч хохирол нэхэмжилсэн ба хурдан удмын азарга байсан гэх гомдол гаргаж улмаар шүүгдэгч 1.000.000 төгрөгөөр тооцож хохирлыг барагдуулжээ. Иймд шүүгдэгч Б.Г г хохирогч Б.Т д төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдын адууг хулгайлахдаа өөрийн морийг унаж тууж авч явсан, бусдын 2 гүүг алж, аймгийн төврүү махыг тээвэрлэхдээ өөрийн эзэмшлийн НАRRIER маркийн автомашинаар махыг тээвэрлэсэн гэж мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодруулаагүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г гийн үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг нь 6 сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба шүүгдэгч Б.Г  нь 2017 оны 4 сарын 11-ний өдрийн 32 дугаартай тус шүүхийн шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгө болох мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй хэдий ч түүний хувийн байдлыг шүүхээс үнэлж тогтоох нэгэн шалгуур болно гэж үзэв.

Шүүхийн зүгээс хуульд заасан үндэслэлийн дагуу түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох байдлаар түүнд итгэл үзүүлсээр байхад дахин бусдын нэг бус 6 тооны бод малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь хувийн байдлын хувьд зайлшгүй нийгмээс тусгаарлан, эрх, эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэж үзэх үндэслэл болж байна.

Шударга ёсны зарчмын хувьд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул шүүх улсын яллагчийн дүгнэлт болгож буй 2 жилийн хорих ялыг түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон ял гэж үзэж, шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Г  нь шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн нь холбогдох албан тушаалтны илтгэх хуудсаар тогтоогдсон тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 4 хоног цагдан хоригдсон ба энэхүү хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г д холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ш овгийн Б.Г г бусдын малыг /6 тооны бод мал буюу адуу/ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Г гийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.Г  нь хохирогч нарт төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА