| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0007/Э/ |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогчийн өмгөөлөгч М.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Хохирогч О.М
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002000108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Б-ын М.
Шүүгдэгч Б.М-гийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М-г зодож, биед нь гавлын суурийн зүүн их баг далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч М-г зодож хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Далан багийн өдөрлөг болоод 2 найзтайгаа очсон. Буцаад явж байхад М ах 2 ахтай архи уугаад маргалдаад сууж байхаар нь М ах манай ахын найз гээд таньдаг учраас буугаад ах боль та согтсон байна гэхэд намайг зөрүүлээд чи хэн юм гөлөг минь чамайг танихгүй юм байна гээд нэг цохихоор нь нэг өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй ... М ах манай ахын найз хамт морь яаж очсон байсан. Тэгээд тэр хүмүүстэй муудалцаад дээлээ тайлсан зодолдоод байж байхаар нь ахыг эхлээд салгасан юм. Тэгэхэд өөрөө их согтуу байсан юм уу яасан юм чамайг танихгүй юм байна гөлөг минь гээд цээж рүү нэг цохисон. Тэгэхээр нь та хүн салгаж байхад яаж байгаа юм гээд уурлаад өшиглөсөн. Тэр үед хажууд байсан ах татаж суулгаж таарсан. Тэгээд нүүрэн тус газар таарсан... Сүүлд хот руу явуулахад 200.000 төгрөг өгсөн. Хотоос буцаж ирэхдээ аав зардал мөнгө гээд бэлнээр 300.000 төгрөг өгсөн нийт бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг эмчилгээнд өгсөн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч О.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 08 сарын 03-ны өдөр би ахынхаа хүүхэдтэйгээ морь уралдуулаад буцаж ирэх замдаа энэ хүмүүстэй таарсан. Хамгийн гол нь миний зүгээс хэлэх юм намайг яах гэж зодсон юм гэж асуумаар байна. Өөр хүсэлт алга. Эмчийн сүүлийн дүгнэлтийг үзсэн юм уу? мэдэхгүй ... Харахгүй байгаа. Толгойн орой хэсэг дээр өвддөг. Сая үзүүлэхэд нөгөө нүдээ үзүүл. Энэ нүд чинь харахгүй гэсэн. Аав нь ч гэсэн мэдэж байгаа. Хувийн эмнэлэгт үзүүлсэн ... 500.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Д-ын “...Зам дээр О.М, Д хоёр цээж нүцгэлсэн хоорондоо барьцалдаж аваад хэрэлдээд байж байсан. Тэгээд М манай ахын 2 найз байна салгая гэсэн. Тэгээд бид хэд очоод зодолдож байгаа улсуудыг салгасан. О.М-г М Та манай ахын найз байна, зодоон цохионоо боль, одоо ингээд явчих ах гэхэд О.М М-г чамайг танихгүй юм байна гөлөг минь чи хаанахынх юм бэ? гэснээ М-г цээж рүү нь цохиод авсан. Тэгсэн М О.М-г сууж байхаар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд О.М-гийн нүүрнээс нь цус гоожсон байсан. Тэгээд Б бид 2 М-г боль боль гээд салгаад дагуулаад явсан... ” гэх мэдүүлэг /ХХ58/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Б-ын “...замд 2 хүн цээж нүцгэлсэн хоорондоо маргалдаад зодолдож байсан. Тэгсэн Б.М манай ахын найз байна салгая гээд зогссон. Тэгээд Б.М О.М-г салгаад Та зодоон цохионоо боль ах. Та манай ахын найз байна. Та ингээд явчих гэхэд О.М согтуу чи хэн юм гөлөг минь чамайг танихгүй юм байна гээд хэл амаар доромжлоод түлхээд байсан. Тэгээд М М-г цээж рүү нь өшиглөх шиг болсон. Д бид 2 салгаж аваад дагуулаад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ59-60/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Д-ын “...М намайг өдөөд бид хоёр маргалдаад байж байсан. Тэгсэн 2 мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй нэг нь М-г өшиглөөд авч байсан... Хөмсөгнийх нь дээд талаас цус гарсан байсан. Нүүр нь битүү цустай харагдсан... М 1 удаа өшиглөх үед О.М сууж харагдсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ61-62/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Э-ийн “...2 мотоцикльтой зүс үл таних 3 хүн ирээд О.М ах сууж байгаад хойшоогоо эргээд хартал танихгүй 1 ах нүүррүү нь өшиглөсөн. Тэгээд О.М ах нүүрэндээ өшиглүүлэнгүүтээ нүүрээ дараад газар унасан. Тэгээд 1 ах энэ хүний нүднээс нь цус гараад байна гэхэд О.М ахыг өшиглөсөн ах тэгвэл наадахыг чинь нэг мөсөн алаад хаячихая гээд дайраад байсан. Тэгээд тэр ахыг 2, 3 хүн барьж болиулаад Д ах М ах бид хоёрыг мотоцикльтой хээр авч очиж орхиод мотоцикль үлдээгээд өөрөө нэг таних гүй мотоцикльтой ахын араар суугаад аймаг явна гээд яваад өгсөн... Зүүн нүдний доод талын хэсгээр цус гарсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг /ХХ63/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Н-гийн “... Юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй нэг нь М-г өшиглөж авсан. М нүүрээ дараад бөхийгөөд унасан. Тэгээд залуучууд зодоон цохионыг салгаад тараад явсан... М сууж байсан. Тэр залуу араар нь тойроод хажуу зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ХХ64-65/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Б-ын “...Манай охин С аав Ц хүн зодсон гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд би хөдөөнөөс орж ирээд О.М-г аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд шинжилгээ өгөөд хот руу авч явсан. Хотод очоод О.М-г “1-р эмнэлэг”, “Мөнгөн гүүр эмнэлэг”, “Ён-Со” эмнэлэг, “Эрүү нүүрний эмнэлэг” зэрэг эмнэлэгүүдээр дагуулж явж эмчилгээ үзлэг оношилгоо мэс засал хийлгүүлсэн. Мөн “Натул” эмнэлэгт 7 хоног хэвтүүлж эмчлүүлсэн... Нийт 4.818.000 төгрөгийн зардал гарч төлж барагдуулсан. Баримтанд тусгагдаагүй онгоцны 1 талын зардал 300.000 төгрөг, “Натул” эмнэлгийн 7 хоногийн 280.000 төгрөгийн баримт, бэлэн өгсөн 80.000 төгрөгийн баримт тусгагдаагүй байна...” гэх мэдүүлэг /ХХ67/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Б-ын “...С.Н ах дүү нарт гээд 1 шил архи задласан. Тэгсэн 2 мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй 1 нь М-г сууж байхад нь нүүр рүү нь өшиглөж авч байсан. Тэгээд тэр залуучуудаас салгаад М-г Д мотоциклийнх нь араар суулгаад өөрөө мотоциклийг нь бариад явсан. Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтой М-гийн морь унадаг хүүхдийг нь суулгаад Д М хоёрыг дагаад явсан... Нүүрэн хэсгийн зүүн тал нь нэлэнхүйдээ цустай харагдсан. Өөр бусад шарх сорвийг сайн ажиглаагүй ...” гэх мэдүүлэг /ХХ68-69/,
Шинжээч Ч.Эрдэмболорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9748 дугаартай “...1. О.М-гийн биед гавлын суурийн зүүн их бага далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ73/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М-гийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж гавлын суурийн зүүн их баг далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл буюу биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоон шийдвэрлэлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.М-гийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн хавтаст хэрэгт хүлээн авсан болон тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол үйлдэн бэхжүүлсэн 943.000 төгрөгийн баримтуудаас “Мон-Арго” ХХК-аас эм худалдан авсан 2 ширхэг баримт /ХХ-21/, “Монос Улаанбаатар” ХХК-аас эм худалдан авсан 1 ширхэг баримт ХХ-22/, “Окулопластик” эмнэлэгээс худалдан авалт хийсэн 1 ширхэг баримт/ХХ-23/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Буман сан” эмийн сангаас худалдан авалт хийсэн 1 ширхэг баримт, давтан үзлэг хийлгэсэн 1 ширхэг баримт, хот хооронд нийтийн тээврийн зорчих тасалбар зэрэг нийт 419.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь хохиролд 500.000 төгрөг төлсөн учраас шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Харин хаанаас юуны учир авсан болох нь тодорхой бус 5.000 төгрөгний бэлэн мөнгөний орлогын 1 ширхэг баримт /ХХ-21/, бензин авсан 10.000, 20.000, 20.000 төгрөгний 3 ширхэг НӨАТ-ын е-баримт /ХХ-22,23/, 159..000 төгрөгийн дүн бүхий ХААН банкны гүйлгээний тасалбар /ХХ-22/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Торгон туул” эмийн сангаас худалдан авалт хийсэн 310.000 төгрөгний 1 ширхэг борлуулалтын баримт зэрэг нийт 524.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байх тул шүүх хохирол тооцох нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Хохирогч О.М-гийн цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч О.М-гийн цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА