Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Г.О, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816000940099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, И овогтой Г-ын О.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Г овогтой М-ын Б.

Шүүгдэгч Г.О нь 2017 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээрээс хуурамч Алтангадас одон худалдан авч, М.Б-д худалдсан  гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Б нь 2017 онд Г.О-оос хуурамч Алтангадас одон худалдан авч, уг Алтангадас одонг хуурамч болохыг мэдсээр байж С.Д-т гардуулан өгч, ашигласан гэмт хэргийг тус тус  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл:

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сард  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээрээс хуурамч Алтангадас одон худалдан авч,  2017 оны 12 дугаар сарын 20-ны орчим  М.Б-д худалдсан нь нийтийн албан ашиг сонирхолд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.О гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Алтангадас одонг Нарантуул захаас авсан. М.Б өмнө нь манай нутгийн 80 гарсан ах байгаа. Түүнд шагнал өгмөөр байна олдох уу? гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот ороод Нарантуул зах дээр явж байхад одон медаль гаргаж өгнө. Худалдаж авна гэсэн цүнх барьсан, зангиа зүүсэн өндөр залуу байсан. Ямар үнэтэй юм гэхэд үнэмлэхтэй бол 400.000 төгрөг, үнэмлэхгүй бол 200.000 төгрөг гэсэн. Найдвартай юу? гэхэд найдвартай би тэнд ажилладаг хүн гэж хэлсэн. Нэрийг нь яах юм гэсэн. Би удахгүй ээ тийшээ ороод гаргаад ирье гэсэн. Тэгээд харахад ерөнхийлөгчийн гарын үсэгтэй байсан. Яг мөн үү? гэхэд мөн. Би гаргадаг хүн нь гэхээр нь худалдаж аваад М.Б-д авч ирж өгөөд ажил дээр нь уулзаад 400.000 төгрөг аваад өгсөн... Гэмшиж байна. Буруу зүйл хийсэн. Санамсаргүй байдлаас болсон. Тэр хүн найдвартай гээд итгээд авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч М.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.О ахыг зах дээр байдаг болохоор таньдаг. Өмнө нь захын шинэ жилээр ах нь Алтангадас одонгоор шагнуулж байсан гэж хэлж байсан. Санаандгүй манай ресторонд байхад та мэдэж байгаагаараа аймгийн дарга нарт уламжилж өгөөч манай сумын настай хүн байдаг юм гэж хэлж байсан. О ах дараа нь над руу яриад Алтангадас бүтсэн тэр хүний нэр регистрийн дугаарыг өгөөч гэхээр нь асуугаад өгнө. Дараа нь шинэ жилийн үеэр Г.О ах нөгөө хүний шагнал бүтсэн гээд гараад очиход энэ Алтангадас байсан. Энэ ном журмын дагуу юм уу? бичиг баримт нь ямар юм бэ? гэхэд найдвартай Алтангадас Халтмаагийн гарын үсэг тамгатай гэж хэлсэн. Тухайн үед ийм гэдгийг мэдэхгүй алдаа гаргасандаа маш их харамсаж байна ...  Тэр үед ингэж гардуулж өгдөг гэдгийг мэдэхгүй том алдаа гаргасан. Тухайн үед асуусан. Найдвартай юм уу? Яагаад 400.000 төгрөг авч байгаа юм гэхэд гэрчилгээний үнэ ийм болсон. Халтмаагийн гарын үсэг тамгатай гэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2 дахь удаагаа өгсөн “... Би Улаанбаатар хотоос ирээд  Б-тай Кристал рестораных нь гадна уулзаад миний машин дотор уулзаад ах нь Улаанбаатар хотоос Нарантуул зах дээрээс хууль бус одон авч ирлээ гэж үнэн учир байдлыг хэлсэн. Тэгээд би 350 мянгад авсан чамд би 400 мянгад зармаар байна гэхэд Б болж байна гээд бэлэн 400 мянган төгрөг тоолж өгөөд бид 2 салсан... “ гэсэн мэдүүлэг /ХХ154-155/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Эрдэнэ-Очирын 20018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5518 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн 71003 дугаартай “Алтангадас одон” гэх металл тэмдгийг хуурамч эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Харин шинжилгээнд ирүүлсэн 71003 дугаартай “Үнэмлэх”” гэсэн хаягтай улаан хавтастай дагалдах үнэмлэх гэх 1 ширхэг зүйл хуурамч байна.

2. Дүгнэлтийн шинжилгээний хэсэгт дурдсан шинж тэмдэгүүдээрээ хуурамч болох нь тогтоогдож байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Алтангадас одон” гэх 1 ширхэг металл тэмдэгийн дугаарыг засварласан гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /ХХ42/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Б нь 2017 онд Г.О-оос хуурамч Алтангадас одон худалдан авч, уг Алтангадас одонг хуурамч болохыг мэдсээр байж С.Д-т гардуулан өгч, ашигласан нь нийтийн албан ашиг сонирхолд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Б гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч М.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “ ...Манай сумын засаг дарга 2 удаа шагналд тодорхойллоо гэдэг. Танд Алтангадас одон өгнө гэдэг. Тэгээд ах дүүсээ дуудахаар таны одон бүтээгүй гэдэг гэж хэлж байсан. Тэр үед нь би аймгийн дарга нарт уламжилж өгье гэж хэлж байсан.  Г.О ахыг зах дээр байдаг болохоор таньдаг. Өмнө нь захын шинэ жилээр ах нь Алтангадас одонгоор шагнуулж байсан гэж хэлж байсан. Санаандгүй манай ресторонд байхад та мэдэж байгаарай аймгийн дарга нарт уламжилж өгөөч манай сумын настай хүн байдаг юм гэж хэлж байсан. О ах дараа нь над руу яриад Алтангадас бүтсэн тэр хүний нэр регистрийн дугаарыг өгөөч гэхээр нь асуугаад өгсөн. Дараа нь шинэ жилийн үеэр Г.О ах нөгөө хүний шагнал бүтсэн гээд гараад очиход энэ Алтангадас байсан. Энэ ном журмын дагуу юм уу? бичиг баримт нь ямар юм бэ? гэхэд найдвартай Алтангадас Халтмаагийн гарын үсэг тамгатай гэж хэлсэн. Тухайн үед ийм гэдгийг мэдэхгүй алдаа гаргасандаа маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би С.Д Алтангадас одонгоор шагнагдсан талаар Жаргалан сумын удирдлагуудад мэдэгдээгүй. Би Ө гэх хүний хамт Жаргалан сумын Д-ын гэрт очоод тухайн Алтангадасыг гардуулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ61-62/,

Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2013-2017 оны хооронд Жаргалан сумын иргэн С овогтой Д-ыг төрийн дээд одон медаль авахуулахаар дээд шатны байгууллага руу материал нь яваагүй юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигаар баталсан журмын хүрээнд төрийн дээд одон медалыг гардуулдаг юм ...” гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,

Гэрч С.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Жаргалан сумын уяачдын холбооны гишүүн М-ын Б нь таны гаргасан амжилтыг үнэлээд сум орон нутагтай чинь ярьж байгаад таньд Алтангадас одон гардуулна гэж хэлсэн. Гэхдээ тухайн баяр дээр Алтангадас одон ирээгүй байсан учраас надад одонг гардуулаагүй, түүний дараахан Б нь өөрөө Жаргалан сумд манай гэрт очоод надад Алтангадас одонг гардуулсан ... Алтангадас одонгийн ар хэсэг дээр 71003 гэсэн дугаар байна. Мөн одонгийн үнэмлэх дээр 00000 гэсэн дугаар байсан бөгөөд тухайн үнэмлэх дээр бичигдсэнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай зарлигаар С-ын Д-т гэсэн Алтангадас одонгийн үнэмлэх байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,

Гэрч Д.Б-ын мөдөн байцаалтад өгсөн “... Би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. М-ын Баясгалан нь манай аавыг Жаргалан сумын Бүрэн багийн нутаг Их-Өтөг гэх газарт нутаглаж байхад нэг танихгүй хүний хамт очиж Алтангадас одонг гардуулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ21/, 

Гэрч Л.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар шагнал хариуцсан хэлтэст ажилладаг... С.Д нь Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнагдаагүй. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас С.Д нь Алтангадас одонгоор шагнагдаагүй гэсэн албан тоот хүргүүлсэн. Алтангадас одонгийн тоо дахин давтагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэгдлэл /ХХ11/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байхаар заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

 Шүүгдэгч Г.О нь  2017 оны 12 дугаар сард Алтангадас одонг худалдан авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны орчим шүүгдэгч М.Б-д худалдсаныг М.Б нь С.Д-т 2017 оны 12 дугаар сарын 25-27-ны үед гардуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад үйлдсэн байх тул шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Ж.Д-ийн тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор зохицуулагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт  гаргаагүй болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж худалдсан гэмт хэрэг үйлсэн, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Г.О, М.Б нарт ял  оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Г.О нь төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж худалдаж 50.000 төгрөгийн орлого олсон нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  орлого болох 50.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00000 дугаартай алтан гадас одон гэх металл тэмдэг, үнэмлэх зэргийг устгаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт  битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж худалдсан гэмт хэрэг үйлсэн, Г овогт М-ын Б-г Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, М.Б нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, М.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.О, М.Б нарт танилцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.О-оос гэмт хэрэг үйлдэж олсон 50.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71003 дугаартай алтан гадас одон гэх металл тэмдэг, үнэмлэх зэргийг устгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, М.Б нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт  битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Олдох, М.Баясгалан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА