Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч Г.Б

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001600114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Ж овогтой Ц-гийн Э.

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сард Теборет Эйч Си ХХК-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, 280.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сард Теборет Эйч Си ХХК-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, 280.000 төгрөг залилан авсан нь бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Э гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өдөр Б ах над руу яриад усны сав үзээдэх гэж хэлсэн. Тэгээд Усны савны үнэ 300.000 төгрөг гэж байгаад 280.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр нь Б ах руу дансаа явуулахад Б ахаас 280.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би захаас гарч яваад утсаа хаясан учир Б ахтай дахиж холбоо  барьж чадаагүй. Миний дансанд тэр мөнгө 7 хоносон. 7 хоногийн дараа миний аав хөлгүй байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй учир тэр хүний эмчилгээ, ойр зуур зарцуулж үрсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ... Би ганцаараа гэр бүлээ тэжээдэг. Аав маань хөгжлийн бэрхшээлтэй миний асрамжид байдаг. Миний хүүхэд мөн эсэх нь мэдэгдэхгүй нэг хүүхэд авч ирээд өгсөн. Одоо угжаар өсгөдөг учир торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 Хохирогч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...  2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэг стана, нэг портерийн шаардлага гарсан. Портер авахаар төлөвлөж байсан. Ажилтнуудад ундны ус зөөх усны савны хэрэг гарсан. Тэгэхээр нь портер дээр усны саваа ачаад явъя гээд Говь-Алтай аймгийн нэгдсэн зар дээр Цээл сумаас зар өгсөн. Тэгээд үдээс хойш нь 7 хүн над руу ярьсан. Хамгийн эхэнд Ц.Э над руу ярихдаа би Б байна одоо ажилгүй байгаа учир танайд ажилд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хотоос манай нэг ажилтан ирж байгаа маргааш 2 цагт ирнэ. Тэр хүнийг аваад усны саваа машин дээрээ тавиад мөн нилээд хүнсний бүтээгдэхүүн авах учир тэрийг ачаад ир гэж хэлсэн. Өглөө нь холбогдоод усны савыг оллоо 280.000 төгрөгөөр авахаар боллоо гэж хэлэхээр нь ерөнхий нягтлан С руу яриад С хотоос мөнгийг нь шилжүүлсэн. 2 цагт Улаанбаатар хотоос хүн ирэхэд утас нь холбогдохгүй байсан учир тухайн хүнээ Алтай сумын Г гэдэг жолоочоор авахуулсан. Нөгөөдөр нь өөрөө аймаг орж ирээд Таван богдоос 2 стана, нэг 76-тай гурван машинаар ачаагаа ачаад явсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй...Б байна гэж танилцуулаад тэр орой 3 удаа ярьсан. Маргааш өглөө 8 цагаас 2 цаг хүртэл 5 удаа утсаар ярьсан. Мөнгө шилжүүлээд дахиад утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглээс/,

Гэрч П.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Тэборет ХХК-ний менежер Б-гэх хүн залгаад манайх ажилдаа портер машин хөлсөлж ажиллуулах боллоо зах дээр зар тавьсны дагуу гэж яриад үйл ажиллагаанд хэрэглэх 1 тонны сав авах хэрэгтэй байна гэхэд тухайн портер машины жолооч нь надтай холбогдож 1 тонны усны савны зургийг явуулаад 280.000 төгрөг гэж байна гэхээр нь би тухайн 1 тонны сав зарж байсан гэх хүнтэй намайг яриулаадах гэхэд нөгөө портерийн залуу намайг нэг эмэгтэй хүнтэй яриулчихаад дансны дугаар явуулахаар нь би мөнгө шилжүүлсэн.... Б гэх хүний данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних залуу над руу  00000000 гэсэн дугаарын утаснаас ярьж байсан. Манай Тэборет ХХК-иас мөнгө аваад дахиад утас нь холбогдоогүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ22-23/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад 3 дахь удаа өгсөн “... нөгөө ажилд авах гэж байгаа хүн чинь 1 тооны усны сав аваад ир гэж байна тэрийг ньь хайхаас гээд гадуур яваад байсан. Сүүлд нь намайг цагдаагаас дуудах үед би Э-т намайг цагдаагаас дуудаж байна гэхэд нөгөө усны савнаас чинь болсон чи мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн юм... ажилд авах гэж байгаа хүн нь усны савны мөнгө хийлээ гээд бид хоёр очиж АТМ-с авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ33/

Шилжүүлгийн мэдээллийн гэрэл зураг /ХХ6/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт  гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт  шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол бүрэн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ц-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-т танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт  шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол бүрэн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА