Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1234

 

Х болон “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02919 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х болон “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХ болон “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

“ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт алданги 75 975 000 төгрөг гаргуулах, Х, ХХ нарын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хын “ХХХХ” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Услалтын систем шинээр барих ажлын гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 21 306 392 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Услалтын систем шинээр барих ажлын гэрээний төлбөрт 127 838 352 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд тариалан эрхлэхээр 2011 оны зунаас услалтын систем байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлсэн. “ХХХХ” ХХК-ийн танилцуулгатай танилцаж ХХ гэх залуутай уулзахад манай компани услалтын системийн угсралтын ажлыг эрхлэн явуулдаг тусгай зөвшөөрөлтэй гэж итгэл үнэмшил төрүүлсэн юм. Иргэн Х би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт тариалангийн газар худалдан авч услалтын иж бүрэн систем шинээр бариулах хэрэгцээ шаардлагатай байсан. ХХ 100 га услалтын системийг зах зээлийн ханшаас доогуур 250 сая төгрөгийн ажлын хөлстэй гүйцэтгэх санал болгосон. Услалтын системийг шинээр барих ажлын гэрээг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн захирал ХХтай байгуулж уг ажлыг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. “ХХХХ” ХХК-ийн захирал ХХ нь ажлын хөлсөнд нь миний өмчлөлийн амьдарч байсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХ тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг шаардсан. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр ХХ өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар ухаж хэдэн труба суулгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХХ нь 4 сард бүх ажлаа дуусгаад цэнэг усалгаагаа хийж эхлэх 5 дугаар сарын 10 гэхэд тариалалт хийж усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон. ХХтай уулзаж намайг чи хууран мэхэлсэн байна эд хөрөнгийн хохирол учраад байна түүнийг хариуцан төлөхийг шаардсан. Гэтэл трубануудыг газар ухаж булаад ажлаа хийсэн мэт тайлбарладаг. Ажлын хөлсийг “ХХХХ” ХХК-д төлөх үүрэг үүссэн. Гэтэл миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр иргэн ХХ өөрийн өмчлөлдөө шилжүүлэн хууль зөрчсөн хэлцлийг байгуулсан тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээг зөрчиж ажлыг хүлээлгэн өгөөгүй зураг төслийн дагуу гүйцэтгээгүй чанарын доголдолтой ажлыг гүйцэтгэсэн.

Үүргээ биелүүлэхийг “ХХХХ” ХХК-иас удаа дараа шаардсан боловч гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алдангийг 0.3 хувиар тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар тооцож 21 306 392 төгрөгийг “ХХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ХХтай байгуулсан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр усалгааны систем Худалдах-худалдан авах гэрээг “ХХХХ” ХХК-ийн захирал ХХтай “ХХХ” ХХК байгуулсан. Усалгааны системийг 151 950 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХХ нь 4 сард бүх ажлаа дуусгаад цэнэг усалгаагаа хийж эхлэх 5 дугаар сарын 10 гэхэд тариалалт хийж усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон. 2012 оны 4 cap болоход ямар ч услалтын систем орж ирээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийг шаардах болсон. Гэтэл тээврийн зардал байхгүй тээврийн зардлаа төлбөл 4 дүгээр сарын 10-нд оруулан 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө усалгааны системийг угсарч бүрэн ажиллагаанд оруулна гэсэн албан бичиг ирүүлсэн. ХХХХХын гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц усалгааны систем оруулах тээврийн зардалгүй гэх тайлбар хэлэх болсон. Х би “ХХХХ” ХХК-ийн захирал ХХд тээврийн зардалд 4 750 ам.долларыг түүний компаний Хас банкны дансанд 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 2012 оны 5 дугаар сарын 01-нд услалтын систем орж ирэхгүй байсан тул дахин шаардахад уучлаарай амжихгүй боллоо гэсэн хариу хэлсэн. ХХтай уулзаж намайг чи хууран мэхэлсэн байна эд хөрөнгийн хохирол учраад байна түүнийг хариуцан төлөхийг шаардсан. Иж бүрэн услалтын системийг угсарч бүрэн ажиллагаанд оруулах үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. “ХХХХ” ХХК-ийн захирал ХХыг услалтын системийг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй зугтаах болсон. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн захирал ХХд “ХХХ” ХХК-иас албан бичиг хүргүүлсэн боловч хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх тухай гэсэн хариу өгсөн. ХХ дахин Услалтын системийн тоног төхөөрөмж тээвэрлэх тээврийн зардалд гэж 4 750 ам.долларыг шилжүүлэн авсан боловч худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хохироох болсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах үед “ХХХХ” ХХК-ийн захирал ХХ нь тээвэрлэлтийн зардалд төлсөн 4 750 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлсөн. “ХХХХ” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний 1.1-д зааснаар Услалтын системийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.1-д зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцон, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн 75 975 000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК болон ХХ нар шүүхэд болон өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.“ХХХХ” ХХК нь 12/2011 тоог “Услалтын систем шинээр барих гэрээ”-г 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Хтай байгуулж, тус гэрээний дагуу захиалагчийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт байрлах тариалангийн 136 га талбайд услалтын системийн газар доорх шугам сүлжээ, бороожуулах машины хөдөлгөөнгүй тулгуур, толгой барилгын ус авах хэсгийг шинээр барих ажлыг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөрт багтаан, нийт 106 531 960 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгэх үүргийг хүлээсэн. “ХХХХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн дээр дурдсан ажил үүргээ 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөрт багтаан зохих ёсоор бүрэн гүйцэтгэж бичгээр үйлдсэн актын дагуу захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, талуудын хооронд байгуулсан гэрээ болон ажлын үр дүнг хүлээлцэж үйлдсэн актуудаар нотлогдоно. Иймд “ХХХХ” ХХК нь Хд алданги төлөх үндэслэлгүй байна.

2. “Услалтын систем шинээр барих гэрээ”-ний 4.1 дүгээр зүйлд заасны дагуу ажлын нийт хөлс болох 106 531 960 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХ тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. “ХХХХ” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн гүйцэтгэж захиалагчид албан ёсоор шилжүүлэн өгч, ажлын үр дүнг захиалагч хүлээн зөвшөөрч, хүлээн авсныхаа дараа гэрээгээр тохиролцсон орон сууцыг “ХХХХ” ХХК-ийн захирал ХХын өмчлөх эрхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Талуудын хэн алинд нь орон сууцыг хариу төлбөртэй шилжүүлэх хүсэл зориг байсан. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орон сууцыг шилжүүлэх талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлсэн. Харин бэлэглэлийн гэрээгээр талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Орон сууц нь хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр, харин агуулгын хувьд ажлын гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдон шилжсэн. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр орон сууцыг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан сэргээгдэх үндэслэлийг буй болгож чадахгүй. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэттэгч нь ажил гүйцэтгэж, үр дүнг захиалагчид шилжүүлэн өгсөн. Харин захиалагч нь ажлын төлбөрт тооцогдон шилжсэн орон сууц болон түүний өмчлөх эрхийг шилжүүлснээр бодит байдалд өмчлөх эрх шилжүүлэх буюу ажил гүйцэтгэх гэрээ биелэгдсэн байна.

Иймд Х болон “ХХХ” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг “ХХХХ” ХХК болон ХХ нарын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ХХХХ” ХХК нь Услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хтай байгуулж, уг гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт Ягааны хур нэртэй газарт 100.2 га талбайг услах услалтын систем шинээр барих ажлыг нийт 106 531 960 төгрөгийн төлбөртэйгээр 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гүйцэтгэж, захиалагч тал болох Хд зохих ёсоор шилжүүлэн өгсөн бөгөөд талууд тус гэрээний гүйцэтгэлийг дүгнэж 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 06 тоот гэрээ дүгнэсэн актыг үйлдэн баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.2 дугаар зүйлд заасны дагуу Х нь “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болон 106 531 960 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг “ХХХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал ХХын өмчлөх эрхэд шилжүүлэн өгсөн. Гэтэл Х нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу 106 531 960 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд “ХХХХ” ХХК нь Хтай 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээ”-ний 1.2 дугаар зүйлд заасан үндсэн төлбөр болох 3 531 960 төгрөг болон мөн гэрээний 6.1-т заасан алдангийн төлбөрт 1 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөгийг Хаас гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Услалтын системийн ажлын гүйцэтгэлийн баримт, талуудын хооронд гэрээ дүгнэсэн тухай 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот акт, орон сууц бэлэглэлийн гэрээ, шүүхээс томилогдсон шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь “ХХХХ” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, түүнийг Х нь хүлээн зөвшөөрсөн болохыг нотлоно. Х нь гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцаа буцаан нэхэмжилж буй тул “ХХХХ” ХХК ч гэсэн гэрээний төлбөрөө Хаас нэхэмжилж, шүүхээр хамтад нь шийдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

“ХХХХ” ХХК болон Х нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 12/2011 тоот “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-ний үндсэн төлбөр болон алдангийн төлбөрт нийт 127 838 352 төгрөгийг Хаас гаргуулан “ХХХХ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х, “ХХ” ХХК нарын хариуцагч “ХХХХ” ХХК, ХХ нарт холбогдох “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт алданги 75 975 000 төгрөг гаргуулах, Х, ХХ нарын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хын “ХХХХ” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Услалтын систем шинээр барих ажлын гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 21 306 392 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэгч Хд холбогдох 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Услалтын систем шинээр барих ажлын гэрээний төлбөрт 127 838 352 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 630 000 төгрөг, хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.

Шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хуулийг буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн, мөн ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч “ХХХХ” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлээгүй 106 531 960 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг нотлоогүй сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаагүй. Нэхэмжлэгч гэрээний 6.1-д зааснаар гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тул алданги 21 306 392 төгрөгийн нэхэмжилсэн болохоос ажлын төсөл зураг төслийн дагуу гүйцэтгээгүй чанарын доголдолтой ажлыг гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. “ХХХХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь удаа дараагийн гомдлын шаардлага, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ХХХХХгийн дүгнэлтээр нотлогддог. “ХХХХ” ХХК нь зураг төсөлгүй чанарын доголдолтой зохих тусгай зөвшөөрөлгүй услалтын системийн шинээр барих ажлыг гүйцэтгэснийг шүүх дүгнэлт өгөөгүй. “ХХХХ” ХХК-ийн “ХХХХХХХ” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй юм бол хариуцагч “ХХХХ” ХХК ямар зургаар гүйцэтгэсэн болохыг шүүх хэлэлцэж нотолж чадаагүй. Шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ дүгнэсэн тухай акт №06 акт үйлдэн ажил хүлээлцжээ. Мөн ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаар талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Дээрх актуудыг үйлдсэн боловч чанарын доголдолтой, услалтын системийн норм, дүрэм, барилгын хууль зөрчсөн ашиглагдах боломжгүй нөхцөл үүссэн тул Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар гомдлын өргөдөл гаргасан. “ХХХХ” ХХК нь услалтын системийг шинээр барих ажлын гэрээний 3.1-т “гүйцэтгэгч эрх бүхий байгууллагаас олгогдсон усны барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх, 3.4-т “барилгын ажлын явцад хэрэглэсэн материал эзэлхүүн, угсралтыг далдалсан ажлыг технологийн зураг мөрдөж ажилласан тухай өдрийн тэмдэглэл, журнал хөтөлж далдалсан ажлыг гүйцэтгэсэн акт, баримт бичиг хөтөлж хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгнө. Далдлагдах ажлын актыг бичихдээ хэрэгжүүлэгчийн төлөөлөгчийг байлцуулна.” 3.6-т “Буруу дутуу хийсэн ажлаа тухай бүр өөрийн хөрөнгө хүчээр засч гүйцээн, ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгахын хамт найдвартай ажиллагааг хангана”, 3.12-т “гүйцэтгэлийн зураг, далдлагдсан ажил, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийг туршиж тохируулсан актыг 2011 оны 10 дугаар сарын 31-ний дотор гаргаж өгнө”, 3.13-т “ашиглалт засвар үйлчилгээний гарын авлагыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгнө” гэсэн гэрээний заалтыг зөрчсөн байхад шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан Аж ахуйн нэгж байгууллагын услалтын систем шинээр барьж сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх төсөлд оролцсон боловч “ХХХХ” ХХК нь услалтын системийг шинээр барих ажлын гэрээг доголдолтой чанаргүй гүйцэтгэсний улмаас төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас “ХХХХ” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги нэхэмжилсэн байхад үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төсөлтэй хамаатуулан дүгнэлт хийсэн үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч “ХХХХ” ХХК-ийн зүгээс услалтын системийг ямар зургаар хийж гүйцэтгэснийг шалгаж тогтоогоогүй байж “ХХХХХХХХ” ХХК-ийн боловсруулсан баталсан зураг төслөөс өмнө гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй болжээ. Шүүгч Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлтийг хууль бусаар дүгнэж хариуцагчид ашигтайгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №18-07-24 003 тоот барилгын ажлын чанар байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0710115 тоот Услалтын системийн барилга байгууламжийн угсралтын тухай шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр байна. Удаа дараагийн дүгнэлтэнд Барилгын тухай хуулийн 14.1-т “Барилга байгууламжийг зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон байхад шинжээчийн дүгнэлт бодитой эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн хууль зөрчсөн юм.

“ХХХХ” ХХК нь Услалтын системийг шинээр барих тохиолдолд мэргэжлийн байгууллагыг оролцуулан улсын комисс хүлээн авах үүрэгтэй болохоос Х гэдэг хүн актанд гарын үсэг зурснаар хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй Иргэний хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан юм.

Услалтын системийг шинээр барих ажлын 4.1-т “барилгын ажлын хөлсөнд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХ тоот хаяг бүхий 3 өрөө орон сууцыг тооцох ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч талын нэр дээр шилжүүлэн өгнө” гэж заасан. Гэтэл иргэн ХХ нь орон сууц бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн. Иргэн Х би “ХХХХ” ХХК-тай Услалтын систем шинээр барих ажлын гэрээг байгуулсан болохоос иргэн ХХтай байгуулаагүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно”, 276.3-т “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээ тухайн хэлбэрээр хийнэ” гэж заасан. Гэтэл орон сууц нь ажлын хөлсний төлбөрт “ХХХХ” ХХК-д шилжилж байхад иргэн ХХ өөрийн хувийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээг ажлыг бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хууль зөрчсөн. “ХХХХ” ХХК-ийн ажлын хөлсний төлбөрөө нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гарган маргасан байхад шүүгч маргаангүй мэтээр үндэслэлгүй дүгнэсэн. Иргэн ХХд ажлын хөлсний төлбөрт орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах эрх олгогдоогүй болно. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бэлэглэлийн гэрээг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүй зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчилж буй хоёр хэлцэл хийгдсэнээр цаашилбал Х бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн бөгөөл эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариу төлбөртэйгөөр хийсэн бэлэглэлийн гэрээ болно. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс ИХШХШТХуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар давж заалдах гомдлыг гаргаж байна. сан болно. Иймд гомдлыг хангаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02919 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х болон “ХХ” ХХК нар нь хариуцагч “ХХХХ” ХХК-ийн захирал ХХд холбогдуулан “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 75 975 000 төгрөг гаргуулах, Х, ХХ нарын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хын “ХХХХ” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Услалтын систем шинээр барих ажлын гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 21 306 392 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлж, нэхэмжлэгч ажлын үр дүнг актаар хүлээн авч, ажлын хөлсөнд орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөөгүй тул гэрээ цуцлагдсан гэж, Услалтын систем шинээр барих ажлын хөлс 127 838 352 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь “ХХХХ” ХХК, уг компанийн захирал ХХ нарын хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасныг тодруулалгүй, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1670 дугаар шүүгчийн захирамжаар “ХХХХ” ХХК-ийн захирал ХХд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, “ХХХХ” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж авагдаагүй байхад “ХХХХ” ХХК болон ХХ нарт холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь тодорхой гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги нийт 97 281 392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож буцаасан 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 503 дугаар магадлалд дурьдсан зөрчлийг арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Мөн хэргийн 25-39 дүгээр талд авагдсан “ХХХХ” ХХК-ийн захирал ХХд холбогдох эрүүгийн хэргээс хуулбарласан баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхээр нь хангаагүй гэж үзнэ.

 

Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 630 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   

                                                 ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                                                                С.ЭНХТӨР