Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 659

 

                                                                 Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1161 дүгээр магадлалтай Б.М-д холбогдох эрүүгийн 2004000580063 дугаартай хэргийг Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2001 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан Б овогт Б-ийн М

Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-оос 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Ө-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн сэнжтэй хар дөрөөтэй, эрээн оломцогтой, булигааран гөлөмтэй модон эмээлийг бусдад 50,000 төгрөгөөр үнэлэн худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310,000 төгрөгийн хохирол учруулж бусдын хөрөнгийг  завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 1161 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх  дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчлан тогтоосон. Ийнхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг “бодитой”, “зөв” тогтоосноор тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг мөн эсэх болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн зүйлчлэл тодорхойлогдохын дээр шүүгдэгчид шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас хохирол, уршгийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх урьдач нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т  “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасан.

Хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчээс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилсон 115 дугаар захирамжид “эмээлийн дагалдах хэрэгслүүд болох дөрөөний сур, холбоос, ганзага, олом, жирэм, тэдгээрийн арал” зэрэг зүйлсийг орхигдуулж, зөвхөн “эмээлийн мод, гөлөм, дөрөө” зэргийн үнэлгээг гаргуулахаар хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ний шинжээч Г.О дахин дүгнэлт гаргасан нь хуульд заасан журмыг зөрчсөний дээр эд зүйлийн үнэлгээг бодитой хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон.

Өөрөөр хэлбэл шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолоор “иж бүрэн” эмээлийг 310,000 төгрөгөөр үнэлсэн, харин шүүгчийн захирамжаар хэрэглэгдэж болохуйц “иж бүрэн” эмээл бус, зөвхөн эмээлийн мод, гөлөм, дөрөө зэргийг үнэлсэн нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй байдлыг бий болгосон байна.

Мөн анхан шатны шүүхийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь “Ё.Ө ахын адууг харж байхдаа эмээлийг нь хэрэглэж байсан. Эмээлийн мод, дөрөө, гөлөм гурвыг эмээл болгоод хэрэглээрэй гээд өгсөн. Би өөрөө мяндсаар олом, жирэм сүлжээд унасан, тохомгүй өгсөн, өөрт байсан эсгийг хайчлаад тохом хийсэн” гэж урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй мэдүүлгийг өгсөн. Энэ нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Хохирогч Ё.Ө-ын “Б.М...манай гэрт 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос хойш ойр зуурын ажил хийж өгч байсан. Тэр манай гэрт байхдаа хашаанд байх морийг унаад гадуур явдаг байсан. Би түүнд хандаж “Чи морь эмээллээд, хааяадаа мал хараарай” гээд эмээлээ хариуцуулж орхисон... хуш модон эмээл, ...20-иод жил ашиглаж байгаа” гэх /хэргийн 16,17 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Л “...би Б.М хандаж “Наад эмээлийг чинь 80,000 төгрөгөнд бодоод, бэлнээр 50,000 төгрөгийг өгөөд өөрийн муу эмээлээ 30,000 төгрөгөнд бодоод зөрүүнд нь өгье” гэж хэлэхэд “Ахаа арай хямд байна, энэ хуучны сайн эмээл шүү. Уг нь манай өвөөгийн эмээл зармааргүй байна” гэж хэлж байсан гэх /хэргийн 21,22 дахь тал/ мэдүүлгээр үгүйсгэгдсэн байтал анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох дээрх хохирогч Ё.Ө, иргэний нэхэмжлэгч С.Л нарын мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолд тодорхой заалгүйгээр, "дахин шинжилгээ хийлгэх” талаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцон, түүнд “хөтлөгдөн” хэргийг хэрэгсэхгүй болгож, щүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал дээрх үндэслэлээр цагаатгах шийдвэр гаргасан нь буруу байна.

Давж заалдах шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...бичигдсэн” байхаар хуульчилсны дээр шүүхийн шийдвэр нь уг шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” зөрчилд тооцохоор хуульчлан тогтоожээ.

Давж заалдах шатны шүүхээс “С” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 119 дугаартай “эмээлийг 310,000 төгрөгөөр” үнэлэхэд эмээл дагалдах хэрэгслүүдийн хамт фото зургаар баталгаажин дүгнэлт гаргасан бөгөөд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахад эмээлийг үнэлж байсан өмнөх баримт, эд зүйлийг үндэслэж үнэлгээ хийсэн байх бөгөөд “эмээлийг 300,000” төгрөгөөр үнэлсэн, “10,000 төгрөгийн” зөрүүтэй үнэлгээ гарсан байх бөгөөд эмээлийг хориод жил хэрэглэсэн, хуучирч элэгдсэн эмээлийг хэт доогуур үнэлээгүй, 2 үнэлгээний хооронд зөрүү гараагүй байна. Хохирогч Ё.Ө хувьд Б.М-д хариуцуулсан эмээлээ буцааж авсан, гомдол саналгүй болжээ” гэж дүгнэн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж хуульчилсан.

Прокуророос анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шинжээч томилсон захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс харилцан зөрүүтэйн дээр хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн хохирогч Ё.Ө, иргэний нэхэмжлэгч С.Л нарын мэдүүлгээр нотлогдохгүй байхад түүнийг анхаарч үзээгүй талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн талаарх үндэслэлийг тайлбарлалгүй, нотлох баримтын хувьд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн “...эмээлийг хэт доогуур үнэлээгүй, 2 үнэлгээний хооронд зөрүү гараагүй, хохирогчийн хувьд хариуцуулсан эмээлээ буцааж авсан, гомдол саналгүй болсон” гэж дүгнэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад  аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ноцтой зөрүүтэйн дээр магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т  “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захирамжаар “С” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “С” ХХК-ийг шинжээч Г.О өмнө нь мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр дүгнэлт гаргасан байж дахин энэ хэрэгт дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Хохирлын хэмжээг эхэндээ 310,000 төгрөгөөр тогтоосон мөртлөө дараа нь 300,000 төгрөгөөр тогтоож байгаа нь эргэлзээ бүхий байна. Хохирлын хэмжээг тогтоосны  эцэст энэ гэмт хэрэг мөн, биш асуудал яригдах бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Шинжээч томилсон шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээ бүхий байгаа учраас дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эсэргүүцлийг дэмжиж магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах эрхийг хууль тогтоогч нь прокурор, мөрдөгч нарт олгосон ба харин энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийг шүүх, прокурор гаргахаар хуульчлан зохицуулжээ.

Дээрх зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийхийг урьд дүгнэлт  гаргасан эсхүл өөр шинжээчийн аль алинд даалгаж болох бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан дахин шинжилгээ хийлгэх бол зөвхөн өөр шинжээчид үүнийг хариуцуулахаар тогтоосон байна.

Гэтэл анхан шатны шүүх нь дахин шинжилгээ хийхийг урьд дүгнэлт гаргасан “С” ХХК-д даалгаж хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж, уг шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтэд тулгуурлан Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэснийг хууль ёсны ба үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээр дурдсан хууль зөрчсөн ажиллагаа, үүнд тулгуурлан гаргасан шийдвэрийг зөвтгөн залруулахгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1161 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР