Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 132

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар Д.М ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , иргэдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага: 

“Д.М би Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т заасан төрийн жинхэнэ албан тушаалтан учир тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг авах эрхтэй байхад Нийслэлийн Соёл, урлагийн газар нь хуулиар олгогдсон эрхийг минь зөрчин олгохоос татгалзсан учир Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.М д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгаж өгнө үү.”, 

2.Нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлага: 

“Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн апбанаас чөлөөлөхийг Нийслэлийн Соёл урлагийн газарт даалгах тухай”,

3.Нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн тодруулж гаргасан шаардлага:

“Улсын төсвөөс нэхэмжлэгчийн нэр дээр батлагдаж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дансанд суусан 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Д.М д олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан. Төрийн албанд ажиллаж байгаад өвчний улмаас ажил үүргээсээ түр чөлөөлөгдсөн. Д.М нь төрийн албанд насаараа ажилласан учраас 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг гаргуулахыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж байсан. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаасаа татгалзаж байна. Байгууллагын төсөвт Д.М ы нэр дээр 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө нь батлагдаад ирчихсэн. Иймд дээрх 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв. 

Засгийн газрын 2009 оны 164 тоот тогтоолд нам, олон нийтийн ажлыг төрийн албанд ажилласан жилд тооцно гэж заасан байдаг. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй. Хэрвээ манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож болох байсан гэж хариуцагч тал хэлдэг. Мөн Д.М нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилээс дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн учраас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй гэж тайлбарладаг. Д.М нь нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлийн тасалдсан хугацааг сайн дураар төлснийг буруутгах үндэслэлгүй. Хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Харин төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Төрийн албаны тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 аль аль хэсэгт нь захиргааны санаачилгаар чөлөөлөх хуулийн шаардлагыг заасан байдаг. Д.М нь 28 жил тасралтгүй төрийн албанд ажилласан. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын тушаал нь төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гараагүй бол 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхгүй болно гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянаад дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Д.М нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө ажилдаа орох боломжгүй байсан нь захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл байгаа эсэхийг шүүх тогтоох нь нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэсэн. Д.М нь ажилдаа буцаж оръё гэхэд сонгуультай холбоотойгоор байгууллагын дарга, удирдлагууд нь өөрчлөгдсөн байсан бөгөөд орон тоо байхгүй, уран сайхны удирдагч гэх албан тушаал байхгүй өөрчлөгдсөн орон тоон дээр өөр хүнийг ажиллуулж байгаа гэсэн хариуг өгсөн. Тухайн үед хүсэлт тавих үед Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар одоо гэрчээр асуугдах Б.Б ажиллаж байсан. Хэрвээ намайг буцааж ажилд авах боломжгүй юм бол 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаа олгож өгнө үү гэхэд төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байна гэсэн хариуг өгдөг. Д.М нь 1 жил 6 сарын хугацаанд л нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлсөн. Төрийн албан хаагч нь төрийн албанд зүтгэсний төлөө төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Төрийн албанд насаараа ажилласны баталгаа нь энэ юм. Төрийн албанд 28 жил ажилласан, нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг нь тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг Д.М нь бүрэн хангасан. Төрийн албаны зөвлөлд энэ асуудлаар хандахад энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд орсон, төрийн албанд ажиллаж байсан тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг өгөх эрх нь танай байгууллагад байна гэсэн албан тоотыг ирүүлээд Нийслэлийн Соёл, урлагийн газрын төсөвт нь тусгагдаад ирсэн мөнгийг шүүх шийдвэл өгнө, шийдэхгүй бол өгөхгүй гэж хариуцагч тал тайлбарлаад байгаа асуудлыг шийдэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгээс дээш жилийн хугацаанд эмчлүүлэх шаардлагатай учраас төрийн албанаас түр чөлөөллөө гэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт энэ зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албанаас бүр биш, түр чөлөөлөгдсөн, буцаж төрийн албанд орох эрх нь нээлттэй байна гэсэн үг. Улмаар 2014 оны 06 дугаар сард Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргатай уулзаад хэдийгээр би одоог хүртэл эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа ч гэсэн буцаж ажилдаа оръё гэсэн байдаг. 

Гэтэл одоо гэрчээр асуугдах гэж байгаа Б.Б тухайн үед Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нь байсан бөгөөд байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон, таны ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учраас таныг ажилд авах боломжгүй. Гэхдээ бид энэ талаар бодож үзээд эргээд хариу өгье гэсэн хариуг өгсөн. Энэ хугацаанд Д.М нь сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Учир нь улсын эмнэлэгт үзүүлэх гээд очихоор нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдсан байх юм бол эмнэлгээс нөхөж бөглүүл гэх шаардлагыг тавьдаг. Мөн төрөөс олгож байгаа дэмжлэг, туслалцаанд хамрагдахын тулд нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлж байсан. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлж байгаад 2015 оны 01 дүгээр сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд, тэтгэврээ тогтоолгосон. 2016 оны 12 дугаар сард байгууллагатаа хандаад би тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас надад төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад уучлаарай, та манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа тэтгэвэрт гараагүй учраас дээрх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэх хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа ажиллаж байх хугацаандаа та тэтгэвэрт гараагүй учраас дээрх мөнгийг олгох боломжгүй гэдэг. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг харвал хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол, гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуульд хамаарах субъектыг нь төрийн жинхэнэ албан хаагч байна гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн журмын 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам гэж батлагдсан байдаг. Энэ журмын 2.1 дэх хэсэгт төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэнэ. 

Мөн журмын 4.2 дахь хэсэгт 2.2.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн хүчин төгөлдөр байх хугацаанд албан тушаалдаа эргэн томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж заасан байдаг. Д.М нь одоог хүртэл төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа. Нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг төрийн албанаас бүр чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад та нэгэнт бүр чөлөөлөгдсөн байгаа гэсэн хариу өгдөг. Мөн төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөс татгалзсан. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх шалгуурыг улсын дээд шүүхээс тогтоосон зөвлөмж байдаг. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд гол нь тэтгэвэр тогтоолгох насыг зөв тодорхойлох нь чухал юм. Үүний тулд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, архивын лавлагааг заавал хэрэгт хавсаргасан байх шаардлагатай гэж заасан. Д.М ыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх нь энэ хүний иргэний үнэмлэх, тэтгэвэр тогтоосон баримт гэх мэт бүх зүйлээр хангалттай нотлогдоно. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.М ыг төрийн албанаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл болон үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг нь хөндөгдөж байна. Д.М нь 28 жил Соёл, урлагийн чиглэлээр улсад ажилласан. Тэтгэвэрт гарах үедээ төрөөс хуульд заасан халамж, баталгааг авна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байсан. Гэтэл эдгээр эрхүүдийг нь хязгаарлаад байна. Мөн дээрх асуудлаар төрийн албаны зөвлөлд хандахад Д.М ы улсад ажилласан хугацааг үнэлээд эрүүл мэндийн лавлагаа дүгнэлтийг нь үндэслээд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эрх нь тухайн байгууллагад байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газарт албан бичиг ирүүлсэн. Үүнийг үндэслээд байгууллагын төсөвтөө суулгаад, олголтыг нь авсан байдаг. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа байдал харагдаад байгаа юм. Нэгэнт энэ байгууллагын дансанд Д.М д олгоно гэх үндэслэлээр ороод ирсэн байгаа мөнгийг олгож өгнө үү гэж хүсч байна. 

Д.М ыг эргэж ажилдаа оръё гэхэд нь бүтэц, орон тоо өөрчлөгдсөн учраас ажилд авах боломжгүй гэсэн тайлбарыг өгдөг. Төрийн албаны тухай хуульд зааснаар байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хүлээж авсан тэр албан тушаалд эргэж ажиллуулах үүргийг хүлээх ёстой. Д.М ыг ажлаас чөлөөлөгдсөний дараа бүтцийн өөрчлөлт орсон. Насаараа төрийн байгууллагад ажилласны эцэст өөрийн хуульд заасан эрхээ эдлэх гэтэл түүний эрхийг хязгаарлаад байгаа нь үнэхээр харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

1.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн  хариу тайлбартаа: 

Иргэн Д.М нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн өргөдөл ирүүлсэн. Д.М нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтын үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ба 2015 оны 1 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосон байна Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн заалттай учир боломжгүй тухай хариуг тус газраас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 01/234 дугаар албан бичгээр иргэн Д.М д хүргүүлсэн болно” гэжээ.

2.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  хариу тайлбартаа: 

Иргэн Д.М нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн өргөдөл ирүүлсэн. Д.М нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтын үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Д.М нь тус газраас чөлөөлөгдсөнөөс хойш 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлж байгаад тэтгэвэр тогтоолгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн заалттай учир дээрх заалтуудын дагуу чөлөөлөгдөөгүй тул нэг удаагийн тусламж олгох боломжгүй тухай харуг тус газраас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 01/234 дугаар албан бичгээр иргэн Д.М д хүргүүлсэн болно.

Мөн иргэн Д.М нь эмчлүүлэх хугацаандаа тус газраас ямар нэгэн буцалтгүй тусламж огт авч байгаагүй тухай шүүх дээр мэдэгдэж байсан боловч 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 68 дугаар тушаал, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус тус буцалтгүй тусламж авч байсан нь архивын баримтаар нотлогдсон. 

Мөн иргэн Д.М нь төрийн албанд 28 жил ажилласан гэх боловч хуулбарлан ирүүлсэн нийгмийн даатгалаас ажилласан жилийг тоолж үзэхэд 4 жил 4 сар хадгалахаар байгаа бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийг эх хуваарь нь тулгах шаардлагатай  эсвэл Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд заасны дагуу шүүхээр ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна. 

Иргэн Д.М нь эмчилгээ хийлгэж дуусаад хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосон гэх боловч хөдөлмөрийн чадвараа сэргээсэн тухай ямар нэгэн шийдвэр акт, дүгнэлт гаргаагүй байна. Иймд:

1.Иргэн Д.М нь  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх зүйлээр ажлаас чөлөөлөгдсөн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт 24.1.1, 24.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчид олгоно гэсэн заалттай зөрчилдөж байна. 

2.Иргэн Д.М ы төрийн албанд 28 жил ажилласан жилийг дахин нягтлаж тооцож ажилласан жилийг тогтоох шаардлагатай байна. 

3.Тухайн үеийн хөдөлмөрийн чадвараа сэргээсэн гэх акт дүгнэлт байхгүй байна. 

4.Мөн Д.М нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх зүйлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Д.М нь тус газраас чөлөөлөгдсөнөөс хойш 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлж байгаад тэтгэвэр тогтоолгосон гэх иргэнийг Төрийн албаны тухай хуулиар эргүүлэн томилж, чөлөөлөх тухай ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах хүсэлтээ ирүүлсэн. 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Д.М нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэврээ тогтоолгосон. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилласан хугацааг нь тоолж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгодог. Дээрх үндэслэлүүдээр чөлөөлөгдөөгүй нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэсэн хариуг манай байгууллагаас 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Д.М нь эмчлүүлж байх хугацаандаа ямар нэгэн буцалтгүй тусламж огт авч байгаагүй гэдэг. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тушаал, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус тус 2 удаа буцалтгүй тусламж авсан байдаг. Мөн Д.М нь 2016 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргатай уулзаад намайг төрийн албанаас бүр чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Тухайн үед тэтгэвэрт гарсан байсан учраас манай байгууллагаас буцаж томилж, чөлөөлөх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг 23.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр манай байгууллагаас чөлөөлөгдсөн учраас буцалтгүй тусламж авах боломжгүй байгаа юм. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй, түр чөлөөтэй байх хугацаандаа сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаад тэтгэвэрт гарсан учраас ийм асуудал үүссэн.

Манай байгууллагын зүгээс ийм хуулийн заалтууд нь зөрчилдөөд байна гэх үүднээс л хандаж байгаа. Олгоно, олгохгүй гэх асуудлын талаар маргаагүй. Хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гарвал манай байгууллагаас 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход ямар ч асуудалгүй. Аудитын байгууллагаас шалгалт ирэхэд төрийн байгууллагын зүгээс үзүүлэх хууль ёсны баримт бичиг бидэнд хэрэгтэй. Д.М нь албан ёсоор бичгэн хэлбэрээр хүсэлтээ гаргаж байгаагүй учраас өнөөдөр ийм асуудал үүссэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ /хх 1-2/. 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөхийг Нийслэлийн Соёл урлагийн газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ /хх 156-158/. 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын төсвөөс нэхэмжлэгчийн нэр дээр батлагдаж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дансанд суусан 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Д.М д олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү” гэж тодруулж, “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөхийг Нийслэлийн Соёл урлагийн газарт даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. 

Шүүхээс хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд гарах үр дагаврыг нэхэмжлэгч талд тайлбарлаж,  “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөхийг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж тогтоол гаргажээ. 

Иймд шүүх “Улсын төсвөөс нэхэмжлэгчийн нэр дээр батлагдаж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дансанд суусан 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Д.М д олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. 

Д.М нь Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын 2005 оны 06 дугаар сарын 11 тоот тушаал /хх 16/-аар тус газрын уран сайхны удирдагч, Соёл урлагийн байгууллага хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар байна. 

Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орсныг холбогдох байгууллагаас тогтоосон /хх 15-17/-оор өвчний улмаас 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 05 дугаарын 06-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, үргэлжлүүлэн дахин эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /хх 36/ гаргажээ. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/28 дугаар тушаал /хх 19/-аар Д.М ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх шаардлагатайн улмаас төрийн албанаас түр чөлөөлөх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч Д.М нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсний үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, мөн сараас эхлэн тэтгэвэр авч эхэлжээ /хх 100/. 

Нэхэмжлэгчээс өвчтэй байсан хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул улсад ажилласан жилийг нь харгалзан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргад хандан 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдөр өргөдөл /хх 55/ гаргажээ. Өргөдлийн хариуг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 01/234 тоот албан бичиг /хх 37/-ээр тусламж олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандсанаар тус газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 749 дүгээр албан бичиг /хх 21/-ээр түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх боломж тухайн байгууллагад байгаа талаар хариу өгжээ. Нэхэмжлэгч  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргад дахин өргөдөл /хх 56/ гаргасан боловч шийдвэрлээгүй тул тус шүүхэд ханджээ. 

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад хандан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлт /хх 160-161/-ийг гаргажээ. 

Дээрх байдлуудаас үзэхэд эхэмжлэгчээс нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж маргажээ. 

Харин хариуцагч талаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/87 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах тухай нэхэмжлэгч Д.М ы гаргасан хүсэлт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 749 дүгээр албан бичгийг үндэслэн 2017 оны төсвийн төслийн саналд суулгасны дагуу 2017 оны төсөвт батлагдаж ирсэн талаар албан бичгийг тус шүүхэд ирүүлжээ /хх 171/. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...”, “...Шүүхийн эцсийн шийдвэр гарвал мөнгийг нь олгох боломжтой...”, “...олгоно, олгохгүй гэх асуудлын талаар маргаагүй, ...манай байгууллагаас 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход ямар ч асуудалгүй..” гэжээ /хх 246, 248, 251, 253 /. 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас агуулгын хувьд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид олгогдох тэтгэмжийн мөнгө тус байгууллагын төсөвт тусгагдаж нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжтой болсон гэдэг нь тогтоогдож байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М тусламж олгох талаар шаардах, хариуцагчаас түүнд тусламж олгох эрх хуулиар олгогдсон байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд шүүхээс ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М ы “Улсын төсвөөс нэхэмжлэгчийн нэр дээр батлагдаж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дансанд суусан 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Д.М д олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын төсөвт тусгагдсан нэхэмжлэгчийн авч байсан 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгч Д.М д олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                  Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ                С.ТӨМӨРБАТ