Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0085

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                       М.Батсуурь

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ц.Цогт

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

        Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”,

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0671 дүгээр шийдвэр,

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

         Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Ш.Ц нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0671 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасныг баримтлан иргэн Н.Б-аас гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 671 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасныг баримтлан ...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6” гэж өөрчилж,  шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...  нэхэмжлэгч Н.Б нь 2006 оноос эхлэн иргэдээс алт худалдан авч, худалдан авсан алтаа Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкнуудад “Биет алтны арилжааны хэлцэлд” үндэслэн тушаах ажлыг эрхэлж ирсэн. Нэхэмжлэгч Н.Б нь 2017 он гэхэд 168 удаагийн биет алтны арилжаагаар 81.871.625.362,44 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд тушаасан байдаг. Гэтэл уг мөнгөн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.049.802.569,50 /хоёр тэрбум дөчин есөн сая найман зуун хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-т суутган авсан байдаг. Банкны зүгээс биет алт арилжааны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50 төгрөгийг суутган авснаа тайлбарлахдаа “2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 220 дугаар тогтоол”-ын 3.3-т Монголбанк болон арилжааны банк иргэд хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаж байсан гэх байр суурийг илэрхийлдэг.

4. Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг баталсан. Уг аргачлал нь Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны бусад банкууд иргэдээс алт худалдан авахдаа нийтэд нь энэ журмыг баримтлан алт тушаасан иргэн бүрээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгасан нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, ашигт малтмал олборлодоггүй иргэдийн болон нэхэмжлэгч Н.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ” мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд төлнө” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн байдлаар/-ыг хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хуулийн этгээд эсхүл бичил уурхай эрхлэгч төлөхөөр заасан байна. Нэхэмжлэгч Н.Б нь өөрийн нэр дээр болон холбоотой хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, бичил уурхай эрхлэгч биш бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн байдлаар/-аар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байтал Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 үгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3 дахь заалт нь нэхэмжлэгч Н.Б-ын арилжааны банкинд тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр суутгахад хүргэсэн байна.

5. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч нараас авах байтал алтны арилжаа эрхлэгч иргэн Н.Б-аас суутгаж авсан нь Засгийн газар хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах аргачлал батлахдаа “иргэд” банкинд алт тушаахдаа “АМНАТ” төлөх үүрэгтэй гэж ойлгогдохоор зохицуулснаас болж Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкнууд уг аргачлалыг хуульд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй, хавтгайруулан хэрэгжүүлснээс нэхэмжлэгч Н.Б их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр төлж хохирсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд УИХ-аас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ-ыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх зохицуулалттай байсан байна. Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд тус захиргааны хэм хэмжээний акттай маргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр гаргах боломжгүй тул эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэсэн агуулгаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон гол үндэслэл нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон, хэм хэмжээний актыг Засгийн газраас хүчингүй болгосон учраас хуульд заасан журмын дагуу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолтой маргах боломжгүй болсон. Нэхэмжлэгч Н.Б-ын хувьд Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас их хэмжээний мөнгийг хууль бусаар суутгуулсан нь илэрхий байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан болно.

6. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалдаа “тухайн үед мөрдөгдөж байсан тус тогтоолын 3.3 дахь заалтын дагуу арилжааны банкинд тушаасан алтны арилжааны дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухай бүр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлсэн байх тул харилцааг хууль бус эрх зүйн харилцаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тусгасан. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... “эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх учиртай, энэ тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан хүчин төгөлдөр журмын зохицуулалтын дагуу арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгагдсан байх тул хууль бусаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлснээр эдийн засгийн эрх ашиг буюу хууль бусаар суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгөө хууль бусаар суутгасан этгээдээс буцаан гаргуулах нөхцөл бүрдэх ашиг сонирхол үүсэх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч өмнө нь Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” нь хуульд нийцээгүй, Засгийн газар өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн холбогдох хууль тогтоомж буюу Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэг хуулиудыг зөрчсөн болохыг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.... заасан эрх зүйн харилцаа тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ хангалттай тайлбарласан. Түүнчлэн нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан байдаг бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 506 тоот захирамжаар “Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагуудын алийг нь ч гаргасан тухайн хэм хэмжээний акт хүчинтэй буюу одоо мөрдөгдөж байх ёстой. Гэвч маргаан бүхий хэм хэмжээний акт буюу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байх тул нэгэнт хүчингүй болсон тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй” гэж дүгнэсний улмаас хууль бус эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” нь хүчин төгөлдөр учир хүчин төгөлдөр журмын зохицуулалтын дагуу арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасан нь хуульд нийцсэн мэтээр тайлбарласан байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг улам дордуулсан. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа “...хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой” гэж дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүх магадлалдаа хүчин төгөлдөр журмын зохицуулалтыг ашиглан суутгал хийсэн гэж дүгнэснээрээ нэхэмжлэгчийн иргэний журмаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

7. Иймд, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын дагуу АМНАТ суутгасан харилцаа нь хууль бус байсан эсэхийг тогтоолгохгүйгээр өөрт учирсан хохирлоо холбогдох байгууллагаас гаргуулах боломжгүй тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0671 дүгээр шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Иргэн Н.Б-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр заасан /байхад/ ... ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй ... /миний/ банкинд тушаасан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авсан нь ... хууль бус гэж маргасан, нэхэмжлэгч Н.Б нь 2006 оноос эхлэн иргэдээс алт худалдан авч, худалдан авсан алтаа Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкнуудад тушаах ажлыг эрхэлж ирсэн, ... 2017 он гэхэд 168 удаагийн биет алтны арилжаагаар 81.871.625.362,44 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд тушаасан”, алтыг худалдан авсан банк нь  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 3.3-т заасныг үндэслэн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухай бүр суутгаж байсан үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Ашигт малтмалын тухай хууль нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах”-тай холбогдсон харилцааг зохицуулахаар уг хуульд заасан, маргааны үйл баримтад холбогдох хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 (2019 оны 03 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан)ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан хуулийн зохицуулалт нь тухайн тохиолдолд,  ашигт малтмал эрэх, хайх, ашиглах аливаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй иргэн Н.Б-т хамааралгүй, харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах” харилцааг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоол нь Монголбанк болон арилжааны банкинд алт тушаасан иргэн Н.Б-т хамааралтай, маргааны үйл баримтад холбогдох цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасан харилцааг “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв.

11. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 (2019 оны 03 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан)... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 220 дугаар тогтоол (Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон) гаргаж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” баталсан, уг аргачлалын 3.3-т “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж заасан, уг журмын дагуу иргэн Н.Б-ын 168 удаагийн биет алтны арилжаагаар 81,871,625,362.44 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд тушаасан мөнгөн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авсан-ыг хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

12. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 5 дугаар зүйлийн 5.7төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлийгээс эрдэс баялаг ... /-ийн/ нөөц ашиглуулсны … төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж зааснаас үзвэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс буюу газрын хэвлийгээс гаргаж ирсэн эрдэс баялгийн нөөцийг аливаа байдлаар ашигласан этгээд нь нөөц ашигласны төлбөр төлөх ерөнхий агуулгатай, иргэн Н.Б тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, өөрөө газрын хэвлийгээс олборлоогүй, өөр бусад этгээдийн олборлосон алтыг худалдан авч, банкинд худалдсан нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон эрдэс баялгийн нөөцийг ашигласны төлөө төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх, 168 удаагийн биет алтны арилжаагаар худалдаалагдсан 81,871,625,362.44 төгрөгийн үнийн дүн бүхий алт-нд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцогдохгүй байх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн ... нөөц ашигласны төлбөрийг суутгасан нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, ашигт малтмал олборлодоггүй иргэдийн болон нэхэмжлэгч Н.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан, ...Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас их хэмжээний мөнгийг хууль бусаар суутгуулсан ... /байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн/” гэх агуулгатай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шүүхийн шийдвэрийн төрөл нь эрх зүйн харилцаа байгаа, эсхүл эрх зүйн харилцаа байхгүй болохыг тогтоох агуулгатай, харин аливаа эрх зүйн харилцаа хууль бус эсхүл хууль ёсны болохыг тогтоох агуулгагүй, нэхэмжлэгчээс төлбөр суутгасан нь хууль бус гэх үндэслэл дурдаж “… төлбөрийг хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                       Ч.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                Д.МӨНХТУЯА

                                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                     Ц.ЦОГТ