| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0004/Э/ |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002080140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Б овогт Ц-ын Н.
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Говь-Алтай аймгийн Жаргалан сумд үйл ажиллагаа явуулдаг “Хүнхэр” амралтын газрын 04 тоот өрөөнөөс иргэн Т.Нэмэхбаярын эзэмшлийн Samsung galaxy j3 маркын хар өнгийн гар тусыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Говь-Алтай аймгийн Жаргалан сумд үйл ажиллагаа явуулдаг “Хүнхэр” амралтын газрын 04 тоот өрөөнөөс иргэн Т.Н-ын эзэмшлийн Samsung galaxy j3 маркын хар өнгийн гар тусыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Би Н-ийн гар утсыг авсан нь үнэн. Үнэнээ хүлээсэн. Хүнхэрийн амралтын захиргааны 4 тоот өрөөнөөс авсан... Биллиардны түлхүүр авах гэж орсон. Тэгээд утас байхаар нь авчихсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Н-ын “... Хүнхэр нэртэй амралтын газрын ажилчдын шар модон байрны 4 тоот өрөөнд 2018 оны 08 дугаар сарын 17-ны оройн 20 цагт орж унтсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөөний 09 цагт сэрэхэд ширээн дээр байсан миний SAMSUNG GALAXY J7 маркын хар өнгийн утас алга болсон байсан. Тус утас алдагдах үед дотор нь мобикомын 99485810 дугаар байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ29-30/,
Гэрч Н.Б-ийн “... Манай аав Н нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумд үйл ажиллагаа явуулдаг Хүнхэр амралтын газрын малчин юм. Гэтэл саяхан буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө би унтаж байгаад сэртэл манай аав Н нь манай гэрт ирсэн байсан. Тэгээд надад хар өнгийн Самсунг маркын гар утас бэлгэлсэн бөгөөд ямар учиртайг нь асуутал хүнээс малны өрөнд бодож аван юм. Чи ав гээд надад өгсөн юм. Тэгээд би тус утсанд өөрийн 00000000 дугаарыг хийж ашигласан юм. Тус утасны ар талын төмөр тагны доод талын хэсэг нь хөшигдсөн ором байсан. Ааваас энэ талаар асуутал зайг нь цэнэглэх гээд ар талыг нь онгойлгох гэж оролдсон юм гэж хэлсэн. Харин би тус утсыг авсанаас хойш хэрэглэж байтал халаасанд байж байгаад камерын шил нь хагарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ32-34/
Гэрч Ч.У-гийн “... Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай гэрт хүрээд ирсэн. Тухайн үед манай бага хүү Б унтаж байсан. Н нь Б-ийг сэрмэгц дээлнийхээ өврөөс хар өнгийн галакси маркын гар утас гаргаж ирээд Б-д бэлгэлсэн. Манай хүү Б тус утсанд өөрийн 00000000 дугаарыг хийн ашгилсан...” гэсэн мэдүүлэг /ХХ35-37/,
Гэрч М.З-гийн “... Ажил төрөл эрхэлдэггүй. Харин Н-ийн гэр нь Хүнхэр зуслангийн ард мал ахуйтайгаа байдаг юм ... нэвтрэх эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ42/ болон эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ24-26/, гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /ХХ20/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч Ц.Н-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy j3 маркын хар өнгийн хөдөлгөөнт утсыг хохирогч Т.Н-т олгох боломжтой, утсанд учирсан хохиролд Ц.Н нь 60.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байгаа бөгөөд хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хүсэлттээ /ХХ73/ гомдол саналгүй гэсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Н-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy j3 маркын хар өнгийн хөдөлгөөнт утсыг хохирогч Т.Н-т олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Н-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Ц-ын Н-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Н-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy j3 маркын хар өнгийн хөдөлгөөнт утсыг хохирогч Т.Н-т олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Н-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНТУЯА