Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00053

 

Ж.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00184 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Ж.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “С” ХХК /захирал Ж.А/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн “С” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Ж.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие анх 2014 оны 6 дугаар сараас тус “С” ХХК-д Захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд бохир усны 3 дугаар насосын станцын машинистаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж ирсэн.

1.2. Улмаар намайг “С” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 тоот тушаалаар 2 дугаар бохир усны насосын станцын машинистын албан тушаалд томилсон. Тухайн албан тушаалд ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй.

1.3. Тухайн өдөр өглөө 8 цагт ажилдаа ирээд орой 4 цагийн үед даралт маань ихэссэн тул бага зэрэг архи уусан маань үнэн. “С” ХХК-ийн төлөөлөгч нар цагдаагийн байгууллагад аваачиж үлээлгэж согтуурлын хэмжээг тогтоосон бөгөөд 25,000 төгрөгөөр торгуулсан. Маргааш нь хурал хийнэ гэж дуудсан. Тухайн өдөр надад гарын үсэгтэй баримт бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Өөрсдөө хэлэлцэх болно гээд явуулсан. Орой нь Б.Х залгаж дуудахаар нь очоогүй. Маргааш нь ажилдаа очиход ажлаас халах тухай тушаалыг гардуулсан.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл “С” ХХК-ийн захирал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/81 тоот дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Тус ажлаас чөлөөлөхдөө надад урьдчилан мэдэгдэх хуудас өгөөгүй, сануулаагүйд гомдолтой байна. Ажил олгогч бид нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үзүүлээгүй, авъя гэхэд өгөөгүй байсан.

1.5. Иймд Баян-Өлгий аймгийн “С” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Ж.Е- нь ажлын байранд архидан согтуурч, ноцтой зөрчил гаргаж Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

2.2. Тухайн өдөр Ж.Е- нь ээлжид байх хугацаанд инженер техникийн ажилтнууд эргэлт, шалгалт хийхэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан.

2.3. Ж.Е- эрсдэлтэй ажлын байранд ажилладаг учраас амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газарт мэдэгдсэн ба тус Цагдаагийн газрын албан хаагч түүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээг нь тогтоож, Ж.Е-ыг эхнэрт нь хүлээлгэж өгсөн.

2.4. Ажилтан Ж.Е- ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчлийн хуудаст тайлбараа бичиж өгсөн.

2.5. Ж.Е-ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө Захирлын зөвлөлийн хуралд оролцуулж тайлбарыг нь сонссон ба хурлын шийдвэрийг танилцуулж, тушаалын нэг хувийг өөрт нь гардуулж өгсөн.

2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд болон хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.Е-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

2.7. Манай компанийн дотоод журамд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажилдаа ирэх, ажилтнуудыг хэл амаар доромжлох, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхыг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар зохицуулсан. Иргэн Ж.Е- нэхэмжлэлдээ надад сануулахгүйгээр ажлаас халсан гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос 30 хоногийн өмнө надад мэдэгдэх ёстой байсан гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “ажилтан зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх” талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир ажлаас халах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00184 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Е-ын “Баян-Өлгий аймгийн “С ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй. Ж. Е- би анх 2014 оны 6 дугаар сараас тус “С” ХХК-д Захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд бохир усны 3 дугаар насосны станцын машинистаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж ирсэн.  Гэтэл Ж. Е- намайг “С” ХХК-ны захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 тоот тушаалаар 2 дугаар бохир усны насосны станцын машинистын албан тушаалд томилсон. Тухайн албан тушаалд ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй.

4.2. Харин “С” ХХК-ны захирал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/81 тоот дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу ажил олгогч нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч ажлаас чөлөөлөхдөө надад урьдчилан мэдэгдэх хуудас өгөөгүй, сануулаагүйд маш их гомдолтой байна.

4.3. Мөн тус компанийн захирал нь бид нартай хийсэн хөдөлмөрийн гэрээг үзүүлээгүй, авъя гэхэд өгөөгүй байсан.

4.4. Ажлаас чөлөөлөгдсөн талаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян- Өлгий Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд гомдол гаргасан. Гэтэл тус холбооноос 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Та бүхэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн болохоор шүүхэд хандсан боловч миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Ажилтан сахилгын зөрчлөө давтан, 2 буюу түүнээс дээш тоогоор гаргасан бол хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг цуцлах зохицуулалт хийсэн байгаа.

5.2. Мөн нэхэмжлэгч ажлын байрандаа архидан согтуурсан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчид зөрчлийн хуудсыг танилцуулж, тушаалын нэг хувийг нэхэмжлэгчид өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 120 дугаар зүйлийн 120.2.5-т заасан заалтууд болон Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.5 зэрэг заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Е-ын “С” ХХК-нд  холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

7.  Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж:Е-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

 

8. Ажил олгогч “С” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.12 дахь заалтыг тус тус үндэслэн тус компанийн Бохир усны 2 дугаар насосны станцад машинист ажилтай Ж.Е-ыг 2022 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалжээ.

 

9. Ажил олгогч “С” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.12 дахь заалтыг тус тус үндэслэнхөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилласан” гэх үндэслэлээр Ж.Е-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгэх нөхцөл байдал хэргээс тогтоогдсонгүй.

 

            10. Ажилтан Ж.Е- нь “С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.12 дахь заалтуудыг тус тус зөрчин 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  ажлын цагаар буюу ээлжид гарч байхдаа ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тус компанийн захирлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, “С” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дүгээр тушаал, зөрчил бүртгэх хуудас, 2 ширхэг СД түүний орчуулга зэрэг баримтуудаар хангалттай тогтоогджээ. Уг хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар ажилтан хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

            11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, 123.2, 123.2.5 дахь хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.

 

12. Иймд ажлын байранд, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан Ж.Е-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Е-ын хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн “С” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ