Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001890004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж овогт М-ийн Б.

Шүүгдэгч М.Б-ийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд Б.Б-ы гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авдар дээрээс нь халтар манан хөөргийг авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд Б-тай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авдар дээрээс нь хөөргийг нь авсан. Мөнгөний хэрэг болоод Ж-д барьцаанд тавсан. Тэгээд буцааж аваад хохирол гомдолгүй болгосон ... Буруу зүйл хийсэн байна лээ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтан шатанд өгсөн хохирогч Б.Б-ы “...Би тухайн үед гэрээсээ хөөргөө хулгайд алдсанаа мэдээгүй тодорхой хугацааны дараа мэдсэн. Мэдээд сумынхаа хүмүүсээс асуусан Цолмон гэдэг хүн надад нэг танихгүй хүн дагуулж ирээд энэ хүний гар утсан дээр байгаа хөөрөгний зураг таны хулгайд алдсан хөөрөгний зураг мөн үү? гэж асуугаад үзүүлсэн тэгтэл миний хулгайд алдсан хөөрөгний зураг мөн байсан... Цолмон надад хэлэхдээ таны хөөргийг Б энэ хүмүүст зарах гэж очсон талаар хэлсэн тэгээд би миний хөөргийг Б хулгайлсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ25-27/ ,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч Р.Ж-гийн “...М.Б та үүнийг аваад байж бай гээд нэг хөөрөг гаргаж ирээд энэ миний аавын хөөрөг байгаа юм. Надад мөнгөний хэрэг болоод байна би Дэлгэр сум яваад хүнээс мөнгө авах гэсэн юм ирээд авна гээд байхаар нь би 100.000 төгрөг өгөөд Б-ийн хөөргийг аваад үлдэхэд 2-3 хоноод Б ирээд та надад дахиад 200.000 төгрөг өгөөч миний ажил бүтэхгүй байна гэхээр нь би 200.000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэгээд байж байтал миний гар утас руу нэг дугаар орж ирээд та ажил дээрээ хүрээд ир би нөгөө хөөргийг хүнд өгөх гэж байна гэхээр нь би Цээл төв дээр хүрээд ирэхэд Б хажуудаа хүнтэй ирээд нөгөө хүнд үзүүлсэн чинь нөгөө хүн авахгүй гээд яваад өгөхөөр нь би түүхий эдийн төв дээр байж байтал Т ороод ирэхээр нь би надад ийм хөөрөг байна. Эзэн нь зарах гээд байна гэхэд Т хөөрөг үзээд авахаар болоход би Б-ийн ярьсан дугаар руу өөрийн гар утсаар залгаад хөөрөг хэдэд зарах юм бэ гээд Т  Б  хоёрыг би гар утсаар яриулсан юм. Тэгээд 650.000 төгрөгөөр зарахаар болоход Б мөнгө удаасан гээд 50.000 төгрөгийг намайг аваарай гэхэд би 30.000 төгрөг нэмээд Т-т би 650.000 төгрөгөөр уг хөөргийг Т-т өгсөн юм. Тэгээд би Б  лүү 270.000 төгрөгийг банкаар шилжүүлж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч Ц.Т-ийн “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байх түүхий эд авдаг Цээл төв дээр Ж-тай уулзахад шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг зарна гээд хэлэхээр нь би тэр хөөргийг үзэхэд боломжийн хөөрөг байхаар нь би авья гэхэд Жавзмаа хөөрөгний эзэнтэй нь яриад хөөргийг 650.000 төгрөгөөр зарна гэж байна гэхэд би мөнгийг нь Ж-гийн данс руу шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ32/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Ц-гийн “...Манай сумын төвд амьдардаг Б.Б гэдэг хүн сумын төвд тааралдаад ах нь хөөргөө хулгайд алдчихлаа сураглаж байгаарай гэж хэлсэн... 4-5 хоногийн дараа манай сумд Э  гэдэг залуу тааралдаад танай сумын залуу ийм хөөрөг зарна гээд явж байна лээ гээд утсан дээрээ хөөрөгний зургийг үзүүлсэн. Тэр зургийг нь Б-д үзүүлсэн. Тэгтэл миний хулгайд алдсан хөөрөг мөн байна гэж хэлсэн. Тухайн үед Э хэлэхдээ танай сумын залуу гонжоон Т  гэдэг хүн зарна гээд явж байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ35-36/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Б-гийн “...М.Б аймаг явж байна дүү нь гээд 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн. Маргааш нь М.Б хөдөө эгчийнх рүүгээ явсан. 2018 оны 07 дугаар сарын 25-ны орчимд хөөргөө хулгайд алдсанаа мэдсэн юм. Тэгээд манай нөхөр Б.Б сумын иргэдэд хэлсэн. Тэгээд Ц Э  гэдэг хүнийг дагуулаад гар утсан дээр байгаа хөөрөгний зураг таны хулгайд алдсан хөөрөгий зураг мөн үү? гээд хөөрөгний зураг үзүүлсэн. Тухайн хөөрөгний зураг нь манай нөхрийн хулгайд алдсан хөөрөгний зураг мөн байсан. Э хэлэхдээ гонжоон Т гэдэг хүн зарах гээд аваад явж байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ39-40/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ17/, Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар М.Б-ийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд хохирогч Б.Б-ы гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авдар дээр байсан хөөргийг хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авч бусдад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь  хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б-д буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Б-т сануулсугай.

4. Шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б-д буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА