| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0011/Э/ |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ
Хохирогч Г.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002670001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Б.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт иргэн Г.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт иргэн Г.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би сургуулийнхаа 3-р курсын Саранцэцэг гэдэг охинтой үерхдэг байсан. Тэгээд манай байрны нэг банди ирээд танай найз охин урд нэг бандитай хөтлөлцөөд явж байна гэсэн. Ямар банди гэсэн чинь Г.Б гээд нэг банди гэхээр нь А гээд С-ийн найзаас асуухад нэг банди байдаг дугаарыг нь олоод өгье гэсэн. Тэгтэл нэг дугаар залгаад чи намайг хайгаад байгаа юм уу? гэсэн. А намайг хайгаад байна гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд маргааш нь уулзаад байрны гадаа ирэхээр нь хоёулахнаа уулзья гэсэн. Тэгээд айсандаа халаасанд байсан тонгоргоор хутгалсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Хутгалуулахын өмнөх орой бид 2 утсаар ярьсан. Найз охинтой нь холбоогүй. Хөтлөлцөж яваагүй. Зүгээр найзууд байсан. Тэгээд утсаар яриад маргааш нь очоод хутгалуулсан. Өөр яриад байх юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Өндөрлөгийн ар талын клонк дээр очсон. Тэгээд байж байтал Б, Б 2 бид 2 учраа олчихоод ирье гээд явсан. Тэгсэн Б намайг хутгалчихлаа гээд клонкын хажуу талын хашааны булангаас гараад ирсэн. Удалгүй араас нь Б хутга бариад ална чамайг гээд ардаас нь гүйгээд гараад ирсэн. Б-ыг бид нар эмнэлэг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ16/,
Гэрч Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б, Б 2 хоёулаа учраа ольё гэж хэлээд өндөрлөгийн ар талын клонк дээр ирсэн. Тэгсэн Б би та нартай юм ярихгүй та хэд яваадах би найзтай чинь ганцаараа уулзмаар байна гэхээр нь бид нар та нар ийм олуулаа байхад юу гэж найзыгаа ганцааранг нь үлдээхэв дээ гэж хэлээд заза бид нар энд байж байя та хоёр учраа олчих гэхэд клонкын хашааны цаад талын мухар руу орсон. Тэгээд жоохон байж байтал манай найз Б манайхаан энэ чинь хутгатай байна намайг хутгалчихлаа гээд доголсон харайгаар гарч ирж байсан. Тэгсэн нөгөө Б нь араас нь би шийдсэн хүн одоо ална гээд хутга барьсан гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ18-19/,
Гэрч Э.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б нь ирээд 2уулаа өндөрлөгийн наад талын клонкын хашааны наад талын өнцөг рүү тойроод орсон. Удалгүй манай найз энэ залуу хутгатай байна намайг дүрчихлээ гээд орилоод гараад ирсэн. Нөгөө Б хутгаа бариад араас нь гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б би найзтай чинь ганцаараа уулзнаа та хэд явж бай гэхээр нь бид нар найзыгаа орхиж явахгүй бид нар энд байж байя гэж хэлэхэд Б, Б хоёр хоёулахнаа уулзчихаад ирье гээд клонкын хажуу талын булан тойрч орсон. Удалгүй Б, Б хутгатай байна гээд намайг хутгалчихлаа гээд доглоод гарч ирсэн. Тэгсэн Б араас нь хутга бариад гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ21-22/,
Гэрч У.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай сургуулийн 3-р курсын ах Б-ийг нэг ах түлхээд Б ах айлын хашаа руу нуруугаараа тулаад зогссон. Тэр үед Б ахын гараас нэг хутга газар унасан. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад халаасандаа хийчихээд сургуулийнхаа дотуур байр руу гүйгээд орсон... Б ахын гараас нь хутга унасан очоод харсан чинь хутганы үзүүр улаан өнгийн цус шиг зүйл болсон байхаар нь айгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-25/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 267 дугаартай “...1. 2. Иргэн Г.Б-ын биед зүүн гуяны гадна дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох үед учирсан байх боломжтой, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг үд хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ27-28/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Б.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн тонгорог хутгыг устгаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттүшигийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т танилцуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн тонгорог хутгыг устгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНТУЯА