Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2023/00018

 

 

Говь-Алтай аймгийн .............. сумын

ЗД-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ГАА-ийн ............. сумын ЗД-ыг төлөөлж, ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .............. сумын ............. багийн ... - ... тоотод оршин суух, Х овгийн Б.Х-д холбогдох

 

Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Б.Х, түүний өмгөөлөгч Д.А, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн .............. сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь ................. тоот дансанд оруулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн .............. сумын ЗД болон иргэн Б.Х нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээний дагуу Б.Х нь 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр “О Ц” байгуулах зориулалтаар авчээ.

 

Гэрээний дагуу зээл эргэн төлөх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байна. Гэвч зээлдэгч Б.Х үндсэн зээл 27,920,879 төгрөг, зээлийн хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөгийг төлөөгүй байна.

 

.............. сумын ЗД-аас Б.Х-аас зээлийн төлбөрийг гаргуулах зорилгоор тус аймаг дахь Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 251, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэл, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг.

 

Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж,

 

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Хгаас үндсэн зээл 27,920,879 төгрөг, зээлийн хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг нийт 37,086,324 төгрөгийг гаргуулж, .............. сумын Сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Х нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр “О Ц” байгуулах зориулалтаар авсан.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байхад 5 жил 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зэрэг үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ГАА-ийн ............. сумын ЗД-ыг төлөөлсөн ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х овгийн Б.Х-аас сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 /гучин долоон сая наян зургаан мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн .............. сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь .......... тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ПГ нь нэхэмжлэгч ГАА-ийн ............. сумын ЗД-ыг төлөөлж, хариуцагч Б.Хд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 343,381 /гурван зуун дөчин гурван мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож ..... шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Б.Х болон түүний өмгөөлөгч Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Х нь Говь-Алтай аймгийн .............. сумын харъяат оёдолчин мэргэжилтэй, ам бүл 1, хувиараа оёдолчин хийдэг өндөр настан юм. Б.Хгийн нөхөр нь 2014 онд нас барсан.

Б.Х нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг Засаг даргатай байгуулан 28.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай байгуулсан гэрээний үүргийн дүн 37.086.324 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан.

 

Б.Хгийн хувьд 2014 онд Улаанбаатар хотоос оёдлын тоног төхөөрөмж худалдаж байсан хүмүүс Жанчивын талбай дээр ирж тоног төхөөрөмж зарж байсан хүмүүстэй уулзаж тоног төхөөрөмж сонирхсон гэх бөгөөд түүнийг нь 2014 оны 8 дугаар сард 3 дугаар сургуулийн спорт зааланд тухайн тоног төхөөрөмжүүдийг байрлуулж хүмүүс татаж байхад Б гэгч эмэгтэй сумуудад оёдлын үйлдвэр байгуулж хүмүүсийг ажлын байртай болгож байгаа юм. Та .............. сумд үйлдвэр байгуул гэж санал тавьсан бөгөөд уг тоног төхөөрөмжийг Б.Хд авчирч өгч улмаар оёдолчин гэх 10 хүнийг дагалдуулан өгсөн байна.

Улмаар тоног төхөөрөмжийг зарж байсан хүн болох Ц гэгч нь сард 200.000 төгрөг төлөөд байхад л үнэ нь төлөгдчихнө гэж тухайн үедээ тайлбарлаж байсан бөгөөд тоног төхөөрөмжийн үнийг таны данс руу хийсэн та шилжүүлээдэх гэж Б.Хгаар Ц-ийн данс руу шилжүүлүүлсэн байдаг.

 

Б.Х нь .............. сумын Сум хөгжүүлэх санд зээл хүссэн өргөдөл, төсөл огт бичиж өгөөгүй бөгөөд тухайн үед гэнэт л данс руу нь 28 сая төгрөг орж ирж түүнийг шилжүүлсэн асуудал л болсон байна.

 

Үүнээс дүгнэхэд Б.Х нь Сум хөгжүүлэх сангаас зээл авах санаа зорилго байгаагүй бөгөөд өөрөө тухайн зээлийг авах талаар огт хөөцөлдөөгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Б.Хгийн нэрээр зээл гарч тоног төхөөрөмжийн үнийг зах зээлийн үнээс нэмэгдүүлж дансаар нь дамжуулж хийсэн нөхцөл тогтоогдож байна.

 

Энэ нь мөнгө угаах гэмт хэргийг нуун далдалсан шинжтэй байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл байх төдийгүй иргэний хэргийн шүүхийн хүлээн авч шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэгдэх маргаан гэж үзэж байна.

 

Б.Хд зээл олгохдоо Сум хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг зөрчиж зээл олгосон өөрөөр хэлбэл Б.Х зээл авах төсөл, хөтөлбөр, хүсэлт огт гаргаагүй хөөцөлдөөгүй байдаг. Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Хгийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй болно.

 

Б.Х нь 2014 онд ханиа алдсан сэтгэл уймарсан байсан гэдэг бөгөөд тухайн үед болж байсан асуудлуудаа огт санахгүй байгаа бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, эргэн төлөлтийн хуваарь зэргийг танилцуулаагүй. Тухайн үед тоног төхөөрөмжийн үнэ сард 200.000 төгрөг төлнө гэж танилцуулж байсан гэж байгаагаас дүгнэхэд гэрээний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, д үсэг өөрөөр бичигдсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т  зааснаар “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотолсон баримт” -ыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргах үүрэгтэй байна. Энэхүү шаардлагыг хангаж ирүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65  дугаар зүйлийн 65.1, 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж хэргийг шийдвэрлээгүйгээс хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

8. Б.Хд тус аймгийн .............. сумаас, Сум хөгжүүлэх сангийн зээл олгосон ба зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаарджээ. Хэргийн 18-19 дэх талд авагдсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 1.3-т “сангийн хөрөнгөөс зээл авахаар зээлдэгчийн шалгарсан төсөл нь гэрээний салшгүй хэсэг байна.” гэж заажээ.

Гэрээний 2.1-т “сангаас олгох 28 сая төгрөгийг оёдлын цех байгуулахад зарцуулна” гэж заажээ.

 

9. Б.Х нь зээл авах  хүсэл сонирхол байгаагүй, уг зээлийг авахаар ямар нэг хүсэлт сумын захиргаанд хандан гаргаж байгаагүй, Бгийн зөвлөснөөр оёдлын цехийн ахлагчаар ажиллахаар болсон гэж тайлбарлаж (х/х 10-15) гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байхад анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

10. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэхийн тулд гэрээнд заасан түүний салшгүй хэсэг болох шалгарсан төсөл, шалгарсан явц, хүсэл зориг зэрэг хэрэгт хамааралтай нөхцөл байдал бодитой нотлогдсон байх шаардлагатай.

 

11. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, түүнийг нотлох баримт, гэрээний салшгүй хэсэг болох баримт хэрэгт авагдаагүй байхад энэ байдлыг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох, үгүйсгэх баримтыг шүүхэд гаргах боломжоор зохигчийг хангалгүйгээр маргааныг шийдвэрлэснээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.  

 

12. Сум хөгжүүлэх сангаас олгогдож буй зээл нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан тусгай журмаар зохицууллагддаг, зорилтот зээл болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Хгаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.382 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                         Ш.БАТТОГТОХ