Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

 Улсын яллагч: Л.Солонго,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх

 Шүүгдэгч: Х.Н  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтай овгийн Х.Н д холбогдох 1828001690150 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Х.Н  2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0******* дугаар ангийн ажилчдын байрны гадна байсан иргэн Б.М-ын эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай тоёота ланд крузейр-200 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонхыг, мөн 0******* дугаар ангийн ажилчдын байранд оршин суух иргэн Ц.А , Г.Н  нарын гэрийн цонхуудыг хагалж бусдад нийт 433.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Шүүгдэгч Х.Н-ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу, гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө би *******тын цэргийн ангид байрлах ажилчдын хотхонд байрлах гэртээ байсан. Маргааш өглөө нь босоод нөгөө өрөөндөө ороход цонхыг нь чулуугаар хагалчихсан дотор нь том чулуу байсан. Би энэ тухай хошууч Ц.А т мэдэгдээд хагарсан цонхыг цэвэрлэсэн. Маргааш өглөө нь *******гийн застав руу тоглолтоор явсан. Манай цонхыг тэр ах шиллэж өгсөн болохоор надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” /хх-ийн 33-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би ангийн заставуудаар ажилтай явж байхад манай эхнэр над руу залгаад урьд шөнө гэрийн гадаа байсан машины арын хажуу талын жижиг цонхыг нь чулуугаар хагалчихсан байна гэж хэлэхээр нь би сумын цагдаад мэдэгд гэж хэлсэн. Хагалсан хүн нь манай ангийн хил хамгаалах туслах хүчний гишүүн хийдэг залуу байсан. Нэрийг нь Х.Н  гэдэг. Надад ямар      нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн төлсөн /хх-ийн 41-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө гэртээ байж байхад манай нөхөр С-тай хамт найз нь гэх ******* гээд залуу ирсэн. Тэр өдөр Н гэх залуу архи уугаад нэлээд согтсон байсан. Манай нөхөр халамцуу байсан. Гэртээ ирж байж байгаад буцаад хамт гараад явсан. 00 цагийн орчимд манай нөхөр гэртээ буцаж орж ирсэн. Тэгээд унтаж байхад гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэхэд ******* гэх залуу “хаалгаа” гэхээр нь би харьж амар гэхэд намайг хаалгаа нээдэггүй энэ тэр гээд хэл амаар доромжилж байгаад манай галын өрөөний цонхыг тогшиж байгаад удалгүй явчихсан. Манай гэрийн цонхыг шөнө хүн хагалсан байсан. Галын өрөөний 2 давхар цонхыг хүн гараараа цохиод хагалсан байсан. Гараараа цохиж хагалсныг яаж мэдсэн бэ гэхээр шилэн дээр нь цус байсан. Манай нөхөр гарч яваад цонх хагалсан хүнийг хайгаад ******* хагалсан гэдгийг мэдсэн. Гараа шалбалчихсан байсан гэсэн. Маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Н гэх хүн эхнэртэйгээ орж ирээд би цонхыг чинь хагалчихсан байна цонхны чинь шилийг төлж өгье гэсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа манай цонхыг шиллүүлж өгсөн. Одоо манай цонх бүрэн бүтэн байгаа...” /хх-ийн 37-р хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...  2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед байх Өмнөговь аймгийн ******* сумын нутаг *******тын цэргийн ангийн хажууд байдаг офицер, ахлагч нарын гэр хороололд гэртээ байж байхад гаднаас Х.Н  ганцаараа архи уучихсан байдалтай халамцуу орж ирсэн. Манайд хоол идчихээд байж байхад нь С  орж ирээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад хамтдаа гэрээс гараад явсан. Шөнө унтаж байтал \шөнийн 01 цаг болж байсан байх\ миний гар утас руу ангийн шуурхай жижүүр Бя залгаад “энд шалган дээр Х.Н  согтуур ирчихээд үгэнд орохгүй байна ирж ав” гэж хэлэхээр нь би гэрээсээ өөрийн эзэмшлийн жижиг машинаараа явж ангийн шалган дээр очиход Х.Н  шалганы гадна талын үүдэн дээр шуурхай жижүүр Б-тай хамт зогсож байхаар нь хүрч очоод “яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм, одоо манайд очиж амар, машинд суу гэхэд Х.Н   “ангийн даргатай уулзана, айлд зүгээр сууж байж байхад нэг хүн орж ирээд намайг хүчээр тэр айлаас гаргасан” гэж хэлчихээд миний үгэнд оролгүй ангийн гэр хороолол руу алхаад явахаар нь би машинаа асаагаад чигээрээ яваад гэртээ очиж амарсан. Маргааш өдөр нь 15 цагийн үед анги дээрээ очиход ангийн жижүүр Х.Н-ыг хаана байна, холбогдох утас байна уу гээд урьд шөнө айлын цонх, машины шил хагалсан байна гэж хэлсэн. Тэр орой Х.Н  архи уусан байсан. Гэхдээ өөрийн ухаантай байсан. Манайд архи уугаагүй хоол идчихээд л гарсан. Манайхаас гараад ямар хүнтэй архи уусныг нь мэдэхгүй байна /хх-ийн 42-р хуудас/

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг болох Шивээхүрэн хилийн боомтын застав дээр хилийн туслах хүчний группийн гишүүдийн цуглаан болсон юм. Тэр өдөр бас хилийн цэргийн баярын өдөр давхацсан байсан. Өдөр нь уралдаан тэмцээн болж орой нь хүлээн авалт болсон юм. Тэнд манай багийн туслах хүчин болох Х.Н  болон 10 гаруй малчид ирсэн байсан. Тэнд нийт 4 шил архи ууцгаагаад би застав дээрээ хоносон юм. Түүнээс хойш Х.Н-ын эхнэр нь над руу утсаар залгаад Шивээхүрэн боомтын застав дээр та нар хэр архи уусан юм бэ? Манай хүн тэр орой *******тын 0*******-р анги дээр ирээд айлын цонх, машины шил хагалчихсан байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь тухайн үед Х.Н  Шивээхүрэн хилийн боомтын застав дээр ирж туслах хүчний группийн гишүүдийн уулзалтанд оролцоод жаахан архи уугаад оройгоо буцлаа гээд явсан. Өөрөөр бол надад мэдэх зүйл алга байна гэж эхнэрт нь хэлсэн юм. Тэр өдөр Х.Н  архи уусан байсан. Гэхдээ гайгүй л байх шиг байсан, тийм их согтоогүй. Х.Н  өөрийн эзэмшлийн ява маркийн мотоцикльтой ганцаараа явсан. Оройн үйл ажиллагаа тарчихаад гэр лүүгээ явлаа гээд явсан. Архи нэг их ууддагүй. Архи уухаараа жаахан тавьтаргүй зантай. Уг нь тайван, даруухан зантай, хүнд их тусархуу, малд нүдтэй сайн хүн байгаа юм...” /хх-ийн 43-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цагийн үед би Өмнөговь аймгийн ******* сумын нутаг болох *******тын цэргийн ангийн шуурхай жижүүрийн өрөөндөө байж байхад станцаар шалганы жижүүрээс “шалган дээр согтуу хүн ирээд, анги руу орж дарга нартай уулзана гээд хэрүүл хийгээд байна” гэхээр нь би хүрээд очиход Х.Н  ирчихсэн, архи уучихсан байдалтай гадаа үүдэн дээр зогсож байхаар нь очоод “яаж яваа юм бэ” гэхэд Х.Н  “би дарга нартай чинь уулзмаар байна гэхээр нь би “одоо ангид хүн байхгүй дарга нар амарч байгаа” гэж хэлээд Б  эгч рүү утсаар залгаад Х.Н-ыг  ирж ав энд согтуу явж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Б  машинтайгаа хүрч ирээд Х.Н-ыг  гэр лүүгээ авч явах гэхэд үгэнд орохгүй хойшоо ангийн гэр хороолол руу алхаад явчихсан. Би буцаж анги руу ороод өрөөндөө байж байхад шөнийн 04 цагийн үед дахиад станцаар нөгөө согтуу хүн чинь дахиад шалган дээр ирчихлээ гэхээр нь би шалган дээр хүрээд очиход Х.Н  буцаад ирчихсэн дээгүүрээ ногоон өнгийн дээл өмсчихсөн үүдэнд зогсож байхаар нь би дагуулж ороод жижүүрийн байрандаа орж унтуулсан. Өглөө 06 цагт Х.Н  сэрчихээд гэррүүгээ явлаа гэхэд нь би “нөгөө дарга нартай уулзах яасан бэ” гэхэд “үгүй тийм юм байхгүй” гэж хэлчихээд явсан. Тэгээд өглөө нь ажлаасаа буугаад гэртээ очиж амарчихаад үдээс хойш гэртээ байж байхад Эрдэнэбадрах ахмад над руу утсаар залгаад урьд шөнө манай гэрийн цонхыг нэг хүн хагалчихсан байна. Мөн ангийн даргын машины шилийг хагалчихсан байна гэж хэлсэн. Х.Н-ын бие нь зүгээр байсан. Харин дээгүүрээ шалдан хувцасгүй явж байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй” /хх-ийн 44-р хуудас/

Гэрч Д.С  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед байх Өмнөговь аймгийн ******* сумын нутаг болох *******тын цэргийн ангийн гэр хороололд байдаг гэртээ байж байхад манай найз Увсаас ирээд бид хоёр нэг шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи хувааж уучихаад явсан. Найзыгаа явуулж өгчихөөд Б  эгчийн гэрт очиход Х.Н  хөдөөнөөс ирчихсэн нэлээн согтуу байж байхаар нь мэндэлчихээд удаагүй гараад бид хоёр манай гэрт очсон. Гэрт очоод бид хоёр гал тогооны өрөөнд юм яриад \бараг 1 цаг гарантай болсон байх\ сууж байхад гаднаас Ц.А  орж ирээд “танайхыг гэрэлтэй байхаар нь орж ирлээ энэ юун согтуу хүн байгаа юм” гэхэд нь би “энэ хүнийг Х.Н  гэдэг юм манай туслах хүчний гишүүн” гэхэд Ц.А  “за за тар нар эртхэн амарцгаа” гэж хэлээд гараад явсан. Тэгээд удаагүй Х.Н  би одоо явлаа гээд гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь сэрэхэд манай гэрийн гал тогооны цонхыг хагалчихсан байхаар нь эхнэрээсээ хэн цонх хагалчихсан юм бэ гэхэд шөнө нэг хүн ирж хаалга баахан нүдэж байгаад онгойлгохгүй болохоор цонх хагалчихаад яваад өгсөн юм шиг байна гэж хэлсэн. Үдээс хойш 17 цагийн үед Х.Н  манайд хүрч ирээд би урьд шөнө танай гэрийн цонхыг чинь хагалчихсан байна уучлаарай, хохирлыг чинь барагдуулж өгнө өө, би нэлээн их согтсон байсан байна. Өөр айлын цонх, мөн машины шилийг хагалчихсан байна гэж хэлсэн. Тэр орой Х.Н  архи уучихсан нэлээн их согтуу байсан. Хөл дээрээ гуйваад явж байсан. Х.Н  манай цонхыг шиллэж өгсөн... /хх-ийн 45-р хуудас/

Гэрч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ахлах ахлагч С ынх гэрэлтэй байхаар нь гэрт нь орсон. С  Х.Н  гэх залуутай хамт халамцуу юм яриад сууж байсан. Би С ыг одоо амар гэж хэлсэн. Х.Н  гэх хүнээс та хаанаас ирсэн хэн гэж хүн бэ гэж асуухад би найзындаа ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хүн амрах гэж байна. Та одоо амрах газартаа амар” гэхэд Б  эмчийн хамаатан байгаа юм. 6-р заставт байхад найз нөхөд байсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарах гэхэд Х.Н  “би энэ овоотын хонхорыг мэднэ. Та одоо яах гээд байгаа юм” гэхээр нь би жижүүрлүү холбогдоод “гадны хүн орж ирсэн байна. Та нар мэдсэн юм байна уу” гэхэд дэслэгч Ганбаяр “Б  эмчийн хамаатан гэх мотоцикльтой хүн ирсэн” гэж хэлсэн. Би жижүүрийг дуудаад “энэ хүнийг зодож цохиж болохгүй Б  эмчийнд хүргээд өгчих” гэж хэлээд гэрлүүгээ орсон. Намайг гэрлүү орж байхад Х.Н  “би *******тыг мэднэ” гээд орилоод жижүүрүүд 2 талаас нь сугадаад аваад явсан. Намайг гэртээ амрах гэж байхад буу дуугарах шиг л пүд гэж 2 удаа дуугарсан. Тэгэхээр нь би босоод ангийн жижүүр дээр ирээд жижүүрүүдээс “юун чимээ гарсан бэ та нар сонссон уу?” гэхэд тэнд байсан хүмүүс чимээ сонсоогүй. Хойгуур айлын хаалга дуугарах шиг боллоо гэж Б  эмч хэлсэн. Би буцаад гэрлүүгээ явж байхад шуурхай жижүүр Бя надад “сая нэг согтуу юм ирээд *******тынхон намайг зодчихлоо гээд агсан тавьж байгаад явчихлаа гэсэн. Би гэртээ ороод амарсан. Өглөө намайг босоход штабын дарга дэд хурандаа А.Амартайван ангийн захирагчийн машины цонхыг хүн хагалсан байна. Мөн С ын гэрийн цонхыг бас хагалсан байна гэж хэлсэн. Тухайн өдөр ажилчид архи согтрууруулах ундаа хэрэглээд гадуур орилоод хашгичаад байсан зүйл байхгүй. Намайг эргүүлээр явж байхад ганц С ын гэр гэрэлтэй байсан. Намайг ороход С  Х.Н тай хамт сууж байсан. Машины цонхыг жижиг чулуугаар хагалсан байсан. Эрдэнэбадрахын цонхыг нэлээд том чулуугаар хагалсан байсан /хх-ийн 48-р хуудас/

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11-12 цагийн орчимд Штабын дарга дэд хурандаа А.Амартайван миний утас руу залгаад танай машины цонхыг хүн хагалсан байна гэж хэлсэн. Би гэрээс гарч харахад буруу талын хаалганы арын жижиг шилийг чулуугаар цохиж хагалсан байсан. Машины арын хаалгыг нээж үзэхэд арын суудал дээр шилний жижиг хагархай бутарсан байсан ба арын багаажинд хар өнгийн чулуу байсан. Сумын цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлэхээр нь би машинаа түгжээд зогсоолд үлдээсэн. Уг машин нь манай гэрийн өмнө талын машины зогсоолд байсан. Б.М гэх хүний нэр дээр байдаг юм. ******* УНЧ улсын дугаартай Land cruiser-200 маркын шаргал өнгийн автомашин байгаа юм. Өмнө нь машины ямар нэгэн шил хагарч байгаагүй. Бүрэн бүтэн байсан. Би тухайн үедээ огт мэдээгүй байсан. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Х.Н  гэх хүн эхнэртэйгээ хамт ирж манай машины цонхыг харсан ба эхнэр нь танай машины шилийг төлж өгнө манай нөхрийн буруу гэж хэлчихээд миний утасны дугаарыг аваад явсан /хх-ийн 51-р хуудас/

Шүүгдэгч Х.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн боомтын хажууд байдаг 6-р застав дээр туслах хүчний гишүүдтэй нийлж 4 шил \0.75 грамм\ архи зургуулаа хувааж ууцгаасан юм. Би тэнд архи ууж байгаад *******тын цэргийн ангийн 0*******-р анги руу өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклиор ганцаараа явсан. *******тын цэргийн анги дээр ирээд хамаатны эгч болох Батцэрэн эгчийн гэрт нь очиход тэнд Батцэрэн эгч гэртээ ганцаараа байсан. Би хоол цай идэж уугаад байж байхад гаднаас *******тын цэргийн ангийн ахлагч С  ганцаараа архи уучихсан байдалтай орж ирээд “манайд очъё, хоёулаа ойрд уулзаагүй юм байна гэрт хүрээд оч” гэж хэлэхээр нь би С тай хамт тэдний гэрт очсон юм. Гэрт ороход С ын эхнэр Наранмандах жаахан халамцуу байсан. Нөхөртэйгөө хамт бид хоёрыг гэрээсээ хөөгөөд байхаар нь “би явлаа” гээд гарах гэтэл С  “намайг байж бай” гээд байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж байснаа Наранмандах гар утсаараа нэг хүн рүү утсаар залгаад “манай гэрт хүн орж ирээд агсам тавиад байна” гэж хэлж байсан. Тэгтэл удаагүй нэг энгийн хувцастай хүн орж ирээд намайг *******ын гэрээс нь авч гарсан. Гарч ирээд тэр залуу цаашаа явчихаар нь би ангийн шалган руу явж очоод ангийн жижүүртэй маргалдаад байж байхад ангийн шуурхай жижүүр ахмад Бя гэдэг хүн хүрч ирээд “яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм" гэж хэлээд намайг явж амар гэж хэлсэн. Би буцаж яваад С ын гэр рүү орох гэтэл байшин нь гаднаасаа цоожтой байхаар нь байшингийн цонхыг нь тогшиж байгаад хүн гарч ирэхгүй байхаар нь би цонхыг баруун гараараа ханцуйгаараа жийрэглэж байгаад нэг удаа цохьтол цонх нь хагарчихсан.Тэгэхээр нь би буцаад ангийн жижүүр рүү явж байх замдаа нэг тоосго аваад, газраас нэг чулуу аваад нэг айлын цонх руу шидчихээд байшингийн хажууд байсан автомашины зогсоол дээр очоод нэг автомашины арын шил рүү газраас цементний хагархай аваад шидчихсэн. Тэгтэл машины шил нь цоороод хагарчихсан. Би ангийн жижүүрийн байран дээр очиход тэнд ахмад Бя ах байсан. Тэнд би хамт хоносон юм. Намайг маргааш өглөө нь 06 цагт сэрээгээд “одоо гэртээ харь” гэж хэлэхээр нь би эгчийн гэрийн гадаа байсан ява мотоциклио асаагаад гэрлүүгээ явсан. Гэрт хүрээд очиход *******тын цэргийн ангиас залгаад машины цонх хагалсан, мөн айлын цонх хагалчихсан байна. Яаралтай ирж уулз гэж хэлсэн. ...Гэм буруугаа ойлгож байна. Хохирлыг нөхөн төлж барагдуулсан” /хх-ийн 70-р хуудас/

“*******” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 250.000 төгрөг /хх-ийн 59-р хуудас/,

“*******” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө даатгалын үнэлгээний дүгнэлтэд: Цонхны шил 70:70 см 88.000 төгрөг, 60:110 см 95.000 төгрөг /хх-ийн 57-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-20-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Н  нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0******* дугаар ангийн ажилчдын байрны гадна байсан иргэн Б.М-ын эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай тоёота ланд крузейр-200 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонхыг, мөн 0******* дугаар ангийн ажилчдын байранд оршин суух иргэн Ц.А , Г.Н  нарын гэрийн цонхыг тус тус хагалж бусдад нийт 433.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А , Б.М, Г.Н  нарын эд хөрөнгөд Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь “*******” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 250.000 төгрөг /хх-ийн 59-р хуудас/, “*******” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө даатгалын үнэлгээний дүгнэлтэд: Цонхны шил 70:70 см 88.000 төгрөг, 60:110 см 95.000 төгрөг /хх-ийн 57-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Ц.А , Б.М, Г.Н  нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр төлсөн учир өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байх тул шүүгдэгч Х.Н-ыг  гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгаж бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

        Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7:6 см харьцаатай арзгар 1 ширхэг чулуу, 13 см урттай 9 см өндөртэй 10 см өргөнтэй 1 ширхэг чулууг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Алтай овгийн Хишигтийн Х.Н-ыг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Х.Н  нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7:6 см харьцаатай арзгар 1 ширхэг чулуу, 13 см урттай 9 см өндөртэй 10 см өргөнтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Х.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А , Б.М, Г.Н  нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА