| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0173/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 185
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: Ц.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнсэн овгийн Д.Э-ад холбогдох 1828001890160 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21-22 цагийн орчимд ******* аймгийн******* сумын ******* баг*******ын нүүрс тээвэрлэлтийн замд эхнэр Ц овогтой Ц.Б-г жирэмсэн болохыг мэдсээр байж бие махбодид нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 02 сард, 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө зодсон буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Э ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө, манай эхнэр өдөр нь ууртай байсан. Тэгээд би эхнэрээ аргадсан, тэгээд миний дугуй хагарсан байсан. Манай найз туслаад тэгээд дараа нь хамт архи уусан байсан. Тэгээд миний утасны цэнэг асаж унтраад болохгүй байсан. Түлш зардаг эгч над руу залгасан. Тэгээд утас тэр өдөр эвдэрсэн болохгүй байсан. Манай эхнэр уурлаад байхаар нь яасан юм бэ гэхэд Поошиг дээр зогсохгүй явлаа, чи хэзээ ийм байсан юм бэ? гээд уурлаад байхаар нь очерт орох гээд зогсохгүй явсан гэдгээ хэлсэн. Тэгээд тухайн үед эвлрээд машинаа янзалчихаад надад тусалсан найз болох С-той хамт, манай арван жилийн найз байгаа юм. Тэгээд бид хоёр нэг шил архи хувааж ууж байхад түлш зардаг эгч миний утас руу залгасан байсан. Тэгээд манай эхнэр миний утсыг авч ирээд нэг хүн залгаад байна. Юун хүн залгаад байгаа юм гээд миний утсыг шидсэн би учрыг нь ойлгоогүй байсан. Тэгээд авсан чинь түлш зардаг эгч залгасан байсан. 2017 оны 02 сард галын дэгээгээр зодсон гээд байгаа нь болохоор цагаан сарын юм бэлдэж яваад бас л хардаад байсан. Тэгээд бид хоёр хардаж сэрдэхгүй үедээ нэг нэгэндээ сайн. Бид хоёр шиг аз жаргалтай гэр бүл байхгүй. Хардалтаас болдог. Би эрүүл үедээ тэвчээд байдаг, жоохон архи уусан үедээ хардсаныг нь эргэж гаргаж ирээд байдаг. Манай эхнэрийн буруу гэж байхгүй. Өөр үйлдэл бол байхгүй. Тэгээд хил амарсан үед очерт зогсож байгаад архи уугаад эхнэрээ поошиг гэх газарт нэг гэр түрээслээд хоол хийж зараг гэж бодоод тэгээд түр ч болов хэрүүл тасрах байх гэж бодсон. Тэгээд тэр үед архи уусан байсан, поошиг гэх газар руу гэр рүү явахдаа машин барих гэтэл жолоо булаацалдаад байхаар нь гараараа түлхсэн чинь баруун нүдийг нь оносон байсан. Одоо би ийм асуудал дахиж гаргахгүй, эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэрээ зодсондоо харамсаж байна.
Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхрийнхөө машинд унтах гэж байсан. Утас нь дуугархаар нь 2 дахь дуудлага дээр нь шөнийн 12 цаг өнгөрсөн байхад залгалаа гээд би утсыг нь аваачиж өгсөн. Тэгээд нэг цагаан машинтай хүн ирсэн байсан. Ирэхээр нь би буусан чинь намайг заамдаж авсан. Би жирэмсэн хүн гэж хэлсэн чинь жирэмсэн чинь хамаагүй гээд түлхсэн. Энгийн үед зүгээр байдаг, архи уухаараа ингээд байдаг.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө би нөхрийнхөө нүүрс тээврийн машины кабинд унтах гэж байхад манай нөхрийн утас дуугарсан. Утсыг нь аваад ярихад чэг эмэгтэй хүн “хаана байгаа юм” гэхэд нь байна уу хэнтэй ярих вэ гэхэд хэсэг чимээгүй байж байснаа түлш авна гэсэн биздээ гэхээр нь би заавал шөнө өгөх ёстой юмуу гэхэд утсаа тасалчихсан. Удаагүй байж байхад өмнө нь залгасан дугаараас дахин залгахаар нь би арын машинд сууж байсан нөхөртөө утсыг нь өгсөн. Тэгээд буцаж ирээд машин дотор сууж байхад удалгүй цагаан өнгийн prius-20 маркын автомашин ирсэн. Манай нөхөр хаалга нээгээд буугаад ир гэсэн би машинаас буухад нэг танихгүй эмэгтэй намайг заамдаж авахаар нь би гараараа түлхэж болиулаад өөртэй чинь хэрүүл зодоон хийхээр хүн би биш, би жирэмсэн гэж хэлсэн. Тэгэхэд чиний жирэмсэн чинь хамаагүй гэсэн. Хажуунаас манай нөхөр чи энэ хүнд юу гэж хэлсэн юм гэхээр нь би шөнө түлш зардаг хүн байдаг юмуу өдөр өгч болдоггүй юм уу гэж хэлсэн гэхэд манай нөхөр өөрийг нь тэр эмэгтэй хүнтэй хардлаа гэж уурлан миний араас бөгсрүү өшиглөхөд нь би замын хажуу талын шороо руу унасан. Манай нөхөр миний араас ирээд миний хөл нуруу, гэдэс рүү өшиглөж байхад тэр эмэгтэй хараад зогсоод байсан. Би нөхрөөсөө зугтаад хүний машинд сууж Поошиг гэх газарт хүргүүлсэн. Анх 2017 оны 02 сард цагаан сарын өмнө Налайх дүүрэгт гэртээ байж байхдаа цагаан сарын юм бэлдэх асуудлаас болж хэрүүл маргаан болсон. Тэр үед манай нөхөр уурлаад намайг галын дэгээ төмрөөр нуруу, бөөрлүү цохиж 6 удаа цохисон. Дараа нь би нуруугаа үзэхэд нуруун дээр хөндлөн хөхөрсөн 2-3 мөр гарсан байсан. Би нөхөртөө ийм болсон байна гэж хэлж үзүүлсэн. Тэгэхэд манай нөхөр надаас уучлалт гуйж дахиж зодохгүй гэж гуйхаар нь би цагдаад өгөөгүй юм. Түүнээс хойш цагаан сараас нэлээд хэд хоногийн дараа Өвөрхангай аймгийн Хархорин суманд явж байх үедээ бие засч байхад гэнэт доошоо цус гарсан. Би Улаанбаатар хотод очсон дараагаа хувийн эмнэлэгт эхо-д харуулахад ураг зулбасан байна, бие чинь зүгээр байна гэсэн. Би тухайн үед жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан юм. Тэр үед эмчилгээ хийлгэлгүй “Юмдүүжин” гэдэг ургамал авч ууж байсан. Би 2017 оны өвөл 1 сард нэг удаа цагдаад дуудлага өгч байсан. Тухайн үед хүнтэй архи уучихаад хоорондоо маргалдаад байхаар нь цагдаад дуудлага өгч эрүүжүүлэхэд хонуулаад маргааш нь очиж авч байсан. Түүнээс хойш цагдаад өгсөн гэж уурлаад намайг ална гэж заналхийлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө манай нөхөр нүүрс тээврийн очерт зогсож байсан. Би хоол хийж зардаг юм. Хоолоо зарж явж байгаад нөхөртэйгээ уулзахад хүмүүстэй архи ууж байхаар нь дуудаад жижиг машиндаа суулгаад Поошиг гэх газар руу явж байх үед машинаа жолоодоно гээд байхаар нь би “архи уучихаад машин жолоодож болохгүй” гэж хэлсэн. Намайг чи яасан аминдаа хайртай юм гээд уурласан. Тэгээд жолооны ард сууж байхад миний зүүн нүдрүү нэг удаа цохисон. Тухайн үед би жолоогоо нөхөртөө өгсөн Д.Э тухайн үед машинаа жолоодож яваад Поошиг гэх газарт очсон. Миний нүд хавдаж хөхөрсөн. Маргааш нь хар өнгийн шил зүүж хэд хоног гэрээсээ гараагүй. Тухайн үед бид 2 хоёулаа явж байсан болохоор өөр хүнд хэлээгүй. 2018 оны 08 сард би Налайх дүүргийн эмнэлэгт очиж даралтаа үзүүлэх гээд хүлээн авах дээр байж байхад манай нөхөр эмнэлгийн гаднаас ******* УБЗ дугаартай автомашиныг архи уучихсан байхдаа унаад явсан байхаар нь осол гаргаж магадгүй гэж бодоод цагдаад машины дугаараа хэлээд хайлгаж байсан удаа байгаа. Гэхдээ тэр үед гэртээ хариад хашаандаа машинаа тавьсан байсан. Тэр үед цагдаа нар манай нөхрийг эрүүлжүүлэх рүү авч явсан. Маргааш нь би очиж авч байсан. Одоо би 3 cap гарантай жирэмсэн байгаа. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй тонус ихтэй байна гэж эмч хэлж байсан /хх-ийн 9-10-р хуудас/
Гэрч Э.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг******* сумын төв дээр явж байхад******* гаалийн дугаартай автомашины жолооч Д.Э гэх хүн надруу залгаж түлш байна уу гэж асуухаар нь байгаа гэж хэлээд наана чинь очоод яръя гэж хэлсэн. Орой 21 цагийн үед нөгөө жолооч руу залгахад нэг эмэгтэй хүн авсан. Тэгэхээр нь би түлш авна гэсэн яасан бэ утасны эзэн нь байна уу гэхэд утсаа салгачихсан. Би буцаад Поошиг гэх газар руу оччихоод буцаад явж байхад нэг танихгүй юнителийн дугаар залгаад чи шөнө түлш өгдөг хүүхэн нь юм уу? шөнийн хүүхэн нь юмуу гэж доромжилсон. Тэгэхээр нь юу ч яриагүй тасалчихсан. Эргээд юу болоод байгааг асуух гээд залгахад утсаа аваагүй. Удалгүй нөхрийнх нь утас залгахаар нь аваад ярихад******* гаалийн дугаартай залуу байсан. Би уурлаад юу болоод байгаа юм. Яагаад хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд эгч хүрээд ир энэ хүнтэй уулзаад учраа олооч, намайг ойлгохгүй байна, би 33 өнгөрөөд зогсож байна гээд утсаа салгасан. Тэгээд очерын хажуугаар хоол зараад явж байхад******* дугаартай машин нүүрний эгнээнд зогсож байхаар нь би машиных нь хажууд гарч очиход тэр залуу арын машинаас гарч ирсэн. Бас нэг эмэгтэй машин дотроос нь гарч ирсэн. Нөгөө залуу чи энэ эгчтэй учраа ол гэхээр нь би тэр эмэгтэйд учирлаад “чи битий ингэж бай энэ хүн чинь хүнд ажил хийдэг. Нэгнийгээ битгий ингэж бай” гэж хэлсэн. Танай нөхөр чинь надаас түлш тогтмол авдаг. Заримдаа зээлээр ч аваад явдаг. Урьд өдөр нь надаас түлш байна уу гэж асуусан болохоор би сумаас ирээд 60 литр түлшээ зарах санаатай утсаар ярьсан талаараа тэр эмэгтэйд хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй нь нөхөррүүгээ уурлаад “чи энэ хүүхнээ өмөөрөөд байгаа юмуу?” гээд нэг удаа нөхрийнхөө нуруу руу нь цохиж аваад энэ хүүхнээрээ шордуулаад зодооч гэсэн. Тэгсэн нөгөө залуу уурлаад 1-2 удаа нурууруу нь цохисон. Би дундуур нь ороод боль гэж салгасан. Би тэр хүүхнийг битий ингэж бай гээд учирлаж юм ярьсан. Тэр залуу надад “та нөхрөө аваад ирээч, тэгэхгүй бол намайг байнгын дарамтална” гэхээр нь би нөхөррүүгээ яриад дуудаж ирүүлсэн. Би нөхөртэйгөө тэр 2 дээр очсон. Энэ хүн миний нөхөр байгаа юм. Манай нөхөр жолооч. Би жолооч нарт хоол зардаг гэж хэлчихээд нөхөр бид 2 тэндээс явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Тухайн үед тэр залууд эхнэрийгээ битий зодоорой, гар хүрч болохгүй гэж хэлсэн /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр нүүрс ачуулаад*******оос 32 дахь км-т очерт ирж зогсоход 10 жилийн нөгөө ангид сурдаг байсан Д.Э ын машиных нь дугуй хагарчихсан байж байсан. Би машиных нь дугуйг солилцож өгөөд Д.Э болон С гэх найзтайгаа гурвуулаа миний машины кабинд “Соёрхол” нэртэй 0,5 литрийн архи задлаж уусан. Уг архийг задлаад нэг нэг татаж байхад Д.Э ын эхнэр гэх эмэгтэй нэлээд ууртай май утсаа ав гээд Д.Э ад утас өгсөн. Д.Э утсаа үзчихээд миний түлш авдаг эгч байна. Миний утас болохгүй байна утсаа өгчих гэхээр нь би утсаа өгч яриулсан. Д.Э миний утсаар ярьчихаад машинаас буугаад явчихсан. Д.Э ын машин миний хажууд очерт байсан. Тухайн үед эхнэртэйгээ хэрүүл хийгээд байх шиг болсон. Бусдаар бол би тэр хоёрыг хоорондоо зодолдсон, Д.Э нь эхнэрийгээ зодож цохисныг хараагүй ба би машинаасаа буугаагүй /хх-ийн 19-р хуудас/
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө*******ын нүүрс тээвэрлэлтийн замд С гэх найзтайгаа таарсан. Би С той машинд нь нэг шил архи хувааж уугаад байж байхад манай эхнэр гаднаас миний утсыг өгчихөөд буцаад машин руугаа явчихсан. Миний утасруу түлш зардаг эгч залгаад ярьж байхад утас унтарчихсан. Би С ын утсаар түлш зардаг эгч рүү залгаад та түлшээ аваад ирж байна уу гэхэд миний өмнөөс юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ гэхээр нь юу болсон юм бэ гэж асуухад чи хаана байгаа юм, би яваад очъё гэсэн. Тэгээд удалгүй яваад ирэхээр нь би машинаас бууж очсон. Уг эгчтэй уулзахад утсыг чинь эмэгтэй хүн аваад шөнө явдаг хүүхэн гэж хэллээ гээд ууртай байсан. Би мэдэхгүй байна. Манай эхнэр тантай утсаар ярьсан байна гэж хэлсэн. Тэр эгч манай эхнэрт хандаж би гэр бүлтэй хүн, танай нөхөртэй янз бүрийн асуудал байхгүй гэж хэлээд, танай эхнэр чинь намайг шөнө явдаг хүүхэн гэж доромжиллоо гэж хэлсэн. Тэгэхэд нь би уурлаад эхнэртээ хандаж энэ хүн чинь гэр бүлтэй, нөхөр нь энд нүүрсний жолооч хийдэг юм. Энэ хүнээс уучлалт гуй гэхэд манай эхнэр уучлалт гуйхгүй, чи юундаа энэ хүнийг өмөөрөөд байгаа юм бэ гэж надруу хэлэхээр нь миний уур хүрээд эхнэрийнхээ баруун хацарруу нь нэг удаа алгадсан. Тэгэхэд манай эхнэр надруу чи намайг алгадлаа, чи угаасаа энэ хүүхэнтэй явалддаг гэхээр нь би нурууруу нь нэг удаа өшиглөхөд манай эхнэр замын хажуугийн шороо руу унасан. Тэгэхээр нь би араас нь очоод хөлнийх нь тахим хэсэгрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Чи энэ хүнээс уучлалт гуй гэж хэлээд эргээд явж байхад манай эхнэр араас ирэхгүй байхаар нь эргээд нөгөө газраа очиход манай эхнэр зугтаасан байсан. Би очерт зогсож байсан машинуудаар хайж яваад олоогүй. Өмнө нь манай эхнэр намайг эмэгтэй хүнтэй байнгын л хардаад байдаг байсан юм. Тэрнээс нь болоод бид 2 хэрүүл маргаан хийж байсан. 2017 оны 02 сарын 10-ны өдөр би эхнэртэйгээ цагаан сарын юм цуглуулж байсан юм. Налайх дүүрэгт байх гэртээ байж байгаад манай эхнэр намайг хилээр хоол хийж зардаг эмэгтэй хүнтэй хардаад хэрүүл маргаан үүссэн. Намайг огт үндэслэлгүй хоол хийж зардаг эмэгтэй хүнтэй унтаж хэвтсэн гэхээр нь би уурлаж галын дэгээ төмрөөр нуруу болон бөгсрүү нь 3-4 удаа цохиж байсан. Тэрнээс хойш хэрүүл маргаан хийгээгүй байж байгаад эхнэртэйгээ эвлэрч байсан. Дараа нь 2018 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө******* сумын******* дээр байж байхдаа би жоохон архи уучихсан машинаа бариад эхнэртэйгээ харих гээд явж байхад манай эхнэр чи архи уучихсан учраас би машин жолоодоно гээд машины жолоо булаацалдаад байхаар нь би цаашаа суу гээд зүүн гараараа хүчтэй түлхсэн. Тэр үед гарын ар хэсгээрээ эхнэрийнхээ баруун нүдийг цохичихсон. Маргааш өглөө нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед манай эхнэр хар өнгийн нүдний шил зүүгээд явж байсан. Би нэг эгчээс түлш авч явдаг байсан юм. Тэр эгч миний утас руу залгахад манай эхнэр аваад шөнө явдаг хүүхэн нь юмуу гэсэн гээд тэр эгч уурлаад байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Намайг тэр эгчтэй хардаад байхаар нь би уурлаж эхнэрийгээ зодсон. Би дахин эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийхгүй. Түргэн уурнаасаа болоод эхнэрийгээ зодсон болохоор түүндээ гэмшиж байна /хх-ийн 29-30-р хуудас/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 529 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б гийн биед баруун тахим, зүүн өвдөгний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, баруун чамархай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн уйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 21-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 05-06-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...жирэмсэн болохыг мэдсээр байж ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах , мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон... гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 02 сарын 10-ны өдөр ...намайг хилээр хоол хийж зардаг эмэгтэй хүнтэй хардаад хэрүүл маргаан үүссэн. ...Би уурлаж галын дэгээ төмрөөр нуруу болон бөгсрүү нь 3-4 удаа цохиж байсан. ...Дараа нь 2018 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө******* сумын******* дээр байж байхдаа муудалцаад ...гарын ар хэсгээрээ эхнэрийнхээ баруун нүдийг цохичихсон”/хх-ийн 29-30-р хуудас/, 2018 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө, манай эхнэр өдөр нь ууртай байсан. Тэгээд би эхнэрээ аргадсан, тэгээд миний дугуй хагарсан байсан. Манай найз туслаад тэгээд дараа нь хамт архи уусан байсан. Тэгээд миний утасны цэнэг асаж унтраад болохгүй байсан. Түлш зардаг эгч над руу залгасан. Тэгээд утас тэр өдөр эвдэрсэн болохгүй байсан. Манай эхнэр уурлаад байхаар нь яасан юм бэ гэхэд Поошиг дээр зогсохгүй явлаа, чи хэзээ ийм байсан юм бэ? гээд уурлаад байхаар нь очерт орох гээд зогсохгүй явсан гэдгээ хэлсэн. Тэгээд тухайн үед эвлрээд машинаа янзалчихаад надад тусалсан найз болох С той хамт, манай арван жилийн найз байгаа юм. Тэгээд бид хоёр нэг шил архи хувааж ууж байхад түлш зардаг эгч миний утас руу залгасан байсан. Тэгээд манай эхнэр миний утсыг авч ирээд нэг хүн залгаад байна. Юун хүн залгаад байгаа юм гээд миний утсыг шидсэн би учрыг нь ойлгоогүй байсан. Тэгээд авсан чинь түлш зардаг эгч залгасан байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Анх 2017 оны 02 сард цагаан сарын өмнө ...манай нөхөр уурлаад намайг галын дэгээ төмрөөр нуруу, бөөрлүү цохиж 6 удаа цохисон. Дараа нь ...2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө …намайг чи яасан аминдаа хайртай юм гээд уурласан. Тэгээд жолооны ард сууж байхад миний зүүн нүдрүү нэг удаа цохьсон, ...2018 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө би нөхрийнхөө нүүрс тээврийн машины кабинд унтах гэж байхад манай нөхрийн утас дуугарсан. Утсыг нь аваад ярихад нэг эмэгтэй хүн “хаана байгаа юм” гэхэд нь байна уу хэнтэй ярих вэ гэхэд хэсэг чимээгүй байж байснаа түлш авна гэсэн биздээ гэхээр нь би заавал шөнө өгөх ёстой юмуу гэхэд утсаа тасалчихсан. Удаагүй байж байхад өмнө нь залгасан дугаараас дахин залгахаар нь би арын машинд сууж байсан нөхөртөө утсыг нь өгсөн. Тэгээд буцаж ирээд машин дотор сууж байхад удалгүй цагаан өнгийн prius-20 маркын автомашин ирсэн. Манай нөхөр хаалга нээгээд буугаад ир гэсэн би машинаас буухад нэг танихгүй эмэгтэй намайг заамдаж авахаар нь би гараараа түлхэж болиулаад өөртэй чинь хэрүүл зодоон хийхээр хүн би биш, би жирэмсэн гэж хэлсэн. Тэгэхэд чиний жирэмсэн чинь хамаагүй гэсэн. Хажуунаас манай нөхөр чи энэ хүнд юу гэж хэлсэн юм гэхээр нь би шөнө түлш зардаг хүн байдаг юмуу өдөр өгч болдоггүй юм уу гэж хэлсэн гэхэд манай нөхөр өөрийг нь тэр эмэгтэй хүнтэй хардлаа гэж уурлан миний араас бөгсрүү өшиглөхөд нь би замын хажуу талын шороо руу унасан. Манай нөхөр миний араас ирээд миний хөл нуруу, гэдэс рүү өшиглөж байхад тэр эмэгтэй хараад зогсоод байсан. Би нөхрөөсөө зугтаад хүний машинд сууж Поошиг гэх газарт хүргүүлсэн. /хх-ийн 9-10-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Б гийн эрүүл мэндэд 3 удаа халдаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө түүний эрүүл мэндэд халдахдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Хохирогч Ц.Б нь эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авах үедээ буюу 2018 оны 10-р сарын 25-наас 26-эд шилжих шөнө жирэмсэн байсан, одоо 5 сартай жирэмсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн “миний эхнэр жирэмсэн” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба мөрдөн шалгах ажилллагааны явцад хохирогчийг жирэмсэн эсэх асуудлаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэгийн 1.1-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн… бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Б-г 2017 оны 02 дугаар сард зодсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд шүүгдэгч Д.Э нь эхнэр Ц.Б-г 2 удаа буюу 2018 оны 05 сард, 2018 оны 10-р сард тус тус зодож, эрүүл мэндэд нь халдсан нь Эрүүгийн хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатй хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголтыг хуульчилсан ба үүнд ... сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба гэр бүлийн хүчирхийллийн дээрх шинж шүүгдэгч Д.Э ын үйлдэлд тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон... гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э ыг хохирогч Ц.Б-г жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 529 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б-гийн биед баруун тахим, зүүн өвдөгний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, баруун чамархай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн уйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 21-р хуудас/гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай ба шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Тус зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Б-г зодсон 2 удаагийн үйлдэл тогтоогдож байх тул шүүх тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА