Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

  2019          01          04                                      34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

хохирогч: А.Түвшин,

шүүгдэгч: А.Цэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэг т холбогдох эрүүгийн 1805 0548 31075 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүүхдийн бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Цэцэг .

 

Шүүгдэгч А.Цэцэг  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” зочид буудлын 203 тоотод иргэн А.Түвшиныг унтаж байхад нь гар утасных нь интернет банкаар өөрийн 5095020236 дугаартай дансанд 300 000 төгрөгийг шилжүүлж, Луна, Самсунг Эс-2, Нокиа 3210 маркийн гар утас зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 523 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Цэцэг  мэдүүлэхдээ:

Би хохирогчтой 1998 онд Орхон аймгийн Жаргалант суманд нэг ангид хамт сурж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой Сансарын “Банана” гэх бааранд Түвшинтай уулзсан. Маргааш нь ажилтай байтал Түвшин над руу чат бичээд “хүрээд ир” гэхээр нь би ажлын хувцастайгаа буудалд очиход Түвшин, Наранбаатар нар байсан. Ч над руу 5 цаг өнгөрч байхад залгаад “гараад ир, уулзъя” гэсэн. Тэгэхээр нь “эгч нь Эрхэс зочид буудалд найзуудтайгаа байна” гээд очиж чадахгүй талаараа хэлтэл Ч “яваад очъё” гээд бид нарын байсан буудалд ирсэн. Мөн Наранбаатарыг Ч таньдаг байсан юм. Би Түвшинын утас, тен, үнэртэй ус, нүдний шил зэрэг эд зүйлийг аваагүй. Эдгээр эд зүйлийг Ч авсан. Харин 300 000 төгрөгийг би согтуу байхдаа Түвшинын данснаас өөрийн данс руу шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс Ч 150 000 төгрөгийг нь авсан. Би Түвшинын картын кодыг мэдэхгүй. Ч намайг явъя гээд байсан. Тэр үед би согтсон байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Бид 2018 оны 10 дугаар сарын 12-ноос хойш тасралтгүй архи уусан. Буудлаас Ч бид хоёр хамт гарсан. Түвшин, Наранбаатар хоёр хамт үлдсэн. Одоогоор би хохирогчид 205 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг энэ сард 150 000 төгрөгийг, үлдэгдэл мөнгийг нь 2 дугаар сард төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Түвшин мэдүүлэхдээ:

Энэхүү хэрэг гарахын урд өдөр манай ангийнхан арван гурвуулаа уулзсан. Тэр үед манай ангийн хоёр охины төрсөн өдөр болсон тул тэмдэглэж яваад орой нь буудалд орж хонохоор болсон. Зарим хүүхдүүд маань яваад, тавуулаа буудалд орж хоносон. Маргааш нь хоол идчихээд Цэцэг ийг “сайн харьсан уу, хүрээд ир” гэж хэлтэл ажлынхаа хувцастай ороод ирсэн. Бид дахиад хоол идэж, архи уусан. Тэгээд би унтаад өгсөн. Тэр хооронд Цэцэг  нь миний данснаас 100 000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан байсан. Гэхдээ үүнийг би Цэцэг ийн хулгайлсан мөнгөнд оруулаагүй. Цэцэг ийн хүүхэд нь аваарт орсон гэхээр нь би ангийн группэд тавиад ангийнхаа хүмүүсийг уриалж, мөнгө шилжүүлж байсан. Ингээд ангийнхантайгаа уулзаад идэж, уугаад төрсөн өдөр тэмдэглээд явж байтал намайг унтаж байх хооронд Мобайл банкийг минь ашиглаад мөнгө авсан Цэцэг ийн үйлдэлд гомдож байна. Дараа нь Цэцэг тэй яриад “цагдаа сэргийлэх гээд яах вэ, нэгэнт чи миний юмыг авсан юм чинь буцаагаад өгчих” гэтэл тэр “би хэзээ ч хулгай хийж байгаагүй, чи цагдаа сэргийлэхдээ өг” гэж намайг доромжилсон тул цагдаад гомдол гаргасан. Гэхдээ би миний юмыг өгөх байх гэж хэдэн хоног харсан. Биднийг буудалд байхад Цэцэг ийн найз нь гээд нэг хүүхэн орж ирсэн. Цэцэг  тэр хоёр энэ хэрэг хийхэд хуйвалдсан юм шиг байсан. Цэцэг ийн найз гэх уг эмэгтэй надтай ярьж “би чиний эд зүйлийг аваагүй Цэцэг  авсан. би буруугүй” гээд нэг нэгэн рүүгээ чихээд байхаар нь хоёуланг нь цагдаад өгсөн. Цэцэг  миний 3 утас, нүдний шил, тен, үнэртэй ус, цүнх, зэрэг цүнхэнд байсан бүх юмыг аваад явсан. Мөн Мобайл банкаар 300 000 төгрөг шилжүүлэн авсан. Одоо надад 205 000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 318 800  төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Цэцэг  уг мөнгийг хэсэгчлэн 2 хувааж төлнө гэж хүсэлт гаргаж байгаа бол зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-М. М мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ амарч байхад өглөө над руу Цэцэг  өөрийн 88588138 дугаараас залгаад “хаана байгаа юм, бичил хороололын “Эрхэс” зочид буудалд хүрээд ир” гэхээр нь би “очиж чадахгүй” гэхэд “хүрээд ир” гээд Цэцэг  над руу уурлангуй дарамталж яриад байсан. Тэгээд өглөө 07:00 цагийн үед “Эрхэс” зочид буудалд очиход Цэцэг , Наранбаатар, Түвшин нар байсан. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Түвшин унтаад өгөхөөр нь Цэцэг , Түвшинын гар утсыг аваад өөрийнхөө Хаан банкны данс руу мобайлаар 100 000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр үед би тухайн асуудлыг мэдээд “яагаад 100 000 төгрөг авч байгаа юм. Ингэж болж байгаа юм уу” гэхэд “болно” гээд Цэцэг  надад хэлэхээр нь би “за за” гэж бодсон. Тэгээд удалгүй Түвшин сэрэхэд “буудлыг чинь сунгуулчихсан, гаднаас хоол захиалж авчирсан” гэсэн. Энэ бүгдийг Түвшинд Цэцэг  нь намайг хоолонд дааж, буудал сунгуулсан гэж ойлгуулсан юм. Яг үнэндээ нөгөө 100 000 төгрөгөөс энэ бүгдийг хийсэн. Тэгээд Цолмон гэх эмэгтэйг Цэцэг  дуудаад хүрч ирэхээр нь тэндээ бас л архи ууж эхэлсэн. Тэгээд надад тэр хүчээр шахаад архи уулгаад байсан. Тэгж байгаад би яваад өгсөн. Тэр өдрөөс хойш над руу Түвшин яриад “мөнгө болон гар утсаа алдчихсан. Цэцэг  чамайг авсан гэж байна” гэхээр нь “юу яриад байгаа юм, чиний гар утсаар Цэцэг  өөрийнхөө данс руу мөнгө хийж аваад байсан” гэж хэлсэн. Дараа нь Цолмонтой уулзахад Цэцэг  найзынхаа гар утаснуудыг аваад байхаар нь “ингэж болж байгаа юм уу” гэж хэлэхэд Цэцэг  “болно” гээд авсан тухай надад хэлсэн. Цэцэг т өөрийнх нь Хаан банкны карт байсан. Тэр картаар текэн дээр очиж тооцоо хийгээд байсан гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Ч мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цагийн үед гадуур Гандан тэгчилэн хийдийн орчимд ажил хөөцөлдөөд дуусчихаад 5 шарын автобусны буудлын орчимд харих гээд явж байхад зүс таних найз Цэцэг  над руу 88588138 дугаараас залгаад “хаана байна, найз минь хүрээд ирээч. Би ангийнхаа хүүхдүүдтай хамт байна” гэхээр нь би 5 шарын эсрэг талын автобусны буудал дээр очоод автобусанд суугаад 6 дугаар бичил хороололын “Эрхэс” нэртэй зочид буудлын 2 давхарын 203 тоот өрөөнд очиход Цэцэг , Түвшин, М, Нараа дөрвүүлээ байсан. Очиход Түвшин эгч унтаж байсан бөгөөд хүмүүс нь хоорондоо юм яриад шинэ 0.75 литрийн хараа архи задлаад надад өгөхөд би уугаагүй юм. Тэгээд Түвшин эгч босч ирээд “эгчийн дүү уучих, танилцсаных” гэхээр нь нэг хундага татсан. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад Түвшин нойлын өрөө явсны дараа надад Цэцэг  нь “энэ хүүхний дансанд 4 сая төгрөг байгаа. Данснаас нь мөнгө мобайлдчихъя, хоёулаа тэгээд хуваагаад авъя” гэхээр нь би “юу яриад байгаа юм, тэгж болохгүй. Дараа нь нэр устайгаа гараад ирнэ. Чи өөрөө хэрэгт орно болохгүй” гээд хэлтэл Түвшинын гар утсыг аваад нойлын өрөө орсон. Тэгээд удалгүй “би мобайлдчихлаа” гээд надад хэлэхээр нь би “гар утсаа яасан бэ” гэхэд “нойл руу хийгээд усыг нь татчихсан, гарч юм авъя” гээд Түвшин бид гурав хамт гараад надад Цэцэг  Хаан банкны картаа “100 000 төгрөг аваарай” гээд нууц дугаартай нь өгсөн. Тэгээд би картнаас нь 100 000 төгрөгийг авахад Цэцэг  Түвшинын хамт гадаа зогсоод удалгүй миний араас орж ирээд хамт мөнгөө авчихаад намайг мөнгөө авчих гэхээр нь би мөнгийг нь аваад АТМ-аас гараад хажуу талын дэлгүүр рүү ороод 2 шил 0.75 литрийн Хараа архи болон хоёр том ундаа аваад буцаад буудал руу орсон юм. Тэгээд ороод бид хэд архиа хувааж уугаад, Цэцэг  өөрөө уухгүй байж Түвшин, Нараа гэх хүн рүү шахаад байсан. Тэгээд 18:40 минутын үед би буудлаас гарч явахад Түвшин архи их хэмжээгээр хэрэглээд тасарчихсан унтаж байсан. Харин Нараа нь гар утсаа оролдоод согтуу байсан. Тэгээд би “явлаа” гээд гараад явахдаа “эд зүйлүүд чинь бүгд байгаа шүү” гээд яваад өгсөн. Тэгээд би гараад холдоогүй алхаад явж байтал над руу Цэцэг  залгаад “чи хаана байгаа юм бэ, би буудлаас гараад ирлээ” гэхээр нь би очоод уулзахад гартаа нэг нокиа, нэг том гялгар гэртэй гар утас барьсан байсан. Тэгээд “чи яаж байгаа юм, яагаад найзынхаа гар утсыг авчихсан юм” гэхэд “яадаг юм бэ муусайн юмнуудыг” гэхээр нь би чимээгүй орхисон. Тэгээд дараа нь би “чи Түвшинаас хэдэн төгрөг авчихсан юм бэ” гэхэд 300 000 төгрөг шилжүүлчихсэн. Хоёулаа 150 000, 150 000 төгрөгөөр нь хувааж авъя” гэхээр нь би хувааж аваагүй, болохгүй гэсэн. Тэгээд би тухайн үед 100 000 төгрөгийг картнаас нь аваад 40 000 төгрөгөөр нь архи, ундаа аваад үлдэгдэл 60 000 төгрөгийг нь буцаагаад өгсөн юм. Тэгээд бид хоёр буудлаас гараад хамт такси авч хороололын эцсийн тийшээ явж байгаад замдаа нэг АТМ дээр зогсож Цэцэг  орж картнаасаа мөнгө авчихаад цаашаа явж байгаад бид хоёр муудалцаад замдаа салсан юм. Тэр үед таксины мөнгө ч өгөлгүй яваад өгсөн. Тэгээд муудалцахаас өмнө “чи яагаад найзынхаа мөнгийг авч байгаа юм бэ” гэхэд “надад үнэхээр мөнгөний хэрэг байна” гээд уйлаад байсан. Тэгээд л бид хоёр муудалцаад салцгаасан юм. Тэгээд би гэртээ хариад байж байтал над руу Цэцэг  нь “Түвшинын гар утас алга болчихсон байна гээд байна чи гар утсыг нь авчирч өг” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, чи авчихаад өөрөө аваачиж өг” гээд амарсан гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Цэцэг  нь ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Цэцэг  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” зочид буудлын 203 тоотод хохирогч А.Түвшиныг архи ууж согтуурсан үед нь гар утасных нь интернет банкаар өөрийнхөө 5095020236 дугаартай дансанд 300 000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн “Луна”, “Самсунг Эс-2”, “Нокиа 3210” маркийн гар утас зэрэг 523 800 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нь хохирогч А.Түвшин, гэрч М.М, А.Ч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан, А.Түвшинын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Цэцэг т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч “би Түвшинын гар утаснуудыг аваагүй гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нь гэрч М.М, А.Ч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Хохирогч А.Түвшин нь “Цэцэг  надад 205 000 төгрөг өгсөн тул үлдэх 318 800 төгрөгийг нэхэмжилнэ” гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 2019 оны 1, 2 дугаар саруудад хувааж төлнө гэж хохирол төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цэцэг ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Цэцэг ийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар А.Цэцэг  нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хохирол төлөх үүргийг түүнд хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар А.Цэцэг  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А.Цэцэг ээс 318 800 төгрөг гаргуулж, хохирогч А.Түвшинд олгосугай.

 

7. Шүүгдэгч А.Цэцэг  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цэцэг т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН