Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00011

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00011

 

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/00070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Ганхуягт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 4 хүүхдэдээ ногдох хэсэг болох 138,152,825 төгрөгийн эд хөрөнгө, цалингийн болон бизнесийн зээлийн төлбөрт 29,301,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч З.Ганхуяг болон түүний өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч З.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2019 онд шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед би жирэмсэн байсан учраас Гэр бүлийн тухай хуулийг судалж үзэхэд эхнэр нь жирэмсэн тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй заалттай болохыг мэдсэн тул 2019 оны 11 дүгээр сард шүүх хуралдаан дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Ингэж шүүхэд нэхэмжлэл өгөхөд З.Ганхуяг нь эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарна, үр хүүхдүүдээ өсгөнө, эхнэрээ төрүүлнэ гэж байсан боловч шүүх хурлаас гараад гэртээ ч ирээгүй.

...Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ... хүү*******, хүү Г.Ган-Эрдэнэ, хүү Г.Бат-Эрдэнэ, охин Г.Сувд-Эрдэнэ нар төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа. З.Ганхуяг нь хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд: ...Шүүхэд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 талбайтай газар дээр баригдсан хашаа, 112 м2 өвлийн сууцны хамт 15,000,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай газар дээр баригдсан 294.2м2 талбайтай блок болон палкаар барьсан төмөр дээвэртэй дэлгүүр, буудлын зориулалтаар ашиглаж байсан 2 давхар байшин 30,000,000 төгрөг, .... нийт 165,783,390 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болох 4 хүүхдэдээ ногдох хэсэг болох 138,152,825 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулна.

Мөн бид хамтран амьдрах хугацаандаа өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл болох 8,184,289 төгрөг дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 18,184,289 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ зээлийг хуваарийн дагуу төлж, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлж дууссан ба нийт 23,408,888 төгрөгийг төлсөн. Бизнесийн зээлийн тухайд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тухайн зээлийг хуваарийн дагуу төлж 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан ба нийт 35,193,702 төгрөгийг төлсөн. Эдгээр зээлүүдийг авах үед нөхөр З.Ганхуяг нь бизнесийн зээлд үндсэн зээлдэгчээр, цалингийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэтэл нөхөр З.Ганхуяг тухайн зээлийн төлбөрүүдээс огт төлөлцөөгүй ба би ганцаараа төлж дуусгасан тул хариуцагчаас цалингийн зээл 23,408,888 төгрөгийн 50 хувь болох 11,704,444 төгрөг, бизнесийн зээл 35,193,702 төгрөгийн 50 хувь болох 17,596,851 төгрөг, нийт 29,301,295 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч З.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...З.Ганхуяг би нэхэмжлэгч Д.*******ын гэр бүл цуцлуулж, хүүхдүүдийн асрамжийг эхэд нь үлдээх, хүүхдүүдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мталбайтай газар дээр баригдсан 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 112 мөвлийн сууц, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай баригдсан 294 мталбайтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний дэлгүүр, 650,000 төгрөгийн үнэ бүхий шилэн нүүртэй хөргөгч, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий блокийн машин (иж бүрдэл), 2 тооны адуу зэрэг эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохыг хүлээн зөвшөөрнө.

Харин дэлгүүрийн 35,553,390 төгрөгийн үнэ бүхий бараа байсан эсэх нь тодорхойгүй, бонго-3 маркийн 1190 ХӨВ дугаартай автомашиныг 2018 онд З.Тэрбиш (миний төрсөн эгчид) өрөндөө өгсөн, Мазда маркийн хөх өнгөтэй машиныг 2015 онд хамт амьдарч байхдаа 10,000,000 төгрөгөөр худалдсан, ЗИЛ-130 маркийн автомашиныг бид худалдаж авч байгаагүй бөгөөд манай хүргэн ах Д.Батхуяг ... онд худалдаж авсан ба тухайн үедээ иргэний үнэмлэх байхгүй байсан болохоор миний нэр дээр худалдан авч гэрчилгээг нь шилжүүлээгүй байсан. Голд 4, 5 тонн даацтай 4262 ХӨВ улсын дугаартай цагаан ачааны автомашиныг худалдан аваад Архангай аймгийн Цагаан даваанд унагаж, засаж сэлбэн 12,000,000 төгрөгөөр тооцож, тайга хөрөө, банз зэрэг эд зүйлээр худалдсан, Голд 4,5 тонн даацтай 4262 ХӨВ улсын дугаартай цагаан ачааны автомашиныг худалдахдаа авч байсан зөөврийн тайга хөрөөг бид хамт амьдарч байхдаа худалдан борлуулсан одоо байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2 мөнгөн хазаар анхнаасаа байхгүй. Харин 1 мөнгөн хазаарыг Жаргалант сумын иргэн н.Батсайханд морь худалдахдаа төлбөрт нь тооцож авч байсан боловч Д.******* үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул буцааж өгч байсныг Д.******* өөрөө мэдэж байгаа. Мөн надад 21 тооны морь байхгүй, 2 тооны морь байгаа. 5 тооны үхэр байхгүй, 2017 онд хадам дүү оторт явах гэж байна гээд 8 тооны үхрийг тууж яваад буцааж өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2018 оны мал тооллогоор тоологдсон тоогоор малаа нэхэмжилсэн байна. Бид 2018 онд малчны зээл авахаар малын тоогоо нэмж тоолуулж байсан. Иймд дээрх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид хамтран амьдрах хугацаандаа цалингийн болон бизнесийн зээл авч байсан нь үнэн. Гэхдээ цалингийн зээлийг Д.******* сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшихдээ авч өөртөө зарцуулж, төлж дуусгасан. Бизнесийн зээлийг бид дэлгүүрээ өргөтгөх, дэлгүүртээ бараа татах зэрэгт зарцуулаад түүнээсээ зээлээ төлж дуусгасан тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага цалингийн зээл 23,408,888 төгрөгийн 50 хувь болох 11,704,444 төгрөг, бизнесийн зээл 35,193,702 төгрөгийн 50 хувь болох 17,596,851 төгрөг, нийт 29,301,295 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/00070 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар регистрийн дугаар РЕ83081160, Түмэд Дагийраазайн *******, регистрийн дугаар РЕ83031979, Зурхайч Зинамядарын******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар регистрийн дугаар РЕ08272814, 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү*******, регистрийн дугаар РЕ10231818, 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү*******ийн*******, регистрийн дугаар РЕ12301904, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Сув-Эрдэнэ, регистрийн дугаар РЕ20210371, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Бат-Эрдэнэ нарыг эх Д.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Сув-Эрдэнэ, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Бат-Эрдэнэ нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү*******, 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү*******ийн*******, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Сув-Эрдэнэ, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Бат-Эрдэнэ нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Ганхуягаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ад Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай баригдсан 294 мталбайтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, шилэн нүүртэй хөлдөөгч зэрэг эд хөрөнгийг, хариуцагч З.Ганхуягт Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мталбайтай газар дээр баригдсан 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 112 мөвлийн сууцыг тус тус үлдээж, хариуцагч З.Ганхуягаас адуу 2 толгой, блокийн машин (иж бүрдэл) зэрэг эд хөрөнгүүд, 5 толгой үхрийн үнэ 2,500,000 төгрөг, 19 толгой адууны үнэ 19,000,000 төгрөг, Мазда маркийн автомашины үнэ 15,000,000 төгрөг, ЗИЛ-130 автомашины үнэ 3,500,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад, нэхэмжлэгч Д.*******аас 108,333 төгрөгийг гаргуулж, хариуцагч З.Ганхуягт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,502,825 төгрөгийн эд хөрөнгө, цалингийн болон бизнесийн зээл 29,301,295 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ганхуягаас 256,470 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 865,485 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******ад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохыг хориглохыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Ганхуяг болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх гэр бүл цуцлах иргэний хэргийг шийдвэрлэхдээ эд хөрөнгөний маргааныг нэг талыг барин шийдвэрлэсэн гэж бид дүгнэж байна.

Гэр бүл цуцлах, асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч З.Ганхуяг гэр бүл цуцлах, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дундын эд хөрөнгө гэх 142,266,155 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хариуцагч З.Ганхуяг эхнэр, хүүхдүүддээ өөрийн хөрөнгөнөөс 49,000,000 төгрөг өгье гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар өгсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ... нэхэмжлэгч Д.******* Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалтай баригдсан 294 м2 талбайтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, шилэн нүүртэй хөлдөөгч зэрэг эд хөрөнгийг, хариуцагч З.Ганхуягт Хөвсгөл аймгийн жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700 м2 талбайтай газар дээр баригдсан 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 112 м2 өвлийн сууцыг тус тус үлдээж... гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм. Мөн Мазда маркийн автомашины үнэ 15,000,000 төгрөг, 3ил 130 автомашин 3,500,000 төгрөгийн эд хөрөнгийг сумын татварын байцаагчийн тамгатай 2021 оны 1 сарын баримтыг үндэслэн хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч З.Ганхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 4 хүүхдэдээ ногдох хэсэг болох 142,266,155 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингийн болон бизнесийн зээлийн төлбөрт 29,301,295 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 4 хүүхдэдээ ногдох хэсэг болох 138,152,825 төгрөгийн эд хөрөнгө, цалингийн болон бизнесийн зээлийн төлбөрт 29,301,295 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2. Хариуцагч З.Ганхуяг гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзвэл гэрлэгчид 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээр бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү*******, 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү*******ийн*******, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Г.Сув-Эрдэнэ, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Г.Бат-Эрдэнэ нар төрсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй байна.

4. Харин шүүх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хангаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 4 хүүхдэдээ ногдох хэсэг болох 138,152,825 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болох цалингийн болон бизнесийн зээлийн төлбөрт 29,301,295 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Тухайлбал,

5. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хуваах, харилцан тохиролцох журмаар хуваах, маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг шүүх тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болохоор Иргэний хуулийн 130 дугаар зүйлд тусгайлан заажээ.

6. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан атал шүүх... нийт 90,650,000 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох нь зүйтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгч Д.*******ад Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай баригдсан 294 мталбайтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, шилэн нүүртэй хөлдөөгч зэрэг эд хөрөнгийг, хариуцагч З.Ганхуягт Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мталбайтай газар дээр баригдсан 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 112 мөвлийн сууцыг тус тус үлдээж, хариуцагч З.Ганхуягаас ...нийт 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад, нэхэмжлэгч Д.*******аас 108,333 төгрөгийг гаргуулж хариуцагч З.Ганхуягт тус тус олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэдэн хүнд, хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчид маргаан бүхий дундын эд хөрөнгийг тооцож хуваахдаа нэхэмжлэгч болон хүүхдүүдэд 70,000,000 төгрөгийн эд хөрөнгийг олгож, зөрүү 108,333 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн байна.

7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл ...аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно. гэх хуулийн заалтыг үндэслэн зөрүү мөнгө гаргуулж шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийн заалтыг хэрэглэх байжээ. Гэтэл шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх юм.

8. Түүнчлэн шүүх хариуцагч маргаан бүхий ЗИЛ-130 маркийн 41-60 ХӨА улсын дугаартай авто машиныг худалдаж аваагүй гэж маргаж байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Мазда маркийн 37-92 ХӨВ улсын дугаартай  автомашин нь хэрэгт авагдсан татварын улсын байцаагч С.Ганзулын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор хариуцагч З.Ганхуягт байгаа болох нь тогтоогдож байна гэж дүгнэн дээрх автомашинуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн иргэн Зинамядар овогтой******* нь /РЕ83031979/ Татварын албанд 4160 ХӨА улсын дугаартай ЗИЛ-130 машин, 3792 ХӨА улсын дугаартай mazda маркийн бага оврын ачааны машин бүртгэлтэй байгааг тодорхойлов гэсэн татварын улсын байцаагчийн тодорхойлолт нь иргэний хэрэг үүсгэхээс өмнө гаргасан тодорхойлолт байх ба хаана юунд зориулж гаргасан тодорхойлолт болох нь тодорхойгүй, 181 дүгээр талд авагдсан 4230ХӨН улсын дугаартай Hyundai Porter, 4160ХӨА ЗИЛ 130 маркийн авто машины эзэмшигч Зинамядар овогтой******* /РЕ83031979/ гэх лавлагаа нь он, сар өдөргүй, уг лавлагааны ар талд гэрлэгчдийн маргаж буй Мазда маркийн 37-92 ХӨА улсын дугаартай автомашинтай байсан талаар тусгасан байх ба уг машиныг хэрхсэн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэжээ.

Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 221 дүгээр талд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн Иргэн Зинамядарын******* РЕ83031979/-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна гэх албан бичиг авагдсан байх ба гэрлэгчдийн маргаан бүхий дээрх авто машинууд нь гэрлэгчдийг хамт амьдарч байхад бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх, хариуцагчийн эзэмшлээс хэзээ бусдад шилжсэн болохыг шалгаж тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл дээрх тээврийн хэрэгслүүдийн бусдад шилжсэн болохыг тодорхойлсон түүхчилсэн лавлагаа хэрэг шийдвэрлэхэд чухал шаардлагатай байжээ.

9. Иймд шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулах болон уг маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагч З.Ганхуяг болон түүний өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ... нэхэмжлэгч Д.******* Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалтай баригдсан 294м2 талбайтай 30.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, шилэн нүүртэй хөлдөөгч зэрэг эд хөрөнгийг, хариуцагч З.Ганхуягт Хөвсгөл аймгийн жаргалант суманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700 м2 талбайтай газар дээр баригдсан 15.000.000 төгрөгийн үнэ бүхий 112м2 өвлийн сууцыг тус тус үлдээж... гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм. Мөн Мазда маркийн автомашины үнэ 15.000.000 төгрөг, 3ил130 автомашин 3.500.000 төгрөгийн эд хөрөнгийг сумын татварын байцаагчийн тамгатай 2021 оны 1 сарын сарын баримтыг үндэслэн хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/00070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ