Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0698/з |
Дугаар | 001/ХТ2021/0086 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/0086
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Цагдаагийн ерөнхий газрын даргад
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,084,111.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0711 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0711 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,084,112.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 2.7.11, 4.2.1-т заасныг зөрчсөн, ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх үүрэгтэй байх ба Б.Б тухайн цаг хугацаанд иргэн Ж.С-Э-ийн гаргасан зөрчлийг бүртгэж, баримтжуулаагүй”... гэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 2.7.11, 4.2.1-т заасан ажиллагааг хийгээгүй буюу Ж.С-Э-ийг тус хэлтсийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч, зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэргийг агуулгаар нь шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх” зарчмыг ноцтой зөрчсөн.
4. Учир нь, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас Б.Б болон бусад албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахдаа шүүхийн шийдвэр, магадлал дээр дурдсан үндэслэлүүдийг зөрчсөн талаар огт яригдаагүй, хэлэлцэгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа бичээгүй, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хариу тайлбар татгалзалдаа яриагүй асуудал юм.
5. Захиргааны хэргийн шүүх нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/758 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 2 дахь заалтын хууль зүйн үндэслэлийг л хянах ёстой гэж үзэж байна.
6. Анхан, давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: “...илрүүлсэн зөрчил бүрийг бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж ажлаас буухдаа бүртгэлийн дэвтрийг ахлах зохицуулагчид өөрийн биеэр хүлээлгэн өгч тулгалт хийх...”, “... Ж.С-Э-ийг тус хэлтсийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч, зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна...” гэж дүгнэж байгаа нь бодит үйл баримттай нийцэхгүй, зөрчил мөн эсэхийг шалган тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүхийн дүгнэлт өгөөд байгаа хуулийн шаардлагаас өмнөх шатны ажиллагаа байгааг, Б.Б зөрчил гаргасан гэх этгээдийг цагдаагийн хэлтэст хүргээд өгөөч гэх Ё.Б-ийн гуйлтыг л биелүүлснийг шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
7. Тодруулбал, тухайн өдөр ижил үүрэг гүйцэтгэсэн Ё.Б, Ж.С-Э нар жолоочийг явахаас 9 минутын өмнө хэлтсийн байранд ирсэн, Ё.Б нь өөрийн хариуцсан ажил үүргээ харин биелүүлээгүй байдаг.
8. 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд ослын дуудлагад явах чиг үүргийг Б.Б, цагдаа Б нар туул 15, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг Ё.Б, цагдаа Ц-О нар туул 16 шугамаар хүлээн авч ажилласныг Хан-Уул дүүргийн цагдаагийн рапортын тэмдэглэлээс маш тодорхой харагдана.
9. Гэтэл үндсэн үүргээ биелүүлээгүй Ё.Б-т цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл, цагдаагийн хэлтэс дээр хүргээд өгөөч гэх гуйлтыг биелүүлсэн буюу гүйцэтгэж байсан албан үүрэгт хамааралгүй үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Б.Б-г албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны үйл ажиллагаа тэгш бус хандаж байгааг бүрнээ илэрхийлж байна.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд, нэхэмжлэгч Б.Б-ний хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэг болон Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан хаагч юм.
11. Төрийн тусгай албан хаагч болохын хувьд түүнд хариуцлага ногдуулах эсэх асуудлыг тусгайлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой бөгөөд тус хуулинд албан хаагчийн эрх зүйн байдал болоод хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан.
12. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8, 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу тус газраас нэгэнт эрүүгийн журмаар Б.Б-д холбогдох хэргийг шалгуулж байгаа бол эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.
13. Гэтэл бодит байдал дээр хариуцагч байгууллага нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, эрүүгийн журмаар шалгуулахтай зэрэгцэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан. Энэ байдал нь хуулийг дагаж мөрдөх журмыг зөрчиж буй хэлбэр юм.
14. Тодруулбал, уг маргаан бүхий акт анхнаасаа гарах хууль зүйн үндэслэлгүй байсан, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хэмээн үзэж байна.
15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд захиргааны эрх зүйн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-т заасан шийтгэлийн аль нэгийг сонгож оногдуулахаар заасан байх тул маргаан бүхий акт нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэг, 81.4.5 дахь хэсэгт заасан хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн байна” гэж шүүх дүгнэлээ.
16. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “... нэгэнт нэхэмжлэгч нь хуулиар харьяалуулсан гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй алдаа гаргасан учир маргаан бүхий актаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-т дараах сахилгын шийтгэл ногдуулна, 81.4.5-д нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авсан шийдвэрийг буруутгах боломжгүй байна” гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
17. Учир нь, хавтаст хэргийн 43-р хуудаст авагдсан Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбарын 3-рт “... 06 цаг 16 минут 15 секунд: Зохицуулагч цагдаагийн дэслэгч Ё.Б, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Ц-О нар хэлтсийн байранд ирсэн. 4-рт 06 цаг 21 минут 10 секунд: Тоёота приус 30 маркийн 4052 УБМ улсын дугаартай автомашины жолооч хэлтсийн байрны гадаа автомашинаа орхиод явсан...” гэж тогтоогдсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зохицуулагч цагдаагийн дэслэгч Ё.Б-ийн гуйлтын дагуу Б.Б зөрчил гаргасан гэх этгээдийг цагдаагийн хэлтсийн байранд хүргэсэн, Ё.Б 06 цаг 16 минут 15 секундэд ирэхэд зөрчил гаргасан этгээд цагдаагийн хэлтсийн байрнаас яваагүй байсан, өөрөө буцаж ирээд зөрчлийг шалган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.
18. Гэтэл ЦЕГ-ын дарга Ё.Б-т 3 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ё.Б-т ногдуулсан сахилгын шийтгэлийн тушаалд дурдсан хуулийн заалтууд Б.Б-ийн тушаалд бичигдсэн хуулийн заалтуудтай яг адилхан байдаг.
19. ЦЕГ-ын удирдах албан тушаалтнууд болох Б.Б, Ё.Б нарыг ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа, ижил төрлийн зөрчилд ялгамжтай шийтгэл ногдуулсан нь МУ-ын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “тэгш байдал”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4. “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг зөрчсөн.
20. Нөгөөтэйгүүр Захиргааны шүүх захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хяналт тавьж, хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Захиргаа хүн бүрт ижил түвшинд үйлчлэх ёстой юм.
21. Төрийн албаны хувьд хариуцлага хүлээлгэх эсэх, хэрэв хүлээлгэх бол ямар хариуцлага хэрхэн хүлээлгэх зэрэг нь захиргааны эрх хэмжээ буюу сонгох боломжийн хүрээнд байдаг.
22. Тэгвэл Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт зохицуулсан хариуцлага хүлээлгэх хэм хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгон хэрэглэх боломжтой захиргааны шийдвэр гаргах нэг төрөл юм.
23. Цагдаагийн ерөнхий газар буюу Захиргаа “Хууль ёсны байх” зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй, хууль болон дүрэмд зааснаар хэдийгээр түүний “сонгох боломж” ч гэсэн хууль болон Үндсэн хуулиар зохицуулагдсан эрх зүйн хязгаарын хүрээнд байх учиртай.
24. Энэ ч утгаараа хариуцагч байгууллагын гаргасан шийдвэр нь түүнд эрх олгосон Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн зорилгод нийцүүлж сонгох боломжийг хэрэглэхдээ Үндсэн хуулиар хамгаалагдсан “Тэгш эрхийн зарчим”-ыг баримталж сонгох боломжийг хэрэглэсэнгүй хэмээн үзэж байна.
25. Нэг өдөр ижил төрлийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан алба хаагчдад нэг зүйл заалтаар өөр өөр шийтгэл ногдуулж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж буй явдал юм.
26. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн: Цагдаагийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Б-ийн Б-д 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/578 дугаартай тушаалаар цагдаагийн дэслэгч цолыг хурааж, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ “хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж тушаалд бичсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “бусдыг хууль бус үйлдэл хийхэд шууд бус хэлбэрээр оролцсон” үйлдэл гаргасан гэж нэмж тайлбарладаг.
27. Хариуцагч: 2019.07.25-ны өдрийн Б/578 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7, 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан.
28. Хариуцагч байгууллагаас Б.Б-ийн гаргасан гэх сахилгын зөрчил, түүнд ногдуулсан сахилгын шийтгэл, түүнийг албажуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хоорондоо зөрчилтэй байдаг.
29. Сахилгын эсхүл ёс зүйн зөрчлийн аль нь болох нь тодорхойгүй, баримталсан хуулийн заалтууд нь хариуцагчийн тайлбарлан тодорхойлж буй зөрчлийн шинждээ тохирохгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоож, шийдвэрлэж чадаагүй. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим, 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3 захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана, 40.4 захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно, 97 дугаар зүйлийн 97.1 Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангарагаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна, гэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн.
30. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2 “энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан байгаагаас харахад хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон байх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа хэрэгжихгүй байна.
31. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай тушаалаар Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргахтай холбоотой ажиллагааг огт хийгээгүй, Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн шалгалт явуулахдаа тайлбар авч, цалингийн хувь бууруулах арга хэмжээ авах талаар танилцуулснаас бус Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг огт танилцуулаагүй, тушаалын нэг хувийг гардуулаагүй, 2019.08.01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
32. Анхан болон давж заалдах шатны шүүх сонсох ажиллагаа хийсэн нь Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлын 15 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч уг хуралдааны тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар огт хэлэлцээгүй, тушаалд бичигдсэн хуулийн үндэслэлтэй холбоотой зөрчлийн шинжийг тодруулах асуулт хариулт, хэлэлцсэн зүйл огт байхгүй байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.
33. Б.Б нь цагдаагийн албанд үр бүтээлтэй 13 жил ажилласан. Ахлагчаас эхлэн дэслэгч хүртэл цолоо ахиулж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт жуух бичгээр шагнуулсан.
34. Энэ байдлаас харахад 2019.06.27-нд болсон үйл баримттай зэрэгцээд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Б.Б-г үр бүтээлтэй ажилласан гэж 2019.07.09-ний өдөр шагнаж, 2019.07.25-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь төрийн албыг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудын ажилдаа хэт субъектив хандлагаар хандаж аливаа шийдвэрийг гаргаж байгаа нь эндээс харагдана. Б.Б-ийн хувьд ажлаас халах хэмжээнд хүртэл үнэхээр хангалтгүй алба хаагч бол түүнийг шагналд тодорхойлох эсэх, сайн ажилтан байгаад анх удаа сахилгын зөрчилд холбогдоход шууд цолыг хурааж, албанаас халах зэрэг нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж буй явдал юм.
35. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсгийг журамлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0711 дүгээр шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
36. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
37. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар “... хуулиар харъяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журам болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, цагдаагийн дэслэгч Б.Б-д цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хурааж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.Б-гээс уг тушаалыг эс зөвшөөрч, “... сахилгын шийтгэл ногдуулах тушаал шийдвэрийг танилцуулж, гардуулаагүй, ... ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журмын ямар заалтыг зөрчсөн, ямар үйлдэл гэдгийг тодорхой дурдаагүй, ... үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж маргажээ.
38. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Т-аас гаргасан “Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид манай нөхрийг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь бичиг баримтыг нь хураан авч, улмаар 500,000 төгрөг авсан” гэх гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс шалгаж, албаны шалгалт явуулсан, уг шалгалтаар “... Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, Ё.Б, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Ц-О, Ц.Б нар 2019 оны 06 дугаар сарын 26-наас 27-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явсан иргэн Ж.С-Э-ийг тээврийн хэрэгслийнх нь хамт цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн боловч, зөрчлийг тогтоох журмыг зөрчиж, согтуурал хэмжигч багажаар согтуурлын зэргийг шалгаж тогтоох, баримтжуулах ажиллагаа хийгээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, машины түлхүүрийг нь хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, улмаар зөрчил гаргагчийг явуулсан”, “... /маргааш нь/ эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн цагдаа зохицуулагч Д.Ц-О зөрчил гаргагчаас 500,000 төгрөгийг авлигад авч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өгч явуулсан” гэх зөрчил тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
39. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 2.7.11-т “илрүүлсэн зөрчил, зам тээврийн осол, түүний шийдвэрлэлт, гүйцэтгэсэн үүрэг замын хөдөлгөөний болон бусад нөхцөл байдлын талаар шууд захирах дарга, ахлах зохицуулагч эсхүл ерөнхий жижүүрт биечлэн буюу холбоо, мэдээллийн хэрэгслээр илтгэх”, 4.2.1-д “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6, 6.8 дахь хэсэгт заасны дагуу илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” үүргийг алба хаагчид ногдуулсан, тухайн тохиолдолд, үүрэг гүйцэтгэсэн алба хаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Б нь дээрх журмын зохицуулалтыг зөрчиж, илэрсэн зөрчлийг баримтжуулаагүй, шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлээгүй, илрүүлсэн зөрчлийн талаар болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, бусад нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдэж, зохих этгээдэд мэдэгдээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул маргаан бүхий актыг “хууль бус” гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
40. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д “/цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна/... бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох /...-ыг хориглох/”-оор, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх /үүргийг цагдаагийн алба хаагч хүлээх/”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийг саатуулж шалгахдаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчиж, зөрчлийг тогтоох, баримтжуулах ажиллагаа хийгээгүй, тэмдэглэл үйлдээгүйгээс уг зөрчил бүртгэгдээгүй, үүний улмаас зөрчил гаргагч этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон, цаашлаад “цагдаа зохицуулагч Д.Ц-О зөрчил гаргагчаас 500,000 төгрөгийг авлигад авч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өгч явуулах” боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, “хуулиар харъяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-д сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... шүүхийн шийдвэр, магадлал дээр дурдсан үндэслэлүүдийг зөрчсөн талаар огт яригдаагүй, хэлэлцэгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа бичээгүй, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хариу тайлбар татгалзалдаа яриагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлгүй.
41. Түүнчлэн, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, Ё.Б, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Ц-О, Ц.Б нар нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас 2019 оны 06 дугаар сарын 27-ны 08 цаг хүртэл Туул 15, 16 дугаар бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон, тухайн бүсэд гүйцэтгэх эргүүлийн үүрэг нь Б.Б, Ё.Б нарын хувьд өөр өөр байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, хамт үүрэг гүйцэтгэсэн Ё.Б-т тухайлан холбогдох зөрчил болон түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл, үйл баримтын талаар шүүх хэлэлцээгүй тул нэхэмжлэгч талын “... Б.Б, Ё.Б нарыг ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа, ижил төрлийн зөрчилд ялгамжтай шийтгэл ногдуулсан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “тэгш байдал”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4. Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг зөрчсөн” гэх агуулгатай гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй.
42. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан /4 төрлийн/ сахилгын шийтгэл оногдуулах”-аар заасны дотор 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг оногдуулж болохоор, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн Арван хоёрдугаар зүйлийн 12.12-т “хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулах”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын маргаан бүхий 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар цагдаагийн дэслэгч Б.Б-д цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хурааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т тус тус заасан захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх “сонгох боломж”-ийг хариуцагч эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд заасан шаардлагад үндэслэн, зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
43. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргахтай холбоотой ажиллагааг огт хийгээгүй, ... Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг огт танилцуулаагүй, тушаалын нэг хувийг гардуулаагүй” гэх боловч хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулахдаа “захиргааны акт гаргахын өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, маргааны үйл баримтын талаар болон Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулах талаар хэлэлцсэн Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хуралд Б.Б өөрөө оролцсон нь уг хурлын тэмдэглэлээр тогтоогдсон, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.
44. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...сонгох боломжийг хэрэглээгүй, ... Төрийн албаны тухай хууль... -д заасан ... хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон /зохицуулалтыг зөрчиж/ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа хэрэгжээгүй, ... төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгчдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ