Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2023/00013

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2023/00013

 

 

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2023/00177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголын Цахилгаан холбоо Хувьцаат компаний Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох

Гэм хорын хохирол 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагва-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эзэмшлийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлалтай******* төвийн дээврийн агааржуулалтанд нийт 5 газрын кабель утсыг бэхэлж ороосноос болж дээврийн хэсэгт цууралт хагарал үүсч улмаар 2021 оны 7, 8 дугаар сард борооны ус их хэмжээгээр орж дээвэр болон тус төвийн 4 өрөөний тааз, хана, шал эвдэрч гэмтсэн. Бид тухайн үед Мобиком ХХК, Юнивешн ХХК, Скайтел Хөвсгөл салбар, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК зэрэг газрын ажилтан нартай хамтарч******* төвийн дээвэр, 2 давхрын коридор, 3 өрөөний засварын тооцоог ойролцоогоор 11 сая орчим төгрөг байхаар тооцож нэг компаний 1,200,000 төгрөгийн зардал төлөхөөр тохирсон.

...Хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-ний Хөвсгөл аймгийн салбарын захирал Д.Ундармаа, ня-бо нартай биечлэн уулзахад засварын зардлын талаар харилцан тохиролцож чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэсэн.

...Иймд хариуцагч байгууллагаас засварын зардал-1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай кабелийн утас тухайн дээвэр дээр бэхлэгдээгүй байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан.

...Манай кабель ард нь байрладаг 13 дугаар байрны чардакнаас гарч байгаа. Кабель утасны таталтын стандарт нэг баганаас нөгөө багана хүртэл 50 метр дотор татах ёстой. ...Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2023/00177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагва-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох, гэм хорын хохирол 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 (гучин найман мянга есөн зуун тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******аас шинжээчийн ажлын хөлс 250,000 (хоёр зуун тавин мянгатөгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдолдоо: ...дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн талаар:

а/ Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...нийт гарсан зардлын хэмжээг тодорхойлох зорилгоор тухайн засвар хийсэн 5 өрөө, коридорт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх ...нэхэмжлэгч өөр баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох боломжтой гэсэн дүгнэлт хийж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар нь дүгнэхээс биш өөр баримтаар нотлох боломжтой гэж хуульд байхгүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийг хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.

б/ ...бид Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж улмаар Шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг 23-07-028/114 дугаартай дүгнэлтийг шүүх ...бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэнг ойлгосонгүй. Уг нь шүүх яагаад нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн болохоо тодорхой зааж бичих ёстой. /... Хэрэв хуулбар хувь байсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх бүтэн 6 сарын хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчид нотлох баримтын талаарх зөрчлийг арилгуулах бүрэн боломжтой энэ ажиллагаа бол хуулиар хориглосон ажиллагаа биш/

в/ Шүүх хуралдааны шатанд шүүгчээс ...засвар хийсэн материалыг худалдаж авсан баримт байгаа эсэх талаар асуухад итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтын талаар шүүх бүрэлдэхүүнд харуулсан гэсэн. Гэтэл шүүгч таны наад харуулж байгаа нотлох баримт нь хэрэгт байхгүй байна гэж хэлсэн байсан.

Хэргийн оролцогч нотлох баримтаа шүүхийн аль ч шатанд гаргаж өгөхийг хуульд тодорхой заасан, хэрэв хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байхгүй хэргийн оролцогч шүүх хуралдаанд цахимаар оролцож байгаа тохиолдолд уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна гэж үзвэл ИХШХШТХ-ийн 102 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүх хийж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх ёстой.

2.Шүүх гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар:

а/ Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар гаргахдаа эргэлзээтэй тайлбар гаргасан байдаг. ...мөн хариуцагч тайлбар, татгалзлалаа бусад нотолгооны хэрэгслэлээр нотолж чадаагүй байхад шүүх нотлох чиг үүргийг зөвхөн нэхэмжлэгч талд хүлээлгэж байгаад үнэхээр их харамсаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч тал гэм буруугүй өөрөөр хэлбэл кабелийн утас бэхлэгдээгүй эсхүл уг байгууллагын утасны жингийн хэмжээнээс шалтгаалж хохирол төлөх хэмжзэний /хохирол төлөх нөхцөл байдал өөрчлөгдөх/ багасах эсэх зэрэг байдлаа нотолсон тохиолдолд хариуцагч тал хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой. Энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.

б/ Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж тухайн үед агааржуулалтанд кабелийн утас нь холбогдсон бүх газарт хүргүүлсэн мэдэгдэл, уг мэдэгдэлд хүлээн авсан ажилтны гарын үсгийг зуруулсан, Улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа уг дүгнэлтийн хуулбар болон төлбөр төлөхийг мэдэгдсэн тухай мэдэгдлүүд, засвар хийж байгааг нотолсон фото зураг зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн ба уг баримтуудыг шүүх шинжлэн судалсан атлаа ямар ч дүгнэлт хийгээгүй.

в/.Шүүхийн шийдвэрийн ...дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь тухайн 5 байгууллагын кабель утас ялангуяа хариуцагч талын утас хэзээнээс бэхлэгдсэн болохыг тогтоох боломжгүй, өөрсдөө хэзээ утас бэхэлж тогтоосноо мэднэ. Харин уг кабель утсыг зориулалтын бусаар холбогдож улмаар яг тэр хэсэгт цууралт үүсэхэд нөлөөлсөн болохыг Улсын байцаагчийн шинжээчид бусад байгууллагын удирдлагууд газар дээр нь үзээд зөвшөөрсөн болох нь тодорхой ба энэ талаар талууд маргаагүй юм.

г/.Шүүх хариуцагч талын тайлбарыг бүрэн гүйцэт шийдвэрт тусгасан атлаа нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн агуулга, хариуцагчийн гаргасан тайлбарыг няцааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг шийдвэрт бүрэн тусгаагүй.

Иймд Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагва-Очир нь Монголын Цахилгаан холбоо Хувьцаат компаний Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагва-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Тодруулбал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлэх бөгөөд  нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болохоо холбогдох баримтаар нотлох үүрэгтэй.

Учир нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь Мөрөн сумын 8 дугаар багт байрлах******* төвд учирсан хохирол нэхэмжилсэн байх боловч дээрх төвийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд болохоо баримтаар нотлоогүй тул түүнийг******* төвийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийхгүй орхилоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2023/00177 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэл гаргах, давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.