Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

  2019          01          10                                       55

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Чт холбогдох эрүүгийн 1805 0616 21276 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1959 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, сард 290 000 төгрөгийн тэтгэмж авдаг, ам бүл 2, Ч.

 

Шүүгдэгч П.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 27-1147 А тоотод маргааны улмаас ир үзүүртэй зүйлээр хатгаж, Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Ч мэдүүлэхдээ:

Хохирогч Бийн биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Тухайн өдөр би байрандаа засвар хийж байтал Б “ахаа нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би нэг шил архи авч өгсөн. Тэр архиа бид хоёр хувааж уусан. Түүний дараа дахин нэг шил архи уугаад, мах идэж байгаад бид хоорондоо маргасан. Б нь манай хүргэн боловч тэр эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа юм. Тэр талаараа надад хэлэхэд нь би ойлгоогүйгээс болоод маргасан. Тэгээд мах идэж байсан хутгаараа түүнийг хатгаж, гэмтэл учруулсан нь үнэн. Хойшид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би Бийн эмчилгээний зардалд 340 000 төгрөг төлсөн. Одоо түүний биеийн байдал гайгүй, тэр уурхайд гагнуурчин хийж байгаа. Цаашдаа энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжлэх юм бол төлнө. Прокурортой 500 000 төгрөгөөр торгуулахаар  ял тохиролцсон. Энэ торгуулийн мөнгийг тогтоосон хугацаанд төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Б мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагаас хойш Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1147 А тоотод байхдаа хүргэн ах Чын хамт 0,5 гр архи хоёрыг уусан юм. Чын эхнэр Оюунтогтох архинаас хоёр удаа татсан. Тэгээд манайх мах чанасан байсан бөгөөд ширээн дээр мах тавиад идсэн. Ч бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Ч манайхныг чи дарамталлаа гэж хэлээд өрөө рүүгээ ороод хутга аваад миний баруун гарын булчин, зүүн эгэмийн хэсэг болон зүүн сарвууны урд нэг нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би Чын гарыг мушгиад газар унагаагаад дарсан. Хутгаа тавихгүй байхаар нь А миний охин хутгыг аваарай гэж хэлсэн. Оюунтогтох өрөөнөөс гараад зугтаасан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 04-ний орой хичээл тараад 19 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1147 А тоот гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Б, Ч ах болон эхнэр Оюун нар байсан. Ч ах Оюун эгч хоёр өрөөндөө байсан. Манай аав Б галын өрөөнд намайг хүлээгээд сууж байсан. Намайг аав хоол хийгээрэй гэсэн. Хөдөөнөөс манайд мах ирсэн болохоор хажуу айлын хүмүүсийг дуудаж мах идүүлнэ гэхээр нь би мах чанасан. Аав намайг архинд гараад ир гэхээр нь би дэлгүүр яваад 0.5 гр Хараа архи 1 шилийг аваад гэртээ орж ирсэн. Ч ах галын өрөөнд орж ирээд аавтай юм яриад уугаад суусан ба махаа гаргаад тэр хоёрын аяганд мах өшиглөж өгсөн. Оюун эгч шөл хийгээд өг гэхээр нь тэр хоёрын аяганд шөл хийгээд өгсөн. Ч ах аавтай нилээн удаан юм ярьсан. Оюун эгч бид хоёр том өрөөнд зурагт үзээд сууж байгаад би хоол идэх гээд Оюун эгч бид хоёр галын өрөөнд ороход Ч ахын уур нь хүрсэн бололтой байсан. Аав юм яриад л сууж байсан. Тэр хоёрын яриа чангарахад хойд ээж Оюунтуяагийн талаар ярьж байсан. Оюун эгч том өрөөнд орчихоод намайг том өрөө рүү дуудсан. Би яасан бэ гэхэд Оюун эгч “Ч ах чинь архи уухаараа хутга бариад байдаг шүү, наад хоёрын чинь яриа эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Би эргээд галын өрөөнд ороод ширээн дээр байсан 1 заазуур, 3 хутгыг аваад нуучихаад буцаад том өрөөндөө орсон. Ч ах “Оюу, Оюу” гээд эхнэрээ дуудсан. Бид хоёр хамт галын өрөөнд орсон чинь Ч ах Б намайг алгадчихлаа гэсэн. Тэгтэл Оюу  “чи зүгээр л байна шүү дээ, худлаа хэллээ” гээд өнгөрсөн. Тэгээд Ч ах Оюун эгчийг өрөөндөө ор гэсэн. Тэгтэл Оюун эгч өрөөндөө орсон. Ч ах араас нь босоод өрөө рүүгээ орсон. Тэгээд аав яваад аавын араас би явсан. Манай байшингийн өрөөнүүд хоорондоо ойрхон л доо. Тэгтэл Ч ах өрөөнийхөө үүдэнд байдаг ширээн дээрээс нэг хутга аваад аавыг хутгалсан. Тухайн үед ааваас цус гарахгүй байсан. Аав Ч ахтай зодолдоод эхэлсэн. Би боль гээд дундуур нь орж салгах гэтэл бараагүй. Тэгээд аав Ч ахыг газар дараад, намайг хутгыг нь аваарай гэхэд би Ч ахын гарнаас хутгыг нь авах гэтэл чанга атгасан байсан болохоор хуруунуудыг нь нэг нэгээр нь татаж байгаад хутгыг аваад жижиг өрөө рүү шидээд хаалгыг нь түгжээд түлхүүрийг галын өрөө рүү шидсэн. Оюун эгч бол Ч ах, манай аавыг хутгалахыг хараагүй. Тэр хоёрыг зодолдож байхад Оюун эгчээ туслаарай гэхэд би айгаад байна гээд нэг мэдэхэд Оюун эгч гадаа гарчихсан Ч ахын ар гэрийнхнийг дуудаж байсан. Аав цагдаа дууд, аав нь хутгалуулсан гэхэд ааваас цус гараад аймаар болсон гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14442 тоот дүгнэлтэд:

1. Г.Бийн биед баруун бугалга, цээж, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Ч нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 27-1147 А тоотод хохирогч Г.Бтой маргалдан, улмаар түүнийг хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь баруун бугалга, цээж, зүүн сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Б.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14442 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Прокуророос П.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд П.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 338 500 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгснийг шүүгдэгч бүрэн хүлээн зөвшөөрч, 340 000 төгрөг төлсөн байна. Г.Б цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар, бор, алаг судалтай бариултай, 19,5 см урттай хутга нэг ширхэгийг устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Бид 340 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар, бор, алаг судалтай бариултай, 19,5 см урттай хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН