Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00015

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00015

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь*******ид холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,875,752 (есөн сая найман зуун далан таван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мандухай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогчоор томилогдсон. 2017 онд*******захирал МСҮТ-ийн захирал болж намайг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халж, 2018 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орж байсан. Мөн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. Мөн шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн томилогдоод, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2022 оны 10 дугаар сард ажилдаа томилогдож орсон. Ажилгүй байсан хугацааны цалин 13,850,000 төгрөгийг авсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан 164 хоногийн цалин 9,875,752 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд миний 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Нийгмийн даатгалынхаа нөхөн бичилтийг хийлгүүлж авах хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 155/ШШ2022/000167 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд томилогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог. Үүнээс хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэдийд ч ажилдаа орох талаар хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Хүсэл зоригоо илэрхийлж ажилдаа оръё гэж ирж уулзаж байгаагүй. Гомдол гаргах эрх нь байдаг учир манай байгууллага дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Ийнхүү нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны 9 дүгээр сард хандаж манай байгууллагад 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас ирсэн байдаг. Манай байгууллага үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/72 тоот даргын тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг нь буцаан олгосон. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох талаар хүсэл зоригоо илэрхийлж байгууллагын дарга Н.Баатар-Очирт хандаж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******оос 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,815,534 (есөн сая найман зуун арван таван мянга таван зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,218 (жаран мянга хоёр зуун арван найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******ид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,963 (нэг зуун далан хоёр мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******оос тэмдэгтийн хураамж 171,998 (нэг зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь******* давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь*******ийн захирал*******миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд Хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн ажилд орох ажилд орох хүсэл зоригоо илэрхийлсэн бол ажилд нь эгүүлэн тогтоох байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлийг үгүйсгэж байна гэж үзэх үндэслэлтэй юм гэж дүгнэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан ...шүүхийн шийдвэрийг давж заалдах... гэсэн үндсэн эрхийг зөрчиж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

Энэ нь Монгол Улсын Хуулийн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гэж заасан суурь зарчмыг хөндөж, хэргийн оролцогч үндсэн эрхээ хэрэгжүүлсэн байдлыг үгүйсгэж байгаа шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Хэргийн хариуцагчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэг зааснаар шат шатны шүүхэд гомдол гаргах хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ/2022/00167 дугаартай шийдвэрийг биелүүлэхээс огт татгалзаагүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хэмжээнд хүрээгүй байсан. Хууль, журмын дагуу Сангийн яаманд мэдэгдэхээр албан бичиг илгээж, томилох ажиллагааг хийж байсан. Мөн Иргэний эрх зүйн хүрээний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бол сайн дурын үндсэн үүсдэг хоёр талын харилцаа юм. Ажил олгогч ажилтны ажилд орохоор, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хандаж ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг бөгөөд цаашид ажил олгогч, ажилтны аль аль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох, цуцлах хуульд заасан тэгш эрхтэй билээ.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ******* гардан авах үүргийнхээ дагуу гардан авсан өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилдаа эгүүлэн томилуулахаар ажил олгогчид хандах эрх нь нээлттэй байсан хэдий ч зориуд өөрт ашигтай байдлаар хугацаа хожсон гэж үзэж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж нь хэргийн оролцогч талуудын давж заалдах гомдол, хяналтын гомдол гаргах эрхийг хязгаарлах, үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/2023/00240 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мандухай давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч удаа ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүйгээр зориуд хугацааг удаашруулсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******ид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,875,752 (есөн сая найман зуун далан таван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Миний бие 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. Мөн шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн томилогдоод шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2022 оны 10 дугаар сард ажилдаа томилогдож орсон. Ажилгүй байсан хугацааны цалин 13,850,000 төгрөгийг авсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан 164 хоногийн цалин 9,875,752 төгрөгийг гаргуулна гэжээ.

1.Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч *******г Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь*******ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон.

2.Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаар Ангилал шинэчлэн тогтоох тухай тушаалаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг политехник коллежийн ангилалд шилжүүлэн нэршлийн хувьд Хөвсгөл аймаг дахь******* болгосон үйл баримт зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт ... эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно... гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн *******г 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь*******ийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй.      

4. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагч буюу ажил олгогч ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй. 

******* нь 2022 оны 02-р сард ажилгүй байсан хугацаа 12 хоног, 2022 оны 3 дугаар сард 22 хоног, 2022 оны 4 дүгээр сард 21 хоног, 2022 оны 5 дугаар сард 22 хоног, 2022 оны 6 дугаар сард 20 хоног, 2022 оны 7 дугаар сард 16 хоног, 2022 оны 8 дугаар сард 23 хоног, 2022 оны 9 дүгээр сард 22 хоног, 2022 оны 10 дугаар сард 5 хоног, нийт 163 хоног ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааг 1 хоногоор илүү тооцож нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй байна.

5. Хариуцагчийн гаргасан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ/2022/00167 дугаартай шийдвэрийг биелүүлэхээс огт татгалзаагүй, ...Ажил олгогч ажилтны ажилд орохоор, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хандаж ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг бөгөөд цаашид ажил олгогч, ажилтны аль аль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох, цуцлах хуульд заасан тэгш эрхтэй, нэхэмжлэгч зориуд өөрт ашигтай байдлаар хугацаа хожсон, шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж нь хэргийн оролцогч талуудын давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлах, үгүйсгэх үндэслэл болохгүй юм гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мөн адил эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 557 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Энэ нь хариуцагчийн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийг анхан шатны шүүх хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч зориуд өөрт ашигтай байдлаар хугацаа хожсон эсэхээс үл хамааран ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул ...ажил олгогч ажилтны ажилд орохоор, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хандаж ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг... гэх гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ...цалин төлөхөөр бол 2022 оны 7 дугаар сараас ажилдаа орох хүртэлх цалинг төлж болох юм... гэх тайлбарт

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор хуульд тодорхой заажээ.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь ямар учраас нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс цалин олгох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ анхан шатны шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ