Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

  2019           01          14                                      57

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /2352/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 1805 0544 41150 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группэд байдаг, сард 247 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, М.

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гадна иргэн Д.Быг цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.М мэдүүлэхдээ:

Тэр өдөр Нисэхэд байдаг удаан уулзаагүй найз маань намайг гэртээ дуудсан тул би гэрт нь очиж, архи уугаад тасарсан байсан. Нэг сэрсэн чинь Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд байсан. Би хохирогчтой маргалдаж, зодолдсон асуудлыг санахгүй байгаа. Би хохирогч залууд өс хонзон санасан зүйл байхгүй. Хохирогчийн биед учруулсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн тэр залуу руу залгаад уучлалт гуйсан. Хохирлын мөнгө төлөх гэж хохирогч руу залгахад “би гадаад явлаа” гээд утсаа тасалсан тул 400 000 төгрөгийг мөрдөн байцаагчаар дамжуулж өгсөн. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа. Цаашид хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжлэх юм бол төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн 59-87 УБР улсын дугаартай автомашинтайгаа хогийн цэг рүү ухарч, орцны хажуу талд зогсоод машин дотроо байсан. Тухайн үед өвөө, эмээгээс юм авах гэж хүлээж байсан юм. Миний машины урд талд согтуу хүн шороон дээр суучихсан, эмэгтэй хүн машинаас юм авч байсан. Тэгээд тэр согтуу хүн эмэгтэй хүн рүү агсараад байсан. Тэр эмэгтэй хүн эхнэр нь бололтой байсан. Согтуу хүн зөрж өнгөрсөн хүн болгон руу агсараад байсан. Хажуугаар нь эмэгтэй хүн өнгөрхөд түлхээд, эхнэр нь боль гээд бариад авахад эхнэрээ түлхсэн. Тэгэхээр нь би машин дотроо хараад суухад хэцүү байсан тул тэр согтуу хүнийг бариад авсан. Согтуу хүнийг би дээр нь гарч дарсан. Тэгээд эхнэр нь яасан бол гээд эргэж харахад нөгөө согтуу хүн баруун гараараа намайг заамдчихсан, зүүн гараараа миний нүдний шүл рүү цохисон. Тэгээд толгой руу цохисон. Миний нүд бүрэлзээд, баруун гарыг нь тавиулж чадахгүй байтал нэг хүн ирээд намайг салгасан. Тэр хүн эхлээд миний нүдний шил рүү цохисон. Тэгээд толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний баруун нүдний урд хамар дагуулж, 6 оёдол тавиулсан. Эмчилгээний зардлаа гаргуулна. Би аавынхаа “Дөл хангай” ХХК-д гадаад харилцааг нь хариуцаж ажилладаг. Цаг хугацаа их алдсан, гоо сайханд халдсан гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ч мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Мын хамт найзынхаа гэр рүү очсон. Би машинаа жолоодож явсан. Манай нөхөр айлд очоод бурхны жижиг 50 грамм виски, бас Болор нэртэй архинаас 100 грамм уусан. Тэгээд согтоод ирэхээр нь би аваад гэр рүүгээ ирсэн юм. Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 4 дүгээр байрны гадаа ирээд би дүүгийнхээ машиныг аваад явчихсан байсан болохоор машиныг нь хүргэж өгөх гээд яараад нөхөр унтах гээд байхаар нь машинаас хүчээр буулгасан. Манай нөхөр шороон дээр сууж байхаар нь босоод гэр рүүгээ орохгүй юу гэхэд орохгүй гэсэн. Тэгээд би нөхрийг босгох гэхээр босохгүй гээд намайг түлхээд байж байтал хажуугаар өнгөрсөн танихгүй залуу чи яагаад эхнэрээ зовоогоод байгаа юм бэ гээд цагдаа дуудчихсан. Тэгээд байж байхад нэг хүү гарч ирээд манай нөхрийг “боль” гэхэд нөхөр “чи намайг болиулдаг хэн бэ, нааш ир” гээд манай нөхөр хараа муутай болохоор ийш тийшээ үсчээд байсан. Тэгээд тэр хүү ирээд манай нөхрийг заамдаад авсан. Тэр хүү манай нөхрийг газар унагаагаад дарсан. Манай нөхөр чи тавь гэхэд нөгөө хүү та гараа тавь гээд байсан. Тэгтэл тэр хүүгийн нүдний шил сугараад унасан. Би тэр хүүд “миний хүү наад хүнээ цохиж болохгүй, хараа муутай болохоор юм хардаггүй юм” гэсэн. Тэгээд нөхөр, тэр хүү хоёр салсан. Цагдаа ирээд тэр хүүгийн өвөө эмээ ч гарч ирсэн. Нөхөр Мын хамарнаас цус гараад, нөгөө хүүгийн хамарны хажуунаас цус гарсан байсан. Манай нөхөр архи уудаггүй, хатуу ширүүн зантай хүн биш, мөрөөрөө л байдаг юм. Өмнө нь агсам тавьж байгаагүй. Манай нөхөр одоо өөртөө их гутраад байгаа. Хүний хүүхдийг ийм болгочихлоо гээд байсан. Манай нөхөр 90 хувийн хараагүй юм гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12694 тоот дүгнэлтэд:

1. Б.Бын биед хамрын нуруунд шарх, баруун зовхинд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.М ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гадна хохирогч Д.Быг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруунд шарх, баруун зовхинд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Б.Чимгээ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12694 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 396 550 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчид 400 000 төгрөг өгчээ.

Иймд С.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бад 400 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН