Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

   2019          01          14                                     58

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Ц.Ц,

шүүгдэгч: З.Б,

           хохирогч: Ц.Ц,

хохирогч: З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б, Ц нарт холбогдох эрүүгийн 1805 0500 31163 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, хувиараа машин засдаг, сард 800 000 төгрөгийн орлоготой, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, Ц.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний техникч мэргэжилтэй, Зүтгүүрийн депод засварчин ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, ,

2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.

 

Шүүгдэгч З.Б, Ц.Ц нар нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ц.Ц мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. З.Бы нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хойшид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- З.Б мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Би хохирогч Ц.Цийн нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Ц.Цийн биед хөнгөн хохирол учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Ц.Ц мэдүүлэхдээ:

Бид хоёр сайн дураар эвлэрсэн. Өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эм авч уусан. Гэхдээ энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-З.Б мэдүүлэхдээ:

Миний биед дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан. Дээрх гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ц.Ц бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн. Гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ч мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад дүү Аын хамт такси бариад гэр рүүгээ харьсан юм. Б бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй ба манай 7 сартай бага охин ханиадтай байсан учир нөхөр Быг эмийн бичгийг нь аваад гараад ир, хамт аптек ороод цуг гэр рүүгээ оръё гээд залгасан юм. Би такситайгаа дээрээс уруудаад орж ирж байхад Б надтай утсаар яриад шороон зам дээр явж байтал араас нь машин ачдаг бололтой том машин мөргөх шахам 2 удаа тулж зогссон. Тэгтэл Б уг машины жолооч дээр очоод юм хэлээд байгаа бололтой зогсож байтал жолоочийн гар нь гарч ирээд нөхөр Бы нүүрэн хэсэгт цохисон. Б зөрүүлээд жолоочийг машин дотроо сууж байхад нь цохитол жолооч нь машинаасаа бууж ирээд Б тэр хоёр барьцалдаж аваад харилцан бие биенийгээ цохиж, хамт газар унаад манай нөхрийг доороо оруулчихсан. Би салгах гээд очтол намайг түлхээд ойртуулахгүй байсан. Тэгтэл зам дээр түгжрэл үүсээд машины жолооч нар бууж ирээд салгах гэтэл ачлагын машины жолооч бүгдийг нь түлхээд цохиод ойртуулахгүй байхаар нь би дийлэхгүй нь гээд цагдаа дууд гэтэл А цагдаа дуудтал ачлагын машины жолооч өөрөө салаад боссон. Тэгээд хоорондоо маргалдаж байтал гэнэт ачлагын машины жолооч нөхөр Бы дух руу гараараа цохитол алаг машинтай хоёр цагдаа ирээд Быг бичиг баримтаа аваад ир гээд гэр рүү оруулсан. Б гарч ирэхдээ миний дух цөмөрсөн байна гээд цагдаад үзүүлэхээр нь би гэмтлийн эмнэлэг явъя гэтэл эхлээд цагдаагийн хэлтэс оръё гээд ачлагын машины жолооч болон нөхөр Быг аваад авсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.А мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад эгч Чамин-Эрдэнийн хамт такси бариад гэр рүүгээ харьсан юм. Ч эгч нөхөртэйгээ аптек орно гээд утсаар яриад явж байсан. Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны уртаас такситайгаа орох үед хүргэн ах Б  гадаа гараад ирчихсэн байхаар нь би гараад ирсэн байна гэж эгчдээ хэлсэн. Энэ үед Б ах шороон зам дээр явж байхад баруун талаас нь том ачлагын машин мөргөх шахаад зогссон. Б ах жолоочийн цонхон дээр очоод маргаад байх шиг байсан. Тэгтэл жолооч нь Б ахын нүүр рүү гараараа саваад цохитол Ч эгч цохичихлоо гээд буусан. Б ах жолоочийг зөрүүлээд цохиж байсан. Би таксины жолоочид 10 000 төгрөг өгтөл задлахгүй гэхээр нь чи задлуулчих гээд таксины жолоочид мөнгөө өгөөд таксинаас буутал ачлагын машины жолооч нь машинаасаа буучихсан Б ах тэр хоёр барьцалдаад Б ах доор нь орчихсон газар зодолдож байхаар нь очоод салгах гээд ачлагын машины жолоочийн хойноос татах гэтэл цаашаа байгаарай гээд тохойгоороо хойшоо ёвроод ойртуулахгүй байсан. Надаас гадна 2-3 машины жолооч нар очиж салгах гээд дийлээгүй. Би буцаж такси дээрээ очоод тортой эд зүйлээ аваад эргээд иртэл салаагүй, ахыг чирээд зодоод яваад байхаар нь цагдаа дуудлаа гээд 102 руу залгаад цагдаа дуудсаныхаа дараа цагдаа дуудчихсан шүү одоо болиоч гэтэл хэсэг цохиж байгаад салаад өөрөө холдсон. Ачлагын машины жолоочтой хамт явж байсан туранхай шар залуу нь салахгүй, бид нарыг байж бай гээд байсан. Б ах босч ирээд жолоочтой маргалдаад байсан. Жолооч нь Б ах руу дайраад л байсан. Удалгүй цагдаа ирээд бичиг баримтуудаа аваад ир гэтэл Б ах гэр рүүгээ ороод гарч ирэхдээ миний дух сонин болчихжээ, хүрэхээр шар шар гээд дуугараад байна гэхээр нь хурдан гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэтэл ирсэн хоёр цагдаа ачлагын машины жолооч болон Б ахыг машиндаа суулгаад аваад явсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10952 тоот дүгнэлтэд:

1. Ц.Цийн биед хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10955 тоот дүгнэлтэд:

1. З.Бы биед дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Ц нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

З.Б нь 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 94 үгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч З.Б, Ц.Ц нар нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож,

Ц.Ц нь З.Бы биед дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

З.Б нь Ц.Цийн биед хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Г.А, Г.Чаминцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10952 тоот, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10955 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд З.Б, Ц.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч З.Б нь шүүгдэгч Ц.Цаас, хохирогч Ц.Ц нь шүүгдэгч З.Баас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алиндаа төлөх төлбөргүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч З.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Ц.Ц, З.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц, З.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц, З.Б нар хэн алинаасаа эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

           

            5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц, З.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН