Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00017

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00017

 

 

Төрийн банк хувьцаат компани /ХХК/-ийн

Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2023/00366 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төрийн банк хувьцаат компани /ХХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани /ХХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.Тогтох болон хамтран зээлдэгч Ц.Эрдэнэчимэг нар нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дугаар №MN910034200301851984 тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 15,000,000.00 (арван тавсан сая төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 159 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 төгрөгийг зээлдэгч И.Тогтох болон хамтран зээлдэгч Ц.Эрдэнэчимэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Төрийн банкнаас 15,000,000 төгрөгийн малчны зээл авсан. 2021 оны 12 дугаар сард зээлийн эхний төлөлтөө хийх ёстой байсан боловч хийгээгүй хугацаа хэтрүүлж 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн төрсөн охин н.Бямбасүрэн гэдэг хүний данснаас хийгдсэн. Тухайн зээл 2021 оны 6 дугаар сарын 29-ний орой 16 цаг 02 минутад харилцагч И.Тогтох гэдэг хүний харилцах данс руу орсон буюу зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл тухайн харилцагчийн дансанд орсноор зээл олгогдсонд тооцно гэж үздэг учраас манай банкнаас зээл олгосон гэж үзэж байгаа. Тухайн зээл нь 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 02 минутад олгогдож 16 цаг 08 минутад, 16 цаг 12 минутад тус тус хоёр зээл төлөгдсөн байгаа. 16 цаг 06 минутад Жүгдэрбямбын Саран гэдэг хүний зээлийн төлөлт буюу*******ийн малчин байсан хүний малчны зээлийн төлбөр 895,000 төгрөг төлөгдсөн байдаг. 16 цаг 12 минутад Нүрзэдийн Пүрэвбаяр гэдэг хүний зээл төлөгдсөн байдаг. Энэ хүн бол******* гэдэг хүний хамаатан хүн буюу тухайн үед 3,740,000 төгрөгийн зээл төлөгдсөн байгаа. Сарын сүүл байсан учраас зээлийн төлөлт хийгдэх болсон байдаг.******* гэдэг хүн Ж.Саран, Н.Пүрэвбаяр гэдэг хоёр хүний зээлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний зээлийн эргэн төлөлт тухайн өдөр хийгдсэн байдаг. Зээлийн эргэн төлөлт үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүү 1,324,109.59 төгрөг нийт 6,324,109.59 төгрөг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөгдөх ёстой байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр******* гэдэг хүний охин н.Бямбасүрэнгийн 200300027722 тоот данснаас И.Тогтох гэдэг хүний эхний төлөлт хийгдсэн. Үүнээс үзэхэд харилцагч зээлээ авч хамаарал бүхий хоёр хүнийхээ зээлийг төлж эргэн төлөлтөө хийсэн байна гэж үзсэн. Иймд учраас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,150.68 төгрөг нийт 11,065,126.30 төгрөгийг зээлдэгч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нараас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь өндөр настай аав болон ээж маань нэхэмжлэлд шаардсан зээлийг 15,000,000 төгрөгийг огтхон ч аваагүй. Харин 2021.03.02 өдөр малчны зээл 4,000,000 төгрөгийг бол авч байсан. Энэ үед манай ээж Ц.Эрдэнэчимэг нь гэрээ байгуулж гарын үсэг зурж авсан байдаг. Баянзүрх сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Б.Хишигжаргал нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөртөө 15,000,000 төгрөгийг зээл нэрээр авснаа манай ээж Ц.Эрдэнэчимэгт хэлсэн байдаг.

Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид нар гарын үсэг зурж зээл аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж байгаа. Тухайн үед гарын үсэг зураад авсан бол төлнө. Гэхдээ тэгж зээл аваагүй учраас төлөхгүй. Манай нөхөр заставт ажилладаг бөгөөд нэг өдөр охин маань зээлийн төлбөр гээд байна гэж утсаар ярьсан. Өмнө нь ээж бид хоёр зээлээ хаасан л юм даа гэж гайхаж байгаад охиныхоо данснаас үлдэгдэл байгаа юм байгаа биз гээд төлбөр төлүүлсэн. Гэтэл дараа нь банкин дээр ээж бид хоёр очтол арван сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэхээр нь гайхаад ээж маань Мөрөн рүү орж ирж банкны хүмүүстэй уулзаж гомдол гаргасан байдаг. Шийдэж өгнө гээд одоог болтол шийдвэрлээгүй юм. Хишигжаргал бидэнд уг зээлийг өөрөө авчихсан гэдгээ хэлдэг юм. Манай аав, ээж хоёр тэр үед төвд орж ирээгүй ямар ч зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй данснаасаа мөнгө гаргаж аваагүй гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2023/00366 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 (нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нараас төлсөн шүүхийн зардал 140,000 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компаниас гаргуулж хариуцагч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагч И.Тогтох, хариуцагч Ц.Эрдэнэчимэг нар нь зээл авснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг зээлийг тухайн үед судалж олгосон Баянзүрх тооцооны төвийн захирал байсан Бямбадэлгэрийн Хишигжаргалыг тухайн зээлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт хүргүүлж, Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар шүүгч болон шүүгчийн туслах нарт тайлбарлаж, АТГазарт хүргүүлсэн албан бичгээ танилцуулсан. Эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар шийдвэрлэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Прокурорын тогтоолыг хавсаргав.

2. Хариуцагч И.Тогтох, хариуцагч Ц.Эрдэнэчимэг нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МК910034200301851984 дугаартай барьцаат зээлийн гэрээнд хийгдсэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан боловч маргах эрхтэй хуулийн зүйл заалтыг танилцуулаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

3. Хариуцагч И.Тогтох, хариуцагч Ц.Эрдэнэчимэг нар нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000.00 /Арван таван сая төгрөг/-ийг авч тухайн өдөр хариуцагч нарын хамаарал бүхий Нүрзэдийн Пүрэвбаярын малчны зээлийн төлбөр 3,740,000.00 /Гурван сая долоон зуун дөчин мянган төгрөг/-ийг төлсөн, мөн энэ өдөр хариуцагч нарын хамаарал бүхий Жүгдэрбямбын Сарангийн малчны зээлийн төлбөр 895,000.00 /Найман зуун ерэн таван мянган төгрөг/-ийг тус тус төлсөн. Уг зээлийн гүйлгээний олголт хийсэн болон малчны зээлийн төлбөрийн гүйлгээг хийсэн Баянзүрх тооцооны төвийн теллерээр тухайн үед ажиллаж байсан Даваажавын Цасцэцэгийг гүйлгээ хийсэн талаар шүүхэд мэдэгдсэн боловч гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй тул Д.Цасцэцэгийг гэрчийн мэдүүлэг өгүүлэх хүсэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийн дансны хуулгыг эх хувиар хүргүүлэхэд нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьж нотлох баримтаар аваагүй нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Зээлийн дансны хуулга нь программаас гардаг баримт тул Нотариатын тухай хууль-д заасны дагуу нотариатаар гэрчлэхгүй тул нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд чухал, ач холбогдол бүхий баримтыг өгч чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани /ХХК/ хариуцагч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг нийт 11,065,126,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн 155/ШШ2023/00366 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг нийт 11,065,126,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани /ХХК/-ийн нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2022/03795 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Тогтох, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг /арван сая/, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 /нэг сая гучин есөн мянга есөн зуун далан таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 /хорин таван мянга нэг зуун тавин төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, нотариатчийн үйлчилгээний төлбөр 6,000 /зургаан мянган төгрөг/, нийт 11,065,126,30 /арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нотариатчийн үйлчилгээний төлбөр 6,000 /зургаан мянган төгрөг/ гаргуулах шаардлага гаргаагүй байхад дээрх шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөнд тооцогдоно.

Мөн нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани /ХХК/-ийн нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авахдаа нэхэмжлэл түүнтэй холбоотой нотлох баримт нийт 17 хуудас баримтыг хүлээн авчээ.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулахдаа 2 хуудас баримт гардуулж өгсөн байх ба 2 хуудас баримт нь хэрхсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Баримт№4, Нэхэмжлэл /Сөрөг нэхэмжлэл/ гардуулсан тухай баримт /хх-ийн 21-р тал/-аас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн хэнд гардуулсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч эсхүл түүний төлөөлөгчийн хэнд гардуулж байгаа талаар дээр дурдагдсан баримтын доогуур зурах хэсэгт шүүх тэмдэглэгээ хийгээгүй байна. Мөн 2022 оны 12 сарын 20-ны өдөр хариуцагчид гардуулсан мэтээр тодруулж тэмдэглэгээ хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийн дансны хуулгыг эх хувиар хүргүүлэхэд нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьж, нотлох баримтаар аваагүй нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Зээлийн дансны хуулга нь программаас гардаг баримт тул Нотариатын тухай хууль-д заасны дагуу нотариат гэрчлэхгүй тул нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд чухал ач холбогдол бүхий баримтыг өгч чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно. ...банкны зүгээс зээлдэгчийн дансанд зээлийн төлбөрийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулгаар нотлогддог гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн хариуцагчийн дансны хуулгыг шүүх шийдвэр гаргахаас өмнө урьдчилж дүгнэлт хийн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьж, аваагүй үйл явдал нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчилд тооцогдоно.

Шүүх ямар ч тохиолдолд хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг авахгүй байх эрхгүй бөгөөд харин хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтаас хасах, нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой: өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй: түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ заасан ба дахин шинжилгээ хийлгэх, гэрч асуулгахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаас шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 233800167 дугаартай тогтоолын хуулбарыг хавсарган ирүүлсэн байгааг давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэх боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус заасан тул давж заалдах шатны шүүх ...Эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар шийдвэрлэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Прокурорын тогтоолыг хавсаргав гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2023/00366 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ