Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00018

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2023/00018

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2023/00342 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сэлэнгийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дашцэрэнгийн Баярмагнай миний бие*******этэй 1997 оны намар сард танилцан үерхэж байгаад 1998 онд нэг гэрт орж, 1999 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид 2-н дундаас 4 охин 1 хүү төрсөн. Том охин******* 1998 онд төрсөн, 24 настай, дараагийн охин******* 2001 онд төрсөн, 21 настай, охин Б.Шүрэнчимэг 2009 оны 7 дугаар сарын 17-нд, охин Б.Өлзий-Учрал 2014 оны 6 дугаар сарын 10-нд, хүү Б.Цэндсайхан 2016 оны 9 дүгээр сарын 09-нд тус тус төрсөн. Одоо бага 2 охин, бага хүү эцэг ******* миний асрамжид байж ЕБС-д суралцан хүмүүжиж байна. Эхнэр*******э нь 2018 оноос зан ааш нь хувирч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн шоронгоос суллагдаж ирсэн нутгийн Балдандорж гэх хүнтэй илтэд завхайран энэ байдал нь төрөл төрөгсдийн дунд ил болж энэ байдлаа ч хүүхдүүдээсээ болон надаас нуухгүй болж 2021 оны сүүлээр энэ хүнтэй хамт амьдарна, хүүхдүүдээ чи хараарай, чамтай хамт амьдарна биз гээд өөрийн гэсэн хувцас эд зүйлээ аваад Балдандорж гэх хүнийг дагаад явсан,

Дээрх байдал нь шилжилтийн болон бага насны 2 охин, 1 хүүгийн хүмүүжил, сурч боловсроход маш ноцтой сөргөөр нөлөөлж байгаа тул цаашдаа хамтдаа амьдрах боломжгүй байна.

...Гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй охин Б.Шүрэнчимэг, охин Б.Өлзий-Учрал, хүү Б.Цэндсайхан нарыг өөрийн асрамжид авна.

Миний хувьд хоёр бага хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. ...Хариуцагчтай одоогоор амьдарч байгаа нэг ч хүүхэд байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл өмнө нь хэрэглэж байсан. Хэрэглэхээ байгаад бас нилээд хэдэн жил болж байна. Бага хоёр хүүхдээсээ гадна бусад хүүхдүүддээ ч би хэрэглээний зүйлийг нь хангаж мөнгө төгрөг шилжүүлж өгч байдаг гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах гэсэн шаардлагыг зөвшөөрч байна, харин насанд хүрээгүй охин Б.Шүрэнчимэг, Б.Өлзий-Учрал, хүү Б.Цэндсайхан нарыг нөхөр ******* нь асрамжиндаа авах гэсэн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрлэх үед л нөхөр маань архи уудаг л байсан би гэрлээд тусдаа гарчихаар зүгээр болчих байх гэж бодоод улмаар хүүхэдтэй болчихоор архи уухаа больчих байх, 4 охин төрсний дараа энэхүү байдал засрахгүй байхад би мөн л хүү гаргаагүй учир нөхөр маань архи ууж байна хүүтэй болчихвол архи уухаа больчих байх, зодохоо болих байх гэж би хий найдан, энэ бүгдэд өөрөө өөрийгөө буруутган олон жилийг өнгөрүүлсэн. Одоо би энэ хүнтэй олон жилийн хүчирхийлэл дарамтаас болж хамт амьдрах итгэлгүй болсон тул цаашдаа хамт амьдрах боломжгүй гэж үзэж байна. ...2021 оны 11-р сарын 04-нд архи уусан үедээ намайг архи уусангүй гэж уурлан аягаар шидсэн нь миний зүүн гарыг онож хавдалт үүссэнийг зургаар баталгаажуулан оруулав. Мөн оны 11-р сарын 15-нд архи уусан согтуу байхдаа намайг ална хэмээн сүрдүүлж хоолой боосон мөн хайч барьж ална хэмээн сүрдүүлэн дайрсан энэ үед хүзүү шархалсан ба зургаар баталгаажуулан оруулав. Энэ хүн хүүхдүүдтэйгээ үхдэлүүд, улаан пизданууд минь гэх мэт маш бүдүүлэг, ес бусаар харьцдаг ба уурласан үедээ алчих юмсан, ингэж амьдрахаар үхэхэд яанаа гэх зэргээр хүүхдүүдээ маш муухайгаар хэлдэг, 2 бага хүүхэд маань байнгын айдастай байдаг. ...Эцсийн эцэст хүүхдүүдээ айдасгүй орчинд зөв хүмүүжилтэй болгон өсгөх нь ээж хүний үүрэг юм байна гэж би ойлгосон. Хүүхдүүдийг минь хэзээ ч амгалан тайван өөрийнхөөр байлгадаггүй, олон зүйл дээр хориг тавьдаг мөн уурласан үедээ ёс бус бүдүүлэг үгийг хүүхдүүддээ үргэлж хэлдэг нь хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна. ...Нөгөө талаар хүүхдүүддээ ээжийг нь үзэн ядуулах арга заадаг, дарамталдаг, хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээний дарамт үзүүлдэг, охин хүүхдийг огтхон ч хайрлахгүйгээр сургууль завсардуулж байгаа хүнд би 3 бага хүүхдээ өгч чадахгүй.

Ийм учраас гэрлэлтийг цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, охин Б.Шүрэнчимэг, Б.Өлзий-Учрал, хүү Б.Цэндсайхан нарыг *******гийн асрамжид өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч******* нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь надтай хамт амьдарсан 24 жилийн хугацаанд ганц удаа бие даан хүүхдүүдээ харж байгаагүйгээр барахгүй хүүхдүүдтэйгээ үхдэлүүд, улаан пизда гэх мэт маш бүдүүлэг, ёс бусаар харьцдаг ба уурласан үедээ алчих юмсан, ингэж амьдрахаар энэ муу үхэхэд яана аа юм зэргээр хүүхдүүдээ маш муухайгаар хэлдэг, 2 бага хүүхэд маань ааваасаа байнгын айдастай байдаг. ...Нөхөр бид 2 салж болно гэхдээ биднээс болж хүүхдүүд минь хохирох ёсгүй гэж үзэж байна.

Тиймээс 2009 оны 7-р сарын 17-ны өдөр охин Б.Шүрэнчимэг, 2014 оны 6-р сарын 10-ны өдөр охин Б.Өлзий-Учрал, 2016 оны 9-р сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Цэндсайхан нарыг миний асрамжид үлдээж, эцэг Баярмагнайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ******* нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэл дээрээ үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй огт худал зүйлүүдийг маш их дурдсан байна.******* бид хоёрын дундаас 6-24 насны 5 хүүхэд төрсөн. Дээрх хүүхдүүдээ бид хамтдаа өсгөсөн. Эхний хүүхэд том болж байхад дараагийнх нь төрж байсан. Төрөх тасагт байхад нь том хүүхдүүдээ би л харж байсан. Өөр хэн надад харж өгөх билээ.******* нь сөрөг нэхэмжлэлдээ хүүхдүүдтэй маш бүдүүлэг, ёс бусаар харьцаж, үхэхэд яана гэж маш муухайгаар хэлдэг. Хүүхдүүдийн эрхийг зөрчиж байсан, байнга айлгах, зодож дарамтлах зэргээр эрхшээлдээ байлгадаг. Олон зүйл дээр хориг тавьдаг. Хүүхдүүддээ хүчирхийлэл үйлдсэн мэтээр огт худал зүйл бичсэн байна. Миний хувьд хүүхдүүдээ ямар нэг зүйлээр дутааж гачигдуулж үзээгүйбүх шаардлагатай хэрэгцээт зүйлийг нь авч өгч, амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлж, төрөл бүрийн сургалт англи хэл, IQ-гийн сургалт, өдөр өнжүүлэхэд хүртэл явуулсан.*******, Өлзий-Учрал,******* нарыг дээрх сургалтуудад явуулж байсан. Миний бие өөрөө мөнгөн эдлэл, хөөрөгний наймаа хийдэг. Байнгын орлоготой, тасралтгүй арилжаа наймаагаа хийж явдаг. Ийм учраас би олсон орлогоо нуулгүйгээр Улаанбаатар хотод 5 жил гэр бүлээрээ байр түрээслэн амьдрахдаа бүхий л зардлыг буюу байрны түрээс, тог, ус, цахилгаан, юнивишн, хоол унд, хувцас, хичээлийн хэрэгсэл, ном сурах бичиг, тэр ч битгий хэл охидуудынхаа ариун цэврийн хэрэгслийг нь хүртэл чанартайгаас нь өөрсдийг нь хүртэл дагуулж яваад авч өгдөг. ...Ээж нь үнэн хэлж байна уу? Аав нь үнэн хэлж байна уу? гэдгийг асуух нь зүйтэй гэж бодож байна.******* нь гэртээ оёдол хийж олсон орлого болон хүүхдийн мөнгөөрөө юу хийж байсан нь тодорхойгүй. Тэгж ачаалалтай ажиллаж байгаагүй. Миний хувьд гэр бүлээсээ гадуур нуун дарагдуулсан ямар ч хөрөнгө байхгүй. ...******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, өөрийн гэсэн орон гэргүй хэсүүлчилж санаатай хүн амины хэргээр олон жил шоронд сууж байсан Балдандорж гэх хүнтэйгээ хаа нэгтэй яваа байх. Балдандорж нь өмнө нь эхнэртэй байж байгаад хүүхэдтэй болгоод хаяад явсан хэрэг. Ийм хүмүүс миний хүүхдүүдийг асрамжиндаа аваад хүүхдийн эрхийг нь хангаад, амьдрах, хөгжих хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангаад, орчныг нь бүрдүүлээд явна гэдэгт миний бие огт итгэхгүй байгаа тул түрүүлж нэхэмжлэл гаргасан билээ.

Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2023/00342 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар Хатгина Дашцэрэнгийн Баярмагнай (РУ74070517), Барнууд Төмөрбаатарын Сэлэнгэ (РУ78042401) нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Хатгина Баярмагнайгийн Өлзий-Учрал (РУ14261000), Хатгина Баярмагнайгийн******* (РУ16290917) нарыг эцэг Дашцэрэнгийн Баярмагнайгийн асрамжинд, Хатгина Баярмагнайгийн******* (РУ09271701)-ийг эх Төмөрбаатарын Сэлэнгийн асрамжинд тус тус үлдээж, Нэхэмжлэгч ******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, хариуцагч******* сөрөг нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж, Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.Шүрэнчимэгийг өөрийн асрамжид үлдээх гэснийг, хариуцагч Т.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.Өлзий-Учрал, хүү Б.Цэндсайхан нарыг өөрийн асрамжид үлдээх гэснийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, хариуцагч Т.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.Баярмагнай, эх Т.Сэлэнгэ нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: ...Шүүх яагаад аргатай зальтай нэгний үгэнд итгэн нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгааг би ойлгосонгүй. 2022 онд би ажлын байр түрээслэн охидуудтайгаа оёдол хийж байгаад орой ирэхэд 2 бага хүүхдийг маань нөхөр Баярмагнай аваад явсан байсан. Хүргэний буюу том охины маань гэрийн ойрхон сургуульд охин*******ээ оруулсан байсан тул сургуулийг нь дахин ийш тийш шилжүүлээгүй бөгөөд******* нь сургуульдаа ойрхон хүргэн ахынхаасаа сургуульдаа яваад хагас бүтэн сайнд болон амралтаар******* түүний найз залуу бид нартай хамт амьдардаг.

Баярмагнай 2 бага хүүхдийг минь сургуулиас нь гаргаад Шинэ-Идэр сум руу авч явсан тул хичээлийн хоцрогдолтой болгосон, тиймээс өөрөө өдөр өнжүүлэхэд өгсөн, намайг 2 хүүхдээр минь барьцаалж буулгаж авна гэсэн ёсоороо л боллоо. Намар Баярмагнай нь 2 бага хүүхдийг минь аваад хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байгаа гэсэн тодорхойлолт хийлгэн шүүхэд өгсөн байсан боловч тэр хаяган дээрээ байгаагүй, би тэр хаяган дээр нэг бус удаа очсон, 2 бага хүүхдийг минь эрхшээлдээ байлган, ээжтэйгээ уулзаж болохгүй, ярьж болохгүй гэж нялх бага хүүхдүүдийг минь төөрөгдүүлж, өөрийнхөө санаан зоргоор эхийг нь хамгийн муу муухай үгээр өдөр бүр хэлж хүмүүжүүлж байгаад харамсаж байна. Би 2022 оны 5 сард шүүхэд хандан шүүхийн шийдвэр гарахаас өмнө 2 хүүхдийг минь над дээр өгөөч гэж хүсэлт гаргаад нэмэр болоогүй шүүх хангаагүй.

Учир нь би хотоос сургуулиас нь хүүхдийг минь аваад явсан гэдгийг баталсан бичиг авч ирэх ёстой байсан байсныг мэдээгүй. Тэгээд ч сургууль тарсан учраас хөдөө агаарт хэсэг байг гэж бодсон. Энэ хугацаанд би юм ёож олсон орлогоороо хүүхдүүдтэйгээ хамт амьдрах гэр оронтой болох гээд хичээж оёдлынхоо хажуугаар мөнгө ахиухан олж л байвал ямар ч хамаагүй ажил хийж байлаа. Би зун болоод оёдлын захиалга багасахаар барилгын туслах ажил, намар хүргэн болон худуудтайгаа 2 хүүхдээ санах өвчнөөс салах гэж сатаарах гэж самарт хүртэл явж байлаа. Энэ хугацаанд би 3 хүүхдээ өөр дээрээ авч энэ гэрийг толгойлж амьдрах хүний хувьд мөнгө олохын төлөө үхэн хатан ажиллаж, шүүх хүүхдийг минь аваад өгөх юм байна гэж итгэж ирсэн.

Гэтэл шүүх Баярмагнайг хамаатныхаа хүнээс байрыг нь авах гэж байгаа гэсэн хоосон үгэнд нь итгэн 2 нялх хүүхдийг минь тэр араатны гарт үлдээсэнд харамсаж байна. Хэрэг шалгаж байх үед том охидуудыг минь дуудан дарамталж ингэж бич, тэгж бичиж өг гэж айлган дарамталж элдэв бичиг хийлгэн нотариатын баталгаа хийлгэж шүүхэд өгсөн байсныг******* үзээд ааваас айсандаа бич гэснийг бичсэн болохоос ингэж шүүхэд өгч ээжийн минь эсрэг ашиглана гэж мэдээгүй гэж байсан,******* маань саяхан хүүхдээ алдсан сэтгэл санаа нь тавгүй тэгээд ч шүүх хуралдаанд орно гэж УБ-аас ирсэн мөртлөө ааваасаа айгаад ороогүй.

Энэ бүгдийг би өөрийн хоёр нүдээр харж байсан боловч охиныгоо өрөвдөөд аав ээж хоёрынхоо алийг нь гэхэв гэж бодсон байх гэсэн ууч сэтгэлээр хандан харин хэрэг шийдэх гэж байгаа шүүгчийг анзаарсан байх гэж бодсон. Тэгээд шүүх хуралдаан дээр би хэн юу асуугаад байгаа, би өөрөө юу ярьж байгаагаа ч үнэхээр мэдэхээ байтлаа сандарч өмгөөлөгчөөсөө туслалцаа авах гээд тонгойход шүүгч өмгөөлөгчийг та шүүх хуралдаанаас өмнө зөвлөгөө өгөхөөс биш, шүүх хуралдаан дээр туслахгүй шүү, гаргана шүү гэж загнаснаас болоод би бүүр манараад л 2 нүд ч бүрэлзээд юм харахгүй болсон.

Сүүлд нь санахад шүүгч та хүүхдээ хэддүгээр ангид сурдгийг мэдэхгүй ийм ээж байдаг юм уу гэж хэлж байсныг санаад байгаа. Би 2 хүүхдээ санаад өдрийн бодол шөнийн зүүд болон ухаан санаа орон гаран байгааг шүүгч анзаарсан л байх. Шүүгч Баярмагнайгийн өмгөөлөгчтэй хамт ажиллаж байсан гэдгийг сонссон боловч би арай л ингэж дэндүү ялгавартай хандана гэж бодоогүй. Харин ч шүүх шударга байдаг л гэж итгэсэн. Мэргэжлийн сэтгэл зүйчид ч хүүхдүүдтэй минь уулзаж төрөл бүрийн тестийн үр дүнд хүүхдүүдийг ээж Сэлэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг ч шүүх яагаад үнэлээгүй вэ?

...Тиймээс хууль зүйн үндэслэлгүйгээр бага насны 2 хүүхдийг минь Баярмагнайгийн асрамжид үлдээснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд 2 хүүхдийг минь ээж Сэлэнгэ миний асрамжид үлдээж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрлэгчдийн хүсэл зоригийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсан нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155/ШЗ2022/03615 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч, эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр заасан боловч зохигчид эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх тал дээр идэвх санаачилгагүй хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэн аль нь оролцоогүй байна.

Түүнчлэн зохигч нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлт цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Гэрлэгчдийн насанд хүрээгүй Б.Шүрэнчимэг, Б.Өлзий-Учрал, Б.Цэндсайхан нарын асрамжийн талаарх маргааныг шүүх шийдвэрлэхдээ хүүхдийн амьдрах, сурах, өсч торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Шүрэнчимэгийг эх Т.Сэлэнгийн асрамжид, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Өлзий-Учрал, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн хүү Б.Цэндсайхан нарыг эцэг *******гийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн ...бага насны 2 хүүхдийг минь ээж Сэлэнгэ миний асрамжид үлдээж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2023/00342 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2023/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

.