Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00003

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

          Нарийн бичгийн дарга                                 Б.Ариунсанаа

          Улсын яллагч                                               О.Баярсайхан

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                               А.Мөнхбат

          Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Гантөмөрийн Ст холбогдох 1832002110160 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч, хоёр дүү нарын хамт амьдардаг, * дугаар багт оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, Шарнууд овогт Гантөмөрийн С. /РД:*/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч Г.С нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны № 02-20 тоотод оршин суух иргэн С. Шбын гэрээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр халтар манан хөөргийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.... мэдүүлэг өгөхгүй гэв.   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч шинжээч М.Батцэцэгийн өгсөн: “…Миний бие уг хөөрөгний үнийг тодорхойлохоор үнэт эдлэл авдаг газруудаар явж судалсан ба уг хөөрөг нь буурал мана, замагт мана холилдсон, толгой нь дуураймал даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай байсан. Суурин дээрээ бага зэрэг гэмтсэн байсан. Уг хөөргийг үнэлэхдээ зах зээлийн аргачлалаар үнэлгээ тогтоосон. Зах зээлийн ханшаар уг хөөрөг нь 200-300 мянган төгрөгний ханштай байгаа. Надад бол шинжээчийн дүгнэлт гаргах эрх байхгүй, би уг хөөрөгний үнэлгээ тогтооход мэргэжилтнээр оролцож, зах зээлийн ханш судалгааг хийж даргадаа танилцуулсан ба дарга Жамъян хөөргөнд шинжээчийн дүгнэлт гаргасан...” гэв.

 

       Хохирогч С.Шб мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний хулгайд алдагдсан хөөрөг бол манай аав Сэрээтэр надад өгсөн шинэ үеийн, дунд гарын халтар манан хөөрөг, даваа толгойтой, гуйлан нуухтай, мөнгөн халбагатай, тийм хөөрөг байгаа юм, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй, манай аав Сэрээтэр 10 гаран жилийн өмнө хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн өөр надад мэдэх зүйл байхгүй. Одооноос 10 жилийн өмнө манай ээж 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан үнэлгээ нь 350.000 төгрөг гарсан хүлээн зөвшөөрч байна санал хүсэлт байхгүй ээ. Өөр эд зүйл алдагдаагүй ээ. Би өөрийн хөөргөө байсан байдлаар нь хүлээн авлаа өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг. /Хх-ийн 16-19 дүгээр хуудас/

 

           Гэрч Я.Ус мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тийм хүн огт танихгүй ээ. № 1963 дугаартай бичгээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г.С гэх өөрийн бичиг баримтаар усан толгойтой бор хөөрөг 10.000 төгрөгөөр үнэлж тавьсан юм. Одоо уг хөөрөг нь манай барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байгаа гэх мэдүүлэг /Хх-н 23-24 дүгээр хуудас/

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/

         Есөн-Эрдэнэ барьцаат зээлийн үйлчилгээний №1963 дугаартай баримт /Хх-ийн 25 дугаар хуудас/

         Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /Хх-ийн 27 дугаар хуудас/

         Ашид Билгүүн ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт дугаар:  ТХҮ-418/175 дугаартай үнэлгээ тогтоосон тухай актанд.....С.Шбын халтар мана гэх  хөөрөг нь толгой дууриамал, нуух гуйлан, халбага ясан,их бие буурал мана болон замагт мана холилдсон ба доод хэсэгтээ цуурч гэмтсэн байв.2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ 350000 /гурван зуун тавин мянган/  төгрөгөөр тогтов, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 34-37 дугаар хуудас/

         Шүүгдэгч Г.Сын нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 48 дугаар хуудас/

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 44 дүгээр хуудас/

         Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 45 дугаар хуудас/

         Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.С нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны № 02-20 тоотод оршин суух иргэн С. Шбын гэрээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр халтар манан хөөргийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч С.Шбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/, Гэрч Я.Усгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Есөн-Эрдэнэ барьцаат зээлийн үйлчилгээний №1963 дугаартай баримт /Хх-ийн 25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /Хх-ийн 27 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт дугаар:ТХҮ-418/175 дугаартай үнэлгээ тогтоосон тухай акт /ХХ-ийн 34-37 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээчээр Н.Батцэцэг оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эд зүйлийн үнэлгээний судалгааг хийсэн...... дүгнэлтийг үнэлээчийн эрх бүхий этгээд болох Ч.Жамъян гэх хүн гаргасан тул шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Сыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны № 02-20 тоотод оршин суух иргэн С. Шбын гэрээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр халтар манан хөөргийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ст  ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

           Мөн шүүгдэгч Г.С нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 154 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан байна.

          Гэвч Г.С нь тэнссэн хугацаанд санаатай дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 154 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялыг оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож бүгд эдлэх ялыг тооцох нь зүйтэй байна.

          Хохирогч С.Шб нь хулгайд алдсан эд зүйлээ /хөөрөг/ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Ст өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Шүүгдэгч Шарнууд овогт Гантөмөрийн Сыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 154 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих 30 хоног буюу 1 сарын  ялыг нэмж нэгтгэн бүгд 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ст оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.         

          7.Шүүгдэгч Г.Ст өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ