| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00005/Э |
| Дугаар | 00005 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Э.Гантулга
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Нармандахын Эд холбогдох эрүүгийн 1832001810149 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний аюулгүй байдал бие хамгалах мэргэжилтэй, *тоотод оршин суух, хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Бичээч ургийн овогт Нармандахын Э. /*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мишээл” дэлгүүрийн урд талбайд Б.Цгийг эрүүн тус газарт нэг удаа гараар цохиж, толгой тус газарт 2-3 удаа гараар цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ..
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ба Мишээл дэлгүүрийн хажууд буусан. Тэгтэл манай ах машинтай ирсэн. Тэгээд төв замруу орох гэтэл нилээн хэдэн чулуу байрлуулсан байсан. тэр чулууг холдуулаад явах гэтэл нэг залуу хөөе чи яах гээд байгаа юм бэ гэхэд ах аа би цагдаа байна ийшээ гарчихъя гэхэд намайг шууд машинаас чирээд буулгасан. Тэгээд түлхэлцэхэд миний куртик дотуур цамц зэрэг урагдчихсан. Тэгэхээр нь би хувцасаа тайлж машинд хийчихээд буцаад очиж барилцаж авсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Цг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай компани 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчмоос эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд зам барилгын ажил хийхээр болсон бөгөөд би тэнд ажилчдынхаа хамт ажиллласан. Мандал сумын нутагт зам барих ажлаа төлөвлөөд битум цацахад бэлэн болгоод бүх замыг хаасанбайсан. Энэ асуудал нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болсон юм. Бид нар битум цацахаар дээри хэлсэн бэлтгэл ажлын хүрээнд бүх замаа хаасан байхад үдээс хойш 16 цаг орчмын үед цагаан саарал өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй машин давхиад ирсэн. Зам хаасан байхад хаалттай зам руу машинтайгаа ороод ирчихсэн явж байсан. Яг тэр үед нь би замаа шалгаад явж байсан бөгөөд манай-, захирал БЭ хаалттай замын тэнд байж байхад тэр машинаас нэг залуу бууж ирээд зам хаасан байсан бродюрийг зайлуулсан. Тэгэхэд нь манай захирал тэр хүнд шаардлага тавихад тэр залуу та нарыг хэн зам хаа гэсэн юм бэ% би цагдаа байна. Та нар хэн юм бэ энэ тэр гээд маргалдаад манай захиралтай заамдалцаж авсан байсан. Тэгээд гүйгээд очиж тэр хоёрыг салгаад захирлыг хойш нь түлхээд нөгөө цагдаа байна гээд байсан залуу руу очиход тэр залуу намайг түлхээд гараараа миний эрүү рүү нэг удаа цохисон. Тэгээд би дараагийнх нь цохилтоос бултаад гаран доогуур нь гарахдаа би тэр хүний урд нь гарчихсан. Тэгэхэд тэр залуу миний араас тэвэрч аваад намайг газар савж шидсэн. Би буцаж босч ирээд нөгөө залууг хөөгөөд Арюяамандал намайг салгахад нь би чи хойшоо байж бай гээд нөгөө Цагдаа гээд байгаа залуутайгаа эргээд очиж яаж байгаа юм бэ гээд ярих гэхэд өөдөөс түлхээд цохих гээд байсан. Би түүнд эхэлж цохиулсанаасаа хойш тэр намайг дахиад дараа нь очиход мөн гараараа 1 -2 удаа цохисон. Тэгж байхад тэр цагдаа гээд байгаа залуу Цагдаагийн байгууллага руу залгаад энд намайг хэдэн хүн зодоод байна. Цагдаа явуулаач гэсэн. Тэгээд байж байтал нэг цагдаа хүрч ирсэн бөгөөд цагдаа ирэхээс өмнө тэр залуу уучлаарай миний буруу, хоёулаа эндээ зохицъё гэсэн. Тэгэхээр нь би чи бУруугаа мэдэж байгаа юм бол хамт эмнэлэг ороод миний шүдийг үзүүлээдэх гэсэн. Эмнэлэг рүү гэхдээ сүүлд нь явсан. Тэгж байтал нэг цагдаа хүрч ирээд нөгөө цагдаа гээд байсан залууд чи яах гэж хаалттай зам руу орж ирсэн юм бэ? Чиний буруу шүү дээ, одоо зохицоод салчихаач гэсэн бөгөөд би тухайн үед тэр цагдаа гээд байгаа залууд чи цагдаа хүн байж бид нарын ажилд туслах байтал хэрүүл маргаан болголоо утгатай зүйл хэлэхэд тэр залуу би угаасаа цагдаагаас гарах гэж байсан гэсэн. Тэндээсээ эмнэлэг рүү очиход миний ам ангайхаа больчихсон байсан. Рентген зураг авахуулахад эрүү чинь 2 газар хугарсан байна гэсэн. Эмнэлэгээс зураг өгөөгүй. Яаралтай Улаанбаатар хот явах шаардлагатай гэсэн. Эмнэлэгээс гарч ирэхэд тэр цагдаа гээд байгаа залуу хоёулаа шийддэг газраар нь шийдүүлээд явдаг газраар нь явъя гэсэн. Эмнэлэгээс шууд цагдаагийн хэлтэс дээр нь хамт очсон. Тэнд очоод намайг архи уусан эсэхийг багажаар шалгасан. Цагдаагаас гараад шууд Улаанбаатар хот руу явсан. Миний биед эрүүний яс 2 газарт хугарсан. Эхлээд цохиулахад эвгүй болчихсон байсан. Тэр цохилтоос л хугарсан байх гэж бодож байна. Дараагийн цохилтоос нь шүд нь бүр дотогшоо орчихсон юм шиг дотроосоо мэдрэгдэж байсан. Тэр цагдаа гэж яриад байгаа залуугаас өөр хүн намайг цохиогүй. Хаит машинтай ирсэн хүн нь намайг бариад салгах зорилготой байсан уу ямар ч байсан зодоонд оролцоогүй. Тэр залууг би цохисон байх. Ам бид нарыг салгах гэж очсон. Би түүнийг цаашаа бай гээд ойртуулаагүй юм. Миний нэг шүд хугарч, нэг шүд цуурсан. Эрүү 2 газартаа хугарсан. Эрүүний доод талаар мэдрэлийн судас дайрсан байна гэсэн. Доргилт авч болохгүй гэж эмч нар зөвлөсөн. Одоогийн байдпаар хохирлын нарийн тооцоог гаргаагүй байгаа. Хагалгаанд орсон, мөн энэ хугацаанд ажлаа хийгээгүй Бг* нэхэмжлэх баримтуудаа бэлдсэн байгаа. Би нэгтгэж байгаад танд өгнө. Миний энэ хэргийн хувьд тодорхой хэмжээний хохирол учирсан. Гэхдээ миний хувьд энэ хэргийн улмаас дээрх хүмүүсээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж бодож байна. Би гэрийнхэнтэйгээ энэ асуудпаар ярьсан бөгөөд эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж болохгүй учраас би ямар нэгэн мөнгө төгрөгийг энэ хүнээс нэхэмжлэхгүй. Би энэ хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгмөөргүй байна. Тэр намайг цолхисон залуугийн хувьд залуу хүн. Саяхан нялх хүүхэдтэй болсон гэж сонссон. Миний хувьд энэ хүний амьдралыг бодоод ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй учраас би баримтаа гаргаж өгөхгүй. Баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Миний хувьд дахин дахин хөдөө явах боломжгүй байгаа учраас эмчээсээ зөвлөгөө авч байгаад явах эсэхээ шийднэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/
Гэрч Г.Ам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… Манай байгууллага 2018 оны 08 дугаар сарын дундаас эхлэн 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн мандал сумын төвд сумын төвийг тойрсон нийт 450 метр асфальтан замыг барьж байгуулсан. Манай компани 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр замынхаа шорооны ажлаа хийж дуусгачихаад асфальтаа авах гээд хүлээж байсан өдар байгаа юм. Тухайн өдөр 17 цагийн орчим би зам засвар хийсэн асфальт авах гэж байсан замынхаа хаалтуудыг шалгаад явж байсан юм. Гэтэл надаас нэлээд зайтай манай компаний хүмүүс ажлаа хийгээд байж байхад нэг залуу ирээд манай хүмүүстэй маргалдаад байхаар нь би яваад очиход тэр манай залуучуудтай маргалдаад байсан залуу нь миний цээжин тус газарт мөргөсөн. Тэгэхэд би мөргүүлээд газар унасан бөгөөд би тэнд байж байгаад тэд нараас холдоод явсан. Тэгж байхад тэр залуу өөрийгөө цагдаа гэж хэлсэн гэж байсан бөгөөд тэр намайг мөргөсөн залуу нь цагдаад дуудпага өгч удалгүй нэг цагдаа хүрч ирсэн. Би тэр хүмүүсээс цаашаа холдоод явчихсан юм. Намайг тэд нараас холдож явсанаас хойш дахиж зодоон цохион болоогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй бөгөөд миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би яг тэр зодоон болж байхад нь тэднээс хол байсан бөгөөд намайг хүрээд ирэхэд тэр хүмүүс хоорондоо барьцалдсан байхаар нь би тэд нарыг салгах гэж байхад л намайг тэр залуу мөргөөд унагаасан. Гэхдээ надад бол гэмтэл учруулаагүй юм. Яг намайг тэд нарын хажууд ирсэн байхад эхлээд тэр машинтай ирсэн өөрийгөө цагдаа гэж байсан залуу нь манай инженер Цгийг цохисон гэж дараа нь би нөгөөдүүлээсээ сонссон. Түүнээс би яг цохиж байхыг нь хараагүй. Намайг ирэхэд тэд нарын маргаан дууссан, барилцаад авсан байхаар нь би салгасан юм. Яг хэн нь хэнийнхээ хаана хаанань цохиж зодсон талаар нарийн мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед би тэд нарын дундуур ороод салгах гэж байхдаа нэг удаа мөргүүлээд унасан бөгөөд тэгэхэд манай захирал намайг чи цаашаагаа яваад ажлаа хийж байгаа гээд намайг явуулсан учраас би тэндээс яваад өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/
Гэрч Б.БЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед зам засварлах ажил хийж байх үед замын хаалтаар машинууд орж гараад байхаар замын хаалтыг сэргээж байх үед мөнгелөг өнгийн суудлын жижиг тэрэг манай машин явуулахгүй гэх хаалтан дээр ирээд... хаалт хийчихсэн байсан замын хашлагыг хажуу тийш нь өргөж зайлуулах үед нь би очиж уг залууд шаардлага тавьж та хэн болоод хүний хийж байгаа ажпыг яаж байгаа юм гэхэд би цагдаа байна гэж дээрзнгүй хзлж шууд миний хоолойруу түлхэж чи юу юм холд гэх зэргээр надруу дайрах үед манай инженер Цг та яаж байгаа юм гэж тэр залууд хэлэх үед тэр өөрийгеө цагдаа гэсэн залуу мөн манай инженер Цгийн хоолой руу түлхэж тэр хоёр барилцаж авах үед нь би салгаж инженер Цгийг цааж нь аваад явах үед енеех өөрийгеө цагдаа гээд байсан залуу Цгийн араас барьж газарт унагаж өшиглөх гэхэд нь би өнөөх цагдаа залууг цамцнаас нь татаж холдуулсан... Тэр үед манай замын индүүчин Ам яагаад байгаа юм гээд ирэх үед өнөөх цагдаа гэгч залуу манай ажилчин Амын цээжинд нь гараараа цохисон. Тэгтэл Цг босч ирээд өнөөх залуутай барилцаж авах үед өнөөх залуу Цгийг цохиж гэмтээсэн. Тэгээд тэр цагдаа гэгч залуу өөрөө цагдаа руу запгаж цагдаа дуудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/
Гэрч Ч.Ас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би өнөөдөр 18 цагийн орчим зам засварын ажлаа хийгээд байж байсан. Замын уулзваруудыг хаасан байсныг хүмүүс хаалтыг нь авчихсан байсныг дахин сэргээж хаалт хийгээд байж байсан. Гэтэл нэг цагаан өнгийн машин ирээд нэг залуу цонхоо онгойлгоод энүүгээр гарчихъя гэсэн тэр үед Баттөгс гэх манай ажилтан тэр хүнд хаалт хийсэн байна болохгүй гэсэн гэтэл нэг залуу бууж ирээд хэний мэдлээр ямар дураараа зам хааж байгаа юм бэ гэж хэлээд зам хааж тавьсан байсан боржуурыг хажуу тийш нь авч шидээд би цагдаа байна гэж хэлсэн. Тэр үед манай дарга БЭ очоод бид нар ажлаа хийж байна гэж хэлсэн чинь тэр цагдаа гэх залуу Болд-Эрдэний хоолой руу нь түлхсэн тэгэнгүүт нь өөдөөс нь чи яаж байнаа гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд би цааш нь ажлаа хийгээд явсан юу болсон талаар нь хараагүй. Тэр залуу машин дотор сууж байсан. Машинаас өөрөө бууж ирж боржуурийг авч шидсэн. Тэр машинаас бууж ирсэн залуу би цагдаа гэж хэлээд хэрүүл маргаан гаргасан. Тэр залуу боржуур аваад хаясан чинь БЭ очоод чи яаж байгаа юм гэсэн гэтэл тэр залуу би цагдаа байна гэж хэлсэн харин БЭ хариуд нь чиний цагдаа байх ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь тэр залуу Болд- Эрдэний хоолой руу нь түлхсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/
Гэрч Л.Тс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … '‘Мишээл’' дэлгүүрийн урд Мегастракчер ХХК-ний захирал, бас нэг ажилчных нь хамт гурвуулаа хаалт тавиад байж байтал Засаг даргын тамгын газар талаас нэг Сонота маркийн саарал өнгийн автомашинтай хоёр хүн ирсэн. Тэр автомашины жолооч залуу /би зүс мэднз, тэрнээс танихгүй/ надаас наадруу чинь гарчих уу гэж х.элсэн, Би захиралаас нь асуу гэжхэлсэн. Захирал нь миний хажууд зам дээр тавьсан хаалтан дээрээ сууж байсан. Тэгтэл жолоочийн хажуу талаас нэг залуу бууж ирээд зам дээр хэн дураараа хаалт тавь гэж хэлсэн юм бэ гэж хэлээд хаалтыг нь аваад хажуу тийш нь шидчихсэн. Тзгэнгүүт захирал босож ирээд чи яаж байна аа гээд нөгеө залуугийн хоёр гарнаас бариад авсан. Тэр залуу би цагдаа байна гээд тэр хоёр маргалдаад цагдаа гэсэн залуу захиралыг гараараа түлхэзд холдуулсан. Ингэзд тэр хоёр хэрэлдээд төв замын тийшээ явсан, Харин би ажлаа хийгээд үлдсэн. Би хэнийг ч нэр усаар нь мэдэхгүй. Захирал нь нэг ажилчныхаа хамт надтай гурвуулаа байсан. Мен автомашины жолооч байсан. Хэрүүл болоход захиралын хүүхэд гэх залуу цаанаас ирж байгаак харагдсан. Өөр хэн хаана байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ойрхон ажилчдаас нь байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №11328 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Эийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 44-46 дүгээр хуудас/ болон хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 50 дугаар хуудас/, оршин сууж байгаа хаягийн лавлагаа /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ-ийг 52 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /ХХ-ийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 49 дүгээр/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мишээл” дэлгүүрийн урд талбайд Б.Цгийг эрүүн тус газарт нэг удаа гараар цохиж, толгой тус газарт 2-3 удаа гараар цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/, Гэрч Г.Амын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/, Гэрч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/, Гэрч Ч.Асгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/, Гэрч Л.Тсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11328 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Эийг хохирогч Б.Цгийн биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Эийг 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мишээл” дэлгүүрийн урд талбайд Б.Цгийг эрүүн тус газарт нэг удаа гараар цохиж, толгой тус газарт 2-3 удаа гараар цохиж эрх чөлөөнд халдан зодож улмаар биед эрүүний зүүн өнцөг дайрсан зөрөөтэй далд хугарал, хүзүүний цээжинд цус хуралт болох хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бичээч ургийн овогт Нармандахын Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Эийг торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг, хураагдан ирсэн бичлэг бүхий СД-г хэрэгтэй хамт хадгалахыг тус тус дурьдсугай.
6.ШҮүгдэгч Н.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.