Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 1609

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          Иргэдийн төлөөлөгч Б.Дашдорж,

          Хохирогч Л.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал /ҮД:2714/,

          Гэрч С.Сугиржаргал,

          Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ч.Атарболд /ҮД:2602/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гт холбогдох 1806 01158 0839 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1980 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Некст натур дизайн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1233 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, З овогт С-ын Г /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 1233 тоот хашаанд байх иргэн Э.Санчирын монгол гэрт Л.Түвшинбаяртай “эхнэр оролдсон” гэх шалтгаанаар маргалдан, улмаар толгойн тус газарт сүхний ишээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн өгсөн: “...Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр Сугиржаргал гэртээ байгаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагт эхнэр ирээд болсон асуудлын талаар ярьсан. “Танай дүү Санчирын найз Л.Түвшинбаяр дулаацая гэж орж ирээд миний левчик, турсик тайлаад бэлэг эрхтэн рүү гар хуруугаа хийсэн” гэж хэлсэн.  Тухайн асуудлыг сонсоод нүднээс нулимс гарч хамаг бие чичирсэн. Санчирынд ороод гарт таарсан зүйлээр Л.Түвшинбаярыг цохисон...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Түвшинбаярын өгсөн: “...Би найзын хамт гэр рүүгээ явж байхад манай хоёр найз архи уугаад үлдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой найзууд архи уугаад байхаар нь “би харилаа” гээд ганцаараа явсан. Хуягаа ахынд түлхүүр авая гээд ороход Хуягаа ах гэртээ ганцаараа хувцастайгаа унтаж байсан. “Түлхүүр авая” гэхэд “арын айлд байгаа” гэж хэлэхээр нь арын айлаас нь орж авсан. Гэр хүйтэн байсан учир түлээ түлээд ганцаараа унтсан. Шөнө хоёр найз маань орж ирээд унтсан. Намайг унтаж байхад “түс тас” болохоор нь сэрсэн. Сэрэхэд миний ор хөнжил, толгой цус болсон байсан. “Юу болоод байна. та  хүн андуураад байна уу” гэхэд намайг чирээд гарсан. Гэрээс чирээд гарахад эхнэр нь “хүүеээ Гаа яаж байгаа юм бэ” гэж хэлж байсан. намайг эхнэрийнхээ урд нүцгэн байдалтай авч ирээд “та хоёрын хэн нь үнэн яриад байна вэ” гэсэн. Цагдаа дуудахад миний утсыг эхнэр нь булаацалдаад байсан. Би утсаа авч үлдэхэд Хуягаа ах эхнэртэйгээ хамт гараад явсан. Би өөрөө цагдаа болон түргэн дуудсан. Цагдаа ирэхгүй удаад байхаар нь хашаанаас гараад доошоо алхсан. Тухайн үед  дээрээс ирж байсан эгчээр давхар цагдаа дуудуулсан. Миний хувьд хүнд байна. Насаараа ажил хийж чадахгүй байдалд хүрсэн. Мөн эрүүл мэндээрээ хохирч байна. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа явах байсан. Түүнээс хойш ажилдаа явж чадаагүй ес, аравдугаар сарын цалингаа нэхэмжилж байна. Би сард 1.973.000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Сугиржаргалын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө нөхөр ажилдаа яваад удаагүй байхад хохирогч Л.Түвшинбаяр орж ирсэн. Би Л.Түвшинбаярыг тухайн үед анх удаа л харсан. Эгчээ танай гэрт ороод дулаацая. Санчирын гэр хүйтэн байна гэж хэлсэн. Манайх Санчирынхтай нэг хашаанд цуг амьдардаг. Би Л.Түвшинбаярыг гэрт орж ирээд дулаацахыг нь зөвшөөрсөн. Л.Түвшинбаяр зуухны өмнө сууж байснаа “эгчээ нэг тамхи асаачих уу” гэхээр нь “тэгээ тэг” гэж хэлэхэд “сая танай гэрээс гардаг хүн таны нөхөр үү” гэж асуухаар нь “тийм” гэж хэлсэн. Гэтэл Л.ТүвшинБаяр “та ийм залуухан дэгжин эмэгтэй байж ямар хөгшин нөхөртэй юм” гэхээр нь ”бид хоёр нэг үе, юу нь хөгшин байгаа юм” гэж хэлсэн. Мөн надаас “гал чинь хаанаа байгаа юм бэ” гэхээр нь би “цаана чинь байгаа очоод авчих” гэж хэлсэн. Гэтэл Л.Түвшинбаяр гал авалгүй хаалга түгжсэн. Би “хөөе чи хаалга түгжиж яах гэж байгаа юм бэ” гэхэд шууд ирээд хөнжил хуу татаад дээр гарч хэвтээд миний левчикийг урж дотуур өмд доошлуулаад гараа хийсэн. Би орилсон боловч Санчирын гэр хол зайтай байсан учир сонсогдоогүй байх. Мөн би Л.Түвшинбаярыг түлхсэн боловч дийлээгүй. Тухайн үед миний утас дуугарсан. Би “ашгүй манай найз ирлээ” гэж хэлэхэд Л.Түвшинбаяр босоод хаалга нээгээд гараад зугтсан. Найзыгаа орж ирэхэд би уйлаад орон дээрээ сууж байсан. Найз маань надаас “юу болов” гэхэд нь би “чи хурдан ирэхгүй яасан юм бэ, би арай л хүчиндүүлсэнгүй” гэж хэлсэн. Би найзын хамт Санчирын гэрт ороход Л.Түвшинбаяр сууж байсан. Санчиртай хамт амьдардаг Бааскаа гэх дүүд нь “Л.Түвшинбаяр их сонин залуу байна. Хуягаа ахдаа тодорхой юм ярих хэрэггүй. Би өнөөдөр ээжийнхрүү очиж хонолоо” гэж хэлээд ээжийнхээ гэрт очиж хоносон. Маргааш өглөө ирээд Хуягаад болсон асуудлыг ярьсан. Хуягаа уурлаад “тэр муу пиздааг алаад хаячихая” гэж хэлээд гараад гүйсэн. Намайг араас нь гараад очиход хохирогчийн толгойгооноос цус гараад толгойгоо барьчихсан, харин Хуягаа наад талд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Түвшинбаярын өгсөн: “... найз Санчирын гэрт ганцаараа унтаж байхад хажуу айлынх нь хүн болох Г гэгч нь орж ирээд миний толгойн зүүн талын оройн хэсэгт түлээний модон иштэй сүхээр цохисон байсан... Г нь гартаа түлээний иш хэсэг нь ойролцоогоор 25 см орчим хэмжээтэй сүх барьсан байсныхаа толгойн хэсгийнх нь ар талын төмрөн хэсгээр нь миний толгойн хэсэгт цохисон юмаа... намайг унтаж байхад орж ирж толгой руу сүхээр цохих үедээ мөн архи нь гараагүй согтуу байсан. Миний тухайд архи хэрэглээгүй эрүүл байсан... миний толгойн зүүн дээд хэсэгт сүхээр цохиулсаны улмаас хагарсан шарх үүссэн байна. Одоо толгой өвдөнө, дотор муухайрах зэрэг зовиур шаналгаатай байна...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Санчирын өгсөн: “... Тэгээд намайг өдөр ажил дээр байхад манай 21 дүгээр хорооны хэсгийн байцаагч болох цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнэ над руу утсаар ярьж танай гэрт чинь танай найз Түвшинбаярыг танай хашаанд хамт амьдардаг Г гэх залуу зодчихлоо, чи Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сугиржаргалын өгсөн: “... Г ... гараад явчихсан ... Хэсэг хугацааны дараа Г гэртээ орж ирсэн. Харин би Санчирын гэрт ганцаараа ороход Түвшинбаяр гэх залуу орон дээрээ сууж байсан. Түүний толгой хагарсан, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11204 дугаартай дүгнэлтэд:

          “1. Л.Түвшинбаярын биед зүүн чамархайн ясны хугарал, дух, зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй хатуу зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

          4. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.30/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4, 41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.14-15, 22-24/,

          Хохирогч Л.Түвшинбаярын эмчилгээнд хэрэглэсэн эмийн баримтууд /хх.38-40/,

          Ял шийтгэлийг шалгасан хуудас /хх.44/,

          Ажил байдлын тодорхойлолт /хх.47/,

          Хохирогч Л.Түвшинбаярын хохирлын талаарх хүсэлт /хх.82/,

          Хохирлын талаарх шинээр гаргаж өгсөн 12 хуудас баримт,

          Хохирол төлсөн баримт, хүсэлтийн шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 1233 тоот хашаанд байх иргэн Э.Санчирын монгол гэрт Л.Түвшинбаяртай “эхнэр оролдсон” гэх шалтгаанаар маргалдан, улмаар толгойн тус газарт сүхний ишээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Түвшинбаярын өгсөн: “... Г нь гартаа түлээний иш хэсэг нь ойролцоогоор 25 см орчим хэмжээтэй сүх барьсан байсныхаа толгойн хэсгийнх нь ар талын төмрөн хэсгээр нь миний толгойн хэсэгт цохисон юмаа... намайг унтаж байхад орж ирж толгой руу сүхээр цохих үедээ мөн архи нь гараагүй согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Санчирын өгсөн: “... цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнэ над руу утсаар ярьж танай гэрт чинь танай найз Түвшинбаярыг танай хашаанд хамт амьдардаг Г гэх залуу зодчихлоо, чи Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сугиржаргалын өгсөн: “... Хэсэг хугацааны дараа Г гэртээ орж ирсэн. Харин би Санчирын гэрт ганцаараа ороход Түвшинбаяр гэх залуу орон дээрээ сууж байсан. Түүний толгой хагарсан, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11204 дугаартай дүгнэлт /хх.30/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4, 41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.14-15, 22-24/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Түвшинбаярын өгсөн: “...Намайг унтаж байхад “түс тас” болохоор нь сэрсэн. Сэрэхэд миний ор хөнжил, толгой цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Сугиржаргалын өгсөн: “...Хуягаа уурлаад “тэр муу пиздааг алаад хаячихая” гэж хэлээд гараад гүйсэн. Намайг араас нь гараад очиход хохирогчийн толгойгооноос цус гараад толгойгоо барьчихсан, харин Хуягаа наад талд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          С.Г ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус үйлдэлийн улмаас цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

          Иймд С.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцлоо.

          С.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Л.Түвшинбаярын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2,642,160 төгрөгийг шүүгдэгч С.Г нь нөхөн төлсөн байх бөгөөд ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин нийт 3,946,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхив.

          Иймээс хохирогч Л.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Г нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Гт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          С.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч С.Гт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн түлээний сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. З овогт Сн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Гт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, С.Гт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Гийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. С.Гт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. С.Г нь хохиролд 2,642,160 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн түлээний сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Хохирогч Л.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох С.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Гт авсан цагдан хорих, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР

               ШҮҮГЧИД                                           Т.ШИНЭБАЯР

                                                 Э.ЧИНГИС