Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1236

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/03714 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч ХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХын даргын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил олгогч хуульд зааснаар байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй боловч 1 /нэг/ жилийн хугацаа тогтоож байгуулсан, байнгын ажлын байранд хугацаатай ажиллах нь миний хүсэл зориг биш байсан, харин тогтвортой хугацаа заагаагүй байнгын ажлын байранд ажиллах, ажлын байраар хангуулах нь ажилтан миний жинхэнэ хүсэл байсан.

ХХХХын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5/3417 тоот дугаартай албан бичгээр надад мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаалаар Х надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Миний бие ажиллах хугацаандаа аливаа ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагын дотоод журам, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ажил олгогч байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах тухай хуульд заасан үүргээ зөрчин хугацаатай гэрээ байгуулж, одоо Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож байгаа тус үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд ХХХХын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хугацаатай байгуулах гэрээний хувьд талууд харилцан тохиролцсон байх ёстой юм. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн гэрээний төрөл учраас талууд гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцох ёстой, гэтэл нэхэмжлэгч Хтэй байгуулсан гэрээнд энэ талаар зохицуулаагүй байна, мөн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шаардлагаар хугацаатай байгуулсан эсэх талаар тодорхой зүйл алга байна, ийм учраас ХХХХ хууль зөрчсөн байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х нь ХХХХын Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Дээрх ажил мэргэжилд Хтэй харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Х нь тус Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг анхнаасаа мэдэж байсан, Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаалыг хүчингүй болгоно гээд байгаа, гэтэл энэ тушаал өөрөө хуулийн дагуу гарсан, нэхэмжлэгч талд хуульд зааснаар энэ тохиолдолд заавал мэдэгдэх шаардлагагүй байхад манай байгууллагын зүгээс түүнд Хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгох талаар мэдэгдэж, танилцуулснаар дуусгавар болгосон. Бүтэц зохион байгуулалтын хувьд Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтэн шаардлагатай байгаа ч одоо ажиллаж байгаа ажилтнууд тухайн ажил үүргийг хуваарилж аваад зохих ёсоор гүйцэтгэж байгаа, хэрэв тус орон тоо үнэхээр шаардлагатай байсан бол ийнхүү Хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгохгүй байсан гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч Хгийн гаргасан ХХХХт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн 6 025 671.36 төгрөгийг хариуцагч ХХХХаас гаргуулж, нэхэмжлэгч Хд олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХХХаас 111 361 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 101/ШШ2016/03714 тоот шийдвэрт ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Х нь ХХХХын Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Дээрх мэргэжилд Хтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэг жилийн хугацаатай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14/02 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 17-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан үндэслэлээр 2016 оны дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа  дуусч буй мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5/3417 тоотоор мэдэгдсэн. Уг мэдэгдэлд Хтэй байгуулсан гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болж байгаа тухай дурдсан.

2. Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйл 40.2-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаагүй байгуулсан байх тухай дурдаж шийдвэрээ мөн адил гаргажээ. Ингэхдээ хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан түүнийг нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулах явцад болон ажил үүргээ гүйцэтгэж байх явцад гомдол гаргаж байгаагүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байхад гагцхүү хугацаагүй байгуулах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, 189 дүгээр зүйл 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаж хугацаатайгаар байгуулсан байгааг анхаарч үзээгүй байна.

Хэрэв хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулсан тухайд маргах байсан бол нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хуульд заасан хугацааны дотор эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн ИХШХШТХ-ийн 10 дугаар зүйл 10.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалттай нийцээгүй байна. Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн 03714 тоот шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

           

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосон гэж маргажээ.

Хариуцагч ХХХХын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн Барилгын салбар хариуцсан зураг төсвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Хариуцагч ХХХХын даргын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар нэхэмжлэгч Хг туршилтын хугацаанд хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай ажилласан гэх үндэслэлээр түүнийг Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн Барилгын салбар хариуцсан зураг төсвийн мэргэжилтнээр томилж, түүнтэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ. /хэргийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Хгийн ажиллаж байсан Барилгын салбар хариуцсан зураг төсвийн мэргэжилтний орон тоо нь байнгын ажлын байр болохыг хариуцагч үгүйсгээгүй байна. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж, мөн хуулийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь байнгын ажлын байранд нэхэмжлэгчийг ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон нөхцөл байдал нь тодорхойгүй тул хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэлийг хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд, хариуцагч нь байнгын ажлын байранд ажилтанг хугацаатай ажиллуулах болсон үндэслэл шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж, дэвтэрт бичилт хийх харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтуудыг хэрэглээгүй болон, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атлаа, 2, 3 дахь заалтуудаар дахин хангаж шийдвэрлэсэн зэрэг хууль хэрэглээ, найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хянаж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.  

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/03714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг 1 дэх заалт болгож “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хг Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн Барилгын салбар хариуцсан зураг төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 6 025 671.36 төгрөгийг хариуцагч ХХХХаас гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, энэхүү олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

“4” дэх заалтыг “2”, “5” дахь заалтыг “3”, “6” дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Энэ магадлалд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                           Т.ТУЯА  

               

                                                                                                 С.ЭНХТӨР