| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2016/0021/З |
| Дугаар | 0023 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 0023
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Монгол ардын нам”-ын хорооны дарга Н.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Бүрэгхангай сумын Сонгуулийн хороонд холбогдох
“Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Бүрэгхангай сумын ИТХ-ын сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2016/0021/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол ардын нам”-ын хорооны дарга Н.Эрхэмбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагааны дараа санал хураалтаас 2 хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарыг бүртгэхээс татгалзах үндэслэл бүхий дараах баримтууд илэрсэн Үүнд:
1.2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №210 тоот эвлэрлийн гэрээ
2.Булган аймаг дахь Сум дундийн иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэнгийн "Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай" 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2005 дугаар захирамж
Дээрх пакт баримтыг үндэслэн Бүрэгхангай сумын Монгол Ардын Намын хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар албан тоотоор сумын Сонгуулийн хороонд, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар албан тоотоор аймгийн Сонгуулийн хороонд тус тус өргөдөл, хүсэлт гаргасан. Өргөдөл, хүсэлтдээ Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргуулах тухай байв.
Гэвч аймгийн болон сумын Сонгуулийн хороо эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамж зэрэг нь шүүхийн шийдвэр гэж үзэхгүй тиймээс нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй байна гэсэн хариу өгсөн.
Сумын сонгуулийн хороо санал хураалтаас өмнө шийдвэрлэх хангалттай хугацаа байсан хэдий ч Сонгуулийн тухай хуульд заасан хугацаа хэтрүүлэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амаар хариу өгсөн нь зориудаар хугацаа хожиж, нэг талыг барьсан хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд бидний гомдлыг хүлээн авч хуульд нийцүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын ИТХ-ын "Анхдугаар хуралдаан" зохион байгуулагдахаар зарлагдсан бөгөөд үүнээс үүдэлтэй эрх зүйн ноцтой үр дагавар үүсэхийг харгалзан үзэж хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг шүүгчийн захирамжаар түр түдгэлзүүлж өгнө үү.”
Булган аймгийн Бүрэгхангай сумын хорооны дарга Н.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай нам нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот албан бичгээр Сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын хорооны дарга Н.Эрхэмбаяр нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот албан бичгээр гаргаж ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаарын албан бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Бүрэгхангай сумын хорооны дарга Н.Эрхэмбаяраас тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Бүрэгхангай сумын ИТХ-ын сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0021/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бүрэгхангай сумын хорооны дарга Н.Эрхэмбаярын нэхэмжлэлээсээ татгалзасныг баталж, тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Доржготов, Ч.Наранчимэг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Бүрэгхангай сумын ИТХ-ын сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0021/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ