Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 126/2018/0016/З |
Дугаар | 221/МА2019/0169 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0169
Ч.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Н-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагч Ц.Б, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй, Ч.Н-О-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 13, 14 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан иргэн Ч.Н-О-н нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-О-т учруулсан 5 598 110 /Таван сая таван зуун ерэн найман мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 24, 25 дугаар заалтыг зөрчсөн. Ч.Н-О миний бие Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшсэн.
Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 24-т “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг захирагчаар сонгогдсонд тооцно.”, 25-д “Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч ийнхүү олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн дүнгээр нэр дэвшигч нарын хэн аль нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50 хувийн саналыг авч чадаагүй.
Сонгуульд 1389 сонгогч оролцож үүнээс нэр дэвшигч Ч.Н-Оч 664 санал буюу сонгуульд оролцсон 1389 сонгогчийн 47.8% санал, нэр дэвшигч Б.Г 684 санал буюу сонгуульд оролцсон 1389 сонгогчийн 49.24% санал тус тус авсан.
Харин 41 сонгогчийн санал тэмдэглэсэн саналын хуудас нь журамд заасан үндэслэлээр хүчингүй болсон. Энэ нь сонгууль оролцсон 1389 сонгогчийн 2.96% болж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх саналын хайрцгаас гарсан саналын хуудас (сонгуульд оролцсон нийт сонгогчид)-аас хүчингүй саналын хуудсыг хасч үлдэх саналын хуудас (хүчинтэй санал өгсөн сонгогчид)-аас сонгуулийн дүн гаргасныг зөв гэж шийдсэн нь хууль тогтоомжид заасан “сонгуульд оролцсон нийт сонгогчийн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал хууль тогтоомжид “сонгуульд оролцсон нийт сонгогч”-ийн тооноос сонгуулийн дүн гаргана гэж заасан байхад шүүх “хүчинтэй саналын хуудасны тоо”-оос сонгуулийн дүн гаргана гэж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг болон хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэг болох Ч.Н-О-ын дахин санал хураалтад орох эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж үзэх үндэслэл болно.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар сонгуульд оролцсон сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэг болох Ч.Н-О миний бие дахин санал хураалт явуулах нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдана.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4-д зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулж, сонгуулийн дүнг гарган, нэр дэвшигч Б.Г-ыг сонгогдсонд тооцож, Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос 06 дугаар тогтоол гаргасан, уг тогтоолыг хүргүүлсний дагуу тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Б.Г-ыг захирагчийн үүрэгт ажилд томилжээ.
Нэхэмжлэгч Ч.Н-О нь дээрх тогтоол, захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “... Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн дүнгээр нэр дэвшигч нарын хэн аль нь сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50 хувийн санал аваагүй. ... анхан шатны шүүх саналын хайрцагаас гарсан хүчингүй саналын хуудсыг хасч үлдэх саналын хуудсаас сонгуулийн дүн гаргасныг зөв гэж шийдсэн нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах журмын “сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонх” гэсэн заалтыг зөрчиж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэг болох Ч.Н-О-ын дахин санал хураалтад орох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэжээ.
Харин хариуцагч нар нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг эс зөвшөөрсөн тайлбартаа “нийт сонгогч гэдгийг гаргахдаа хүчингүй саналын хуудсыг хасч сонгуулийн дүнг гаргасан. Энэ нь хууль, журмын заалтыг зөрчөөгүй ....” гэж маргажээ.
Хэргийн оролцогч нар шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтуудаар саналын хайрцгаас 1389 саналын хуудас гарснаас 47 саналын хуудас хүчингүйд тооцогдсоныг хэний ч төлөө санал өгөөгүй гэж үзсэн, үлдэх 1342 саналын хуудсаар нэр дэвшигч Б.Г 679, Ч.Н-О 663 санал авсантай маргаагүй байна.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.” гэжээ.
Энэ хэргийг шийдвэрлэхэд дээрх хуулийн заалтын “нийт сонгогч” гэдгийг тайлбарлах шаардлагатай.
Аливаа сонгуулийг нийтээрээ чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр иргэд сонгуульд оролцож саналаа өгдөг. Саналын хуудас нь хүчингүй болсон сонгогчийг нийт сонгуульд оролцсон иргэд буюу сонгогчийн тооноос хасвал тэдгээрийг огт сонгуульд оролцоогүй гэж үзсэнтэй адил болох бөгөөд энэ тохиолдолд сонгуулийн нийт ирцэд нөлөөлнө.
Үүнээс гадна сонгуулийн ирцийг нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогч иргэдийн олонхи ирснээр хүчинтэйд тооцож, улмаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог энэхүү зарчим нь нийтээрээ чөлөөтэй сонгох зарчмыг хангаж байгаа явдал юм. Нөгөө талаас төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тухайн нутаг дэвсгэрт оршин суугчдын олонхид зөвшөөрөгдснөөр сонгогдож үйл ажиллагаагаа явуулах боломж бүрддэг.
Мөн сонгуульд оролцсон иргэдээс нэр дэвшсэн 2 этгээдийн алийг нь ч сонгохыг хүсээгүй хоосон саналын хуудас өгөх нь саналаа өгч сонгох эрхээ эдэлж байгаа хэрэг бөгөөд нийт сонгогчийн тоонд оруулахгүй бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн явдал болно.
Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 1300 хүн сонгуульд оролцож санал өгснөөс 500 нь хүчингүй саналын хуудаст тооцогдсон гэж үзвэл үлдэх 800 хүнээс 401 хүний санал авсан нэр дэвшигч сонгогдвол нийт сонгуульд оролцсон хүний гуравны нэг ч хүрэхгүй хүний саналаар сонгогдох бололцоо бүрдэж “нийт сонгогчийн олонхийн санал” гэдэг утгаа алдах юм” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймд нийт сонгогчийн олонхийн санал аваагүй /хүчингүй саналын хуудсыг хассан дүнгээс сонгуулийн дүнг гаргаж/ нэр дэвшигч Б.Г-ыг сонгогдсонд тооцож, захирагчаар томилсон нь “нийт сонгогчийн олонхийн санал авсан бол сонгогдсонд тооцох” хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Ч.Н-Оч нь Б.Г-аас 16 саналаар бага сонгогчийн санал авсан, хүчингүй саналын хуудас нь 47 байгаагаас үзвэл дахин санал хураалтад оролцвол сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байх тул дээрх хууль бус актуудын улмаас Ч.Н-О-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх тул түүний давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч татгалзаж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.