Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0081/З |
Дугаар | 001/ХТ2021/0065 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2021/0065
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Үндэсний хөгжлийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаар шийдвэрээр: Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Үндэсний хөгжлийн газрын концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, концессын шууд гэрээ байгуулахыг хариуцагч Үндэсний хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд гаргасан 645 дугаар магадлалыг нэхэмжлэгч талаас хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
4. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэн алдаа гаргалаа. Магадлалын хянавал хэсэгт Засгийн газраас нэхэмжлэгчид концесс олгосон шийдвэр гараагүй болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн гэж шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарыг гуйвуулж, хариуцагч талд ашигтайгаар тайлбарласан дүгнэлтийг хийжээ. Мөн Засгийн газрын концесстой холбоотой гарсан шийдвэр, тогтоол хэрэгт авагдаагүй гэсэн учир дутагдалтай дүгнэлтийг хийсэн байна. Хэрэв үнэхээр Засгийн газрын шийдвэр, тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй гэж дүгнэж байгаа бол захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн байх ёстой юм. Энэ талаар зөв зүйтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг зөвхөн өөрсдийнхөөрөө тайлбарлаж, маргааны зүйл болж буй концесстой холбоотой Засгийн газрын шийдвэр гараагүй талаар хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
5. Үндэсний хөгжлийн газрын зүгээс Засгийн газрын хуралдаанд “Э” ХХК-д концесс олгох талаарх танилцуулгыг оруулж, шийдвэрлүүлж байсан нь тухайн байгууллагаас шүүхэд ирүүлсэн танилцуулга, тогтоолын төсөл болон бусад баримтаас тодорхой харагдаж байхад “Э” ХХК-д концесс олгосон асуудлыг мэдээгүй байх боломжгүй юм. Холбогдох яамны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар өөртөө шилжүүлэн авч хэрэгжүүлж эхэлсэн учир тухайн асуудлыг судалж, дэмжиж, шийдвэрлүүлсэн этгээд нь хариуцагч байгууллага байсан юм. Гэтэл баримтаар хангалттай тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хэрэгт авагдсан баримтуудаас эсрэг тайлбар гаргаж байгаа нь үндэс муутай байна. Өөрсдөө тухайн асуудлыг судалж, танилцуулж шийдвэрлэсэн хирнээ асуудлаас зугтааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
6. Дээр дурдсан асуудлын хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “...концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Австри улсын компанитай хамтран 2013 онд Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад саналаа хүргүүлж, манай компанитай шууд концессын гэрээ байгуулах талаар Засгийн газрын тогтоол гарсан, хуралдааны тэмдэглэлээр тусгагдсан, гэтэл хариуцагчаас гэрээ байгуулахтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан гэсэн боловч гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байна, өмчийн гэрчилгээ авч, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулсан боловч концессын гэрээ байгуулахгүйтэй холбоотой гэрээгээ биелүүлэх боломжгүй болсон, Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолоор нэмэлт орсон 441 дэх хэсэг нь “Э” ХХК-ийн төсөлтэй холбоотой гарсан, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Эрэл” ХХК-тай шууд концессын гэрээ байгуулах талаар тусгагдсан байгаа ...” гэж, хариуцагчаас “ ... Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолоор ... “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах талаар тусгасан өөрчлөлт оруулаагүй, “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах талаар тусгаагүй ...” гэж тус тус маргажээ.
9. Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолын хавсралтын 44 дэх хэсгээр “Нийслэл хот болон 21 аймагт Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барьж хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх барих-өмчлөх-ашиглах зориулалт бүхий уралдаант шалгаруулалт явуулах дэд бүтцийн” концессын зүйлийг баталж, уг концессын гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээг шууд гэрээ байгуулах бус уралдаант шалгаруулалт явуулах журмаар төслийг сонгон шалгаруулах аргыг баталж, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор дээрх 317 тогтоолд 441 дэх хэсгийг нэмж, 441 –д Улаанбаатар хотод .... хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх концессын зүйлийг баталж, шууд гэрээ байгуулах өөрчлөлтийг оруулсан байна.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “аж үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудаас манай төслийг дэмжиж дүгнэлтээ гаргаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн, 2015 оны 486 дугаар тогтоолоор манай компанитай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар хуралдааны тэмдэглэлд туссан” гэж тайлбарлаж байгаа боловч уг Засгийн газрын хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй.
11.Нөгөөтэйгүүр Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ” гэж зааснаар “Э” ХХК-тай концессын гэрээ шууд байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээдээс гаргаж Засгийн газарт ... хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
12. Хэдийгээр “Э” ХХК-иас боловсруулсан “Хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг холбогдох захиргааны байгууллагууд хүлээн авч дэмжиж байна гэх агуулгатай албан бичгүүд хэрэгт авагдсан боловч уг албан бичгүүдийг Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан эрх бүхий этгээдийн шууд гэрээ байгуулах дүгнэлттэй адилтган үзэж болох талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
13. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулж, холбогдох баримтыг бүрэн цуглуулан нэхэмжлэгчийн ямар хуулиар олгогдсон субъектив эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
14. Түүнчлэн хэрэгт авагдсан Үндэсний хөгжлийн газраас нэхэмжлэгчид хариу өгсөн албан бичигт “... уралдаант шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулагдсан, шаардлага хангагдсан компанийг шалгаруулах болно” гэх боловч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолд “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах талаар нэрлэн заагаагүй, хэрэв шууд гэрээ байгуулах этгээдийг сонгосон бол тусдаа тухайн хуулийн этгээдийг нэрлэн заасан тогтоол гарч түүний дагуу ажиллагаа хийгддэг” гэх зөрүүтэй тайлбаруудыг тодруулах нь зүйтэй байна.
15. Иймд анхан шатны шүүхийн алдаа, эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу, энэ тохиолдолд, хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121/МА2020/0645 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН