Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1729

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Болормаа /ҮД:0202/,

Шүүгдэгч Ц.Г, Ч.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батжаргал /ҮД:0922/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г, Ч.Г нарт холбогдох 1806 02397 0799 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жигүүр гранд” группэд барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б дүгээр байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Х овогт Цын Г /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1985 оны 10 дугаар сарын 02-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Жигүүр гранд” группэд сантехникийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, “ Ар зайсан” 104 дүгээр байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Чын Д /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Г, Ч.Г нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр гранд” группийн баригдаж байгаа барилгын хашаан дотор иргэн Д.Адьяасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гын өгсөн: “... Энэ хэрэг байгууллагын дотоод харилцаанаас болсон.  Би вагончиг дотроос хохирогчийг хамгаалсан гэж хэлж болно. Хэрэв тийм үйлдэл гаргаагүй байсан бол илүү аюултай асуудал үүсэх байсан. Вагончиг нь хааш хаашаа нэг метрийн зайтай ор багтах ч зай байхгүй. Шилэн цонхны дээгүүр ирмэгтэй хурц зүйлүүд байдаг. Би вагончиг дотроос хохирогчийг татаж гаргасан. Д, Адъяасүрэн хоёр ялихгүй зүйлээс болж маргалдсан ба миний хажууд Нацагдорж зогсож байсан. 18 цагт инженерүүдийн хурал тарсан. Сантехникийн инженер яаралтай дуудлагаар гадуур явах зайлшгүй шаардлага гардаг. Ч.Г тухайн хурлаар маш их шүүмжлүүлээд гарсан. Гараад төмөр хаалга өшиглөөд зогсож байхыг нь би цонхоор харсан. Тухайн үед би “Ч.Г ууртай байна даа” гэж бодсон. Харуул Адъяасүрэн 11 цаг 40 минут гэхэд хоолондоо явсан байсан. Арав гаруй минутын дараа харуул Адъяасүрэн хоолоо бариад ирэхэд Ч.Г “хаалгаа нээ л дээ” гэж орилж байсан. Харин Адъяасүрэн “чи гардаг цагтаа гарахгүй юу” гэж хэлээд вагончиг руу орсон. Ч.Г араас нь ороод маргаж эхэлсэн. Тухайн үед би хажууханд нь байсан учир орж Ч.Г, Адъяасүрэн нарыг салгасан. Вагончиг дотор гурван хүн багтах зайгүй ба цонхны  дээгүүр цаасны хутга мэт иртэй төмөр байдаг. Хэрэв Ч.Г, Адъясүрэн нар боолцоод зодолдсон бол илүү аюул болох байсан. Татаж гаргаж ирэхийг Нацагдорж гэх хүн харж байсан. Цаана нь маш олон хүн хараагүй. Би хохирогчийг цохиогүй гэдгээ тухайн үед хэлж байсан. Маргааныг цааш үргэлжлүүлэхгүй байх боломж байсан. Бүх хүн “12 цаг болж байна. хаалгаа нээчих, түлхүүр нь Адъяасүрэнгийн халаасанд байгаа” гэж хэлсэн. Тухайн үед Адъяасүрэн хэлэх хэлэхгүй үгээр хэлж “алалцаад өгье, алаад өгье” гээд хувцасаа тайлаад байсан. Миний зүгээс хохирогч гэх Адъяасүрэнг 2-3 удаа тэвэрч авсан нь үнэн. Гэвч надад өөрийн хүү шиг хүүхдийг малгайгаараа цохиж нүдээд байх ёс зүй байхгүй. Би энэ байгууллагад 30 жил ажиллаж байна. Ямар учраас зөвхөн Нацагдоржийн мэдүүлэгт үндэслэж намайг Адъяасүрэнг цохисон гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Цаана нь олон хүн харж байсан. Гэтэл Нацагдоржийн мэдүүлгээр намайг яллаж байгаад гайхаж байна. Нацагдорж, Адъяасүрэн нар харуул хамгаалалтын нэг албанд ажилладаг. Тухайн үед миний каск унахын хувьд унасан. Унасан каскаа аваад толгой дээрээ тавьж байсан. Түүнээс биш Адъяасүрэнг цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гын өгсөн: “... Тухайн өдөр инженерүүдийн хурал болсон. Хурал тараад би төв оффис руу явах яаралтай ажилтай байсан. Хурал удаж бага зэрэг сунжирсан. Миний уулзах гэж байсан хүмүүс хүлээгээд байсан. Хурал тараад 11 цаг 40 минутын орчимд явах хаалга дээр очиход хаалга түгжээтэй, вагончиг дотор хэн ч байгаагүй. Хүлээгээд байж байхад хоол иддэг континараас хоёр харуул хоол барьчихсан тааваараа алхаж байсан. Хаалга нүдээд байхад тоосон шинжгүй хүрч ирсэн. Миний хувьд шаардлага тавьсан гэж үзэж байна. Би “чи хэдэн цагт хоолондоо гарч байгаа юм бэ, цайны цаг болоогүй байна. чи хаалга нээгээдэх” гэж хэлсэн. Тэгтэл “чи цайныхаа цагаар гарахгүй юу” гэж хэлээд вагончиг дотор ороод хоолоо бариад суусан. Би “цайны бус цагаар инженерүүдийн зөвшөөрлөөр гарна. Инженерүүд аль ч цагаар гарах эрхтэй байдаг. Би гарах ёстой. Яаралтай ажилтай байна” гэж хэлсэн. Тухайн үл ойлголцлоос болж маргаан үүссэн. Хохирогч тухайн үед байгаагүй хүнийг “байсан, цохисон” гэх мэтээр анх өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байсан. Мөн маргааныг тасалж зодооныг салгасан хүмүүсээс “энэ хүн намайг цохисон, тэр хүн намайг цохисон” гэх мэтээр мэдүүлдэг. Хамт ажилладаг хүний хувьд Ч.Г ах намайг салгах гэж байгаад энэ хэрэгт холбогдсонд харамсаж байна. Би “Жигүүр гранд” ХХК-д 9 жил ажиллахдаа нэг ч удаа бусадтай маргаж байгаагүй. Хохирогч харилцааны маш доголдолтой байсан. Адъяасүрэн хамгаалагчийг хэд хоногийн өмнө хэдэн хүнтэй маргахад нь өмөөрч зодооныг салгаад явуулж байсан. Хохирогч Адъяасүрэн төв хаалга дээр гардаг. Урьд олон хүнтэй маргадаг байсан. Өглөөний хурал дээр “төв хаалга дээр өөр харилцааны соёлтой хүн гаргамаар байна. Харуул хүмүүстэй маргалдаад байна. харуул хамгаалалтын даргад нь уламжлаач” гэж хэлээд гарсан. Адъяасүрэн харилцааны доголдолтой. Миний хувьд тэсэхээ болиод барьцалдаж авсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Адьяасүрэнгийн өгсөн: “... Д ахлах гарах хаалган дээр ирээд зогсож байсан. Тэгээд Д хаашаа яваад ирж байгаа юм пизда минь, чамайг хэдэн цаг хүлээх юм, хаалгаа онгойлгооч гэж хэлсэн. Дотоод журамд 12-13 цагийн хооронд хаалгаа онгойлгох ёстой гэж хэлээд хоолоо авч харуулын байр луу орсон. Араас Д инженер харуулын байр луу орж ирсэн. Д чи ямар хэгжүүн пизда вэ гээд цамцны захаар боосон... Харуулын байрны гадаа Д толгой,  нүүрэн  тус  газар 2-3 удаа  цохисон. Хамгаалагч Нацагдорж нь Д бид 2-ыг салгаж байхад Г инженер ирсэн. Г инженер ирээд миний цамцны араас татаж толгойн арын дагз хэсэг рүү   2-3  удаа   цохьсон... Д  өвдөгөөрөө  цээж рүү өвдөглөж, дээрээс хөлөөрөө нуруу, бөөр хэсэг рүү 1 удаа тийрсэн... тэгээд салаад би хойшоо шатанд тулахад Г өмсөж байсан каскаараа толгойны баруун талд цохиход толгой язарч хагаран цус гарсан... дүгнэлтэд дурьдсан гэмтэлүүдийг Д, Г нар учруулсан. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэлийг Д, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, зулгарал, тархины суурийн болон дагз хэсгийн аалзан хальс доорх цус харвалт гэмтэлийг Г учруулсан... Д харуулын байрны гадна толгой, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Цээж рүү хөлөөрөө 1-2 удаа өвдөглөж, нуруун дээр 2-3 удаа тохойлдож цохисон. Г толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, каскаар 1 удаа хүчтэй цохиж толгой хагалсан... Гэмтэлийн эмнэлэгт 9 хоног хэвтсэн. Тархины тасарсан судасны цус хуралтыг бууруулах, шимэгдүүлэх  эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нацагдоржийн өгсөн: “... харуулын байрны хаалга онгорхой, инженер Д, хамгаалагч Адъяасүрэнг цамцных нь захаар хоолойг нь боож, суудаг орон дээр, дээрээс нь дарсан байсан. Тэгээд намайг очиж байхад Г инженер харуулын байр луу гүйгээд орсон. Би маргалдаад байна гэж бодон яарч хоол цайгаа барин харуулын байрны үүдэнд гүйгээд очиход Д, Адъяасүрэн, Г нар гарч ирсэн. Д Адъяасүрэнг боочихсон, Адъяасүрэн түлхчихсэн, Г хажуугаар нь ороод Адъяасүрэнгийн толгойны ар хэсэгт гараараа цохиж байсан. Тухайн үед Д Адъяасүрэнг чи муу хаашаа алга болчихдог юм хашааны банхарууд гээд байсан... би Д, Адъяасүрэн нарын голоор орж салгасан. Адъяасүрэнг боль гэж хориход Д дайраад байсан. Тэгээд эргэж хараад Дыг болиоч гэхэд Г инженер Адъяасүрэнг миний ард байхад гүйж очоод барьж байсан каскаараа Адъяасүрэнгийн толгойн баруун талд хүчтэй цохьсон. Цохиход нилээн чимээ гарсан... Дыг болиулахад Г, Адъяасүрэнг харуулын байрны хажуу талын 2 давхар луу гардаг шат руу шахаж нүүр лүү нь гараараа цохиж байсан... Тухайн үед Адъяасүрэнгийн хүзүү нь улайсан, толгойны баруун хэсэг халцарч язарсан, нүүр нь энд тэндээ улайсан, нулимс нь гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 3418 дугаартай дүгнэлтэд: “... Д.Адъяасүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины суурийн болон дагз хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “... хэрэг болсон цаг хугацаанд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэлүүд  болно. Гараар цохиход үүсэх боломж багатай, харин барилгын хамгаалалтын малгай /каск/-р цохиход үүсэх боломж илүү...” гэх мэдүүлэг /хх.47-49/,

Хохирлын баримтууд /хх.71-92, 153-163/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Д.Адъяасүрэн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх.95-102/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ц.Г, Ч.Г нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр гранд” группийн баригдаж байгаа барилгын хашаан дотор иргэн Д.Адьяасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Адьяасүрэнгийн өгсөн: “... Д харуулын байрны гадна толгой, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Цээж рүү хөлөөрөө 1-2 удаа өвдөглөж, нуруун дээр 2-3 удаа тохойлдож цохисон. Г толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, каскаар 1 удаа хүчтэй цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нацагдоржийн өгсөн: “... Д Адъяасүрэнг боочихсон, Адъяасүрэн түлхчихсэн, Г хажуугаар нь ороод Адъяасүрэнгийн толгойны ар хэсэгт гараараа цохиж байсан... Тэгээд эргэж хараад Дыг болиоч гэхэд Г инженер Адъяасүрэнг миний ард байхад гүйж очоод барьж байсан каскаараа Адъяасүрэнгийн толгойн баруун талд хүчтэй цохьсон... Дыг болиулахад Г, Адъяасүрэнг харуулын байрны хажуу талын 2 давхар луу гардаг шат руу шахаж нүүр лүү нь гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 3418 дугаартай дүгнэлт /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн  өгсөн: “... Гараар цохиход үүсэх боломж багатай, харин барилгын хамгаалалтын малгай /каск/-р цохиход үүсэх боломж илүү...” гэх мэдүүлэг /хх.47-49/

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Д.Адъяасүрэн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх.95-102/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ц.Гыг уг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж мэтгэлцсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь дээрх нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэнэ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г, Ч.Г нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Г, Ч.Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.Г, Ч.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Д.Адъяасүрэн нь эмчилгээний зардал 668,000 төгрөг, урагдсан хувцасны үнэ 100,000 төгрөг, эх О.Алтанцэцэгийн унааны зардал 127,800 төгрөг, Увс аймаг явсан онгоцны тийзний үнэ 389,000 төгрөг, ах Д.Нэргүйн өвчтөн асарсан үеийн цалин 345,000 төгрөг, Дархан хот руу эрүүл агаарт очиж ирсэн зардал 90,000 төгрөг, 2018 оны 3-6 сард өвчтэй байсан 95 хоногийн цалин 2,850,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 5,569,800 төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардалаас бусад нь нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.Г, Ч.Г нараас 668,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Д.Адъяасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г, Ч.Г нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Г. Ч.Г нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Г, Ч.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Гт  280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Ц.Г, Ч.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч Ц.Г, Ч.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг шүүх нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Ц.Г, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Цын Г, Б овогт Чын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Гт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Г, Ч.Г нарт сануулсугай.

4. Энэ хэрэгт Ц.Г, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Г, Ч.Г нараас 668,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Адъяасүрэнд олгосугай. 

          6. Хохирогч Д.Адъяасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г, Ч.Г нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Г, Ч.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР