Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2023/00047

 

О.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 209/20*******/00040

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ20*******/00312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч О.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 20******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4131 дугаартай захирамжаар ******* ХХК-д 63,325,069 төгрөг төлөхөөр болсон юм.

Энэ төлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол ******* дугаар байрны ******* тоот, 38.0 м.кв талбай бүхий /одоогийн м.кв 63 талбайтай/ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/2464 тоот мэдэгдлийг надад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан.                                         

Улмаар байрны үнийг гаргасан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Манай байртай адилхан байр 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байгаа. Тухайн үед ******* ХХК-иас би 63,325,069 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Одоогийн байдлаар банкнаас зээлж авсан мөнгөө төлсөөр 27,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би өөрийн байраа 90,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд өөрийн үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4131 дугаартай шүүгчийн захирамжаар Г.*******, Б., О.*******, Г. нараас 68,325,069.48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг 6 дугаар хороолол ******* дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

Гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22070114 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22070114/07 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22070114/15 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/20 дугаартай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл хөтөлсөн бөгөөд талуудад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШЗ20*******/00329 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан О.*******гийн гомдолтой, *******д холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч О.******* давж заалдах гомдолдоо:

            “Капитал зууч” ХХК нь миний эрх ашгийг хохироож хөрөнгийг минь үнэгүйдүүлсэн. Би үнэ ханшийн талаар өөрийн боломжийн хэрээр баримт цуглуулж, Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн зараас мэдээллийг хуулбарлан авч нотлох баримт болгон шүүхэд өгсөн. Мөн Дарханы бүх нотариатчидаас бусдын орон сууц худалдан борлуулсан гэрээний хуулбарыг гуйсан боловч хүний хийсэн гэрээг надад өгөх боломжгүй гэсэн.

            Гэтэл анхан шатны шүүх дээрхи нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би хувь хүн учраас үүнээс илүү нотлох баримт гаргаж өгөх боломжгүй. Зар харж ижил төстэй 3 өрөө орон сууцуудын үнийг асууж судлахад 140,000,000 төгрөг гэж байсан.  Тиймээс миний 3 өрөө орон сууц 130,000,000 төгрөг орчим үнэтэй байгаа гэж би үзэж байгаа тул үнэлгээг дахин гаргуулахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

             5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч О.*******гийн  гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Төлбөр төлөгч  О.*******  нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-н  гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч байгууллага нь  эс зөвшөөрч  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан  хэмээн  маргасан  байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргээс судлахад:

4. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3366 дугаар захирамжаар зохигчид  нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр  нийт 68,325,069.48 төгрөгийг  сар бүр 6 удаагийн давтамжтайгаар төлж дуусгахаар, 

-хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Y-******* улсын бүртгэлийн дугаартай ГД-******* гэрчилгээний дугаартай,Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг 6 дугаар хороолол ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  харилцан тохиролцож эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

4.а.Төлбөр төлөгч нар нь дээрх шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төлбөр авагч *******ны Дархан-Уул аймгийн Дархан зээлийн төвийн   хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар  сарын 22-ны өдөр 4131  дугаар  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 434  дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн./ хх- 25-27/

4.б. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 22070114 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” гаргаж, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн/хх-31/-ээс хойш  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарын  барьцаа хөрөнгө болох Y-******* улсын бүртгэлийн дугаартай ГД-******* гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг 6 дугаар хороолол ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн, улмаар  энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас авсан байх боловч талууд өөр,өөр үнийн санал гаргасан, төлбөр авагч тал нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан,  хариуцагч байгууллага нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон байна. /хх-5, 6, 34, 38, 42,43,46,47,48/

4.в. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 11/20 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 90,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх- 44-49,51-52, 53-69/

           4.г.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Энэхүү  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь Г.*******, Б., О.*******, Г. нарын дөрвөн хүн байх боловч  О.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар дангаар гомдлын нэхэмжлэл  гаргасан байна.  

6. Нэхэмжлэгч О.******* нь  гомдлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч ... өнөөгийн зах зээлийн ханшаар шинэ хорооллын 3 өрөө байрны үнэ ханш нэмэгдэж 130,000,000-140,000,000 төгрөгийн үнэтэй байхад миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр үнэлж үнэлгээ гаргасан нь эрх ашгийг хохироож, хөрөнгийг минь үнэгүйдүүлсэнд, 

үнэ ханшийн талаар өөрийн боломжийн хэрээр баримт цуглуулж Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн зарын сайтаас мэдээллийг хуулбарлан авч нотлох баримт болгон шүүхэд өгсөн боловч хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Хувь хүн надад үүнээс илүү өөр баримт олдохгүй юм байна.

Иймд миний үл хөдлөх хөрөнгө болох 3 өрөө орон сууц 130,000,000 төгрөг орчим үнэтэй байна гэж үзээд үнэлгээг дахин гаргуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг  хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7.Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг харьцангуй багаар үнэлж, үнэгүйдүүлсэн  гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу  баримтаар бүрэн нотлоогүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны  03 дугаар сарын 14-ны өдрийн 135/ШШ20*******/00312 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

                     

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Г.МЯГМАРСҮРЭН     

                                                      ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                                                                    Х.БАЙГАЛМАА