| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1691/Э |
| Дугаар | 1754 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эт холбогдох 1803 00868 0456 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд 1983 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-58 дугаар байрны 59 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Бийн Э /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 10 дугаар гудамжны 204 тоот хашаанд Тоёота Марк-2 маркийн 71-91 УБС улсын дугаартай автомашиныг байрлуулан зогсоохдоо Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөний улмаас өөрийн 6 настай хүү Э.Золбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-8/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргалын өгсөн: “... Э миний төрсөн хүүхэд байгаа юмаа. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн нөхөр Э, 2 настай хүү Золжаргал, 6 настай хүү Золбаяр нарын хамтаар маргааш болох гэж буй бага хүүхдийн үсний найрны хүнсний зүйлийг Барс захаар явж цуглуулсан. Тухайн үед нөхөр маань өөрийнхөө 71-91 УБС улсын дугаартай Марк-2 маркийн машиныг жолоодоод явж байсан. Ингээд орой 22 цаг болж байхад би өөрийн аав Эрдэнэбямбын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 10 дугаар гудамжны 204 тоот хашаанд аавын гэрт очсон. Манай аав, ээж хөдөө яваад тэр өдөр ирнэ гэсэн боловч ирж амжаагүй байсан ба манай гэр бүл аавын хажууд нь гэр бариад түр амьдарч байсан. Ингээд бид дөрөв хашаанд ирээд нөхөр маань машинаа амбаар луу тулгаж тавиад гэр лүү орж халуун цай ууж жаахан юм идэж дулаацаад хүнсний зүйлээ муудахаас сэргийлж амбаар луу хийх гэтэл бага дагаад уйлаад байхаар нь дөрвүүлээ цуг гараад багыг машин дотор үлдээгээд нөхөр машинаа асааж амбаар луу гэрэл тусгаад багажнаас надтай хамт юмаа зөөгөөд байж байтал том хүү “ээжээ би тусалъя” гэж хэлэхээр нь жижиг ууттай жимс өгч бариулаад явуултал машин гэнэт урагш хөдлөөд том хүү Золбаярын хөлийг хавчих шиг болоод орилсон. Тэгэхээр нь нөхөр Э яаралтай гүйж очоод машинаа ухраасан... тухайн үед зүүн хөлний дунд чөмөг нь хугарч бэртсэн...” /хх.12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 13848 дугаартай “Э.Золбаярын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.27/,
Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн архиваас авсан “Өвчний түүх” /хх.29-37/,
Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаартай “Т.Марк-2 маркийн 71-91 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би багажинд байсан зүйлээ амбаар луу оруулж тавих гээд машинаа асаагаад машины их гэрлийг амбаар руу тусгасан. Ингээд эхнэр бид хоёр амбаар руу юмаа зөөж байсан. Том хүү маань тусалъя гэхээр нь багажнаас хөнгөн жимс гарт нь бариулаад явуултал гэнэт машин урагш хөдлөөд том хүүгийн зүүн хөлийг нь амбаарт хавчсан. Тэр үед би гүйгээд машин луу ортол бага хүүхэд машины араа урагш түлхчихсэн байсан. Тэгээд л машинаа хойшлуултал хүүгийн зүүн хөл өвдөж байна гэхээр нь хар цайгаар шавшаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл хүүхдийн зүүн хөл хугарсан гэж хэлсэн. Тухайн үед гэмтэлийн цагдаа юу болсон талаар тодруулж бүртгэсэн. Ингээд над руу замын цагдаагаас ярьж дуудан уулзаж хэргийн газрын үзлэг хийсэн...” /хх.49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 10 дугаар гудамжны 204 тоот хашаанд Тоёота Марк-2 маркийн 71-91 УБС улсын дугаартай автомашиныг байрлуулан зогсоохдоо Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөний улмаас өөрийн 6 настай хүү Э.Золбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-8/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргалын өгсөн: “... машин гэнэт урагш хөдлөөд том хүү Золбаярын хөлийг хавчих шиг болоод орилсон... тухайн үед зүүн хөлний дунд чөмөг нь хугарч бэртсэн...” /хх.12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 13848 дугаартай “Э.Золбаярын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.27/,
Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн архиваас авсан “Өвчний түүх” /хх.29-37/,
Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаартай “Т.Марк-2 маркийн 71-91 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн яллагдагчаар өгсөн: “... Том хүү маань тусалъя гэхээр нь багажнаас хөнгөн жимс гарт нь бариулаад явуултал гэнэт машин урагш хөдлөөд том хүүгийн зүүн хөлийг нь амбаарт хавчсан. Тэр үед би гүйгээд машин луу ортол бага хүүхэд машины араа урагш түлхчихсэн байсан...” /хх.49/,
Шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч Э.Золбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Эийг “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч Э.Золбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Эийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Э нь “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Бийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эт сануулсугай.
5. Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР