| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0012/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 14
2019 01 10 2019/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч Н.Х , шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донгоодой овогт Ц.Бд холбогдох эрүүгийн 1821006120385 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ...................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл гэх , ............................. регистрийн дугаартай, Д овогт Ц.Б.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хяналтын постны урд талд өөрийн эзэмшлийн “Стимо” маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас “Тоёота аллион” маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч С.Ц-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд Энх-Мөнх-Наран ХХК-аас 2500000 төгрөгний барьцаанд тавьсан машинаа авахын тулд сар болгон 330000-300000 төгрөгний зээл төлдөг. Би машинаараа ажлын бус цагаар таксинд явж машины барьцааны мөнгөө хийдэг. Машин маань эвдрэлтэй байсан тул зээл төлөлтийн 2 сарын мөнгө 600000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн машины эвдрэлийн 2020400 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар төлсөн төлбөр байхгүй байна. Нийт 2620400 төгрөг нэхэмжилж байна“ гэв.
Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Аллион маркийн тээврийн хэрэгслийг Хандсүрэн жолоодоод хажуу талд нь би суугаад ар талд нь нөхөр Батдорж, хүргэн Баянмөнх хоёр сууж явсан. Баянтүмэн сумын зүүн талд байрлах цагдаагийн хяналтын постонд тээврийн хэрэгслүүдийг цагдаа нар шалгалт хийж байсан бөгөөд тэр дунд Дорнод-Улаанбаатар чиглэлтэй том оврын автобус ертөнцийн зүгээр хойд талд баруун зүг рүү харсан байрлалтай зогсож байсан ба бид нар урсгалаараа зүүн зүг рүү явж байхад гэнэт том оврын автобусны араас Стимо маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...Манай тээврийн хэрэгсэл 20-30 км цагийн хурдтай явж байсан бөгөөд уулзвар дөнгөж өнгөрсөн учир удаан явж байсан. Хандсүрэн огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Одоо миний биеийн байдал цээж хэсгээрээ өвчтэй, ард сээрний яс хугарсан байдалтай байна. Би гомдолтой байна, эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч З.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Замын цагдаа жолоочийн бичиг баримтыг шалгаж байхад том оврын хүн тээврийн автобус ирээд манай машины урд талд төв замаас /баруун гар тал руу шахалгүй/ зам дээр зогссон байсан. Тэгээд уг машин маань шалгуулж дуусаад хөдлөх гэхэд урд автобус байсан тул зүүн гар талаар нь дараад гарах гэж байгаад машинтай мөргөлдчихсөн. Би утсаар яриад явж байсан тул сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш аймгийн Авто тээврийн газар дээрээс Улаанбаатар хот явах чиглэлийн Стимо маркийн машинд суугаад явсан. Уг машин аймгийн төвөөс гараад баруун гүүрний хойд талд байрлах 3 дугаар постонд замын цагдаа зогсоож шалгуулсан. Шалгуулж байхад том автобус бид нарын урд ирээд зогссон. Манай машины жолооч машинаа автобусны араар зөөлнөөр зүүн гар тал руу даялан гарч байтал баруун талаас улаан өнгийн Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай авто машинтай манай машины урд хэсгээр мөргөлдсөн. ...Уг мөргөлдсөн улаан машин их хурдтай ирсэн. Хэр зэргийн хурдтай явсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 748 тоот дүгнэлтэд: 1. Н.Хандсүрэнгийн биед цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 53/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 753 тоот дүгнэлтэд: 1. С.Ц-ийн биед сээрний 8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагз, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлий, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон сээрний 8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дагз, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлий, зүүн өгзөгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 63/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд: 1. Тоёота Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Н.Хандсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 2.Тоёота Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай авто машины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. 3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Ням овогтой Хандсүрэн /ЖЭ83100480/ регистрийн дугаартай лавлагааг авахад /В-575662/ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 4.Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хээргсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 5.Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6. Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай авто машины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. 7.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Цэгмэд овогтой Ц.Б /ЖБ82030279/ регистрийн дугаараар лавлагааг авахад /В-446619/ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 8.Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хээргсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 68-69/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд: 1.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөрийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ. 2.Тоёота Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Н.Хандсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 7.6-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг сахин биелүүлж бусад замын хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцох нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангасан гэдгийг биечлэн мэдэж зам дээр болон ойр орчимд ямар нэгэн саад байгаа эсэхийг толинд болон эргэж харсны дараа хөдөлгөөнөө эхлэх нь зохимжтой. 4. Тоёота Аллион маркийн 27-47 ДОА, Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай авто машины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн. 5.Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Аллион маркийн 27-47 ДОА, Тоёота Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 77-78/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 9-10/,
-Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 8/
-“Ашид билгүүн” ХХК-ийн “Тоёота стимо” маркийн 90-46 ДОР улсын дугаартай авто машинд хийсэн техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12/
- “Вендо” ХХК-ийн “Тоёота Аллион” маркийн 27-47 ДОА улсын дугаартай авто машинд хийсэн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 13--17/
-Зам тээврийн осолд холбогдсон “Тоёота Стимо” маркийн 90-46 ДОР улсын дугаартай, “Тоёота Аллион” маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 21/
-Иргэний нэхэмжлэгч Н.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 27/
-Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85/
-Хохирогч С.Ц-ийн хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд / хх-ийн 103-108/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хяналтын постны урд талд өөрийн эзэмшлийн “Тоёота Стимо” маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоёота Аллион” маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч С.Цэцэгээгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгалт хийгээд миний бичиг баримтыг өгөхөөр нь тээврийн хэрэгслээ хөдөлгөх гэхэд урд талд том оврын автобус зогсож байхаар нь тухайн автобусны араас өөрийнхөө тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулан эгнээ байраа эзлээд явж байхад баруун талаас “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч С.Цэцэгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянтүмэн сумын зүүн талд байрлах цагдаагийн хяналтын постонд тээврийн хэрэгслүүдийг цагдаа нар шалгалт хийж байсан бөгөөд тэр дунд Дорнод-Улаанбаатар чиглэлтэй том оврын автобус ертөнцийн зүгээр хойд талд баруун зүг рүү харсан байрлалтай зогсож байсан ба бид нар урсгалаараа зүүн зүг рүү явж байхад гэнэт том оврын автобусны араас Стимо маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Д.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шалгуулж байхад том автобус бид нарын урд ирээд зогссон. Манай машины жолооч машинаа автобусны араар зөөлнөөр зүүн гар тал руу даялан гарч байтал баруун талаас улаан өнгийн Аллион маркийн 27-47 ДОА улсын дугаартай авто машинтай манай машины урд хэсгээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...Баянтүмэн сумын 3-р багт байрлах Замын хяналтын постны орчим замын цагдаа тээврийн хэрэгслүүдийг зогсоож үзлэг шалгалт хийж байсан ба уг уулзварын орчим ирээд хурдаа хасаад уулзвар өнгөрөх гэхэд том оврын улаан өнгийн автобусын араас цэнхэр өнгийн Стимо маркийн 90-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт ширүүн гарч ирээд манай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 748 /хх-ийн 53/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 753 /хх-ийн 63/ тоот дүгнэлтүүд, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 тоот дүгнэлт /хх-ийн 68/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 59 тоот дүгнэлт /хх-ийн 76/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, Зам тээврийн осолд холбогдсон “Тоёота Стимо” маркийн 90-46 ДОР улсын дугаартай, “Тоёота Аллион” маркийн 27-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.Ц-д учирсан хүндэвтэр, хөнгөн хохирлууд нь шүүгдэгч Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7.6-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Бээс 2351614 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ц-д эмчилгээний зардлын 331214 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Х-д машины эвдрэлийн үнэ 2020400 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Ц-ийн нэхэмжлийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй эдийн савангийн үнэ 107856 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй /гэрээний харилцаанаас үүссэн/ зээлийн төлбөр 600000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Ц нь бусад 1169930 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдвэл зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Бийн ............................................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Ц.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цалин, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Бээс 2351614 /хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Ц-д 331214 / гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнд 2020400 /хоёр сая хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийг олгож, хохирогч С.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагаас эдийн савангийн үнэ 107856 /нэг зуун долоо мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Х-ийн зээлийн төлбөр 600000 /зургаа зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Ц нь бусад 1169930 /нэг сая нэг зуун жаран есөн мянга есөн зуун гуч/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бийн .................. регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР