Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч-хохирогч С.Б

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

нарт холбогдох эрүүгийн 1805025790715 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Голд 999 нэртэй шөнийн цэнгээний газарт О.Дтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Голд 999 нэртэй шөнийн цэнгээний газарт С.Б-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын явцад О.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед С.Бнамайг манай найз Д-тай андуурсан юм шиг байна лээ. Би С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Миний эрүүл мэндэд Б.А гэмтэл учруулсан. Миний зүгээс Б.Ат ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор С.Бмөрдөн байцаалтанд: Би 2018 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө 24 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” бааранд эхнэрээ найз Халиунаагийнх нь хамтаар хүргэж өгсөн. Тэгээд шөнө 01 цагийн үед эхнэрээ авах гээд Халиунаагийн нөхрийн хамтаар тус бааранд очиход тэр бааранд байсан 4-5 залуучууд манай эхнэрийн бөгс бөөрийг барьсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуучуудтай нь очиж уулзаж “танай эхнэрийн бөгс бөөрийг бас бариад байвал яах уу” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ зайл” гэсэн тэгэхээр нь би нэг залууг нь очиж нүүр рүү нь түлхсэн чинь буйдан сандал руу унаад босож ирэхдээ нөгөө залуу миний нүүр рүү архины шилээр цохиод авсан. Тэгээд цохиулсны дараа би ухаан алдаж унаад нэг сэрсэн чинь тайзны голд сэрсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө залууг гавлаад аваад явсан. /хх-ийн 7-8/ гэх мэдүүлэг,

Хохирогч О.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 25-нд шөнийн 01 цагийн орчимд “Голд 999” нэртэй бааранд орж архи пиво авч уугаад би болон манай найз нар нэлээд согтсон байсан. Тэр үед би бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь нэг залуу ирээд намайг шууд цохиод авсан. Тухайн үед би юу болоод байгааг нь ойлгоогүй тэр залуу намайг цохисон тэгсэн манай найз А ирсэн чинь тэр залуу манай найз А-г бас цохиод авсан. Тэгсэн А унаад босож ирээд тэр залууг цохиод авсан. Тэгэхэд баарны хамгаалагч нар ирээд салгасан чинь тэр залуу бид нарыг Баянхонгор аймгийн гөлөгнүүд гээд хашгираад байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн. Намайг махлаг бор, дээгүүрээ бор куртик, доогуураа жинсэн өмдтэй залуу зодсон. Намайг гараараа цохиход нь би уначихсан байхад намайг өшиглөсөн. Миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, бас зүүн талын хавирга өвдөөд байгаа. /хх-ийн 28- 29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Ундармаа мөрдөн байцаалтанд: Би нөхөр С.Б-тай 2015 онд танилцаж тэр үеэс хамтран амьдрах болсон. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай найзууд болох Хүдэрбаатар, түүний эхнэр Билгүүн нар манай гэрт намайг эргэж ирсэн юм. Бид нар 18 цагийн үед гэрээс гараад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж алхаж байгаад 21 цагийн үед манай гэр рүү явсан. Ингээд замдаа Билгүүн бид хоёр нэг газар сууж юм ярья гэж тохиролцоод хүүхдээ гэртээ үлдээгээд Хүдэрбаатар, Б хоёроор манай гэрээс холгүй байрлах “Голд 999” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа хүргүүлсэн. Ингээд Б, Хүдэрбаатар хоёр гадуур халтууранд явлаа гээд явсан. Билгүүн бид хоёр уг шөнийн цэнгээний газар ороод хүний нэг, нэг 0.5 литрийн пиво захиалж уугаад бид хоёр бүжиглэхээр хоёр давхараас доошоо шатаар бууж байхад өндөр нуруутай туранхай залуу, цагаан өнгийн фудволктой намхан залуу хоёр зөрөх үед өндөр залуу нь миний бөгсөн тус газар гараараа цохисон. Би тэр залууд хандаж “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр хоёр залуу тоогоогүй яваад өгсөн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хойноос хэн нэгэн нь миний бөгсөн  тус газар цохихоор нь би эргээд харахад шатан дээр зөрсөн хоёр залуу миний хойд  талд над руу харчихсан зогсож байсан. Би “чи яаж байгаа юм бэ” гээд маргалдахад хажуу талаас манай нөхөр Б тэр өндөр залуугийн цээж рүү нь гараараа түлхээд холдооч чи гэхэд нөгөө залуу Бын нүүр рүү нь гараараа мангасдаад түлхэхэд өөр нэг залуу хажуу талаас пивоны шилээр Быг цохих гэхэд Б бултаад намхан залуутай барьцалдаад гадагшаа аваад гарахаар нь би араас нь гарсан. Б тэр залуу дээр очоод “чи яаж байгаан юу болсон юм бэ” гэхэд өндөр залуу өөдөөс нь хэдэрлээд хэрэлдээд байхаар нь Б тэр залууг мангасдаад түлхэхэд тэр залуу ширээн дээр байсан пивоны шилийг аваад шидэхэд манай нөхрийн зүүн талын нүдэн  тус газар нь оносон. Ингээд намайг нэг эмэгтэй салгаад холдуулахад нь харахад Б бүжгийн талбай дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны 23 цагийн үед Ундармаагийн нөхөр Хүдэрбаатарын хамт очиж Ундармаагийн нөхрийн хамт бид дөрөв Саппорогийн “Голд 999” нэртэй бааранд очоод манай хоёр нөхөр халтуур хийнэ гээд явсан. Би найз Ундармаагийн хамт уг бааранд ороод 4 шил пиво уунгаа бүжиглэж байсан чинь нэг залуу Ундармаатай халз бүжиглэх гээд байхаар нь би “чи болиоч” гээд нөгөө талдаа гаргасан манай найз Ундармаагийн бөгс рүү нь нэг залуу алгадаад байж байх үед бид хоёрын нөхөр орж ирж таарсан. Тэгэхэд нь би Ундармааг “хаяа дээшээ гаръя” гээд дээш гарч үлдсэн пивоо уусан. Тэгээд би гарч тамхи татах гээд гарчихаад ороод ирсэн чинь бааранд бөөн юм болсон байсан. Манай найз Ундармаа жаахан халчихсан байсан. Бүжгийн талбай дээр нэг залуу Ундармааг өдөөд байсан. Манай нөхөр болон Б нар эрүүл байсан.  /хх-ийн 14-15/ гэх мэдүүлэг,  

 

Гэрч Л.Баасанжав мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 00 цагийн үед “Голд 999” нэртэй бааранд 5 найзын хамт орж 1 шил соёрхол архи, 4 ширхэг лаазтай кола ундаа захиалж уугаад би найз  нарын хамт бүжгийн талбайд бүжиглэсэн.  Тэгж байсан чинь манай найз Д-г нэг залуу ирээд үгийн зөрүүгүй цохиод авсан тэгээд тэнд байсан баарны хамгаалагч болон манай найз нар бүгдийг нь салгасан. Тэгсэн нөгөө залуу гарч яваад удалгүй  орж ирээд шууд А-г цохиод авсан. Манай найз босохдоо шилээр цохисон. Ийм л юм болсон. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхнасан мөрдөн байцаалтанд: Би “Голд 999” нэртэй шөнийн цэнгээний газар хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Энэ оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед манай цэнгээний газрын бүжгийн талбай дээр эхнэртэйгээ явж байсан залуу манайхаар үйлчлүүлж байсан залуу индрийн хажуу талд сууж байсан өндөр залуутай маргалдахад тэрэнтэй хамт явж байсан найзууд нь босч ирээд хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгаад эхнэртэйгээ явж байсан залууг дагуулаад баарнаас гарсан юм. Ингээд би юу болсон талаар тодруулахад манай эхнэрийн бөгсийг тэнд байсан өндөр залуу алгадсан гэхэд баарнаас хамт гарч ирсэн намхан залуу “би танай эхнэрийн бөгсийг алгадаагүй, алгадсан хүнийг нь зааж өгье” гэхээр нь би “та тайван бай, асуудал үүсгээд хэрэггүй” гэж хэлээд тайвшруулаад буцаж баар руу ороход араас уг залуу эхнэрийн хамт орж ирсэн...Ингээд би буцаж очиход эхнэртэйгээ явж байсан залуу нүдээ барьчихсан газар дээшээ хараад хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад наад талын ширээн дээр сууж байсан залуучуудын нэг нь миний нүдийг цохичихлоо гэж байсан. /хх-ийн 20-22/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнийн 1 цагийн орчим “Голд 999” нэртэй бааранд 6 найзын хамт орж 1 шил архи, 6 ширхэг пиво уугаад би нэлээд халчихсан байсан. Тэр үед манай найз Дүүрэнжаргал нэг залуутай маргалдаад байсан. Би очсон чинь нөгөө залуу намайг шууд түлхээд унагаасан тэгэхээр нь би зөрүүлээд ууж байсан пивоны шилээрээ цохисон. /хх-ийн 23-24/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар С.Бмөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим эхнэр Ундармаа түүний найз Халиунаа түүний нөхөр Хүдэрбаатар нарын хамт “Голд 999” нэртэй бааранд Хүдэрбаатар бид хоёр эхнэрүүдээ үлдээж өөрсдөө гадуур халтуур хийж байгаад ирэхээр тохиролцоод гарсан. Тэгээд Хүдэрбаатарын  хамт түүний машинаар 2 цаг орчим халтуур хийж байгаад буцаад 24 цагийн орчим Голд 999 нэртэй шөнийн цэнгээний газар ирсэн чинь эхнэрүүд маань бүжигийн  талбайд бүжиглэж байсан ба Ундармаа надад “энэ залуу миний бөгсийг барьсан” гэж нэг жижиг биетэй залууг заахаар нь би түүнийг дагуулаад үүд рүү гаргаж “чи яагаад манай эхнэрийг оролддог юм” гэхэд тэр залуу “ахаа би бишээ өөр хүн шүү дээ тэр байна” гэж бүжгийн  талбайд байсан том биетэй залууг заасан.  Тэгэхээр нь би тэр том биетэй залуу руу очиж “чи яахаараа миний эхнэрийг оролддог юм” гээд түлхээд  хоорондоо барилцаж авахдаа түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Ширээн дээр ирээд учир байдлаа ярилцаж ойлголцох гэж байхад А гэх найз нь миний зүүн нүдний орчим пивоны шилээр цохисон. Үүнээс болж би ухаан балартсан байсан намайг цохисон залууг хамгаалагч нар бариад авсан. /хх-ийн 107-109/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5401 дугаартай дүгнэлтэд: С.Б-ын биед зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5459 дугаартай: О.Дын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55/ гэсэн дүгнэлт,

 

Гэрэл зураг /хх-ийн 38/, СД-нд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 65, 94/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 92/, хохирогч Д-с гаргасан хүсэлт /хх-ийн 122/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

С.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 87/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/

Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999”  шөнийн цэнгээний газарт С.Бнь “эхнэрийн бөгсийг алгадсан” гэх шалтгаанаар О.Дыг цохиж зодсон,

мөн дээрхи цаг хугацаанд С.Б-ын нүүрэн тус газарт О.Дын найз Б.А нь пивоны шилээр цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт С.Бнь О.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ шүүгдэгч болох ба харин Б.Ат цохиулж өөрийн эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авсан үйлдэлдээ хохирогч юм.

 

Энэ байдал буюу шүүгдэгч С.Бнь О.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А  нь С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Б-ын”...би нэг залууг нь очиж нүүр рүү нь түлхсэн чинь буйдан сандал руу унаад босож ирэхдээ нөгөө залуу миний нүүр рүү архины шилээр цохиод авсан...” /хх-ийн 8/, хохирогч О.Дын”...нэг залуу ирээд намайг шууд цохиод авсан...А унаад босож ирээд тэр залууг цохиод авсан...”/хх-ийн 29/, гэрч М.Ундармаагийн”...Б тэр залууг мангасдаад түлхэхэд тэр залуу ширээн дээр байсан пивоны шилийг аваад шидэхэд манай нөхрийн зүүн талын нүдэн  тус газар нь оносон...”/хх-ийн 12/, гэрч Б.Билгүүний”... Ундармаагийн бөгс рүү нь нэг залуу алгадаад байж байх үед манай 2 нөхөр орж ирж таарсан...би гарч тамхи татах гээд гарчихаад ороод ирсэн чинь бааранд бөөн юм болсон байсан...”/хх-ийн 15/,  гэрч Л.Баасанжавын”...найз Д-г нэг залуу ирээд үгийн зөрүүгүй цохиод авсан...”/хх-ийн 17/, гэрч Б.Мөнхнасангийн “...наад талын ширээн дээр сууж байсан залуучуудын нэг нь миний нүдийг цохичихлоо гэж байсан...” /хх-ийн 21/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5401 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5459 дугаартай дүгнэлт /хх-ийн 55/, гэрэл зураг /хх-ийн 38/, СД-нд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 65, 94/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 92/, хохирогч Д-с гаргасан хүсэлт /хх-ийн 122/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” Б.Аын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн”...намайг шууд түлхээд унагаасан тэгэхээр нь би зөрүүлээд ууж байсан пивоны шилээрээ цохисон...” /хх-ийн 24/,  С.Б-ын”...түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон...А гэх найз нь миний зүүн нүдний орчим пивоны шилээр цохисон...” /хх-ийн 109/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдсан байна.

 

Хяналтын прокуророос С.ББ.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.ББ.А нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов. 

 

Улсын яллагчаас С.ББ.А нарыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Д нь С.Бт, С.Бнь Б.Ат “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хэрэгт мэдүүлснийг шүүх үнэлж шүүгдэгч С.ББ.А нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Б Б.А нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.ББ.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Улсын яллагчаас С.Б Б.А нарт торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээн авч нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг нь харгалзаж  торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б, А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч С.Б Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.С.Б Б.А нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүйг  тус тус дурьдсугай.

 

5.Хэрэгт хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах  гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                        

 

          

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ