Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2023/00017

 

Я.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00155 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Я.*******ын нэхэмжлэлтэй Д.*******ид холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний төлөгдөөгүй дүн 5.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг нийт 14.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Д.*******ийн нэхэмжлэлтэй Я.*******од холбогдох 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 15.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Д.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний төлөгдөөгүй дүн 5.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг нийт 14.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Д.******* нь Я.*******од холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу төлсөн 15.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Би ******* *******ы *******тэй 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр газар худалдсан, газраа худалдаад, газар дээрх байшин дагаж ирэх юм байна. Бичиг баримтыг нь би өөрөө хөөцөлдөөд авчихъя гэж хэлсэн. Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлалтай 1771 мкв талбайтай газар худалдсан. Бид эхлээд 20.000.000 төгрөгөөр тохирсон. Гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэхэд төлбөрөө төлж дуусгах байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Үлдэгдэл 5.000.000 төгрөг дээр алданги 9.500.000 төгрөгийг нэмээд 14.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Д.*******ийн хариу тайлбарын агуулга: Я.******* нь 1998 онд ******* сумын уурын зуухыг хувьчилж авсан тул газрыг өмчилж авсан гэжээ. Я.******* ******* сумын хуучин уурын зуухыг би хувьчилж авсан гэхэд нь итгэж түүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан. Гэтэл Я.*******оос хувьчилсан баримт бичгээ шилжүүлж өгөөч гэхэд шилжүүлдэггүй, та яг хувьчилсан хүн нь мөн юм уу гэхэд надад баримт бичиг байгаа гэдэг. Я.*******ын газрын кадастрын зургийг харахад хуучин уурын зуухны барилгыг оруулсан байсан. Харин үүнээс хойш ******* сумын Засаг дарга нь шүүх хуралд тайлбарлахдаа уурын зуухны хуучин барилга бол төрийн өмч гэж маргаж зарим баримт бичгийг шүүх хуралдаан дээр (2021 оны 10 сард) гаргасан. Ийм учир Я.******* төрийн өмчийг өөрийн өмч гэж хуурч хэлцэл хийсэн байх магадлалтай болсон тул үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Мөн Я.******* нь худалдсан хашаагаа буцааж авна гэх зүйл ярьсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Я.******* нь би 1998 онд ******* сумын уурын зуухыг хувьчилж авсан тул уурын зуухны газрыг өмчилж авсан. Тэгээд дотроо уурын зуухтай хашаагаа худалдана гэхэд нь би зөвшөөрч гэрээ байгуулсан. Ингээд 15.000.000 төгрөгийг Я.*******од төлсөн байсан. Гэтэл хашаанд байсан уурын зуухыг төрийн өмч гэж сумын Засаг дарга маргасан. Ингээд Я.******* уурын зуухыг хувьчилж авсан эсэх нь эргэлзээтэй болж уурын зуухны өмчлөгч хэн байсан болохыг шүүхээр тогтоолгож мэдэхээс аргагүй болсон юм. Энэ талаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ******* сумын ЗДТГ болон ******* нарыг хариуцагч, гуравдагч этгээдээр оролцуулсан. Шүүхийн маргааны үед ******* уурын зуухыг хувьчилж авсан гэж маргаж байсан боловч баримт гаргаагүй, шүүхээс хуучин уурын зуух төрийн өмч хөрөнгө байжээ гэж дүгнэсэн. Энэ маргаан нь Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингээд хуучин уурын зуухыг Я.******* хувьчилж аваагүй, төрийн өмчийн хөрөнгө байсан болохыг шүүхийн шийдвэрээс мэдсэн. Хэрэв Я.******* тэр уурын зуухыг хувьчилж аваагүй болохоо үнэнээр нь хэлж байсан бол түүнтэй гэрээ байгуулахгүй байсан. Гэтэл Я.******* нь уурын зуухыг би хувьчилж авсан миний өмч хөрөнгө гэж хуурч гэрээ байгуулсан (нэхэмжлэлдээ ч дурдсаар байна) тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүнтэй байгуулсан 2021.07.21-ний өдрийн дугаартай Худалдах худалдан авах гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу төлсөн 15.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Я.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Уурын зуухыг хэн миний өмч биш гэж маргаж орж ирээд байгаа юм. Би 2 удаа аймаг сумын холбогдох хүмүүсийг авчирч тайлбар тавиулсан. Төрд байхгүй Я.*******ын өмч гэдгийг тэр хүмүүс нотолсон. Д.ын яриад байгааг зөвшөөрөхгүй байна. Осолдохгүй би авсан нь үнэн. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч хоёр шийдвэр гаргасан. Тэр хоёр нотолно. Д.*******ийн гэрээ цуцална гэдгийг зөвшөөрөхгүй байна. Байгуулсан гэрээнийхээ дагуу явна гэв. Миний зарсан гэх 1771 мкв талбай бүхий газар дээр тухайн уурын зуух байрладаг. Миний өөрийн уурын зуух, тухайн үед би бичиг баримтыг нь аваагүй юм. Уг нь мөнгө тушаасан баримт нь байсан алга болсон байна лээ. Би уурын зуухаа үнэлээгүй. Зөвхөн газраа 20.000.000 төгрөгөөр үнэлсэн гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00155 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т тус тус зааснаар хариуцагч ******* *******ыхан овгийн гийн *******оос 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч овгийн ын *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тус тус зааснаар хариуцагч Д.*******ийн гаргасан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 15.000.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөг, хариуцагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Я.******* нь ******* сумын хуучин уурын зуухыг би хувьчилж авсан, тэгээд газрыг нь өмчилж авсан гэсэн тул түүнд итгэж гэрээ байгуулсан юм. Нэхэмжлэгч Я.******* шүүхэд өгсөн тайлбартаа мөн уурын зуухыг миний өмч биш гэж хэн маргаж орж ирээд байгаа юм, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан , нийгмийн даатгалын байцаагч хоёр шийдвэр гаргасан, төрд байхгүй Я.*******ын өмч гэдгийг хүмүүс нотолно гэсэн байна.

Гэрээ байгуулахаас өмнө ч ингэж ярьж байсан боловч түүнээс хойш шүүх дээр хуучин уурын зуухыг хувьчилж авсан тухай баримт нотолгоо гэдгээ Я.******* өгөөгүй, харин төрийн өмч гэдэг нь тогтоогдсон юм. Гэрээ байгуулах үед бас одоо ч гэсэн Я.******* тухайн газар, түүн дээрх барилгыг өөрийнхөө өмч гээд байдаг нь бусдыг хуурч ашиг олох зорилготой байсныг ойлгосон учраас би тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох Я.******* гэрээ байгуулахдаа уурын зуухыг өөрөө хувьчилж аваад 1771 мкв газрыг өмчилсөн *******ын өмч хөрөнгө гэж хуурсан болох нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм.

Тодруулбал Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.09-ний 205/МА2022/00022 магадлалын үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээг хангах зориулалтаар бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно гэж заасан байна. Эндээс үзэхэд маргаан бүхий хуучин уурын зуухны барилга болон түүний доорх газар ... нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын өмч гэж үзэхээр байна. Харин уг барилгыг тойруулан иргэн Я.******* хашаа хатгаж, 1771 мкв талбай бүхий газрыг эзэмшиж байсан байна гэж тогтоогдсон.

Мөн тус газартай салшгүй бэхлэгдсэн барилгын үнэлгээ 5.413.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлт болон дээрх магадлалаар тогтоогдсон бөгөөд энэ төлбөрийг хариуцагч би Иргэний хуулийн 120.2-т зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэг хүлээж байгаа.

Хэрэв Я.*******ын ярьж байсан шиг барилгыг Я.******* хувьчилж авсан, 1771 мкв газар бүхэлдээ түүний өмч гэдэг нь үнэн байсан бол үлдэгдэл 5 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлж болох юм.

Гэтэл Я.******* нь энэ барилгын суурийн газрыг оруулсан 1771 м.кв газар түүн дээрх барилга бүхэлдээ миний өмч гэж хуурч гэрээ хийгээд одоо үлдэгдэл төлбөр 5 сая төгрөгийг, мөн алданги 2 сая 500 ******* төгрөгийг авахаар нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

Тухайн гэрээг байгуулах болсон гол ач холбогдол нь манай ажиллуулж байгаа уурын зуухны суурийн газар байсан. Хэрэв ******* барилгыг хувьчилж аваагүй, суурийн газар нь түүний өмч биш гэдгийг үнэнээр нь хэлсэн бол би түүнтэй энэ гэрээг байгуулахгүй байсан.

Мөн газартай салшгүй холбогдсон барилгыг салгаж байгаад зөвхөн суурийн газрыг дангаар нь худалдаж болдог мэтээр тайлбарласан *******ын тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлтийг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалаас болон сая илтгэгч шүүгчийн танилцуулгад дурдагдаж байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ манай уурын зуух хашааны газрын хамт 20.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож гэрээ байгуулсан гэсэн байна. Хуучин барилгын өмчлөгчийн маргаан шийдэгдэх хүртэл анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлсэн. Өмчлөлийн маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ хэргийн нэхэмжлэгч анх ярьж байснаасаа өөр зүйлийг ярьсан. Барилгыг худалдаагүй юм. Зөвхөн газрыг л худалдсан. Газрын үнэ зөвхөн 20.000.000 төгрөг гэж тайлбарладаг. Ингэж нэхэмжлэлээсээ өөр зүйл тайлбарлаж байгаа нь хэрэг түдгэлзсэн үед тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь төр байсан. Я.******* гэдэг хүний өмч биш байсан байна гэдэг нь нотлогдсон. Өөрөө ч тэр хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүнтэй холбоотойгоор тайлбар нь өөрчлөгдөж шүүх хуралдаан дээр өөр зүйл ярьж эхэлсэн. Хувьчилж авсан хөрөнгө гэдэг нь худлаа болох нь илэрсэн учир энэ тайлбар хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч зөрүүтэй тайлбар баримтууд гаргаж хэргийн нөхцөл байдлаас хамаарч тайлбар мэдүүлэг нь өөрчлөгдөж байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд газрын талаар баримтлах зарчим гэсэн заалт байгаа энэ зүйлийн 4.1.7 газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс юу гэж үзээд байна юм гэхээр газар зарсан үл хөдлөх хөрөнгө зараагүй гээд байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө буюу барилга нь газар дээр биш агаар дээр байгаа бол газрыг нь зарсан үл хөдлөх хөрөнгө огт хамаагүй гэж тайлбарлаж болох байх. Гэтэл газар дээр байгаа барилгыг газар нь тусдаа юм. Барилга нь тусдаа юм гэж хоёр салгаж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Энэ утгаараа гэрээнд газар гэж бичсэн учраас үл хөдлөх хөрөнгө нь хэний өмч байх нь хамаагүй, үнэлэгдсэн үгүй нь хамаагүй гэж үзэх нь хуульд нийцэхгүй байгаа юм. Учир нь газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө нь газрынхаа бүрдэл хэсэг болж байгаа юм. Тэр үл хөдлөх хөрөнгө нь Я.******* гэдэг хүний өмч биш. Энэ гэрээ байгуулсан нөхцөл байдал. Ямар учир үнийг нь 20.000.000 төгрөг гэж тогтоосон бэ гэдэг асуудал нь нэхэмжлэгч Я.*******ын анх шүүхэд өгсөн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч Я.******* нь бусдын хөрөнгийн өөрийн хөрөнгө мөн гэж, мөн болохыг нотлох хүмүүс бий гэж хэлж хуурч гэрээ байгуулсан байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө Я.*******ын биш, төрийн хөрөнгө. Я.*******ын хөрөнгө гэж үзэх баримт нотолгоо байхгүй болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм. Энэ шийдвэр дээр Я.******* маргаагүй. Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэж байгаа юм. Иргэний хуулийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл үүнийг худалдан авагч өөрөө шалгаж тогтоож авах ёстой юм шиг худалдагчийн үүргийг худалдан авагчид шилжүүлж байгаа юм шиг тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч ярьж байна. Газрын бүрдэл хэсэг нь барилга байсан гэж байна. Хэрэгт авагдсан баримтаар буюу Д.*******, Я.******* нарын хооронд газар болон газрын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж худалдсан асуудал байгаа юм. Энэ нь нотариатаар батлуулсан гэрээн дээр байгаа. Дээр нь байгаа объектыг худалдсан. Объектын хамт гэдэг үг гэрээн дээр бол байхгүй байгаа юм. Д.******* уг газрыг худалдаж авах болсон шалтгаан хуучин уурын зуухны ашигладаггүй чулуун барилга байгаа юм. Өмнөх хурлын тайлбар дээр өөрөө хэлж байсан. 98 хувийн хөрөнгө оруулж 2 хувийг нь ашигласан гээд байгаа. Анх Я.******* гэдэг хүн хувьчилж авсан гэдэг асуудал яригдаж байгаа юм. Сумын хариуцлагагүй байдлын улмаас өөр бичиг баримтын асуудлаас болж төрийнх юм гэдэг асуудал яригдсан. Хувьчилсан бичиг баримтыг гаргаж өгөхгүйгээс болж Я.******* гуайн эрх ашиг хохирсон асуудал байгаа юм. Иймд газрын хувьд ямар нэгэн зөрчилгүй газрыг шилжүүлсэн. Д.*******ид 1771 м.кв газар шилжсэн байгаа. Хашааны газар 12.000.000 төгрөг байдаг. Үнэтэй өгсөн байна гэдэг асуудлыг ярьж байна. Энэ нь өөрөө уурын зуух барих боломжтой хуучин уурын зуух байсан газар. Тухайн үнэ дээр маргаж байж гэрээгээ байгуулсан. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм. Давж заалдах шатны магадлал байгаа юм. Үүнээс улбаатай гэрээгээ цуцалчихвал уурын зуухны барилгад хөрөнгө оруулалт хийсэн учир минийх юм байна гэдэг үүднээсээ Д.******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй илт хууль бус гэрээ хийсэн байна гэж үзэж байгаа юм байна. Бичиг баримт байхгүй гэдгийг Д.******* анхнаасаа мэдэж байсан. Газрыг чинь авъя гэсэн. Газрын бүрдэл хэсэг учраас бичиг баримт гарах боломжтой юм байна гэж нэхэмжлэгч, хариуцагч тал гэрээ юм байна ойлгож байгаа юм. Би гэрээ хийхэд нь цуг байсан. Объект гэж байгаа зүйл нь өмчлөх гэрчилгээ нь байхгүй байсан учир худалдах худалдан ажиллагаа хийгээгүй. Газраа худалдсан зүйл байгаа юм. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай магадлал дээр энэ нь төрийн өмч юм. Хөрөнгө оруулалт хийсэн учир Д.*******ийн өмч болно гэдэг үндэслэлээр тогтоогдсон. Үүн дээр төрийн өмч юм гэж худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох үндэслэл болгож энэ магадлалтай холбоотой гэрээг хүчингүй болгож энэ объектыг төрийн өмч гээд тогтоосон учраас газрын асуудлыг гэрээг хууль бус болгоё гэж үзээд байна. Тэгш эрх хууль ёсны зарчим гэж байдаг бол Я.******* гэдэг хүн орох орон оочих хаяггүй л болж байгаа юм. Өөрийнх нь амьдарч байсан гэрчилгээтэй газар дээр нь төрийн өмч байсан гэж шүүх тогтоосон. Я.******* яах юм. Тойрсон газар нь буцаад Я.*******од шилжиж ирэх юм уу, Иргэний хуульд заасны дагуу газрын хувьд эрхийн доголдолгүй гэрээний дагуу газрыг шилжүүлсэн. Гэрээний үнэ болох 5.000.000 түүний алдагдал болох 2.500.000 төгрөг гаргуулах нь зүйтэй. Харин илүү алданги нэхэмжилснийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дээр маргах зүйл алга байна. Иймд шударга ёс, тэгш байдал, гэрээний дагуу шүүх үндэслэлтэй шийдсэн байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг нийт 14.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би ******* сумын уурын зуухыг хувьчлалаар авч уурын зуухны газрыг өмчилж авсан...******* *******ы ******* буюу захирал Д.******* нь нэгдсэн халаалтын шугам тавих гэж байгаа учир уурын зуухыг хашааны хамт 20.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр гэрээ байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд алданги 9.500.000 төгрөг, нийт 14.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга ...Я.******* нь ******* сумын уурын зуухыг хувьчилж авсан тул уурын зуухны газрыг өмчилж авсан. Тэгээд дотроо уурын зуухтай хашаагаа худалдана гэхэд нь би зөвшөөрч гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг Я.*******од төлсөн байсан. Гэтэл хашаан доторх уурын зуухыг төрийн өмч гэдгийг Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож дүгнэсэн. Тус шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Тийм учраас Я.*******, Д.******* нарын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 15 сая төгрөгийг Я.*******оос гаргуулж өгөхийг хүсч мэтгэлцжээ.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

Зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Завхан аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах нэгж талбарын № дугаартай, Г- улсын бүртгэлийн дугаартай, № гэрчилгээний дугаартай, 1771 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.******* 20.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг төлж, нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч Д.*******ийн нэр дээр шилжсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Энэ гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээний дагуу Я.******* нь Завхан аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* багт байрлах 1771 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хариуцагч Д.*******ийн өмчлөлд шилжүүлсэн, Д.******* нь гэрээний үнэ болох 20.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг төлж, 5.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагч Д.******* төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд газрын хамт уурын зуухны барилгыг худалдах, шилжүүлэн өгөх талаар буюу уурын зуухтай холбоотой ямар нэг зүйл тусгагдаагүй. Зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1771 мкв талбайтай газрыг худалдах, худалдан авахаар тохирсон тул хуурч мэхэлж гэрээ байгуулсан гэж хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243, 59 дүгээр зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтэрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтөй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Д.*******оос алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс уг маргаан бүхий газар дээрх барилга байгууламжийн маргаантай байснаас хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрүүлсэн байж болох хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн алдангийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдлын тухайд,

Тухайн маргаан бүхий газарт байрлаж байсан хуучин уурын зуухны барилга, түүний доорхи байгууламж нь засан сайжруулалт хийсний үндсэн дээр шинэ үл хөдлөх эд хөрөнгө болсон түүний өмчлөлийн талаарх маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* *******ы ******* ХХК-ныг тогтоосон байна.

Тус шүүхийн энэ магадлалд маргаан бүхий газарт байрлаж байсан хуучин уурын зуухны барилга, түүний доорхи байгууламж нь Завхан аймгийн засаг даргын тамгын газрын өмч мөн байсан талаар дүгнэсэн байна.

Тухайн маргаан бүхий газарт байрлах хуучин уурын зуухны барилга болон шинээр засан сайжруулалт хийж барьсан уурын зуух нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээнд хамааралгүй, зохигчдын хооронд анх гэрээ хийхэд өмчлөлийн талаар маргаангүй байсан, нэхэмжлэгч Я.******* нь тухайн маргаан бүхий газар дээр байсан хуучин уурын зуухны өмчлөгч хэн болохыг тухайн үед мэдэх боломжгүй байсан тул нэхэмжлэгч Я.*******ыг хууран мэхэлж хэлцлийг хийсэн гэж үзэх боломжгүй.

Хууран мэхэлж хэлцэл хийх гэдэг нь үүссэн бодит нөхцөл байдлыг нууж, хуурмаг нөхцөл байдлыг бодитой мэт итгүүлэх зэргээр хэлцэл хийгч нөгөө талыг хуурч мэхлэх зорилго агуулж бодитой үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдлын талаар ташаа зүйлийг баталж нотлох, үнэмшүүлсэн байдаг.

Иймд талуудын хооронд байгуулсан газар худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч Я.******* нь зохих ёсоор биелүүлсэн байна.

Тухайн газар худалдах худалдан авах гэрээнээс хариуцагч Д.*******ийн газар өмчлөх эрх зөрчигдөөгүй, хариуцагчид бодитойгоор хохирол учраагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг багасгаж тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******оос 5.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.000.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ