Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 15

 

 

 

 2019       01        10                                         2019/ШЦТ/15

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Тд холбогдох эрүүгийн 1821006440386 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл гэх,  .................... регистрийн дугаартай, Х овогт С.Т.

 

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны 174 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрт Л.Д-ттай архидан согтуурч, улмаар Л.Д-ын толгойн тус газарт заазуурдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд дахиад халуураад архи авахаар С.Т бид хоёр гадуур дэлгүүр хайж явсан боловч архи олоогүй, буцаад Эрдэнэбат ахын гэрт шөнө 02 цагийн орчимд ирэхэд Эрдэнэбаяр, Эрдэнэбат ах хоёр бид хоёрыг хүлээнгээ нэг хятад /пад/ архи уугаад сууж байхаар нь бид хоёр хажууд нь суугаад юм ярьж байсан ба Эрдэнэбат ахыг гэртээ таних танихгүй баахан юм цуглууллаа гэж уурлахад С.Т гал тогооны өрөө рүү нь яваад ирэхэд би бөөрөнхийлөөд хуйлсан байсан хивсэн дээр сууж байхад гэнэт заазуур гаргаж ирээд толгой руу цохисон. Тэр үед нөгөө хоёр бид хоёрыг нэг нэгээр маань барьж салгасан ба цус тогтохгүй би угаалгын өрөө рүү ороод цусаа тогтоох гээд үзсэн боловч цус тогтохгүй байсан. Тэгээд угаалгын өрөөнөөс гараад ирэхэд С.Т нь миний курткыг өмсөөд гараад явчихсан байсан. ...Би шүүх эмнэлгийн 802 дугаартай дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг ойлголоо, хөнгөн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна, дүгнэлттэй холбоотой санал гомдол байхгүй. Би аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Улаанбаатар хот руу явж толгойны зураг авахуулаарай гэсэн. Энд 2-3 удаа зураг авахуулсан. Толгой цохиулсан хэсэгтээ өвддөг, мөн нүд бүрэлзээд байгаа. С.Т нь тухайн үед гарч явахдаа миний курткыг өмсөөд явсан ба миний куртканы халаасанд иргэний үнэмлэх байсан, бичиг баримт байхгүй болсон байсан. Мөн хоёр симтэй хятад товчлууртай гар утас байхгүй, мөн энд эмнэлгээр явахад гарсан зардал, гаднаас авсан эм тарианы мөнгө, хувийн эмнэлэгт толгойны зураг 2 удаа авахуулсан зардал болон Улаанбаатар хот руу шинжилгээ, эмчлүүлэх мөнгө төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-25/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Т шөнө 01 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Тэгэхээр нь би тамхигүй гээд гадагш гарахад Дондогбат миний араар ирчихсэн байсан. Тэгээд намайг гаднаас ороход Дондогбат, С.Т хоёр зодолдож байхаар нь би салгахад тэр хавиар бөөн цус болчихсон байсан ба С.Т нь Д-ын гаднах курткыг аваад явчихсан байсан ба түргэн дуудах гэсэн чинь утас нь байхгүй байсан. Тэгээд гадагш гараад дуудлага өгөх гэхэд утас олдохгүй байж байгаад хажуу талын ТҮЦ-ний худалдагч Одноогийн утсаар түргэн тусламж дуудсан. Намайг харж байхад заазуураар толгой руу нь заазуурдсан. Би С.Тг барьж авч чадаагүй, тэрээр зугтаагаад алга болсон. ...Манай хоол хийдэг 2 ширхэг заазуур гал тогооны шургуулганд байсан. Тэр хоёр заазуурны аль нэгээр нь заазуурдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 802 тоот дүгнэлтэд: “1. Л.Д-ын биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 48/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/

-Гэрч Ч.Үржинбадамын мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Гэрч Д.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49/

-Шүүгдэгч С.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны 174 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэбатын гэрт хохирогч Л.Д-тай архидан согтуурч, улмаар Л.Д-ын толгойн тус газарт заазуурдаж биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д ... намайг мөнгөтэй байж хорголоо тооллоо” гээд хэрүүл хийгээд байхаар нь хажууд талх зүсэж байсан заазуур байсан тул тэр заазуурыг аваад толгой руу нь цохисон. Тэгээд би түүний толгойноос цус гараад байхаар нь нэг алчуураар боогоод орон дээр хэвтүүлсэн...“ гэж /хх-ийн 54-56/, түүнийг давхар нотолсон хохирогч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...С.Т гал тогооны өрөө рүү нь яваад ирэхэд би бөөрөнхийлөөд хуйлсан байсан хивсэн дээр сууж байхад гэнэт заазуур гаргаж ирээд толгой руу цохисон. Тэр үед нөгөө хоёр бид хоёрыг нэг нэгээр маань барьж салгасан ба цус тогтохгүй байхаар нь би угаалгын өрөө рүү ороод цусаа тогтоох гээд үзсэн боловч цус тогтохгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг харж байхад заазуураар толгой руу нь заазуурдсан. Би С.Тг барьж авч чадаагүй, тэрээр зугтаагаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 802 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч С.Тгийн эрүүл мэндэд учирсан “зулайн хуйханд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь шүүгдэгч С.Тгийн түүний толгой руу нь заазуураар 1 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Тд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хохирогч Л.Д нь шүүгдэгч С.Тгээс эмчилгээний зардалд 924242 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай заазуур 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Тгийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Хатгин овогт С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь Л.Д  нь эмчилгээний зардлын 924242 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай заазуур 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч С.Тгийн ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР