Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00904

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00904

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: В-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г ББСБ ХХК,

нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч А-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, Б-, нэхэмжлэгч А-ын өмгөөлөгч Б.Мандхай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 1948 онд төрсөн бөгөөд одоо 74 настай, багаасаа сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, зөвхөн гарын үсгээ зурж чадна.

Е- нь А-ын дүү Д-аар дамжуулан гуйлгаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, ** тоот 1 өрөө байрыг барьцаалж, Г ББСБ ХХК-аас Б-ын нэр дээр 15,000,000 төгрөгийн зээл авсан.

Тухайн өдөр Г ББСБ ХХК дээр дагуулан очиход бүх бичиг баримтыг бэлдсэн байсан бөгөөд Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх бичиг баримтад А- гарын үсэг зурсан бөгөөд бичиг үсэг мэдэхгүй учир юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй.

Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг нэхэмжлэгч нар харилцан тохиролцож хийгээгүй, Б- энэ зөвшөөрөлд оролцоогүй. Гэтэл Б-ыг оролцуулаагүй атлаа түүний овог, нэр, регистрийн дугаарыг бичин тэмдэглэж зөвшөөрлийг үйлдсэн.

Уг хууль бус баримтын дагуу Г ББСБ ХХК нь орон сууцыг барьцаанд тавьж, зээл олгосон ба Е- нь зээлийн төлбөрөө төлөөгүй учир 32,375,452 төгрөгийн төлбөрт орох болоод байна. А-ын орон сууцыг Е-, Г ББСБ ХХК болон нотариатч В- нар хамтран хууль бус баримтаар барьцаанд тавиулсан.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г ББСБ ХХК болон Б- нарын хооронд байгуулсан 3673 тоот бүртгэлийн дугаартай барьцаат зээлийн гэрээг гэрчилсэн. Ингэхдээ барьцааны орон сууцны хамтран өмчлөгч А-ын хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг мөн гэрчилсэн.

Хамтран өмчлөгчийн зөвшөөрөлд зөвшөөрөл авч байгаа этгээд буюу Б- гарын үсэг зурах хуулийн шаардлага байхгүй. Тухайн үйлдлийг гэрчлэх үед Б- нь А-тай хамт өөрийн биеэр байсан ба бүртгэлийн дэвтэрт Б-ын гарын үсгийг давхар зуруулсан.

Тухайн үед А- бичиг үсэг мэдэхгүй шүү гэж надад мэдэгдээгүй. Түүнд уншиж танилцаад гарын үсэг зураарай, Е- зээлээ төлөхгүй бол таны орон сууцаар шүүх үүргийн гүйцэтгэлээр хангадаг шүү гэдгийг маш сайн тайлбарлаж өгсөн.

Нэхэмжлэгч нь 2018 онд гарын үсэг зурж, орон сууцаа барьцаанд тавиулсан атлаа 2022 онд бичиг үсэг мэдэхгүй гэж нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Хамтран өмчлөгч А-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр Б- нь тус байгууллагатай барьцааны гэрээ байгуулсан.

Мөн нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд талуудын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч В-т холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч А-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

А- нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй. Боловсролын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2619 тоот албан бичгийг шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар шийдвэртээ тодорхой заагаагүй. Зээлийн талаар нэхэмжлэл гаргаагүй байхад энэ талаар дүгнэсэн нь хууль бус.

А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа бичиг үсэг мэдэхгүй учраас өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй.

Нотариатч нь үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох, эрх үүргийг нь тайлбарлах, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэтэл тухайн эрх үүргийг тайлбарлаж өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй .

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь бичиг үсэг мэдэхгүй гэдгийг тухайн үед илэрхийлээгүй. Бичиг, үсэг мэдэхгүй байдал нь үйлдлийнхээ учрыг ойлгохгүй байна гэсэн үг биш. Нотариатч тухайн үйлдлийн үр дагаврыг тайлбарлаж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч В-т холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч А-, Б- нар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны ** тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч /хх 17, 51-53/,

3.2. Дээрх орон сууцыг Г ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавих, зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон үүргийг гүйцэтгүүлэхийг хамтран өмчлөгч Б-д зөвшөөрсөн А-ын хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр нотариатч В- гэрчилсэн, тухайн баримт бичигт А- өөрөө гарын үсэг зурсан /хх 15-16/,

3.3. Б- нь Г ББСБ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барьцаалж барьцааны гэрээ байгуулсан /хх 11-14/,

3.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02608 дугаар шийдвэрээр Г ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон /хх 51-53/.

 

4. А- нь Б-д хамтран өмчилж буй орон сууцыг бусдад барьцаалахыг зөвшөөрсөн, улмаар энэхүү зөвшөөрлийг үнэн зөв болохыг нотариатч гэрчилсэн нь хууль зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх гэх зохицуулалтад нийцжээ.

 

4.1. Хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох, эрх үүргийг нь тайлбарлах, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагавар, ач холбогдлыг тайлбарлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болох нь баримтаар нотлогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч А-ын бичиг үсэг мэдэхгүй нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.2. Хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатч гэрчлэхдээ хууль зөрчсөн, А- нь бичиг үсэг мэддэггүй, тухайн баримт бичигт гарын үсэг зурахдаа учир холбогдлыг нь мэдээгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Боловсролын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2619 тоот албан бичиг нь А-ын боловсролын талаарх мэдээлэл нь мэдээллийн системд бүртгэлгүй болохыг тодорхойлсон, харин А-ын бичиг үсэг мэдэхгүй болохыг нотлох баримт болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна /хх 42/.

 

4.3. Шүүх 2022 оны 12 дугаар сарын 13, 2023 оны 01 дүгээр сарын 03, 24-ний өдрүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч талд өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан өмгөөлүүлэх эрхээ эдлэх бололцоо олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

4.4. Иймд хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр А-ын хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцжээ.

Дээрх шүүхээс нотариатын үйлдлийг хянах эрх зүйн үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулах нь зүйтэй. Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж хуваарилахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн тул зөвтгөнө.

 

4.5. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 118.6 дахь хэсэгт нийцээгүй буюу хуулийн хэм хэмжээ хэрэглээгүй, захиран тушаах хэлбэрээр бичигдээгүй байх тул энэ алдааг зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00651 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 25 дугаар зүйлийн 25.1.10 гэснийг 31 дүгээр зүйлийн 31.3 гэж өөрчилж,

2 дахь заалтын 7.2 дах хэсэгт гэснийг 7.1.2-т гэж өөрчилж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтын эрхтэй гэсний дараа болохыг дурдсугай гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ