| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0014/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 16
2019 01 10 2019/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.Эд холбогдох 1821004240317 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт ............................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл гэх, ....................., Боржигин овогт Б.Э.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 18-0Б тоот хашаанд байх эсгий гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, цүнхтэй эд зүйл зэргийг хулгайлж бусдад 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд нөхрийнхөө хамтаар өөрийн гэр болох Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 18-0Б тоотоос 14 цаг 37 минутын орчим гараад такси аваад 10 дугаар баг Хивсний 3б-19 тоотод байх эмээгийндээ очсон. Эмээгийнхээ гэрээс удалгүй гараад тээврийн бирж орж би Улаанбаатар хот руу явах автобусны билетээ бичүүлээд Шүр зах дээр манай нөхөр үсээ засуулаад тэндээсээ бид хоёр шууд гэртээ харьсан. Гэртээ 13 цаг 30 минутын орчим ирэхэд гэрт хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Би алдсан эд зүйлийнхээ хохирол болох 240000 төгрөг авсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би эхнэрээсээ чи хаалгаа түгжээгүй явсан юм уу гэхэд манай эхнэр түгжсэн гэсэн. Тэгээд бид хоёр хашааруугаа орж эхнэр гэрийн гадаа үлдэж, би гэр рүү дотогш орж байхдаа хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд дараа нь шууд дуудлага өгсөн. Манай гэрээс 32 инчийн улаан хүрээтэй хар дэлгэцтэй /маркийг нь сайн мэдэхгүй гэх/ зурагт 1 ширхэг, DDISH-ийн цагаан өнгөтэй хүлээн аваг 1 ширхэг, аяллын ногоон цүнхтэй эд зүйлс 1 ширхэг. Уг цүнхэн дотор цагаан идээ, эхнэрийн мөнгөн ээмэг бөгж, дунд охины хувцаснууд, дэлгэдэг нугастай цагаан өнгийн утас 1 ширхэг, андройд цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
- Дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/
- Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47-48/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 18-0Б тоот хашаанд байх эсгий гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, цүнхтэй эд зүйл зэргийг хулгайлж бусдад 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дэлгүүрээс гараад дэлгүүрийн хойгуур нь тойроод гудмаар явж байгаад нэг хашааны завсраар харахад хашаан дотор 2-3 эсгий гэрийн хаалганууд нь цоожтой харагдахаар нь дэлгүүрийн зүгт алхаж байгаад буцаад тухайн хашаа руу явж хашааных нь хажууд арматур төмөр байсныг авч нэг гэрийнх нь хаалганы цоожийг төмрөөрөө хөшиж онгойлгож ороод жижиг зурагтыг нь аваад цүнх байхаар нь цүнхэн дотор нь зурагтыг нь хийгээд үүрээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ 13 цаг 30 минутын орчим ирэхэд гэрт хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс 32 инчийн улаан хүрээтэй хар дэлгэцтэй /маркийг нь сайн мэдэхгүй гэх/ зурагт 1 ширхэг, DDISH-ийн цагаан өнгөтэй хүлээн аваг 1 ширхэг, аяллын ногоон цүнхтэй эд зүйлс 1 ширхэг. Уг цүнхэн дотор цагаан идээ, эхнэрийн мөнгөн ээмэг бөгж, дунд охины хувцаснууд, дэлгэдэг нугастай цагаан өнгийн утас 1 ширхэг, андройд цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 18-0Б тоотод байрлах хохирогчийн гэрт нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаас доогуур ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй /хохирогчид 240000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Эгийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821004240317 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй /хохирогчид 240000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Б.Эгийн ...................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР