| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0139/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хд холбогдох эрүүгийн ..........дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Х
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Х нь эрүүгийн ..... дугаартай Х.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Б юугаа хараад байгаа юм бол гэснээ машинаасаа буугаад нэг залуутай нь юм яриад тэгснээ нэг мэдсэн чинь машины хойно караокены зүүн талд гарчихсан нөгөө залуу газар уначихсан Б ойролцоогоор 3-4 метр зайтай зогсож байхаар нь би очоод Быг яагаад хүнтэй муудалцаад байгаа юм бэ гээд аваад машинд суулгасан... Хэрэв чанга ярьж маргалдаж муудалцсан бол надад мэдэгдэх байсан..." гэж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө "...Б машинаас буугаад машины ард гараад зогсож байсан. Тэгээд би буугаад харсан чинь нөгөө залуу газар уначихсан Б 3-4 метр зайд зогсож байхаар нь би Быг аваад машинд суулгасан..." гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 20 цагийн үед Бтай уулзаад байж байтал нэг найз нь архи авах гээд Сидней дэлгүүр орсон хойгуур хойд хаалгаар танихгүй хүн харахад Б нь юугаа хараад байгаа юм бэ гэж хэлээд буугаад уулзаад зогсож байсан. Би толиндоо хараад сууж байсан. Хэсэг хугацааны дараа харахад нэг нь газар унасан нэг нь хол зогсож байсан. Би 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хуулийн зүйл ангийг уншиж танилцсан. Найзыгаа хэрэгт унагачихгүй гэж харсан зүйлээ хараагүй гэж мэдүүлсэн. Тухайн үед Б ажилгүй болсоноос гэж бодоод өмөөрөөд худал мэдүүлсэн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Цалингаараа амьдардаг хүмүүс хэрэгт холбогдоод ажилгүй болгож байхаар гээд би найзыгаа өмөөрөөд өөртөө ач холбогдол өгөөгүйгээр мэдүүлэг өгсөн. Холбогдуулсан зүйл ангид маргах зүйл байхгүй. худал мэдүүлэг өгснөөр хэргийн үйл ажиллагаа хойшлогдсон асуудал байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хыг танина, бид хоёр найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юм... Сидней караокений гадаа тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа л цохьсон. Тэр үед Х машинаас намайг харчихаад бууж ирж салгаад машинд суулгасан юм. ... Би Хыг худлаа мэдүүлэг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд л Х худал мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/, Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн ..1 дугаартай хэргийг шалгах явцад Агийн Х гэгч 26 настай эмэгтэйгээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан. Тэгээд Эгийн Э гэгч эрэгтэйгээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад Х Э хоёрын мэдүүлэг зөрүүтэй байхаар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хаас гэрчийн мэдүүлэг дахин авахад мэдүүлгийн зөрүү арилаагүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрч Х, Э хоёроос нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч А.Х нь хууль сануулсан байхад зориуд худал мэдүүлэг өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ямар шалтгаанаар худал мэдүүлэг өгсөн талаар асуухад хэргийн яллагдагч Быг өмөөрсөндөө худал мэдүүлэг өгсөн талаараа надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Багшлах эрхийн үнэмлэх,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Х нь эрүүгийн ..1 дугаартай Х.Бд холлбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2018 оны 10 дугаар сарын 02-ны, 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хуулийн зүйл ангийг уншиж танилцсан. Найзыгаа хэрэгт унагачихгүй гэж харсан зүйлээ хараагүй гэж мэдүүлсэн. Тухайн үед Б ажилгүй болсоноос гэж бодоод өмөөрөөд худал мэдүүлсэн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Цалингаараа амьдардаг хүмүүс хэрэгт холбогдоод ажилгүй болгож байхаар гээд би найзыгаа өмөөрөөд өөртөө ач холбогдол өгөөгүйгээр мэдүүлэг өгсөн. Холбогдуулсан зүйл ангид маргах зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хыг танина, бид хоёр найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юм... Сидней караокений гадаа тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа л цохьсон. Тэр үед Х машинаас намайг харчихаад бууж ирж салгаад машинд суулгасан юм. ... Би Хыг худлаа мэдүүлэг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд л Х худал мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн ..1 дугаартай хэргийг шалгах явцад Агийн Х гэгч 26 настай эмэгтэйгээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан. Тэгээд Эгийн Э гэгч эрэгтэйгээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад Х Э хоёрын мэдүүлэг зөрүүтэй байхаар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хаас гэрчийн мэдүүлэг дахин авахад мэдүүлгийн зөрүү арилаагүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрч Х, Э хоёроос нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч А.Х нь хууль сануулсан байхад зориуд худал мэдүүлэг өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ямар шалтгаанаар худал мэдүүлэг өгсөн талаар асуухад хэргийн яллагдагч Быг өмөөрсөндөө худал мэдүүлэг өгсөн талаараа надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өмгөөлөл явуулахдаа хэрэгт авагдсан шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үеэр Быг хохирогчийг цохьсон гэдгийг харсан, хараагүй гэдгээр худал мэдүүлэг өгснөөр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөнөөс хор хохирол учруулаагүй тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх санал гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтын талаар шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...”гэж зохицуулсан байдал нь энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй, эрх бүхий этгээдэд хууль сануулсаны дараа худал мэдүүлэг өгснөөр уг гэмт хэрэг төгссөн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан нь гэмт хэргийн улмаас бодитой хохирол, хор уршиг учирсан байхыг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан заасныг ойлгодог.
Гэрч, хохирогч худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн үргэлжилж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад чиглэгдэнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Хд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ , тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд нийтийн албанд ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, түүний багшлах эрхийн үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн биелэлтийг хангахад зориулагдаагүй үндэслэлээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа / сарын хугацаагаар хасч, 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба түүний багшлах эрхийн үнэмлэхийг буцаан олгохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД