Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00962

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00962

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00498 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 41,206,689 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 75,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 560 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 207/2 байрны ** тоотод орших 45,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 12,730,147 төгрөг төлсөн ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Иймд хариуцагч Б-ээс үндсэн зээл 16,666,000 төгрөг, хүү 20,423,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,998,061 төгрөг, зардал 119,000 төгрөг, нийт 41,206,689 төгрөг гаргуулж өгнө үү.

 

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг зээлдэгчид өгөхөөр харилцан тохиролцсон боловч зээлийн үйлчилгээний шимтгэл нэрийдлээр мөнгөн хөрөнгийг суутгасан атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 25,000,000 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, санхүүгийн байдал доголдсон. Хөл хорио тогтоосон хугацаанд хариуцагч зээлийг ашиглах боломжгүй болсон. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаанд хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулгаас харвал хуульд заасан журмын дагуу хариуцлагыг тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Талуудын өөрсдийн байгуулсан гэрээндээ зээлийн ашиглалтын хугацааг тогтоосон тул нэхэмжлэгчийн хэмжээ хязгааргүй тооцсон хүү нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь төлсөн мөнгөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсоны дараагаар үндсэн зээлээс хасч тооцож байгаа нь хуульд нийцээгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээний 2.1.5-д зээл үйлчилгээний шимтгэл зээлийн үнийн дүнгийн 0.3 хувь, 3.2-т зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг /унааны хөлс. ажилчдын нэмэгдэл хөлс гэх мэт/ тухай бүр 10,000 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.5-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохын тогтоож өгнө үү.

Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн бол түүнийг шүүх тогтоож эрх зүйн үр дагаврыг арилгах учиртай. Иймээс дээрх гэрээний хоёр заалт хүчин төгөлдөр бус бол уг хэлцлээр суутгаж авсан гэх 75,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд В-ын татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгөө буцааж төлөх нь зүйн хэрэг. Харин бусдын эд хөрөнгийг дур мэдэн барьцаалсан. Тухайн барьцаа хөрөнгө нь В-ын эд хөрөнгө юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00044 дугаартай шийдвэрээр В-ыг барьцааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 207/2 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б-ээс 41,096,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б- шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 207/2 байр, ** тоот 45.6 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018.03.30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,692 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 433,633 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана" гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй нь үндэслэлгүйгээр хүү тооцож, авлагаа ихэсгэх зорилготой байсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж заасан. Ковид-19 буюу цар тахал гарсны улмаас зээлдэгч зээлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү тооцсон нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Зээл эргэн төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож, зээлдэгчийн боломжид нийцүүлэн гаргасан. Зээлдэгч Б- нь зээлээ хугацаандаа төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн.

А ББСБ ХХК болон Б-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Үүнээс хойг Б-тэй байнга утсаар холбогдож, ажил дээр нь очиж, эсвэл дуудаж уулзаж байсан. Сүүлд Б- утсаа авахгүй сураггүй болсон тул шүүхэд хандсан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан тул нэхэмжлэгч тал хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Хариуцагчийн төлөөлөгч үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан үндэслэлийг тайлбарладаггүй. Дараа нь ковид-19 цар тахлын улмаас хариуцагч зээлийг ашиглах боломжгүй байсан гэдэг. Гэтэл зээлийн гэрээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь ковид-19 цар тахлаас өмнө зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах ёстой байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхив.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК хариуцагч Б-т холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 16,666,000 төгрөг, зээлийн хүү 20,423,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,998,061 төгрөг, зардал 119,000 төгрөг, нийт 41,206,689 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А ББСБ ХХК болон Б- 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 560 хоногийн хугацаатай зээлдэгчид зээлдүүлсэн /хх 11-13/,

3.2 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Б-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 207/2 байр, ** тоот 45.6 м.кв орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 14-15/.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Зээлийн гэрээний 2.1.3, 2.3-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, гэрээний 2.4-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 16,666,000 төгрөг, зээлийн хүү 20,423,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,998,061 төгрөг, нийт 41,087,689 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

4.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахтай холбоотой гаргасан нотариатын зардал 9,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагчийн гэрт очсон зардал 110,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 16,666,000 төгрөг, зээлийн хүү 20,423,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,998,061 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 41,096,689 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаар зөв дүгнэсэн боловч тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулна.

 

5. Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.1. Барьцааны гэрээ байгуулагдсаны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00044 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 518 дугаар магадлалаар В-ыг барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 207/2 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон байна /хх 36-40, 66/.

 

5.2. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөнд ногдуулсан үүрэг хэвээр үлдэх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ алдаатай дүгнэлт хийснийг дараах байдлаар залруулан дүгнэх боломжтой байна.

 

6.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбогдуулаад хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

6.2. Харин зохигчийн байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох нь гэрээний тохиролцоо, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Талууд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно., 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх зохицуулалтын хүрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж зээлийн шимтгэл, зардлын талаар тохиролцсоныг хууль зөрчсөн үзэхгүй.

 

6.3. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Мөн хариуцагч нь ковид-19 цар тахлын үед хүү тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шүүхэд хандахгүй байсаар хүүгийн хэмжээг ихэсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хүү шаардсан нь хуульд нийцэхгүй гэж давж заалдах гомдол гаргасан.

 

7.1. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон, хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул ковид-19 цар тахлын үед хүү тооцсон нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

 

7.2. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж,

3 дахь заалтын 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ