| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0006/э |
| Дугаар | 2019/ШЦТ/10 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох 1821005670327 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Б. /РД: ......................./
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах “Хар байр”-ны 1-13 тоотын хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Э.Өлзийбадрахын эзэмшлийн 32 инчийн “Монел” маркийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хаалга эвдээгүй. Тэр хаалганы цоож жижигхэн учраас нэг татахад онгойсон. Би уул нь тэр айлийн эзэнтэй хамт гэрт нь архи уусан. Гарахдаа намайг хаалга цоожил гэсэн. Би согтсон байсан учраас хаалгыг нь дутуу цоожилсон. Зурагт авахдаа залгуураас нь чангаасан учраас шатсан. Тухайн зурагт эвдэрсэн байсныг цагдаа надад харуулсан…” гэв.
Хохирогч Гантөмөрийн Үүрцайх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх хар байшингийн 1-13 тоотод байдаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд нөхөр Энхтогтох болон найз Уранчимэг нарын хамтаар гадуур явж байхад Уранчимэг рүү Мөнгөнцэцэг гэдэг хүн гар утсаар залгаж ярьж байгаад манай нөхөр Эрдэнэтогтоход утсаа өгсөн юм. Тэгсэн чинь “манай гэрт хулгай ороод зурагтыг аваад гарч байна” гэж хэлсэн болохоор шууд гэр рүүгээ очсон. Гэрийн хаалганы цоожийг эвдээд дотроос нь 32 инчийн “Монел” маркийн зурагтыг аваад явчихсан байсан. Мөнхцэцэг ярихдаа “манай хөрш Б зурагтыг минь аваад гарч байсан” гэсэн бөгөөд Б-с буцаагаад аваад үзэх гэсэн чинь дэлгэц нь эвдэрчихсэн гарах боломжгүй болчихсон байсан...зурагтаа нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 20 тал/
Гэрч Г.Энхтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найз Мөнгөнцэцэг надад хэлэхдээ “гэртээ хурдан ирээрэй танай ээжийн чинь гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод зурагтыг аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нарыг тэр даруй ээжийн гэр рүү очиход гэрийнх нь хаалга хөшигдөж онгойсон байсан бөгөөд гэр дотор ороход “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан...надад сэжиглэж байгаа хүн байгаа бөгөөд миний сэжиглэж байгаа хүн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байрны 1-04 тоотод оршин суудаг Б гэх хүн авч явж байгааг манай найз Дамдинбаатарын найз харсан гэсэн...” гэжээ. /хх-ийн 24 тал/
Гэрч У.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Б-г өөр орцноос гараад явж байхыг хараад айлаас зурагт хулгайлсан байна гэж бодоод найз Баатараа /Дамдинбазар/-руу утасдаж хэлсэн юм...Б миний ард ийш, тийшээ хараад удаан алхаад явж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 26 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/
- Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-16 тал/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22 тал/
- Гэрч Д.Төмөрсүхийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 68 тоот дүгнэлт /хх-ийн 30/
- Ц.Бямбажавын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: “Монел” маркийн 32 инчийн телевизор 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах “Хар байр”-ны 1-13 тоотын хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар хохирогч Э.Өлзийбадрахын эзэмшлийн “Монел” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Г.Үүрцайх, гэрч Ц.Энхтогтох, У.Цогзолмоо, Д.Төмөрсүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Үүрцайхад 320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн гэх “Монел” маркийн 32 инчийн телевизор 1 /нэг/ ширхэгийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Б-н ЖЯ 80040114 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монел” маркийн 32 инчийн телевизор 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ