Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 979

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Мад холбогдох  эрүүгийн 1805060561240 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 134 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эцэг С.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 25-нд манай охин нөхөр Мын хамт манай ач хүүхдийн сургууль дээр тэмцээнд орлоо гээд гарсан. Тэгээд орой М архи уучихсан ирээд хүүгээ авч явна гэхээр нь би гэр оронгүй байж хаашаа авч явах гээд байгаа юм явуулахгүй гэхэд М шөнө манай коридорт сууж байхаар нь манайд амьдарч байгаа болохоор би коридор руу гараад миний хүү ор одоо хаачих гэж байгаа юм гэхэд М гэрт орсон. Тэгээд бид хоёр хоорондоо маргаад Мыг бариад авахад М миний гар руу цохиж намайг газар түлхэж унагаасан дээрээс дараад унасан тэгээд босоход миний гар гэмтсэн байсан. Тэгээд би гэмтэл явж үзүүлэхэд миний хоёр хуруу гэмтсэн байна гэсэн. Би эрүүл байсан харин М хүүхдийн тэмцээнд ороод байр эзэлсэн гээд архи хэрэглэсэн байсан.  /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 25-нд би нөхөр Э.Мын хамт хүүгийнхээ сургуулийн гар бөмбөгийн тэмцээнд ороод шагнал авсан учир бид хоёр хамт тоглосон хүүгийн  ангийн хүүхдүүдийн эцэг, эх нарын хамт караоке ороод архи авч хувааж уугаад тухайн караокегоос гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44-134 тоотод аавынхаа гэрт хонох гэж очсон. Тэгээд М хүүхдээ авч гарч явна гээд байхаар нь манай аав Д болиулах гэхэд хоорондоо маргалдаад Мын цамцнаас нь аав барьж авахад М гараараа гарыг нь цохиж түлхэхэд аав газар уначихсан.  /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Э.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны 8 цагийн үед хүү Анандын 47 дугаар сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болж эцэг эхчүүд оролцож хүрэл медаль авсан. Тэмцээн тараад эцэг эхчүүдээрээ караокед орсон. Би эхнэртэй хамт орсон караокегоос хэдэн цагт гарсанаа санахгүй байна.  Караокед байхдаа эхнэртээ хоёулаа архи уучихаад хадмынд ороод яахын буудалд хоноё гэж ярилцсан байсан. Гэтэл хадмынд очсон байсан. Хэрүүл маргаан болж зодоон цохисон талаар бүдэг бадаг санаж байна. Нэг мэдсэн чинь хадам аав хажуунаас зуурсан зодож байсныг л санаж байна. /хх-ийн 24/

дахин байцаалтаар Э.М...би гарыг нь цохиж цааш түлхэж унагааж давхарлаад унасан тэгээд гараад явсан. Эхнэр Ичинхорлоотой ярилцахад намайг хадам аавыг цохиж түлхэж унагаасан гэж байсан. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14073 дугаартай дүгнэлт: С.Дийн биед зүүн гарын сарвууны 4.5 дугаар хурууны 2.3 дугаар үений мултрал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 134 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эцэг С.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Дийн”...М миний гар руу цохиж намайг газар түлхэж унагаасан дээрээс дараад унасан тэгээд босоход миний гар гэмтсэн байсан...” /хх-ийн 13/, гэрч Д.Ичинхорлоогийн”...манай аав Д болиулах гэхэд хоорондоо маргалдаад Мын цамцнаас нь барьж авахад М гараараа гарыг нь цохиж түлхэхэд аав газар уначихсан...”  /хх-ийн 16/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14073 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.М нь хохирогч 82 настай С.Дийн төрсөн охин Д.Ичинхорлоотой эхнэр нөхөр байх ба тэрээр хадам эцэг С.Дийнд гэрт хамт амьдардаг байсан байдал тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

Хяналтын прокуророос Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр нь зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Э.Мад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Мад мэдэгдсүгэй.

 

4. Э.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

  

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ