Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0184

 

Г.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0050 дугаар шийдвэртэй, Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0050 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Х-ийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд Mountain view residence орон сууцны 1-р орц, 95 тоот 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхтэй холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байрны 95 тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Г.Х-ийн 2018 оны 9 сард гаргасан мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасныг үндэслэн мэдүүлгийг буцаасан болно.

Г.Х нь Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсний дараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 дугаартай ажилчдын байрны зориулалттай дуусаагүй барилга нь Төрийн банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 5.7, 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрчилгээ хураан авах боломжгүй тухай албан бичиг, холбогдох шийдвэрийг авч мэдүүлэгт хавсарган ирүүлсэний дараа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой” гэж урьдчилан шийдвэрлэсэн байна.

Ингэж шийдвэрлэсний дараа Г.Х нь дээрх 51 дүгээр байрны 95 тоот орон сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгээ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргаж, мэдүүлэгтээ НШШГГ-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байрны 95 тоот орон сууцанд шинээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй тул хураан авах ажиллагаа явуулах боломжгүй болохыг мэдэгдсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/378 тоот албан бичиг, шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудыг хавсаргасан байсан.

Мэдүүлгийг хянаж үзээд таны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэнэ, харин Төрийн банктай байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй хэвээр байгаа гэж хуулийг зөв ойлгуулахын тулд тайлбарлахад Г.Х нь мэдүүлгээ өөрийн хүсэлтээр буцаан авах хүсэлт гаргасан тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “мэдүүлэг гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ өөрчлөх, буцаан авах эрхтэй” гэж заасныг үндэслэн буцаасан болно. Түүнээс биш бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үйлдэл байхгүй болно.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай үйлдэл байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд шатны газар Г.Х-ийн гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн хариуг үндэслэн нэхэмжлэгч өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлгээ дахин гаргах боломжтой гэж тайлбарлаж байгааг “эрх олгоогүй байхад эвлэрэн хэлэлцсэн” гэж нэхэмжлэлийг хангаж, тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 68 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцээгүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газар Г.Х-ийн гомдлыг хянаад “өмчлөх эрхийг бүртгэх боломжтой” гэж урьдчилан шийдвэрлэсэн хариуг өгч, үүний дараа Г.Х нь гаргасан мэдүүлгээ өөрийн хүсэлтээр буцаан авсан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 109.2, 121.1.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хариуцагч байгууллагаас мэдүүлгийг нь бүртгэх эрх зүйн бололцоотой болсон тухай мэдсэн гэж дүгнэсэн атлаа хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй байгааг анзааралгүй хуулийг буруу хэрэглэж тайлбарлан хариуцагчид даалгаж шийдвэрлэн, улмаар улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан. ... манай байгууллага сүүлд өгсөн хүсэлтийнх нь дагуу бүртгэх гэтэл Г.Х гуай өөрөө хүсэлтээ буцаагаад авсан”  гэжээ.

Нэхэмжлэгч Г.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 02389 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах, 80.7 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг хүсэж, мэдүүлэг гаргасныг тус бүртгэлийн хэлтсээс 09 дүгээр сарын 17-ны өдөр “Төрийн банкны барьцаанаас хэсэгчилэн чөлөөлсөн тухай албан тоот авах” гэж тэмдэглэн мэдүүлгийг /хавтас хэргийн 13 дахь тал/ буцаасан байна.

Г.Х нь 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “уг хэлтсийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоож, миний өмч болох орон сууцны өмчлөх гэрчилгээг олгохыг үүрэгдэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/7255 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож буцаахдаа “урьдчилан шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй” талаар дурджээ.

Үүний дагуу Г.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/3342 албан бичгээр “ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 5.7, 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх байгууллагын гэрчилгээ хураан авах боломжтой тухай албан бичиг, холбогдох шийдвэрийг авч мэдүүлэгт хавсарган ирүүлсний дараа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой” гэсэн хариу өгчээ.

Дээрх хариуг өгөх үед Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэн, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд хүчингүй болсон.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн анх улсын бүртгэлийн байгууллагад хандсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, дээрх хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон, урьдчилан шийдвэрлэх эрх бүхий этгээдээс “... бүртгэл хийх боломжтой” гэсэн хариу өгснөөр захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байхгүй болжээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.Х нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх хариуг хавсарган “орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх” хүсэлтээ дахин гаргасан атлаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зөвхөн хариуцагчаа өөрчлөн, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулалгүйгээр шүүхээс тогтоосон бүрдүүлбэр хангуулах хугацааны дотор анхан шатны шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд хавсаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх “... бүртгүүлэх боломжтой” гэж заасан албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст дахин хандсан эсэх, Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь дээд шатны байгууллагын шийдвэр, хүчин төгөлдөр болсон хуулийн шинэчилсэн найруулгын дагуу гаргасан Г.Х-ийн “орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авах” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулалгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “даалгах” нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргийн бүртгэлийн хэлтсийн ямар хууль бус захиргааны актад холбогдлуулан даалгах нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байхад захиргааны хэрэг үүсгэжээ.

Г.Х нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу өгсний дагуу дахин Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр уг хүсэлтээ өөрийн саналаар буцаан авсан болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул Улсын бүртгэлийн байгууллагын ямар нэгэн татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй байхгүй байхад “даалгах” нэхэмжлэлийг нь шийдвэрлэх боломжгүй байна.   

          Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагчийн итгэмэжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны байгууллагын ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа байхгүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан байгаагүй талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Г.Х нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст зохих журмын дагуу хүсэлт, мэдүүлгээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.