Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 0024

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Бүрэгхангай сумын “Ардчилсан нам”-аас тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд “Монгол ардын нам”-аас нэр дэвшигч Э.Эрдэнэбулганыг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн 158.1.2, 154.3.5, заалтыг тус тус зөрчсөн тул  дэвшигчийн нэрийг хасах асуудлыг шийдвэрлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын “Ардчилсан нам” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд дэвшигчийг бүртгэхдээ сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар Бүрэгхангай сумын  Ардчилсан намын хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч Бүрэгхангай сумын сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолын шийдвэр нь хуулийн дагуу шийдвэрлээгүй, нэг талыг барьсан хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

      Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09/55 тоот албан бичигт цэргийн албанаас түр чөлөөлсөн тухай заасан боловч цэргийн алба хаасан гэж үзэх үндэслэл байхгүй байна.

       Иймд сумын сонгуулийн хороог хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж Монгол ардын намаас нэр дэвшиж түр үнэмлэхээ авсан Эрдэнэбатын Эрдэнэбулганы нэрийг хасах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү”.

   Булган аймгийн Бүрэгхангай сумын Ардчилсан нам болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай нам нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаарын албан бичгээр Сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Ардчилсан нам нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаарын албан бичгээр гаргаж ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаарын албан бичгээр болон тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргалын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гар бичмэлээр тус тус ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Бүрэгхангай сумын Ардчилсан намаас тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд “Монгол ардын нам”-аас нэр дэвшигч Э.Эрдэнэбулганыг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн 158.1.2, 154.3.5, заалтыг тус тус зөрчсөн тул  дэвшигчийн нэрийг хасах асуудлыг шийдвэрлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0022/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХАС банкны 131 дүгээр тооцооны төвөөр дамжуулан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Ардчилсан намын нэхэмжлэлээсээ  татгалзасныг баталж, тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд “Монгол ардын нам”-аас нэр дэвшигч Э.Эрдэнэбулганыг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн 158.1.2, 154.3.5, заалтыг тус тус зөрчсөн тул  дэвшигчийн нэрийг хасах асуудлыг шийдвэрлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0022/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ХАС банкны 131 дүгээр тооцооны төвөөр дамжуулан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

     4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА