| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1685/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ст холбогдох 1806 01926 2020 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-207в тоотод оршин суух, “Өрнөх хүч инженеринг” ХХК-д лифт засварчин ажилтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Аын С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.С нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-207в тоотоос иргэн О.Өлзийхишигийн өмчлөлийн “XUAWAI-Y5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Өлзийхишигийн өгсөн: “... 2018 оны 02 сарын 20-ны өдөр танил Сэргэлэн, Ганбаатар нар намайг утсаар дуудсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 47-204 тоотод Сэргэлэнгийнд очсон. Намайг гэрт ороход тэр хоёр архи уусан байсан. Сэргэлэн миний гар утсаар дуу сонсоод, тоглоом тоглоод байсан. Би гараад 00 орчихоод иртэл миний цүнхнээс гар утас алга болсон байсан. Би тэр хоёроос утсаа нэхсэн чинь Сэргэлэнг авсан гэж Ганбаатар хэлсэн. Би утсаа авъя гэсэн чинь дэлгүүрт архиар тавьсан байгаа гэж хэлээд утас өгөөгүй. Одоо С миний хохирлыг барагдуулж надад 450,000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.9, 19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Ганбаатарын өгсөн: “... 2018 оны 02 сарын 20-ны өдөр 15 цагийн үед найз Сэргэлэнтэй гэрийнхээ ойролцоо уулзсан. Тэгээд бид хоёр Сэргэлэнгийн гэрт очоод 1 шил архи уусан. Тэр үед Сэргэлэн утсаар Өлзийхишигийг дуудсан. Бид гурав гэрт пиво ууж байхад Өлзийхишиг утсаа гаргаж ирээд Сэргэлэн тэр хоёр бичлэг үзээд байсан. Тэр үед Сэргэлэн гарч яваад дэлгүүрт Өлзийхишигийн гар утсыг 8000 төгрөгийн барьцаанд тавиад “Сархад” гэдэг архи авсан байсан. Тэр үйлдэлийг нь бид хоёр мэдээгүй. Өлзийхишиг гарч бие засаж орж ирээд утсаа нэхээд маргаан эхэлсэн. Сэргэлэн эхлээд “би аваагүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдэх гээд Сэргэлэнгээс гэрийн хаягаа хэл гэхэд хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрөө цагдаа дагуулж ирээд хаягыг чинь зааж өгнө гэсэн чинь Сэргэлэн бид хоёрт “дэлгүүрт тавьсан” гэж хэлсэн. Тэр дэлгүүрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна, гэхдээ зааж өгч чадна. Энэ хэргийг Сэргэлэн үйлдсэн, надад ямар ч хамаа байхгүй. Өлзийхишиг утсаа дэлгүүрт тавь гэж хэлээгүй. Сэргэлэн утсыг нь хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,
Хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.С нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-207в тоотоос иргэн О.Өлзийхишигийн өмчлөлийн “XUAWAI-Y5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Өлзийхишигийн өгсөн: “... Сэргэлэн миний гар утсаар дуу сонсоод, тоглоом тоглоод байсан. Би гараад 00 орчихоод иртэл миний цүнхнээс гар утас алга болсон байсан. Би тэр хоёроос утсаа нэхсэн чинь Сэргэлэнг авсан гэж Ганбаатар хэлсэн. Би утсаа авъя гэсэн чинь дэлгүүрт архиар тавьсан байгаа гэж хэлээд утас өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.9, 19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Ганбаатарын өгсөн: “... Тэр үед Сэргэлэн гарч яваад дэлгүүрт Өлзийхишигийн гар утсыг 8000 төгрөгийн барьцаанд тавиад “Сархад” гэдэг архи авсан байсан... Сэргэлэн утсыг нь хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,
Хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
А.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
А.С нь хохиролд 450,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Өлзийхишиг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.С нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Ст оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Энэ хэрэгт А.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Аын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Ст сануулсугай.
4. Энэ хэрэгт А.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 450,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Өлзийхишиг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР