Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч С.Э

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Эт холбогдох эрүүгийн 1805059351194 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Арын 21а байрны 61 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э-г оройтож ирлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би эхнэрээ айлгах зорилгоор заазуур авч шал руу шидсэн. Бас хүүхдийн тоглоом хана руу шидсэн. Миний буруу. Би эхнэр Э-гийн эмчилгээнд дансаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энхзаяа бид хоёр эвлэрсэн боловч одоохондоо хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад тус тусдаа амьдарч байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд“...2018 оны 11 дүгээр сарын 17-нд манай том охины цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дууны тэмцээн болоод тэрийг тэмдэглэхээр хамт эцэг эхчүүдийн хамт гараад шөнө 04 цагийн үед хадмынд ороход манай нөхөр Э, хоёр хүүхэд эмээгийнхээ хамт унтаж байсан. Тэгээд Э миний  гар руу нэг удаа цохичихоод унтаад өгсөн. Би өглөө 9 цагт гараад ажил хөөцөлдөж байгаад орой 20 цагийн үед хадмындаа ирэхэд манай нөхөр Э шал согтуу хоёр хүүхэдтэйгээ байсан. Э намайг хүүхдээ аваад зайл гэхээр нь би том охиноо аваад гарах гэтэл намайг үснээс татаад газар унагаагаад толгойн дээр хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд үснээс зулгааж байгаад газар чирээд төмөр сандал авч над руу шидээд гал тогооноос 2 хутга аваад бүгдээрээ үхэцгээе гээд далайж байгаад хутгаа тавьсан. Тэгээд эргэж хараад төмөр сандал авч толгой руу шидсэн мөн над руу хүүхдийн тоглоомон машин шидээд 2 настай бага хүү Бат-Анандын баруун хацрыг оноод шалбалсан. Манай нөхөр уурандаа над руу заазуур аваад шидэхэд баруун хөлний шилбэ хэсэг рүү зүссэн. Би айгаад уучлалт гуйж сөгдөж байж нөхрөө тайвшруулаад суулгасан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13877 дугаартай дүгнэлтэд: Э-гийн биед духны гол хэсэг, баруун чихний дэлбээнд баруун зүүн шуу, баруун гуяны дотор доод хэсэгт цус хуралт, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун бугалга, баруун шилбэний дотор дунд хэсэгт шарх, баруун тохойд зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13876 дугаартай дүгнэлтэд: Бат-Анандын биед баруун хацарт зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 21/ гэжээ.

 

Сэжигтнээр Э.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед манай эхнэр Энхзаяа том хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд дууны тэмцээн болоод караокед орно гээд гараад явсан. Тэгээд манай эхнэр үүрээр 5 цагийн үед согтуу орж ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө эхнэр 8 цагийн үед ажилдаа гараад явсан. Тухайн үед бид нар ээжийнд байсан. Би гэрт байхдаа ганцаараа 1 шил 0,33 литрийн архи уусан. Тэгээд орой Энхзаяа 20 цагийн үед ажлаасаа том хүүхдээ дагуулж ирэхээр нь би чи яагаад урьд шөнө оройтож ирж байгаа юм бэ 1-2 цаг дуулчихаад ирнэ гэсэн биз дээ гээд ор руу түлхэж унагаасан. Тэгээд үсдээд газар унагааж байгаад гар хөл рүү нь өшиглөж цохисон. Тэгээд ширээн дээр байсан заазуур аваад шал руу шидэхэд газраас ойгоод эхнэрийн хөлийг зүссэн. Мөн эхнэр рүүгээ хүүхдийн тоглоом авч шидэхэд  хананд ойгоод бутраад хажууд нь байсан манай бага хүүгийн хацрыг оносон. Тухайн үед эхнэрийн хөлнөөс цус гараад байхаар нь би боолт авчирч өгсөн. Би эхнэрээ гараараа толгой, гар булчин, хөл гуя руу, хөлөөрөө толгой, гуя хэсэг  рүү нь өшиглөсөн. Мөн үсдэж байгаад гараараа цохиж өшиглөсөн. Ширээн дээрээс заазуур аваад шал руу шидэхэд газраас ойгоод эхнэрийн хөлийг зүссэн. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36/, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 37, 38/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 45/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49, 50/, ял шалгах хуудас /хх-ийн  51/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Э.Э нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Арын 21а байрны 61 тоотод эхнэр Э-г “оройтож ирлээ гэсэн шалтгаанаар зодож, заазуур авч шидсэний улмаас Э-гийн хөл зүсэгдсэн, мөн хүүхдийн тоглоом хана руу шидсэнээс тоглоом бутарч хажууд нь байсан хоёр настай хүү Э.Бат-Анандын хацарт зулгарал үүсгэгдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан:

хохирогч Э-гийн”...намайг үснээс татаад газар унагаагаад толгойн дээр хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд үснээс зулгааж байгаад газар чирээд төмөр сандал авч над руу шидээд...мөн над руу хүүхдийн тоглоомон машин шидээд 2 настай бага хүү Бат-Анандын баруун хацрыг оноод шалбалсан...над руу заазуур аваад шидэхэд баруун хөлний шилбэ хэсэг рүү зүссэн...”/хх-ийн 13/ гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13877 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13876 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/,  эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Э.Эын”...би эхнэрээ гараараа толгой, гар булчин, хөл гуя руу нь, хөлөөрөө толгой, гуя хэсэг  рүү нь өшиглөсөн. Мөн үсдэж байгаад гараараа цохиж өшиглөсөн. Ширээн дээрээс заазуур аваад шал руу шидэхэд газраас ойгоод эхнэрийн хөлийг зүссэн...”/хх-ийн 25/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.  

 

Э.Эын дээрхи үйлдлийн улмаас хохирогч Э-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 13877 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.Э, хохирогч Э.Э нар хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

Улсын яллагчаас Э.Эыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.Эыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Эыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Э-гаас “хохиролын төлбөр болох нэг сая төгрөгийг Э.Эаас 2018 оны 12 сарын 18-нд хүлээн авсан. Цаашид ямар нэг санал гомдолгүй...”гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан хэрэгт хавсаргуулсан байна.

 

Энэ үндэслэлээр шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүх, Э.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ